Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Н.Амаржаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат

Орчуулагч Н.Атарцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хо Пуок Ванд холбогдох эрүүгийн 201610010190 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: БНСВУ-ын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Вьетнам улсын Хүэ хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машины засварчин мэргэжилтэй, ВTM ХХК-д засварчнаар ажилладаг байсан гэх, ам бүл 8, гэр бүлийн хамт Вьетнам улсад амьдардаг гэх, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Хо Пуок Ван / Иргэний үнэмлэхний дугаар В8440584/

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Хо Пуок Ван нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан 813 дугаар тэмдгээр хилийн боомт бус газраар хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

TOДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Хо Пуок Ван шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бусдад их хэмжээний өртэй болсон тул арга байхгүй хил зөрчсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...гэв.

Иргэний нэхэмжлэгч Ц.Сугармаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Тухайн өдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Вьетнам улсын иргэнийг саатуулаад манай байгууллагаас нийт 20180 төгрөг зарцуулсан. Энэ зардалыг нэхэмжлэх шаардлагагүй... гэжээ. /хx-ийн 37 тал/

Гэрч Д. Бямбахишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Амсарын хярын харуул манаанд өглөө 06 цагаас 10 цаг хүртэл ахлах байлдагч Цогзолын хамт үүрэг гүйцэтгэж байхад хил хамгаалалтын 1 дүгээр заагаар 6–5 дугаар хэсэгт хүний гутлын Мөр илэрсэн. Тэгээд шуурхай жижүүрт мэдэгдсэн. Тус хил зөрчигч нь торны доогуур шургаж гараад цааш алхаж явсан байсан. Хилийн багана, өргөст торыг гэмтээгээгүй байсан. Нэг хүний мөр байсан... гэжээ. /ХХ-ИЙН 40 тал/

Гэрч Ц.Энхтөр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хилийн 1080 дугаар ангид шуурхай жижүүрийн үүгийг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн өглөө 6 цаг 20 минутанд хилийн хяналтын камерт нэг хүн БНХАУ-ын хилийн зурваст явж байхыг харсан. Тэгээд манаануудад мөр хар гэсэн үүрэг өгөхөд хил хамгаалалтын баруун талын 2 дугаар зааг буюу 6-7дугаар хэсгийн дундуур, 813 дугаар тэмдэгтийн чиглэлтэй улсын хил хууль бусаар нэвтрэсэн иргэний мөр олдсоныг дэд түрүүч Бямбахишиг, байлдагч Цогзол нар мэдэгдсэн.Манайхан хил зөрчигийг алдсан. 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын талаас хилийн уулзалтаар манай талд өгөхөд хил зөрчигч нь БНСВУлсын иргэн эрэгтэй хүн байсныг мэдсэн. Хилийн 813 дугаар тэмдэгт нь Монгол Улсын хил мөн бөгөөд энэ тэмдэгийг давсан тохиолдолд улсын хил нэвтэрсэн гэж үзнэ. 813 дугаар тэмдэгийг давж гарахад БНХАУ-ын хилийн зурваст ордог” гэжээ. /хx-ийн 41 тал /

- Хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, үзлэг, тодорхойлолт, /хx-ийн 3-20 дугаар тал/

- Гэрч Л.Уранжаргалын мэдүүлэг./хx-ийн 16 тал/ - Гэрч Б.Амарбаясгалангийн мэдүүлэг /хx-ийн 44 тал/ - Гэрч Дo Чом Чиены мэдүүлэг /хx-ийн 52 тал/ - Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хx-ийн 62 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Хо Пуок Ван нь 2016 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан 813 дугаар тэмдгээр хилийн боомт бус газраар хууль бусаар Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан хилийн зөрчлийг шалгасан тухай нотломж, үзлэг, тодорхойлолт зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Хо Пуок Ваныг хууль бусаар Монгол Улсын хил

нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд ТООЦОЖ, Хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-д зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч Хо Пуок Ван нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй бөгөөд шүүгдэгчийн В84405844 дугаартай гадаад паспорт, SO 191724230 дугаартай Түр үнэмлэх зэрэг нь хэрэгт хураагдан ирсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ Нь:

1 - Шүүгдэгч Хо Пуок Ваныг хууль бусаар Монгол Улсын хил нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хо Пуок Ваныг 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

4. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдсан шүүгдэгч Хо Пуок Ваны В84405844 дугаартай гадаад паспорт, SO 191724230 дугаартай түр үнэмлэхийг Дорноговь аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газарт хүргүүлсүгэй.

5. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2.2- т зааснаар шүүгдэгч Хо Пуок Ваныг ялаа эдэлж дуусах хүртэл Монгол Улсаас гарахыг түдгэлзүүлсүгэй.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Хо Пуок Ванд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. -

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт Зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шүүгч        Л.Батжаргал