Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

  2021         07           06                                            2021/ШЦТ/229

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Д.Сүхням,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч Б.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Гансувд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б холбогдох 176/2021/0229/Э индекстэй, эрүүгийн 2134000000221 дугаартай хэргийг 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, .... төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, ах, эгч нарын хамт .... оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б, регистрийн дугаар ПЖ95032411 гэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг Халтарын үзүүр гэх газарт байдаг хаваржааны гэрээс 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Наранбатын гэрт тэмээ сураглаж ороод гарахдаа түүний эзэмшлийн нэг хос Орос хромон гутлыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бгийн өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.

 

2134000000221 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Л.Наранбатын өгсөн: “Би Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн Халтарын үзүүр гэх газарт аав Лхагвадоржийн хамт мал маллаж амьдардаг юм. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хаваржаан дээрх гэрээсээ 2020 оны намар аав төрсөн дүү Уранчимэг нь өөрийн зарж байсан Орос хромон гутлаас надад нэгийг өгсөн юм тухай үед 800 мянгаас 900 мянган төгрөгөөр зарж байсан тэгээд надад ориг орос хром гэж хэлээд яваандаа 800 мянган төгрөг өгөөрэй гэж хэлээд өгсөн. Тэгээд би уг хромон гутлын 2020 оны намар авсныхаа дараа дүүгийн хуримд өмсөж очсон. Тэгээд өмсөхгүй байж байгаад 2021 оны 05 дугаар сарын 12-ны өглөө авдраасаа дээл гаргаж өмсөхдөө уг шинэ хромон гутлаа гаргаад аавын орон дээр тавьсан юм тэгээд би адуундаа яваад өдөр 12 цагийн үед байх яг цагийн нь мэдэхгүй байна гэрээсээ гараад 1-2 цаг болсон байх тэгтэл уулан дээр гараад адуу дурандаж байхад манай аав Лхагвадорж нь утсаар яриад сая манай гэрт сахалтай мал хайсан эрэгтэй хүн ирсэн уг хүн цэнхэр өнгийн мотоциклтой явж байсан гэрээс гараад явахдаа чиний шинэ орос хромон гутлын аваад явчихсан байна тухай хүнийг орж ирэхэд нь би цай хийж өгсөн юм тэгээд би гэрээс гараад өвсний хашаа буулгаж байхад уг хун миний араас гарсан намайг гэрээс гарахад гэрийн баруун талд утсаа оролдоод сууж байгаад газар хэвтсэн би ядарсан ам байх гэж бодоод гэрээс гарсан юм удалгүй миний араас гарч ирээд мотоциклоо унаад явсан тэгээд би хашаагаа буулгаж дуусаад гэрт орж ирэхэд миний орон дээр байсан чиний гутал байхгүй болцон байна наад хүн чинь авсан гэж хэлсэн тэгээд би адуундаа явахгүй ут цэнхэр өнгийн мотоциклтой хүнийг хайгаад явсан одоо болтол олохгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна миний гэрээс авч явсан хүнийг олж өгч надад тусалж намайг хохиролгүй болгож өгнө үү уг хүн олж гутлаа авмаар байна. Би алдсан шинэ гутлаа 900 мянган төгрөгөөр үнэлж байна 2020 оны намар аваад нэг удаа өмссөн шинээрээ байгаа ямар нэг нугалаа үүсээгүй шинээрээ байгаа юм. Би таньж мэдэхгүй манай саахалт болон нутгийн хүмүүстэй таараад тэмээ хайж байна гэж хэлсэн гэсэн сүүлдээ адуу хайгаад байна гэж хэлсэн дээрх хүн Лүн сумын иргэн гэсэн нэрийг нь Буяа гэж хэлдэг гэсэн манай аав мөн таньж мэдэхгүй гэсэн. Би гэрээсээ алдсан гутлаа авчихвал надад гомдол санал байхгүй харин уг хүн өмсөөд муухай болгосон байвал би уг хүнээр шинээр нь авхуулж өөрт учирсан хохирлоо барагдуулна уг хунийг цагдаагийн байгууллагаар олуулмаар байна. Би улсын дугаарыг нь мэдэхгүй цэнхэр өнгөтэй мотоцикл унаад явж байсан гэсэн. Манай найз Шарын гэрт нь хоносон байсан мөн Далайгийн гэрт ороод хоол идээд явсан гэсэн Батчулуун ахын гэрт хоёр хоносон гэсэн өөр хаагуур явсан талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-н 17-18 тал/,

Гэрч Б.Батзаяагийн өгсөн: “Манай дүү Буянхүү нь 2021 оны 05 дугаар сарын эхээр гарсан яг хэдэнд явсан талаар мэдэхгүй байна манай ах Билгүүний энэ хавар 2 сая хоёр зуун тавин мянган төгрөгөөр авсан цэнхэр өнгөтэй Даюун маркийн мотоциклийг унаад явсан тэгээд би өнөөдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 31-ний орой 17 цагийн үед Лүн суманд ирсэн талаар мэдсэн. Манай дуу Буянхүү нь гэрээсээ гараад гутал аваад явсан талаар мэдсэн манай гэрт цагдаагийн алба хаагч нар гурваас дөрвөн удаа ирсэн байсан. Манай дүү гэрээсээ гарахдаа хар хөх дээлтэй, хоёр нүдний дурантай, жинсэн саарал өмдтэй, хар баг болдог малгай, эсгий түрүүтэй бакалтай гарсан. Манай дүүгийн өмсөж яваа гутал нь Өндөрширээт сумын айлаас зөвшөөрөлгүй авсан гутал гэсэн би Буянхүүгээс юу гутал юм гэж асуухад миний гутал гэж хэлсэн. Манай дүү Буянхүү нь архи дарс хэрэглээд байдаггүй юм эхнэр хүүхэд байхгүй хүнд их тусархуу, сургуульд сураагүй, цэрэгт 2015 онд яваад 2016 оны хавар халагдаж ирсэн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын 232 дугаар ангид хаасан. Нутгийн хүмүүс Буянхүү гэж дууддаг ухаан санаа эрүүл. Буянхүү нь 2021 оны 05 дугаар сарын 02 ны эхээр тэмээ ноослон гэж хэлээд гэрээс гараад алга болсон нэг алга болохоороо айл хэсээд явж байгаад гэртэй ирдэг өнгөрсөн бас алга болсон юм. Алга болж ирэхээрээ хаагуур явсан талаараа хэлэхгүй айлд тусалж байгаад ирлээ гэдэг юм.” гэх мэдүүлэг /хх-н 23 тал/,

Гэрч М.Цэцэгсүрэнгийн өгсөн: “Би сайн мэдэхгүй байна. Манайх 200 гаруй тэмээтэй юм. Тэгээд сая 05-р сард бөөгнүүлж ноослох гэсэн чинь 20 гаруй тэмээ дутсан тэгэхээр нь 2021 оны 05 дугаар сарын 07-08-ны орчим Буянхүүг эрэлд тэмээнийхээ араас явуулсан чинь Тэмээ ч байхгүй Буянхүү ч байхгүй болж 20 гаруй хоногийн дараа Буянхүү тэмээгээ ололгүй ирсэн юм Тэгж явахдаа айлаас хромон гутал авчихсан байсан. Энэ төлөөлөгчөөс мэдсэн. Тэгээд гутлыг нь өгөөд явуулсан. Өвлийн гуталтай гэрээсээ гараад талаар сумын хэсгийн хөл нь халууцаад байхаар нь айлаас хромон гутал аваад өмсчихсөн байсан. Урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Гэрээс гарахгүй гарах бол малд явдаг хүн. Буянхүү даруу төлөв зантай, хүний үгээр, хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Буянхүү 1995 оны 03 дугаар сарын 24-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Эцэг эхээс 6 уулаа айлын 5 дахь хүүхэд, дээрээ 3 ах, 1 эгчтэй, дороо 1 эмэгтэй дүүтэй. 10 нас хүрч байж хэлд орсон болохоор сургуульд явуулаагүй шууд мал дээр гаргасан юм. 2015 оноос 2016 онд Хэнтий аймгийн Зэвсэгт хүчний 194 -р ангид цэргийн алба хаасан. Тусдаа гараагүй. Надтай хамт амьдардаг юм. Ямар нэг асуудалгүй төрсөн. 10 нас хүрч байж хэлд орсон юм. Сэтгэцийн хувьд эрүүл, ямар нэг асуудал гаргаж байгаагүй. Хүний хэлсэн ярьсан зүйлийг маш сайн ойлгодог, өөрийгөө бусдад зөв илэрхийлж чаддаг.” гэх мэдүүлэг /хх-н 26-27 тал/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 01 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 13 тал/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргажээ./хх-н 61 тал/,

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай яллагдагч болон хохирогчийн хүсэлтийг хүлээн авч 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 57 дугаартай “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлэх тухай” прокурорын тогтоол гаргаж, хуульд заасан хугацаанд мөрдөн байцаалт явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний тухай прокурорын саналыг /хх-н 64-65 тал/ 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр яллагдагчид танилцуулж, яллагдагч нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажсанаар, мөн өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

              Шүүгдэгч Б.Б нь Төв аймгийн Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн нутаг Халтарын үзүүр гэх газарт байдаг хаваржааны гэрээс 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэн Л.Наранбатын гэрт тэмээ сураглаж ороод гарахдаа түүний эзэмшлийн нэг хос Орос хромон гутлыг хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, 800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /Ковид-19/-ын цах тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт хамаарч байх тул түүнийг ялаас өршөөн хэлтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

              Өршөөлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дэх хэсэгт зааснаар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хамаарна гэжээ.

 

Шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хүлээн авч танилцаад хэргийг хянан шийдвэрлэхэд боломжтой гэж шүүх үзэж, шүүх хуралдааныг зарлан явуулахад Эрүүгийн хэрэг шийдвэрлэх тусгай журам зөрчөөгүй, хэргийг хялбаршуулснаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Прокурорын тогтоол үндэслэлтэй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Л.Наранбатын хохирлыг шүүгдэгч төлсөн байх ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгч Б.Бг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 

прокурорын саналыг хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.Бд холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1.Шүүгдэгч Б.Б бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.

 

3.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4.Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

 

5.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.

 

6.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН