Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2021/00863

 

             

                                “Шинэ их газар ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00487 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 872 дугаар магадлалтай,

Шинэ их газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаартай шийдвэрээр Шинэ их газар ХХК-иас 1,346,787,480 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд 2019.05.28-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолоор арматурын төмөр 10-238 боодол, арматурын төмөр 12-160 боодол, катанг төмөр 30 боодол зэргийг хураан авсан. 2019.06.10-ны өдөр шинжээчээр томилогдсон Баян модот ХХК нь 2019.06.28-ны өдрийн ШШГБХ19/01 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар дээр дурдсан хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг 1,743,668,500 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Шинэ их газар ХХК-д 2019.08.07-ны өдрийн 4/16995 дугаартай мэдэгдэл хүргүүлснийг 08.09-ний өдөр гардан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Шинэ их газар ХХК нь 2019.05.29-ний өдөр хөдлөх хөрөнгүүдийн үнийн саналыг арматурын төмөр 10-238 боодол, 1 тонныг 1,770,000 төгрөг, арматурын төмөр 12-160 боодол, 1 тонныг 1,770,000 төгрөг, Катанг төмөр 30 боодол, 1 тонныг 1,850,000 төгрөг гэж үнийн санал өгсөн. Харин Баян модот” ХХК-ийн үнэлсэн үнэлгээний тайлангаар дээрх хөдлөх хөрөнгүүдийн нэг бүрийн болон тонн бүрийн үнийг бус нэгж талбайн тохируулагдсан дундаж жишиг үнэ гэж 1,750,000 төгрөгөөр тооцон үнэлгээ гаргасан нь үндэслэл муутай, түүнчлэн шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан хугацааг баримтлаагүй тул үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэрээр Шинэ их газар” ХХК-иас 1,346,787,480 төгрөг гаргуулж, Голомт банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Шинэ их газар ХХК-ийн барьцаалсан барилгын арматур төмөр болон катанг төмрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөдлөх эд хөрөнгийн шинжээч томилж үнэлгээ хийлгэхэд арматурын төмөр Ф10 нь 238 боодол, Ф12 арматурын төмөр 160 боодол, катанг төмөр 30 боодлыг 1 тонн 1,750,000 төгрөгөөр үнэлж нийт 996,382 тонн төмрийг 1,743,668,500 төгрөгөөр үнэлсэн. Мөн нэхэмжлэгч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасны дагуу өөр этгээдийн хөрөнгийг битүүмжилсэн, хураасан талаар тус байгууллагад гомдол гаргаагүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00487 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан Шинэ их газар ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Ф10 маркийн арматурын төмөр 238 боодол, Ф12 маркийн арматурын төмөр 160 боодол, катанг төмөр 30 боодол эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 872 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, эргэлзээгүй талаас нь үнэлэх” хуулийн шаардлагад нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд “Шинжээч томилох тухай тогтоолд” шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэг нь хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-ийг үнэлгээ хийх эрх бүхий хуулийн этгээдээр томилсон бөгөөд Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөр олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж заасныг зөрчсөн шинжээч С.Цэвээнролом нь “захирал” гэж гарын үсэг зурж, тамга дарсан хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан байдаг. Мөн шинжээч томилсон тогтоолын 2 дугаар заалтад шинжилгээ хийх хугацааг тогтоогоогүй нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т заасан “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь объектын тоо хэмжээ, шинжилгээний цар хүрээ, онцлогийг харгалзан шинжилгээ хийх хугацааг тогтооно” мөн хуулийн 14.1.2-т “Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах” гэснийг тус тус зөрчсөн байхад хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Үүнээс гадна магадлалд “Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй С.Цэвээнролом нь хөрөнгийн үнэлгээний “Баян модот” ХХК-д харьяалагдан үйл ажиллагаа явуулдаг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч талаас уг үйл баримтыг баримтаар няцаагаагүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтээр нотлох баримтыг цуглуулан, гэрч асуулгасан зэрэг анхан шатны шүүхэд хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх, үүргийн хүрээнд хийгдсэн ажиллагааг шүүхээс үгүйсгэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Төлбөр барагдуулах ажиллагаанд шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээний байгууллагад хөрөнгө үнэлэхийг даалгасан атал тухайн байгууллагыг төлөөлөх эрхгүй, гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал биш хүний гарын үсгээр баталгаажуулсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргаж буйг харгалзан үзэхийг хүсэж байна. Иймд болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шинэ их газар ХХК Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.03-ны өдрийн 102/ШШ2017/02582 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.22-ны өдрийн 02405 дугаар магадлал, Хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2018.05.22-ны өдрийн 816 дугаар тогтоолоор Шинэ их газар ХХК-иас 1,346,787,480 төгрөгийг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, БГ/8115100542 дугаартай барьцааны гэрээ, БГ/8115100542-А, БГ/8115100542-Б дугаартай гэрээний орлого барьцаалах гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан 550 боодол арматур төмөр, 200 боодол катанг төмрийг 2018.12.05-ны өдрийн 18251182/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, ф-10 арматур төмөр 238 боодол, ф-12 арматур төмөр 160 боодол, катанг төмөр 30 боодлыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Шинэ их газар ХХК 2019.05.29ий өдрийн 12 тоот албан бичгээр 10 арматурыг 1 тн-г 1,770,000 төгрөг, 12 арматурыг 1 тн-г 1,770,000 төгрөг, катангыг 1 тн-г 1,850,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх бөгөөд төлбөр авагч Голомт банк ХХК 2019.06.05-ны өдрийн 09/1778 тоот албан бичгээр төлбөр төлөгчийн үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.06.10-ны өдрийн 16 дугаар тогтоолоор “Баян модот” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2019.06.27-ны өдрийн ШШГБХ19/01 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах арматур төмөр ф-10 238 боодол, арматур төмөр ф-12 160 боодол, катанг төмөр ф-10, ф-8 30 боодлыг  нийт 1,743,668,000 төгрөгөөр тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2019.06.07-ны өдөр шинжээчид шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан эд зүйлийн товч түүх, хөгжлийн ойрын төлөв, зах зээлийн жишиг үнэ хандлагаар үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч худалдахаар зарлагдаж байгаа ижил төрлийн төмрийн үнэтэй харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, болохыг нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Давж заалдах шатны шүүхээс хийсэн хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй С.Цэвээнролом нь хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-д харъяалагдан үйл ажиллагаа явуулдаг гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгч талаас уг үйл баримтыг баримтаар няцаагаагүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангах хуулийн үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2020/00487 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 872 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ү.Чойжилсүрэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Х.ЭРДЭНЭСУВД   

                              ШҮҮГЧИД                              П.ЗОЛЗАЯА               

                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ 

                                                                             Г.ЦАГААНЦООЖ 

                                                                             Д.ЦОЛМОН