Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/97

 

 

                                 2021/ШЦТ/97

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

           Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгч: Ж.Г

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Жгийн Год холбогдох 2112000000124 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаан хужиртын 01-01 тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Жгийн Г /РД:../

 

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Г нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаанхужир хорооллын 1 дүгээр гудамжинд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Цд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000124 дугаартай эрүүгийн хэргээс:   

                               

           Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Цгийн мэдүүлсэн: ...Би гэртээ ээж О.Б, бага насны хоёр хүүхдийнхээ хамт байж байтал гаднаас манай нөхөр Ж.Г тас, тас хийтэл инээгээд ганцаараа орж ирээд Ц багш намайг цагдаад өгсөн гээд манай ээж О.Бг балай авгай, бөгс авгай гээд ах, дүү нарыг хэлээд доромжлоод, чамаас сална гээд гараад явтал охин араас нь дагаад гарсан чинь охиноо загнаад байхаар нь би охиноо авах гээд араас нь хашаанаас гартал охиныг өгөхгүй гараас нь угз татаад байхаар нь гарыг нь хугалчих байх гээд доошоо тонгойгоод охиноо тэврэх гэтэл нуруун дундуур гараараа цохиод авахаар нь би ёо гээд уйлаад орилтол ээж гарч ирээд Гыг барьж аваад байж байтал цагдаа ирээд аваад явсан. Манай нөхөр Ж.Г урьд өмнө нь хэл амаар доромжилж архи уухаараа цохиж, зодно, хааяа эрүүлдээ зодож байсан. Мөн сонгуулийн ажил болон сургуулийн албаны ажил хийх гээд явахаар янхан, гичий гээд дандаа доромжилж, хэнтэйгээ алцганах гээд байгаа юм гээд доромжлоод, баяр ёслол болон хамт олны үйл ажиллагаанд оролцуулдаггүй. Хамт олны ажилд явахаар араас хүрч ирээд мессеж бичээд ажлын хүмүүсийн унаа тэргийг эвдлэх гээд дарамтлаад байдаг. Ж.Г миний нуруу руу нэг удаа цохисон. Одоогоор бие хөндүүрлэн өвдөж байна. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Ж.Г бид хоёрт гэр бүлийн батлах байхгүй. Хамтран амьдраад 6 жил болж байна. Дундаасаа 1 охинтой. Ж.Г архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Заримдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй үедээ ч гар хүрч зодож байсан. Ж.Г Улаанбаатар хотод ажилтай явах үедээ хэрэглэдэггүй, харин Архангай аймгийн Хотонт суманд гэртээ архи согтууруулах ундаа хэрэглээд байдаг юм. Дээр намайг архи ууж ирээд шатааж ална гээд хөнжил шатаах гээд байхаар нь арай худлаа байлгүй гэтэл хөнжил шатаах гэж байхаар нь би унтраасан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Бгийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн үед өөрийн охин Цгийнд байж байтал гаднаас гэнэт хаа, хаа гээд орилоод манай хүргэн Ж.Г орж ирээд Ц намайг цагдаа дуудаад өгсөн байна гээд ороод ирэхээр нь би тэгээгүй, цагдаа дуудаагүй, тийм юм яриагүй, юу яриад байгаа юм гэтэл балай авгай гээд намайг янз бүрээр доромжилж байгаад гараад явтал охин нь араас нь дагаад гартал ардаас манай охин Ц охиноо авах гээд араас нь гараад удалгүй Цгийн дуу хадаад орилоод байхаар нь гүйгээд хашааны гадаа гартал Ц дөрвөн хөллөөд суучихсан орилоод, харин Г охиноо дагуулаад цаашаа алхаж явсан. Би Цгээс юу болов гэж асуутал гараа зангидаад нуруу руу цохичихлоо гээд байхаар нь хүргэн Гыг очоод бариад автал удалгүй цагдаа ирээд аваад явсан. Бид нар тусдаа байдаг болохоор сайн мэддэггүй байсан чинь сүүлд манай охин Ц хүргэн Гыг архи уусан, эрүүл байсан ч зоддог гэж хэлэхээр нь мэддэг болсон. Намайг нэг удаа гэрт нь хонох гээд хөдөөнөөс ирсэн байсан чинь орных нь ар талд шаралчихсан харагдахаар нь энэ яасан юм гээд Цгээс асуутал намайг унтаж байхад Г шөнө ирээд хоол байна уу гэхээр нь хоол байгаа, галаа түлээд халаагаад ид гэсэн чинь анзаараагүй байтал цаас шидсэн гэж ярьж байсан. Ер нь дандаа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, чамайг алаад жорлонд хийсэн ч хүн мэдэхгүй гэж айлгадаг гэсэн. Мөн гэрээсээ гаргаад хөөдөг бөгөөд ах, дүү нарыг ална гээд байдаг байсан болохоор нь манай охин хэлж чадахгүй, айгаад байдаг гэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

 

            Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ж.Гын мэдүүлсэн: ...Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. Санал, хүсэлт байхгүй. Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гадуур явж байгаад гэртээ 21 цагийн үед ирээд буцаад гарах гэтэл эхнэр Ц намайг хаашаа явах гэж байгаа юм гэхээр нь би Улаанбаатар хот руу явлаа гээд гэрээсээ гараад хашааны хаалга гараад явж байтал манай охин ардаас уйлаад хүрч ирээд хөлнөөс тэврээд автал Ц араас нь гүйж гарч ирээд охиныг авах гэтэл охин миний хөлнөөс зуураад тавихгүй байтал Ц охиныг шүүрээд авахаар нь би гараа арагшаа саваад Цгийн нуруу руу нэг цохичихоод явах гэтэл араас ирээд боогоод авахаар нь хартал манай хадам ээж Б байсан. Тэгээд удаагүй байж байтал намайг цагдаа ирээд аваад явсан. Ойлгосон. Надад татгалзах зүйл байхгүй. Дуудсан үед байнга ирж хэргийг шийдвэрлүүлэхэд саад учруулахгүй. Би уурандаа эхнэр Цг цохиж биед нь гэмтэл учруулсандаа их гэмшиж байна. Манай эхнэр Ц нь ажил хийж, би 2 нас, 7 сартай охиноо гэртээ хардаг учир миний хэргийг түргэн шийдвэрлэж өгнө үү. Эхнэр, бид хоёрт гэр бүлийн батлах байхгүй. Би өмнө нь гэр бүлтэй байсан учир өмнөх гэр бүлээсээ гэрлэлтээ албан ёсоор цуцлуулж амжаагүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 144 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Н.Цгийн биед бүсэлхийн нурууны 2,3,4 дүгээр нугалам орчим зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, бугалга, цээжний зүүн хэсэг, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /эмчийн үзлэгт дурьдсанаар зүүн мөр, бугалга, цээжний зүүн хэсэг, баруун бугалганы цус хуралт гэмтэл нь 04 сарын 03-ны өдөр үүсэх боломжтой, бүсэлхийн нурууны 2,3,4 дүгээр нугалам орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 04 сарын 16-ны өдөр үүсэх боломжтой./ 3. Бүсэлхийн нурууны 2,3,4-р нугалам орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөр, бугалга, цээжний зүүн хэсэг, баруун бугалганы цус хуралт гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана...гэх дүгнэлт /хх-ийн 19-21 хуу/

 

            Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 160 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Н.Цгийн биед нурууны булчингийн чангарал, зүүн мөр, бугалга, цээжний зүүн хэсэг, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох, огцом хөдөлгөөн хийх үед үүсэх боломжтой. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Нурууны булчингийн чангарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн мөр, бугалга, цээжний зүүн хэсэг, баруун бугалганы цус хуралт гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 6. Н.Ц нь бүсэлхийн 3-4, 4-5 дугаар нугалам хоорондын жийргэвчүүд нь арагш цүлхийж нугасны нүхийг нарийсгасан архаг өөрчлөлттэй байна. 7. Нурууны архаг хууч өвчний сэдрэлийн үед огцом хөдөлгөөн хийх болон, мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нурууны булчингийн чангарал үүсч өвдөлт үүсэх тул урьд гаргасан 144 тоот дүгнэлт үнэн зөв...гэх дүгнэлт /хх-ийн 33-36 хуу/

           

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 79 хуу/ зэрэг болно.

           

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаанхужир хорооллын 1 дүгээр гудамжинд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Н.Ц нь хамтран амьдрагч Ж.Гдоо зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Г нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ж.Г нь Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаанхужир хорооллын 1 дүгээр гудамжинд 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Н.Цд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

                                

           мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Цгийн мэдүүлсэн “Би гэртээ ээж О.Б, бага насны хоёр хүүхдийнхээ хамт байж байтал гаднаас манай нөхөр Ж.Г тас, тас хийтэл инээгээд ганцаараа орж ирээд Ц багш намайг цагдаад өгсөн гээд манай ээж О.Бг балай авгай, бөгс авгай гээд ах, дүү нарыг хэлээд доромжлоод, чамаас сална гээд гараад явтал охин араас нь дагаад гарсан чинь охиноо загнаад байхаар нь би охиноо авах гээд араас нь хашаанаас гартал охиныг өгөхгүй гараас нь угз татаад байхаар нь гарыг нь хугалчих байх гээд доошоо тонгойгоод охиноо тэврэх гэтэл нуруун дундуур гараараа цохиод авахаар нь би ёо гээд уйлаад орилтол ээж гарч ирээд Гыг барьж аваад байж байтал цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/,

 

            мөрдөн байцаалтын шатанд гэрч О.Бгийн мэдүүлсэн “Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 21 цагийн үед өөрийн охин Цгийнд байж байтал гаднаас гэнэт хаа, хаа гээд орилоод манай хүргэн Ж.Г орж ирээд Ц намайг цагдаа дуудаад өгсөн байна гээд ороод ирэхээр нь би тэгээгүй, цагдаа дуудаагүй, тийм юм яриагүй, юу яриад байгаа юм гэтэл балай авгай гээд намайг янз бүрээр доромжилж байгаад гараад явтал охин нь араас нь дагаад гартал араас манай охин Ц охиноо авах гээд араас нь гараад удалгүй Цгийн дуу хадаад орилоод байхаар нь гүйгээд хашааны гадаа гартал Ц дөрвөн хөллөөд суучихсан орилоод, харин Г охиноо дагуулаад цаашаа алхаж явсан. Би Цгээс юу болов гэж асуутал гараа зангидаад нуруу руу цохичихлоо гээд байхаар нь хүргэн Гыг очоод бариад автал удалгүй цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

            мөрдөн байцаалтын шатанд Ж.Гын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. Санал, хүсэлт байхгүй. Би 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гадуур явж байгаад гэртээ 21 цагийн үед ирээд буцаад гарах гэтэл эхнэр Ц намайг хаашаа явах гэж байгаа юм гэхээр нь би Улаанбаатар хот руу явлаа гээд гэрээсээ гараад хашааны хаалга гараад явж байтал манай охин араас уйлаад хүрч ирээд хөлнөөс тэврээд автал Ц араас нь гүйж гарч ирээд охиныг авах гэтэл охин миний хөлнөөс зуураад тавихгүй байтал Ц охиныг шүүрээд авахаар нь би гараа арагшаа саваад Цгийн нуруу руу нэг цохичихоод явах гэтэл ардаас ирээд боогоод авахаар нь хартал манай хадам ээж Б байсан. Тэгээд удаагүй байж байтал намайг цагдаа ирээд аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58/,

 

            хохирогч Н.Цгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 144 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-21, 33-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Жгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 59 тоот тогтоолоор яллагдагч Ж.Год холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Ж.Г зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч Ж.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Жгийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Год оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ж.Гын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ