Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 0043

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02786 дугаар шийдвэртэй, Б.Мгийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Эт холбогдох, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 143 420 юань, зардал 16 000 төгрөг, нийт 401 475 328 төгрөг гаргуулах,

2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баяр-Эрдэнэ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Түмэннаст,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Ариунзул,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Э нь Б.Мтай 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 1 065 000 юанийг сарын 1.7 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоногт 0.5 хувийн алданги тооцох, хугацаа 1 cap байхаар харилцан тохиролцож зээл авсан. Зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй тул 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээгээр хүүг сарын 2.5 хувь, хугацааг 6 сар буюу 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан. 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлдэгч зээлээ бүрэн төлж дуусаагүй тул гэрээний хугацааг 3 cap буюу 2016 оны 05 дугаар сарын 28 хүртэл дахин сунгасан.

М.Э нь 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205030814 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 606 байрны 4 тоотод байрлах 173 м.кв тайлбайтай орон сууц, гараашийг хуульд заасны дагуу барьцаалсан. Зээлдэгч үндсэн зээл 1 065 000 юаниас 302 720 юанийг, хүү 212 430 юаниас 212 430 юанийг, алданги 381 140 юаниас огт төлөөгүй, гэрээний хугацаа дууссан.

Хариуцагчийн өмгөөлөгч 2014 онд байгуулсан зээлийн гэрээтэй холбоотой тайлбар ярьж байна. Бид 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой шаардлага гаргасан. Зээлийн гэрээ нь иргэд хооронд байгуулагдсан учир юаниар зээлийн гэрээ байгуулах боломжтой. Харин өдөр тутмын гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх нь зөв байх. Иймд хариуцагч М.Эаас үндсэн зээлийн үлдэгдэл 762 280 юань, алданги 381 140 юань, нийт 1 143 420 юань, бусад зардал 16 000 төгрөг, бүгд 401 475 328 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Эын дүү М.Саруул нь нэхэмжлэгч Б.Мгийн дүү Б.Ариунаатай найзууд бөгөөд анх 200 000 000 төгрөгийн зээлийг М.Саруул авсан. Ингэхдээ барьцаанд тавих хөрөнгөгүй учир ах М.Эын орон сууцыг барьцаалсан тул гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн 200 000 000 төгрөгөөс М.Э 110 000 000 төгрөг, М.Ариунаа 90 000 000 төгрөгийг авсан ба М.Э өөрийн ашигласан 110 000 000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр буцаан төлсөн. 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн барьцааны гэрээний 8 буюу нэмэлт нөхцөл гэсэн хэсэгт энэ мөнгийг хүлээлцэж М.Э, Б.М нар гарын үсэг зурсан. Уг гэрээнд 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2014 оны 07 дугаар сарын 03-наас 2015 оны 06 дугаар сарын 22-ныг хүртэл сунгаж, үндсэн зээл 200 000 000 төгрөгийг юаньд шилжүүлэн 680 272 юань гэж тооцож, зээлийн хүүг сарын 1.5 хувиар тооцож, үүнээс өнгөрсөн хугацаанд төлсөн 346 421 юаныг хасаж үлдэгдэл нь 333 851 юань гэж тооцоод үүнийг хүүтэй төлөхөөр өөрчлөлт хийж гэрээг байгуулсан. Гэрээний хугацааг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болгож нэхэмжлэгч тооцоо нийлсэн байдаг.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр М.Саруул нь Б.Мгаас 180 000 000 төгрөг зээлж гэрээг 600 000 юань болгож өөрчилсөн. Энэ гэрээ 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон. Ингэхдээ хүүг нь тооцож зээлийн гэрээг дуусгасан. Ингээд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 671 400 юаниар дахин зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 065 000 юанийн зээлийн гэрээ байгуулсан боловч М.Саруул тэрбум төгрөгийн зээл авах гэж байсан. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ дуусгавар болж одоо зөвхөн М.Саруулын төлөх төлбөрүүд үлдсэн. М.Саруулын зээлсэн төгрөг юаньд хөрвөж явсаар 1 065 000 юань болсон.

Нэхэмжлэгч 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр М.Этай 1 065 000 юанийн зээлийн гэрээ байгуулсан боловч Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.4 дэх заалттай зөрчилдөж байгаа. Хариуцагч М.Э 1 065 000 юанийг бэлнээр хүлээж аваагүй. Бэлэн гэрээнд гарын үсэг зурсан. М.Саруулын үүргийг М.Э хүлээнэ гэсэн баталгаа гаргаж өгөөгүй. Мөн Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.4-т банк, банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн хадгаламж, зээл, тэдгээртэй адилтгах аливаа үйлчилгээ, санхүүгийн үүсмэл хэрэгсэлтэй холбоотой байгуулах гэрээ, түүгээр хүлээх үүргийг гадаад валютаар илэрхийлж, гүйцэтгэлийг гадаад валютаар хангуулж болно гэж зааснаас бусад тохиолдолд мөнгөн төлбөрийг өөрчлөхийг хориглодог. Иргэний хуульд зааснаар 200 000 000 төгрөгийн зээл болон 180 000 000 төгрөгийн зээлийг юаньд шилжүүлсэн байгаа нь хүчин төгөлдөр бус гэрээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: М.Э нь 2014 онд 200 000 000 төгрөгийн зээл авч үүнээс өөрийн төлөх 110 000 000 төгрөгийг төлсөн байсан. Дараа нь М.Саруул 180 000 000 төгрөгийн зээл авсан бөгөөд өмнөх зээл 90 000 000 төгрөгийг юаниар тооцох гэрээ байгуулж байсан. Харин хүү Э.Болд-Очир нь аавынхаа хэлснээр очиж гэрээнд гарын үсэг зурсан байдаг гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр М.Саруул, М.Э нар Б.Мгаас 200 000 000 төгрөгний зээл авсан. Зээлийн барьцаанд М.Э өөрийн орон сууц, гараашийг барьцаалсан. Зээлээс М.Э 110 000 000 төгрөгийг авч, буцаан төлсөн. Үлдсэн 90 000 000 төгрөгийг М.Саруул авч хэрэглэн мөнгийг төлөх үүрэгтэй байсан боловч дахин нэмж 180 000 000 төгрөг зээлж гэрээ байгуулсан. М.Саруул зээлээ төлөөгүй учир Б.М М.Саруултай уулзаж тооцоо нийлж 1 065 000 юань төлөхөөр тохирсон. Тооцоо нийлсэн баримт хэргийн 101, 102 дугаар хуудсанд байгаа. Энэ баримтыг үндэслэн хоёр зээл нийлж төгрөгийг юаньд шилжүүлж 1 065 000 юанийн зээлийн гэрээ хийгдсэн.

Б.М анхны зээлийн гэрээний барьцааны хөрөнгийг 1 065 000 юанийн гэрээний барьцаанд авсан байдаг. М.Саруул нь Б.Мгаас зээлтэй байхдаа Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас 1 000 000 000 төгрөгийн зээл авахаар болж Б.Мд барьцаалсан өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж, ах М.Эын өмчлөлийн байр, гараашийг 1 065 000 юаний барьцаанд барьцаалсан. Энэ гэрээгээр мөнгө шилжээгүй бөгөөд гэрээ хэлбэрийн төдий байгуулагдсан. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 217 дугаар зүйлийн 217.1, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-т зааснаар төгрөгөөр байгуулах байсан. Уг гэрээгээр мөнгө шилжээгүй тул 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг М.Э нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж гарын үсэг зурсан бөгөөд 2 удаа зээл, барьцааны гэрээний хугацааг сунгасан учир уг гэрээ хүчин төгөлдөр гэрээ. Зээлүүд нь иргэд хоорондын зээл учир заавал төгрөгөөр зээлэх шаардлагагүй. Талуудын хүсэл зоригийн дагуу юань зээлсэн. Үүнээс илүү хуулийн шаардлага хангасан гэрээ байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэл нь үндэслэлгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч М.Эт холбогдох гэрээний үүрэгт 1 143 420 юань, зардал 16 000 төгрөг, нийт 401 475 328. төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч Б.Мгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.165.327 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Мд холбогдох 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай М.Эын сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 166 000 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг хэт нэг талаас үнэлж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан.

Б.М нь хариуцагч М.Этай 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 1 035 000 юанийг 1 сарын хугацаатай 1,7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагч уг гэрээний 1 035 000 юанийг бодитоор хүлээж аваагүй, өмнө нь М.Саруултай байгуулсан гэрээний үлдэгдэл төлбөрөөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарлаж маргадаг. Гэтэл Б.М нь М.Этай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний 6-д “2015 оны 07 дугаар сарын 28-нд бэлнээр 1 065 000 юань хүлээн авсан М.Э” гээд өөрөө гарын үсэг зурсан, уг гарын үсэгт хариуцагч маргадаггүй. Мөн шинжээчийн дүгнэлтээр М.Эын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээнээс өөр бусад хариуцагч М.Этай байгуулаагүй, М.Саруултай байгуулсан гэрээнүүд болон тооцоо нийлсэн гэх баримтуудад дүгнэлт хийж, дээрх баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийг хариуцагчид мөнгийг бодитоор шилжүүлэн өгөөгүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. М.Э нь Б.Мгаас 1 065 000 юанийг зээлж авсан бөгөөд мөнгө бэлнээр шилжсэн гэдэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нотариатч Б Мөнхзулын гэрчээр өгсөн мэдүүлэгээр хангалттай нотлогдож байгаа. М.Э нь Б.Мгаас зээлж авсан мөнгөө цаашид хэнд дамжуулан ашиглуулах нь түүний өөрийнх нь эрх бөгөөд хэрэв зээлсэн мөнгөө М.Саруулд ашиглуулж, түүнээс шалтгаалан буцаан төлөх боломжгүй болсон М.Саруулаас шаардах эрхтэй.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд уг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг баталсан нотариатч Б.Мөнхзул гэрчээр оролцохдоо уг гэрээ байгуулагдахад талуудын хүсэл зориг байгаа эсэх, мөнгийг хүлээн авсан эсэхийг М.Эаас асууж тодруулж гэрээнд гарын үсэг зуруулж, талуудын хооронд байгуулсан гэрээг баталгаажуулсан талаараа мэдүүлсэн бөгөөд Б.Мгаас М.Эт мөнгө шилжсэн гэдгийг нотариат үйлдлээрээ баталгаажуулсан, мөнгө авсан учраас гарын үсэг зурсан байх магадлалтай талаар мэдүүлсэн. Гэвч гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаас шүүх талуудын хооронд бэлнээр мөнгө хүлээлцээгүй гэж дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй.

Б.Мгаас М.Эт 1 065 000 юань бэлнээр шилжиж, талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг М.Эын 1 065 000 юанийг Б.Мгаас бэлнээр хүлээн авснаа илэрхийлж зурсан гарын үсэг нотариатч Б.Мөнхзулын тухайн гэрээг батлахдаа М.Эаас мөнгийг бэлнээр хүлээн авсан эсэхийг тодруулсан талаараа мэдүүлсэн зэрэг нь хангалттай нотолж байхад шүүх нэхэмжлэгч М.Саруултай өмнө байгуулагдсан гэрээний төлөгдөөгүй үнийн дүнгээр уг гэрээ байгуулагдсан гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь “...хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй, нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтад тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч М.Эт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 143 420 юань, бусад зардал 16 000 төгрөг, нийт 401 475 328 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч, 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр барьцааны гэрээнд гарын үсэг зурсан Эрхэмбаярын Болд-Очирыг оролцуулсан байна. /хх206/

 

Хэргийн баримтаас үзвэл хариуцагч М.Э нь 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Б.Мгаас 1 065 000 юаныг 1 сарын хугацаатай, сарын 1.7 хувийн хүү төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулсан, үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож өөрийн болон хүү Э.Болд-Очир нарын өмчлөлийн Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, 60/Б байрны 4 тоот 173 м.кв орон сууц, гараажийн хамт барьцаалсан  барьцааны гэрээг байгуулжээ. /хх183/

 

Шүүх талуудын хооронд байгуулсан дээрх гэрээ тус бүрийг талууд хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэсэн байна. Харин уг гэрээний дагуу зээлдүүлэгч Б.Мгаас зээлдэгч М.Эт дурдсан хэмжээний мөнгөн хөрөнгийг бодитойгоор шижүүлсэн нь тогтоогдоогүй тул уг гэрээгээр хүлээсэн үүргийг шаардах эрхгүй гэж үзжээ.

 

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4. Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэх заалттай нийцэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Түүнчлэн хариуцагч М.Э дээрх гэрээг байгуулах болсон үндэслэл нь өөрийн дүү М.Саруул, Б.М нарын хооронд байгуулсан өмнөх гэрээний төлбөрийн тооцоог хийснээр үлдэгдэл төлбөрийг зээл болгон үргэлжлүүлэн гэрээ байгуулж, барьцааны эд зүйлийн өмчлөгч болох миний бие гарын үсэг зурж байсан гэх тайлбар гаргаж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн дээрх татгалзал болон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлын үндэслэлээ, уг зээлийн гэрээний дагуу М.Э 1 065 000 юань хүлээн авсан нь гэрээг баталгаажуулсан нотариатч Б.Мөнхзулын мэдүүлгээр хангалттай нотлогдоно гэжээ. Гэтэл шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээр оролцсон нотариатч Б.Мөнхзул нь талуудын байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээний зүйл болох 1 065 614 юанийг хариуцагч М.Эт бодитоор хүлээлгэн өгсөн үйл баримтыг эргэлзээгүй нотолж чадаагүй байна. /хх 219/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь тухайн хэргийн үйл баримтыг илэрхийлэх нотолгооны хэрэгсэлд хамаардаг бөгөөд М.Саруултай зээлийн төлбөрийн тооцоо нийлж, эцсийн үлдэгдэл 1 065 614 юань гэж нэхэмжлэгч гарын үсэг зурсан, мөн зээлийн эргэн төлөлтийг М.Саруул төлж байсан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэрэг нь хэргийн 101-102 дугаар талд авагдсан зохигчдын гарын үсэг бүхий баримтаар тогтоогджээ.

 

Мөн гэрч М.Саруул шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ “Анх 2014 онд 200 000 000 төгрөгийг Б.Мгаас зээлсэн, 110 000 000 төгрөгийг манай ах авсан, 90 000 000 төгрөгийг би авсан, ах 110 000 000 төгрөгийг төлж дууссан, дараа нь би үлдэгдэл 90 000 000 төгрөг дээр нэмж 180 000 000 төгрөгийн зээл авсан, ... миний 180 000 000 төгрөг нь явсаар байгаад 1 065 000 юань болсон, ... ахтайгаа ярьж байгаад байрыг нь зээлийн барьцаанд тавиулсан, ах М.Э Б.Мгаас авсан зээлтэй ямар ч хамааралгүй, ... ахын байр байсан учир гэрээнд гарын үсэг зуруулсан гэжээ. /хх 217, арын хуудас/

 

Анхан шатны шүүх гэрчүүдийн мэдүүлэг, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж нэхэмжлэгчийг тооцоо нийлсэн баримтын үнийн дүнгээр хариуцагч М.Этай зээлийн гэрээ байгуулсан. Гэвч бичгээр байгуулсан дээрх гэрээний дагуу хариуцагч нь төлбөр төлөх үүрэггүй бөгөөд хүчин төгөлдөр бус гэж тооцох Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2017/02786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 166 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    Т.ТУЯА