Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 2018/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа

Улсын яллагч Б.Бүжинлхам

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эад холбогдох эрүүгийн 1825000000100 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн

Шүүгдэгч Г.Эыг 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-7 дугаар байрны гадаа, хамтран амьдарч байсан Ж.У зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйл баримтын талаар тогтоогдсон нөхцөл байдал: 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Г.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-7-р байранд оршин суудаг хамтран амьдарч байсан Ж.Угэрт очиж түүний байрны гадаа бусадтай хардан зодож биед нь тархи доргилт, зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ. Дээрхи үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн судалсан хохирогч Ж.Ун.. “...тэгээд санаа зовоод доошоо бууяа гэж бодоод цахилгаан шатыг нэг давхар руу дарсан. Тэгээд 1 давхар руу буусан чинь Э намайг даргатай явалддаг өөр зөндөө хүмүүстэй явалддаг одоо тийшээ явна тэрэнтэй уулзна гээд хэл үгээр доромжлоод байсан. Тэгээд Э намайг орцноос миний гараас чирээд түлхээд гаргасан. Одоо танай даргын гэрт очно гээд миний зүүн гарнаас чирээд байсан. Ингээд 5-7-р байрны хэсэгт ирээд миний толгой руу цохиж авсан. Цаашаа яваад гаражийн хажууд ирээд намайг чирээд байж байхад 4-5 банди нар ирээд та яагаад эмэгтэй хүн дээрэлхээд байгаа юм бэ болиоч гэсэн чинь Э тэр банди нар руу та нарт хамаагүй зүгээр байгаарай гээд сатаарах хооронд би зугатаад гэртээ орсон. Ингээд гэртээ ороод байж байхад араас ирээд хаалга нүдээд орилж хашгираад танай охин чинь айл гэр үймүүлээд байна гэх мэтээр орилж хашгираад байсан. .... Г.Эад гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 203 дугаартай: ... Ж.Убиед тархи доргилт, зүүн бугалганд зөөлөн эдэд 3 тооны цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх дүгнэлт, шүүгдэгч Г.Эын яллагдагчаар өгсөн ... миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хэргийн талаар ямар нэгэн маргаан байхгүй ... гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэрэгт ач холбогдолтой, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв. Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцоогүй ба хохирол төлбөр нэхэмжлээгүй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар,хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Ч овгийн Гын Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдсугай

6.Шийтгэх тогтоол уншин сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ