Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 0046

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэртэй, Б.Эын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Б.Эаас 149 021 766 төгрөг гаргуулж, “Пүрефинанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба албадан гүйцэтгэх ажиллагаа хийж байгаа болно. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгө болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоот орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт оруулах мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч мэдсэн.

Дээрх орон сууцны үнэлгээг 88 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэгч Ж.Ариунзаяа 61 600 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчиж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээ бууруулан оруулж байгааг хууль бус гэж үзэж байгаа учир энэхүү анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгоно уу гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дугаар шийдвэрээр Батгэрэлийн Энхзулаас 149 021 766 төгрөгийг гаргуулж “Пүрефинанс ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Эын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 51 дүгээр байр, 84 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 171/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 171/03 дугаартай тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Б.Э, өмчлөгч Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нараас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах үнийн саналыг авахад 300 000 000 төгрөгийн санал өгснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй гээд хөрөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан.

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлүүдэд заасны дагуу үнэлгээ хийх эрх бүхий “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийг 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход 88 000 000 төгрөгөөр орон сууцыг үнэлсэн. Төлбөр төлөгч Б.Э, өмчлөгч Ц.Сүлдгэрэл, Д.Мөнхтуяа нарт үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 3/25469 дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Э 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хянаад хэвээр үлдээсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлэн явагдаж барьцаа хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 88,000,000 төгрөгийн 70 хувь буюу 61 600 000 төгрөгөөр анхны дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй тул худалдан борлогдоогүй. Үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны талаар 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/16739 дугаартай мэдэгдлийг хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Б.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээн шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Б.Эаас 149 021 766 төгрөг гаргуулж, “Пүфе финанс” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа хийж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цагт оруулах болсон тухай мэдэгдлийг 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч мэдсэн. Уг орон сууцны үнэлгээг 88 000 000 төгрөгөөр үнэлсэн байхад шийдвэр гүйцэтгэгч 61 600 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчиж байна. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дээрх орон сууцны анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээ бууруулан оруулж байгаа нь хууль бус учир хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлээгүй. Мөн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцуулаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй тул нэхэмжлэлийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ шинжээчийн тогтоосон үнийг бууруулсан гэж тайлбарласныг, хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлбөр авагч “Пүрефинанс” ББСБ бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.

 

Хэргийн баримтаас үзвэл Б.Э нь шүүхийн шийдвэрийн дагуу “Пүре финанс” ББСБ-д 148 123 200 төгрөгийн төлбөрийг төлж биелүүлээгүйн улмаас Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг битүүмжлэх, хураах, үл хөдлөх эд хөрөнгийн талаар төлбөр төлөгч өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах, эрх бүхий байгууллагаар үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.7-д заасантай нийцжээ. /хх 34, 36, 39-41, 43/

 

Хариуцагч нэхэмжлэлд дурдаж буй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээч томилж үнэлгээг хийснээр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 88 000 000 төгрөг гэж тогтоосон ба үүнийг хүчингүй болгуулах шаардлагыг нэхэмжлэгч Б.Э Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01586 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 403 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2017/00564 дүгээр тогтоолоор хэвээр үлдээсэн байна. /хх 60-61, 62-64, 65/

 

Иймд хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаанд үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 88 000 000 төгрөгийн 70 хувь буюу 61 600 000 төгрөгөөр оруулах болсныг төлбөр төлөгч Б.Эд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн үйл баримт тогтоогджээ. /хх 69/

 

Нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгөд тогтоосон шинжээчийн үнийг бууруулж, анхны албадан дуудлага худалдаанд оруулах болсон шийдвэр гүйцэтгэгчийн дээрх ажиллагаа хууль зөрчсөн гэх боловч энэ нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна. Өөрөөр хэлбэл дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтоох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

 

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хэргийн материалтай танилцуулагүй гэжээ. Анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл шүүх хуралдааныг хойшлуулсан байна. Харин товлосон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа нь шүүх хуралдааныг хойшлуулах талаар хүсэлт гаргаж, шалтгаантай гэх гадаад хэл дээрх баримт ирүүлснийг шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй, зайлшгүй шүүх хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах боломжгүйг нотолж чадахгүй байна” гээд хэрэгсэхгүй болгожээ.

 

Дээрхээс дүгнэвэл шүүх хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох эрхийг хангаж, боломжит хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулсан байхад өөрт олгогдсон эрхээ хэрэгжүүлээгүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийн огноог /2017 оныг 2016 гэж/ зөрүүтэй бичсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдолд дурдсанаар өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2017/02976 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО                                                                            

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА