Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 221/ШШ2022/0003

 

022 оны 03 сарын 01 өдөр                     Дугаар                                   Улаанбаатар хот

221/ШШ2022/0003

 

“Н” ХХН-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Нэхэмжлэгч “Н” ХХН

Хариуцагч С З Х

Нэхэмжлэлийн шаардлага: “СЗХ-ны 2021 оны 06 дугаар сарын 11-ний едрийн 225 дугаартай тогтоолын Хавсралтаар батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1. 11.20, 11.21 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулах

Анхан шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “Н” ХХН-ийн төлөөлөгч Ч.Г

Хариуцагч СЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ц, Н.Э

Иргэдийн төлөөлөгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 221/2021/0021/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХН нь Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан “СЗХ-ны 2021 оны 06 дугаар сарын 11-ний едрийн 225 дугаартай тогтоолын Хавсралтаар батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1. 11.20, 11.21 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий гомдол гаргасан байна.

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Г дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

2.1. “... Өмгөөллийн "Н" ХХН нь 2015 оны 03 дугаар сарын 27-ны өдөр үүсгэн байгуулагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хуульд заасны дагуу хууль зүйн мэргэжлийн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд болно. Цаашид холбогдох хууль тогтоомж  болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.15, 33 дугаар зүйлд заасны дагуу "Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө" үзүүлэх хүсэлтэй байгаа болно.

2. Гэвч Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар "Үнэт цаасны бүртгэлийн журам" батлагдаж, 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлж байгаа бөгөөд уг журмын 11.20, 11.21 дүгээр зүйлд дээрх дурдсан үйл ажиллагаа явуулахын тулд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон мөн журмын 11.4-д заасан шалгуурыг хангасан ч уг хуульд заасан зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. Өөрөөр хэлбэл холбогдох хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаж "үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө" үзүүлэх хуулийн этгээдээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсэн ч бүртгүүлснээс хойш 3 жилийн дараа зөвлөгөө өгөх эрх нээгдэх бөгөөд "олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй" байх шаардлага тавигдсан нь өнөөдрийн байдлаар Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй нэг ч хуулийн этгээд дээр дурдсан шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна.

3. Үнэт цаасны тухай хуулийн 24 дүгээр зүйлд "Зохицуулалттай үйл ажиллагаа"-ны төрлийг нарийвчлан зааж, 24 дүгээр зүйлийн 24.1.15-д "үнэт цаасны зах зээлд оролцогчид хуулийн зөвлөгөө үзүүлэх" үйлчилгээг мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасан шалгуурыг хангасан хуулийн этгээд Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлсний үндсэн дээр эрхэлж явуулахаар зааж, уг хуулийн этгээдээс гаргасан дүгнэлт нь үнэт цаасны танилцуулгын салшгүй хэсэг байхаар заасан болно.

4. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 63 дугаар зүйлийн 63.1.2-т заасны дагуу СЗХ-ны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журмын 11 дүгээр зүйлд "Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, бүртгэлээс хасах, тэдгээрийн үйл ажиллагаа"-г зохицуулсан байна. Тус журмын 11 дүгээр зүйлийн 11.4-д "Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэхийг хүссэн хуулийн байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.", 11.4.1-д "хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх", 11.20-д "Хороонд бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлнэ.", "Хороонд бүртгүүлснээс хойш 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжих сургалтад хамрагдсан 1-ээс доошгүй мэргэжилтэнтэй, Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлнэ." гэж тус тус заажээ.

5. Үнэт цаасны бүртгэлийн журмын дээрх заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх", 60.1.2-т заасан "тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх", 60.1.4-д заасан "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх", 60.1.6-д заасан "хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх", мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т "Үнэт цаасны зах зээлд энэ хуулийн 24.1.15-24.1.17-д заасан холбогдох үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй хуулийн этгээд дор дурдсан шалгуурыг хангасан байна", 33.2.1-д "хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр ажиллах, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх" гэж заасныг зөрчсөн байна.

6. Учир нь дээр дурдсанчлан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлд үнэт цаас гаргагчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээдийн тавигдах шаардлагыг 1) "гэрээний үндсэн дээр ажиллах", 2) "хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх" гэж тодорхой заасан байхад Хорооны шинэчлэн баталсан Үнэт цаасны бүртгэлийн журмын 11.4.1-д "хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос доошгүй жил эрхэлсэн байх" гэж хугацааны хязгаарлалт бүхий зохицуулалт оруулсан дээрх хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцээгүй, хуулиар хориглоогүй асуудлаар хязгаарласан буюу хориглосон заалт оруулсан байна.

7. Уг зохицуулалтын улмаас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Өмгөөллийн тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хуульд заасан шаардлагыг хангаж шинээр үүсгэн байгуулагдсан хууль зөвлөгөө үзүүлэх эрх бүхий хуулийн этгээд Үнэт цаасны тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ч Хороонд бүртгүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүрч байна.

8. Мөн дээрх журмын 11.4-д заасан шаардлагыг хангаж хороонд бүртгүүлсэн ч журмын 11.20-д заасны дагуу нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж байгаа үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэхийн тулд дахин 3 жил, үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулах үйл ажиллагаанд дүгнэлт дахин 1 жилийн дараа тус тус зөвлөгөө үзүүлэх боломжтой болохоор заасан үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл уг журмаар шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн зөвлөгөө үзүүлэх эрхтэй хуулийн этгээд байгуулагдсанаас хойш 5 жилийн дараа үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэх, хуульд заасан дүгнэлт гаргах эрхтэй болгохоор заасан Захиргааны ерөнхий хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн ноцтой зөрчсөн, үндэслэлгүй хязгаарлалт бүхий хориглосон заалт орсон байна.

9. Түүнчлэн уг журмын 11.20-д олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй, 11.21-д 1-ээс доошгуй мэргэжилтэй байх шаардлагыг тавьсан нь уг журам бодит байдалд хэрэгжих боломжгүй болсон байна. Учир нь Үнэт цаасны бүртгэлийн журмын 11.2-т "Хууль, аудит, хөрөнгийн үнэлгээний Үйлчилгээ үзүүлэгчийн гүйцэтгэх захирал, энэ журмаар тогтоосон мэргэжилтнууд нь үнэт цаасны зах зээлийн чиглэлээр төрөлжсөн сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байна." гэж заагаад уг сургалтыг мэргэжлийн холбоод зохион байгуулж ажиллах, Хорооноос сургалтад хамрагдсан этгээдээс шалгалт авч эрхийн гэрчилгээ олгохоор заасан.

10. Гэтэл үнэт цаас гаргагчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэх сонирхолтой хуулийн этгээд нь өөрсдийн хуульчдыг мэргэжлийн холбооноос зохион байгуулсан сургалтад хамруулж, Хорооны шалгалтад тэнцүүлсэн ч уг сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт биш бөгөөд мөн л уг заалтад заасан шалгуурыг хангасан зөвлөгөө үзүүлэх боломжгүй болж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан хууль зөвлөгөө үзүүлэх эрх бүхий ямар ч хуулийн этгээд уг журам хэрэгжсэнээр үнэт цаас гаргагчид зөвлөгөө үзүүлэх ямар ч боломжгүй болох нөхцөл байдал үүсэж байна.

11. Цаашлаад дээрх маргаан бүхий журмын заалтуудад "Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн компани" нь уг журмын дээрх шаардлагуудыг хангах шаардлагагүйгээр үнэт цаас гаргагчид зөвлөгөө үзүүлэх эрхтэй байхаар заасан шууд утгаараа гадаадын өмгөөллийн фирм, хуулийн этгээдүүдэд илэрхий давуу байдал олгож, дотоодын хуулийн этгээдүүдэд биелэгдэх боломжгүй шаардлага тавьсан нь Монгол Үндсэн хуулийн суурь зарчимд нийцээгүй, ялгаварласан, илт хууль зөрчсөн зохицуулалт болсон байна.

12. Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд "Хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох бүртгэл явуулах, төлбөр хураамж авахыг хориглоно.", 13.2-т "Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно." гээд 13.2.3-д "тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн", 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн.” гэж тус тус заасан байна.

13. "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын дээрх маргаан бүхий зохицуулалтууд нь Захиргааны ерөнхий хууль төдийгүй Өрсөлдөөний тухай хуулийн ноцтой зөрчсөн бөгөөд гадаад улсын бүртгэлтэй хуулийн фирмүүдийг тусгайлан дэмжсэн, Монгол Улсад бүртгэлтэй, цаашлаад шинээр үүсгэн байгуулагдсан эсхүл СЗХ-нд шинээр бүртгүүлсэн өмгөөллийн нөхөрлөлүүдийг хууль зүйн зөвлөгөө өгөх боломжийг буюу зах зээлд орох боломжийг хязгаарласан журам болсон гэж үзэж байна.

14. Манай нөхөрлөлийн зүгээс маргаж буй үнэт цаасны бүртгэлийн журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлд заасан “хэм хэмжээний акт" бөгөөд уг акт нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн гэж үзэж маргаж байгаа болно. Мөн дээр дурдсанчлан уг журам хэрэгжсэнээр шинээр үүсгэн байгуулагдсан өмгөөллийн нөхөрлөл 5 жилийн хугацаанд, СЗХ-ны шаардлагыг хангаж бүртгүүлснээс хойш 3 жилийн хугацаанд "Үнэт цаасны зах зээлд оролцогчид" хууль зүйн зөвлөгөө өгөх боломжгүй болоод байна. Мөн дээрх жилийн хугацааны болзлыг хангасан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтад хамрагдсан 2-оос доош хуульчгүй бол мөн дээрх үйл ажиллагааг явуулах боломжгүй бөгөөд уг шаардлагыг манай өмгөөллийн нөхөрлөл төдийгүй Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа дотоодын нэг ч нөхөрлөл хангах боломжгүй байгаа нь өрсөлдөөний илт хязгаарласан гадаадын хуулийн фирмүүдэд давуу байдал олгосон гэж үзэж байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1, 11.20, 11.21 дэх заалтууд нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү…” гэжээ.

3. Хариуцагч СЗХ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, Н.Э, Р.Ц нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, маргаан бүхий хэм хэмжээний актыг дараах үндэслээр хамгаалж байна. Үүнд:

3.1. “...Өмгөөллийн "Н" ХХН-өөс СЗХ-ны 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаар тогтоолоор баталсан “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11.4.1, 11.20, 11.21 дэх заалтуудыг хүчингүй болгуулахаар 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

3.2. СЗХ-ны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т "бүрэн эрхийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг дэмжих зорилгоор шаардлагатай шалгуур үзүүлэлт, бусад хэм хэмжээ тогтоох", Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 8 дугаар зуйлийн 8.2-т "Нийтэд санал болгон үнэт цаас гаргах ажиллагааны журам, заавар, дарааллыг Хороо батална" гэж заасан.

3.3. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээг үзүүлэгч этгээд нь үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай этгээд байна гэж заасан бөгөөд дээрх этгээдүүд нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасны дагуу тус Хороонд бүртгүүлсний үндсэн дээр үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэхээр зохицуулагдсан.

3.4. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.1-д "хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр байнга ажиллах, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх" гэсэн ерөнхий шалгуурыг тусгасан.

3.5. Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33.3-д "Энэ хуулийн 24.1.15-24.1.17-д заасан зохицуулалттай үйл ажиллагааны төрөл тус бүрд тавих нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбоо, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болон Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн саналыг харгалзан Хороо тогтооно" гэж заасны дагуу үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэгч хууль, аудит, үнэлгээний компанийг бүртгэхэд тавих нарийвчилсан нөхцөл, шаардлагыг Хороо тогтоохоор хуульчлагдсан.

3.6. УИХ-аас 2013 онд Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн найруулж баталсантай холбоотойгоор үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдийг бүртгэх харилцааг 2013 оны 451, 452, 453 дугаар тогтоолын хавсралтаар баталсан холбогдох журмуудаар тус тус зохицуулж байсан бөгөөд Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдсантай холбоотойгоор дээрх журмуудыг шинэчлэн батлах шаардлага тулгарсан.

3.7. Дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тус Хорооноос 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаар тогтоолын хавсралтаар "Үнэт цаасны бүртгэлийн журам” ыг баталж, уг журмыг 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан. Журам батлагдсантай холбоотойгоор Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт заасны дагуу Хорооны 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 1/2119 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэхээр хүргүүлж, улмаар захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 5333 дугаарт бүртгэгдсэн.

3.8. Журмын төслийг Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна” гэж заасны дагуу Хорооны цахим хуудсанд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байршуулж, олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулсан.

3.9. Мөн Сангийн яам, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагууд болох "Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн Холбоо” /МҮЦАЭХ/, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “Монголын үнэт цаасны бирж” ХК, "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, “Монголын үнэт цаасны клирингийн төв” ХХК болон Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагад Хорооны 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 5/4920 тоот албан бичгийг хүргүүлж, холбогдох саналыг авсан.

3.10. Мөн “Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11 дүгээр бүлэгт тусгагдсан Үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэх, бүртгэлээс хасах, тэдгээрийн үйл ажиллагааг зохицуулсан журмын төслийн ерөнхий танилцуулгыг МҮЦАЭХ, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт, Монголын Хуульчдын холбоо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт нарын төлөөллийг оролцуулан 2020 оны 11 дүгээр сарын 05 ны өдөр зохион байгуулж, дээрх журмын төслийг өөрийн гишүүн байгууллагуудад танилцуулж, саналаа 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө ирүүлэхийг мэдэгдсэн.

3.11. Үүний дагуу Монголын Хуульчдын холбооноос журмын төсөлтэй холбоотой тухайлсан саналыг 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр цахим хэлбэрээр тус Хороонд ирүүлсэн бөгөөд тус холбооноос ирүүлсэн саналыг тусгасан эсэх талаарх хэлэлцүүлгийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, холбогдох тайлбарыг өгсөн болно.

3.12. Уг журамтай холбоотой саналыг тусгасан тухай тайлантай танилцаж, хүлээн зөвшөөрснийг баталгаажуулахаар 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр холбогдох мэдэгдлийг цахим хэлбэрээр хүргүүлсэн бөгөөд Хуульчдын холбооны төлөөллөөс тайлантай танилцан гарын үсэг зурж, баталгаажуулсан болно.

3.13. Нөгөөтээгүүр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу журмын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг цахимаар 2021 оны 1 дүгээр сарын 29, 02 дугаар сарын 03, 3 дугаар сарын 12, 16-ны өдрүүдэд буюу нийт 4 удаа зохион байгуулж, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын холбогдох саналуудыг журмын төсөлд тусгасан.

3.14. Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө, аудит, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээдүүд нь үнэт цаас гаргагч үнэт цаасаа олон нийтэд шинээр болон нэмж гаргах, мэдээлэл тайлагналын ил тод байдлыг хангуулахад мэргэжлийн өндөр түвшинд, хараат бусаар ажиллах шаардлагатай бөгөөд 2021 оны 3 дугаар улирлын байдлаар 35 хуулийн нөхөрлөл, 55 аудит, 25 үнэлгээний компани Хороонд бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа болно.

3.15. Тус Хороо нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-д "үнэт цаасны зах зээлд шударга, үр ашигтай, өрсөлдөөн бүхий, ил тод байдлыг хэвшүүлэхэд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авах” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр заасан байдаг.

3.16. Мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулий 10 дугаар зүйлийн 10.6-д "Үнэт цаасны танилцуулгад тусгасан мэдээллийн үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг энэ хуулийн 33.2.1-д заасан хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр, санхүүгийн мэдээлэл нь үнэн зөв эсэхийг энэ хуулийн 33.2.3-т заасан аудитын үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр тус тус хянуулж, дүгнэлт гаргуулна" гэж заасан бөгөөд гаргасан дүгнэлтийн хараат бус, үнэн зөв, мэргэжлийн ур чадвараас шалтгаалан хөрөнгө оруулагчдын эрх ашиг зөрчигдөх, хөрөнгийн зах зээлд тодорхойгүй байдал бий болох эрсдэлийг дагуулдаг.

3.17. Санхүүгийн зохицуулах хороо өөрийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд үнэт цаас гаргах ажиллагаанд хөндлөнгийн үйлчилгээ үзүүлэгч этгээдүүдэд тавигдах шаардлагыг тогтоох замаар зах зээлийн тогтворгүй байдал, системийн эрсдэлээс сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.

3.18. Тус хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын 11.4.1, 11.20, 11.21 дэх заалтуудыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3-т заасны дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбоо, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болон Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн саналыг харгалзан Хороо тогтоосон болохыг дээр дурдсан.

3.19. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д "Энэ хуулийн 33.2-т заасан байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, хууль зүйн дүгнэлт нь тухайн үнэт цаасны танилцуулгын салшгүй хэсэг байна” гэж заасан бөгөөд хөрөнгө оруулагчдын эрх ашиг, үнэт цаасны зах зээлийн мэдээлэл тайлагналын ил тод байдал, хөндлөнгийн байгууллагуудын хараат бус байдал, үйлчилгээ үзүүлэгчийн ажлын туршлагатай байдлыг зайлшгүй тодорхойлсон олон улсын жишиг, стандартад нийцүүлэх шаардлагын хүрээнд дээрх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг боловсруулж баталсан болно.

3.20. Тодруулбал, Үнэт цаасны бүртгэлийн журмын 11.20-д "Хороонд бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлнэ”, мөн журмын 11.21-д "Хороонд бүртгүүлснээс хойш 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1-ээс доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлнэ" гэж тус тус заасан зохицуулалт нь үнэт цаасны зах зээлд оролцогчид мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавигдаж буй шаардлага бөгөөд дээрх шаардлагыг хангасан хуулийн этгээд нь үнэт цаас гаргагчаас нийтэд санал болгон хувьцаа гаргах болон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах ажиллагаанд хууль зүйн зөвлөгөө үзүүлэх эрхтэй бөгөөд харин Хороонд бүртгүүлсэн хууль зүйн зөвлөгөө үзүүлэх хуулийн этгээд нь нийтэд санал болгон үнэт цаас гаргах болон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахаас бусад чиглэлээр үнэт цаасны зах зээлд оролцогчдод хууль зүйн зөвлөгөө үзүүлэх боломжтой болно.

3.21. Үнэт цаасны бүртгэлийн журмын дээрх заалтуудад тусгасан "олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалт...” гэдэгт гадаад улсын санхүүгийн зах зээлд үнэт цаас гаргагчаас нийтэд санал болгон үнэт цаас гаргах, тэдгээрийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахад хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, тухайн улсын үнэт цаасны зах зээлийн холбогдох хууль тогтоомжийн чиглэлээр олон улсын сургалтын байгууллагаас зохион байгуулсан сургалт, семинарт хамрагдаж, холбогдох гэрчилгээг авсан байхыг хамааруулан ойлгож байгаа болно.

3.22. Мөн дээрх үнэт цаасны бүртгэлийн журмаар хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргах үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлэхээр зохицуулсан бөгөөд үүнд олон улсад салбар, төлөөлөгчийн газартай, санхүүгийн зах зээлд тогтмол үйл ажиллагаа явуулдаг байхаас гадна гадаад улсын хөрөнгийн зах зээл дээр нийтэд санал болгон хувьцаа, компанийн өрийн хэрэгсэл гаргахад хууль зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлж байсан туршлагатай хуулийн этгээд байхаар зохицуулсан.

3.23. Түүнчлэн, Хорооны 2021 оны 225 дугаар тогтоолоор баталсан "Үнэт цаасны бүртгэлийн журам”-ын дээрх заалтууд нь хуулиар хориглосон асуудлаар хязгаарласан буюу хориглосон шинжийг агуулаагүй бөгөөд Өрсөлдөөний тухай хуульд заасан өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл бүртгэлтэй хууль, аудит, үнэлгээний компаниудыг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн зохицуулалтыг агуулаагүй болно.

Иймд Өмгөөллийн "Н" ХХН-өөс Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан “Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний едрийн 225 дугаартай тогтоолын Хавсралтаар батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1. 11.20, 11.21 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

4.1. “Аливаа санал дүгнэлтгүй болно.” гэж дүгнэсэн болно.

ХЯНАВАЛ:

1. Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй орхив.

2.1. Санхүүгийн зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 11-ний едрийн 225 дугаартай тогтоолын Хавсралтаар батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.4-д “Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө үзүүлэхийг хүссэн хуулийн байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.”, 11.4.1-д “хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх;”

мөн журмын 11.20-д “Хороонд бүртгүүлснээс хойш 3-аас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 2-оос доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагчид үйлчилгээ үзүүлнэ.”,

11.21-д “Хороонд бүртгүүлснээс хойш 1-ээс доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1-ээс доошгүй мэргэжилтэнтэй, эсхүл Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани нь үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээ үзүүлнэ.” гэж тус тус зохицуулсныг нэхэмжлэгч “Н” ХХН эс зөвшөөрч нэхэмжлэл гарган маргаж байна.

2.2. Нэхэмжлэгчээс дээрх хэм хэмжээний актын зохицуулалтыг хүчингүй болгох үндэслэлээ Үнэт цаасны зах зээлд оролцогчид хууль зүйн зөвлөгөө өгөх хүсэлтэй боловч маргаан бүхий хэм хэмжээний акт нь Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй нэг ч хуулийн этгээд дээр дурдсан шаардлагыг хангах боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна хэмээн тайлбарлаж Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасан "Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх", 60.1.2-т заасан "тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх", 60.1.4-д заасан "шийдвэрийн заалт хоорондоо болон эрх бүхий бусад этгээдийн гаргасан шийдвэрийн заалттай зөрчилдөхгүй байх", 60.1.6-д заасан "хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх", мөн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.1-д заасныг зөрчсөн гэжээ.

2.3. Тодруулбал үнэт цаасны зах зээл, оролцогчид хууль зүйн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь "гэрээний үндсэн дээр ажиллах", "хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх” үндсэн шаардлагыг тусгаж өгсөн байхад маргаан бүхий заалтуудаар хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг 2-оос дээш жил эрхэлсэн байх, Хороонд бүртгүүлснээс хойш 1, 3 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан 1-ээс доошгүй мэргэжилтэнтэй эсхүл олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани байх хуулиас давсан шаардлага тавьсан нь хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон алдаатай болсон гэж маргасан.

2.4. Харин хариуцагчаас “...Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7-д "Энэ хуулийн 33.2-т заасан байгууллагаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, хууль зүйн дүгнэлт нь тухайн үнэт цаасны танилцуулгын салшгүй хэсэг байна” гэж заасан бөгөөд хөрөнгө оруулагчдын эрх ашиг, үнэт цаасны зах зээлийн мэдээлэл тайлагналын ил тод байдал, хөндлөнгийн байгууллагуудын хараат бус байдал, үйлчилгээ үзүүлэгчийн ажлын туршлагатай байдлыг зайлшгүй тодорхойлсон олон улсын жишиг, стандартад нийцүүлэх шаардлагын хүрээнд дээрх эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актыг боловсруулж баталсан...” хэмээн нэхэмжлэлийг шаардлагыг эс зөвшөөрч байна.

2.5. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33.3-д "Энэ хуулийн 24.1.15-24.1.17-д заасан зохицуулалттай үйл ажиллагааны төрөл тус бүрд тавих нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасан үнэт цаасны зах зээл дэх өөрийгөө зохицуулах байгууллага, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан Хуульчдын холбоо, хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болон Аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн саналыг харгалзан Хороо тогтооно" гэж заасны дагуу үнэт цаасны зах зээлд оролцогчид үйлчилгээ үзүүлэгч хууль, аудит, үнэлгээний компанийг бүртгэхэд тавих нарийвчилсан нөхцөл, шаардлагыг хариуцагчаас бүрэн эрхийн хүрээнд тогтоосон нь хууль зөрчсөн үйлдэл агуулаагүй байна. 

2.6. Хэдийгээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т "Үнэт цаасны зах зээлд энэ хуулийн 24.1.15-24.1.17-д заасан холбогдох үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй хуулийн этгээд дор дурдсан шалгуурыг хангасан байна", 33.2.1-д "хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагааг хуулийн этгээдийн тухайд гэрээний үндсэн дээр ажиллах, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн, тогтоосон тооны хуульчтай байх" гэж зааснаар аливаа Монголын Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоонд бүртгэлтэй өмгөөллийн нөхөрлөл үнэт цаасны зах зээлд зохих үйлчилгээг үзүүлэх боломжтой байхаар хуульчилсан боловч маргаан бүхий “Үнэт цаасны бүртгэлийн журам”-аар илүү нарийвчлан зохицуулж, шаардлагатай тусгай шаардлагуудыг нэмж журамласан нь хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй.

2.7. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар үнэт цаасны зах зээл гэж үнэт цаас болон үүсмэл санхүүгийн хэрэгслийг бүртгүүлэх, гаргах, арилжих, түүгээр гэрчлэгдсэн эрхийг шилжүүлэх, төлбөр, тооцоо гүйцэтгэх, хадгалах үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон зохицуулалттай зах зээлийн болон биржийн бус зах зээлийн харилцаа байхаар ойлгох бөгөөд энэхүү харилцаанд оролцогчдод үйлчилгээ үзүүлэх этгээд нь энэхүү чиглэлээр үйл ажиллагаа явуулах нарийн мэргэжлийн чадвар, туршлагыг эзэмшсэн, гадаад, дотоодын зах зээл, хөрөнгө оруулагч нарт хүлээн зөвшөөрөгдсөн байх шаардлагыг тусгайлан заасан нь хууль зөрчсөн аливаа шинжгүй бөгөөд эсрэгээр үнэт цаасны зах зээлд оролцогчдын эрх ашгийг хамгаалах, олон улсын жишиг, стандартад нийцүүлэх өндөр ач холбогдолтой зохицуулалт байна.

2.8. Мөн нэхэмжлэгчийн “...гадаад улсын бүртгэлтэй хуулийн фирмүүдийг тусгайлан дэмжсэн, Монгол Улсад бүртгэлтэй, цаашлаад шинээр үүсгэн байгуулагдсан эсхүл СЗХ-нд шинээр бүртгүүлсэн өмгөөллийн нөхөрлөлүүдийг хууль зүйн зөвлөгөө өгөх боломжийг буюу зах зээлд орох боломжийг хязгаарласан...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

2.9. Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т "Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараах үйл ажиллагааг явуулахыг хориглоно." гээд 13.2.3-д "тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн", 13.2.7-д “аль нэг аж ахуй эрхлэгчид давуу байдал олгоход чиглэсэн.” гэж захиргааны байгууллагаас зах зээлд аливаа шударга бус өрсөлдөөнийг үүсгэсэн шийдвэр гаргахгүй байхыг тусгайлан зохицуулсан.

2.10. Энэ тохиолдолд “Хороонд бүртгэлтэй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хууль, аудитын компани” нь бусад хороонд бүртгүүлснээс хойш зохих жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэших сургалтад хамрагдсан мэргэжилтэнтэй байх шаардлагуудыг шаардахгүй байхаар зохицуулсан нь үнэт цаас гаргагчид үзүүлэх үйлчилгээ болон үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээг эрхлэх хуулийн этгээдүүдийн дунд аливаа өрсөлдөөнийг хязгаарласан нөхцөл байдал үүсгэхгүй гэж үзлээ.

2.11. Учир нь өрсөлдөөнийг хязгаарлах нь зах зээлээс шахан гаргах зорилгоор зах зээлд борлуулж байгаа тухайн бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээ, үнэ зэргийг хязгаарлан өрсөлдөөнийг бодитоор хязгаарлах үйлдлээр илрэх бөгөөд харин энэхүү маргааны тухайд захиргааны байгууллагаас мэргэжлийн туршлага, чадвар шаардах үйл ажиллагаанд зохих шаардлагыг тавьсан, тухайн шаардлагыг хангах этгээдүүдэд шууд үйл ажиллагаа явуулах эрхтэй байхаар заасан нь илт нэг талд давуу байдал үүсгэсэн үр дагаврыг олгохгүй бөгөөд тухайн шаардлагуудыг хангасан хэн ч үйл ажиллагаа явуулах эрхтэй байхад хясан боогдуулсан байх боломжгүй гэж дүгнэлээ.

2.12. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс маргаан бүхий СЗХ-ны 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 225 дугаартай тогтоолын Хавсралтаар батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1. 11.20, 11.21 дэх заалтуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдсөн болох нь нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

2.13. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч “Н” ХХН-өөс нийтэд санал болгон анх удаа болон нэмж хувьцаа гаргаж буй үнэт цаас гаргагч, мөн үнэт цаас гаргагчийн бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбоотой үйлчилгээг эрхлэх зөвшөөрөл авахаар хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд хандаж байгаагүй бөгөөд энэ талаар шүүх хуралдаанд тайлбарласан ба маргаан бүхий актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул маргаан бүхий журмын 11.4.1. 11.20, 11.21 дэх заалтуудыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна гэж шийдвэрлэлээ.

2.14. Гэхдээ хариуцагч захиргааны байгууллагаас маргааны бүхий СЗХ-ны 2021 оны 06 дугаар сарын 11-ний едрийн 225 дугаартай тогтоолын Хавсралтаар батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1. 11.20, 11.21 дэх заалтуудыг нийтэд илэрхий, үнэт цаасны зах зээлд оролцогч болон тэдгээрт үйлчилгээ үзүүлдэг, үзүүлэх сонирхолтой этгээдүүдэд ойлгомжтой байх үүднээс тавьсан шаардлагуудыг тайлбарлаж, засаж найруулахад энэхүү шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

2.14. Иргэдийн төлөөлөгч Д.Б нь шүүх хуралдаанд аливаа санал дүгнэлт гаргаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авсан болно.

Иймд маргаж буй СЗХ-ны 2021 оны 06 дугаар сарын 11-ний едрийн 225 дугаартай тогтоолын Хавсралтаар батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1. 11.20, 11.21 дэх заалтуудын улмаас нэхэмжлэгч “Н” ХХН-ийн үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 33 дугаар зүйлийн 33.2, 33.2.1, Өрсөлдөөний тухай хуулийн 13.2, 13.2.3, 13.2.7-д заасныг тус тус баримтлан Өмгөөллийн “Н” ХХН-өөс Санхүүгийн зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “СЗХ-ны 2021 оны 06 дугаар сарын 11-ний едрийн 225 дугаартай тогтоолын Хавсралтаар батлагдсан "Үнэт цаасны бүртгэлийн журам"-ын 11 дүгээр зүйлийн 11.4.1, 11.20, 11.21 дэх заалтуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

           ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН