Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 634

 

 

 

 

 

 

 

2019         6              27                                             2019/ДШМ/634

 

Л.Нт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

хохирогч М.Ариунтулга, түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

яллагдагч Л.Н, түүний өмгөөлөгч Д.Хишигбаяр,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 836 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Эрдэнэбаяр бичсэн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 09 дугаартай улсын яллагчийн эсэргүүцэлд үндэслэн Л.Нт холбогдох 1805000080315 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Мэргэн овгийн Лийн Н, 1979 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн инженер, эдийн засагч мэргэжилтэй, “Г” ХХК-нд ерөнхий захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “...” хотхоны 207 дугаар байр, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

Л.Н нь 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр гэрээгээр халхавч хийн бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Үйлдвэрчний эвлэлийн соёлын ордон” дотор М.Ариунтулгын “Эрдэнэлинк” ХХК-ний эзэмшлийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг дэвсгэрт байрлах 011928А, 011730А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй лицензүүдийг 1.200.000.000 төгрөгөөр буюу зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж, 2012 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулах ёстой байсан боловч төлөлгүй, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, бусдад 784.482.000 төгрөгийг буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Л.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Л.Нын өмгөөлөгч Ц.Баасандорж, Д.Хишигбаяр нараас гаргасан “...нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн. Мөн энэ хэрэгт нэмж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.15 дахь заалтуудад заасан хуулийн зохицуулалтад хамаарах үндэслэлээр Л.Нт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэж, яллагдагч Л.Нт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах нь зүйтэй гэж үзэж,

эдгээр болон бусад ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх” үндэслэлд хамаарна гэсэн дүгнэлтийг хийж Л.Нт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

 Прокурор С.Эрдэнэбаяр эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэг буюу хэргийг прокурорт буцаасан ганц үндэслэл нь “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна... ” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Мөн анхан шатны шүүх “урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан” хийж хэргийг прокурорт буцаасан атлаа захирамжийн “захирамжлах” хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн яг аль хэсгээр буцааж байгаа талаараа бичээгүй, орхигдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.2-т заасныг удирдлага болгон гэж хуулийг буруу бичсэн. Өөрөөр хэлбэл, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон” гэж бичих ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Гантулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхэд яллагдагч Л.Нын өмгөөлөгч нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлт гаргасан. Үндэслэлдээ “Эрдэнэлинк” ХХК-ний нэр дээр Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байршилтай МV-016913 дугаартай  ашиглалтын лицензийн хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 07-нд дууссан бөгөөд “Эрдэнэлинк” ХХК нь лицензийн төлбөр төлж байсан эсэх, лицензийг сунгуулах талаар ямар ажил хийсэн талаар тодруулах, МV-016913 дугаартай ашиглалтын лицензийг 2011 оны 9 дүгээр сарын 07-ноос “Эй эч жи металлс групп” компанид шилжүүлэх үед “Модот” хэмээх газарт 1369,2 га “Эрдэнэлинк” ХХК нь ашиглах байсан бол одоо 713.1 га талбай болж багассан болохыг тодруулах, Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 05-нд “хилийн зааг тогтоох тухай” 194 тоот тогтоолын үйлчлэлд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд байршилтай МV-016913 дугаартай, 11928А “Хужирхааны худаг” гэх талбай хамаарах эсэхийг тогтоох шаардлагатай гэж яллагдагчийн өмгөөлөгч нар гаргасан.

Хохирогч М.Ариунтулга 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Монгол улсын Ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, мөн хуулийн 49 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрлийг шилжүүлэх зохицуулалтын хүрээнд эрхийн зөрчил тогтоогдоогүй МV-016913 дугаартай ашиглалтын лицензийг яллагдагч Л.Нын өмчлөлийн “Г” ХХК-нд шилжүүлсэн.

Яллагдагчийн өмгөөлөгч нарын хохирогч М.Ариунтулга хугацаа дууссан эрхийн зөрчилтэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бусдад шилжүүлсэн, ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн хэмжээ багассан, түүний талбайд өөрчлөлт орсон талаарх дүгнэлт гаргуулах асуудлыг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх бүрэн боломжтой байна. Яллагдагч Л.Нт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагааг бүрэн хийж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэн хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Тиймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Хохирогч М.Ариунтулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би ойлгохдоо эрх зүйн зөрчилтэй тусгай зөвшөөрлүүд гэж ойлгосон. Энийг тодруулах шаардлагатай учраас хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд буцааж байна гэж би ойлгосон. Тухайн лицензийн тусгай зөвшөөрөл нь энэ компани дээр байхгүй. Шүүгдэгч Л.Н нь гуравдагч этгээдэд зараад байхгүй болгосон. Зарагдаад байхгүй болсон зүйлийг дахин хянах гээд хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй байна. Эрх зүйн зөрчилтэй асуудал байвал яагаад шүүгдэгч Л.Н нь 1.8 тэрбум төгрөгийн экспортын орлогыг тухайн талбайгаас олсон юм. Гуравдагч этгээд нь эрх зүйн зөрчилтэй байгаа юмыг яагаад худалдаж авч байгаа юм. Түүнийгээ яг яаж зарсан гэх, талаар ойлгомжгүй байна. Хэрвээ анхнаасаа эрх зүйн зөрчилтэй гэдгийг мэдсэн бол тэр үед нь надад буцаагаад өгөхгүй яасан юм. Шүүгдэгч Л.Н нь нийтдээ 5 тэрбум төгрөгийн ашиг олчихсон байна. Хэрхэн энэ мөнгийг олсон талаараа тайлангаа одоо ч өгөөгүй байгаа. Эдгээрт ямар нэгэн тайлбар байдаггүй. Яриад байгаа зүйлүүд нь ямар ч үндэслэлгүй. Мөн “Хас банк”  нэг тусгай зөвшөөрлийг нь ямар баримтаар 1 сая долларын барьцаанд үндэслэн авсан юм. Энэ бүх худал үнэн яриаг эцэслээд шүүхээр шийдүүлэх хүсэлтэй байна. Яагаад гэвэл шүүгдэгч Л.Н нь хаа явсан газраа худлаа ярьдаг. Энд дөнгөж өчигдөр олсон нотлох баримт байна. Хавтас хэрэгт авагдсан байгаа гэрээг 4 тэрбум төгрөгөөр гэж өөрчлөөд миний гарын үсгийг дуурайж зурж, нотариатаар батлуулчихсан аваад явж байна. Би зөвхөн үйлдлийг л шалгаж өгөхийг хүсэж байгаа. Та бүхэн хоёр машин гэж ярьж байна. Нэг машиныг нь одоо болтол өгөөгүй байгаа. Бүр Сүхбаатар дүүргийн иргэний шүүхэд “машинаа авъя” гэж нэхэмжлэл гаргаад явж байдаг. Эдгээр үйлдлүүд чинь залилан биш юм уу ? Энэ бүхнийг шалгуулах хүсэлтэй байна. ...” гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч Д.Хишигбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Прокурорын шатанд хийгдэх ажиллагаанууд дутуу хийгдсэн гэж хүсэлт гаргасан байгаа. Улсын яллагчаас энэ хүсэлт дээрээ ямар ажиллагаа явуулах, юу хийлгэх талаараа тодорхой дурдаагүй гэж байна. Ерөнхийдөө хүсэлт дээр гурван зүйлийг тодорхой дурдаад өгчихсөн байгаа. Тухайн гурван нотлох баримтын хэмжээнд холбогдох баримтуудыг цуглуулах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох гэдгийг тодорхой заагаад өгсөн байдаг. Прокурор нь шүүгдэгчийг яллах болон цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үйл баримтыг огт хийгээгүй гэж үздэг. Иргэний хуулийн 243 дугаар зүйл гэрээний харилцаа үүсэх нөхцөлийг тодорхой заасан байдаг. Яллагдагч, хохирогч хоёрын хооронд анх 2012 онд иргэний эрх зүйн харилцаа үүсэж байсан.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13 дахь заалт мөн хуулийн 6.15 дахь заалтад заасан нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар энэ хууль заасан журмыг биелүүлээгүй гэдэг үндэслэлээр хүсэлтээ гаргасан. Урт нэртэй хуулийн үйлчлэлд орсонтой холбоотой маргааны талаар хангалттай тайлбарласан байдаг. Тухайн лицензтэй газар нь урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон эсэх, мөн тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл заасан нотолбол зохих байдал хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. ...” гэв.

Яллагдагч Л.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэг нь нэлээн удаан шалгагдаж байна. Ерөнхийдөө энэ хэргийн хохирогч нь би байгаа юм. Тухайн тусгай зөвшөөрөл хэзээ урт нэртэй хуулийн үйлчлэлд орсон юм. Хэдий хэр хэмжээний талбай орж, тухайн талбайг хуулийн үйлчлэлд оруулахад нөлөө үзүүлж, төлөвлөгөөнд оруулж бүрэлдэхүүнд хэн гэж хүн байсан. Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын газрын дарга Ариунбаяр нь хохирогч М.Ариунтулгын ах юм. Үндсэндээ бид энэ лицензийг залилагдаж аваад 4 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Манай компани дампуурлын байдалд орсон байдаг. Буцаагаад лицензээ өгий гэсэн боловч буцааж аваагүй. Гол нь энэ хэрэг гарах хугацааны үед яагаад манай компани дампуурсныг авч үзэхгүйгээр шүүх хуралдаанд орж байгаа юм. Иймд нөхцөл байдлуудыг хангалттай тодруулж, прокурор ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 836 дугаартай шүүгчийн захирамж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх” гэсэн шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “Шүүх, яллагдагч Л.Нт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах нь зүйтэй гэж үзлээ.” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаасан нь ойлгомжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаагаар нотолбол зохих ямар нөхцөл байдлыг шалгаж тодруулах талаар огт заагаагүй байна.

Иймд анхан шатны шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг тодруулах замаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэмжээнд хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байх тул “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, яллагдагч Л.Нт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 836 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Л.Нт холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шатнаас дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл Л.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ