| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2016/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/101 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2021/ШЦТ/101
2021/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.П
Шүүгдэгч: Г.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Совогт Гын Бд холбогдох 2012000000348 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Саймгийн Зсуманд төрсөн, 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын сантехникийн инженер мэргэжилтэй, ам бүл, ганцаараа У хотын Бдүүргийн .. дүгээр хорооны .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 365 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Совогт Гын Б /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны орой А аймгийн Өсумын Д багийн нутаг Х голын гүүрнээс Т сум явах чиглэлд 1км 700 метр зайтай засмал зам дээр 81-83 УБО улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан хэсгийг зөрчиж, явган зорчигч Ж.Быг мөргөж, улмаар амь насыг нь хохироосон, дээрх авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч Г.Б хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пмэдүүлэхдээ: 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн ослын улмаас миний аав нас барсан. Машинд мөргүүлээд нас барсан байсан. Би тухайн үед Улаанбаатар хотод ажил хийж байсан учраас нарийн зүйлийг мэдэхгүй байна. Сүүлд манай ээжийн дүү над руу утасдаад аавын чинь бие муу байна гэж хэлсэн. Намайг ирэхэд аав өнгөрчихсөн байсан. Би гомдолтой байна. Шүүгдэгч Г.Бд хуулийн дагуу хариуцлага тооцож өгөөч гэж хүсч байна. Энэ хүн манайд хохиролд 5.500.000 орчим төгрөг өгсөн. Сүүлд гаргаж өгсөн баримтын дагуу хохирлоо нэхэмжилнэ. Надад нэмж өгөх нотлох баримт байхгүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2012000000348 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пын мэдүүлсэн: ...Амь хохирогч манай аав байсан юм. Би 2020 оны 08 дугаар сард Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багт байх гэрээсээ Улаанбаатар хот руу ажлаар явах гэж байхдаа хамгийн сүүлд аавтайгаа уулзсан. Надад болсон асуудлын талаар мэдэх зүйл байхгүй. Намайг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод байхад манай нагац ах Э утсаар аавын чинь бие муу байна гэж дуудуулсан. Тэгээд ирээд аав маань автомашинд мөргүүлж нас барсан талаар би мэдсэн. Манай аав Донол овогт Жгийн Б нь Архангай аймгийн Хангай суманд 1965 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн. /АЙ65102116/. Хангай сумын бага сургуульд суралцан бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Төлөв даруу зантай, хүнлэг, хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж явсан хүн юм. Хааяадаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Амь хохирогчтой цуг явж байсан Чулуунбаатар гэх хүн хэлэхдээ автомашинд мөргүүлж нас барсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 52-54 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Жгийн мэдүүлсэн: ...Би тухайн дуудлагад очиж хэргийн газрын хэмжилт хийж, хэргийн газрын үзлэгт оролцсон юм. Тухайн хэргийн газар Ж.Б гэх иргэн амь нас нь хохирсон байдалтай, тухайн мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Намайг хэргийн газар хэмжилт хийхэд дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр цардмал замаас гараад замын хажуу хөвөө рүү буусан мөр байсан. Харин ямар нэгэн тормосны мөр байхгүй байсан. Тухайн зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “жолооч харанхуй үед болон үзэгдэлд харанхуй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгон явна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 55-56 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чын мэдүүлсэн: ...Тухайн өглөө намайг гэртээ байж байхад манай саахалт айлын Б /Жгэж дуудаг/ ирээд хонио алдсан байна, хамт яваад, хайгаад өг гэж дуудсан юм. Би зөвшөөрөөд Бын улсын дугаартай “Портер” маркийн машинтай би машиныг нь жолоодоод явсан. Хамгийн анх орж мал асуусан айл П гэдэг айл байсан бөгөөд малаа асуухад юм мэдэгдээгүй гэж хэлсэн. Бид 2 цааш яваад Ч гэх айлд ороод малаа асуусан чинь мэдэхгүй байсан. Тухайн айлд 1.25 литрийн ундааны савтай монгол архи хувааж уугаад дуусах гэж байтал Чтэй хамт байдаг залуу /нэрийг нь мэдэхгүй байна/ манай хонины ойролцоо ямаа ихтэй хэсэг хонь байна гэж хэлэхээр нь Б бид 2 мөн байна гэж бодоод очиж үзэхэд мөн байсан. Бид 2 хонио машинаар туух гэсэн боловч машин цасанд суугаад хий эргээд байхаар нь нөгөө залууг дуудаад манай өвөлжөө рүү эргүүлээд туугаад өг гэж гуйчихаад бид 2 буцаад Чгийнд ирээд үлдсэн монгол архиа хувааж уусан. Тухайн үед 17 цаг болж байсан байх. Чгийнхээс гараад Хануйн гүүрээр гараад Б гэх айлд ирэхэд түүний эхнэр Туул байсан бөгөөд Б бид хоёрт шанаганд монгол архи хийж өгч байсан. Бид 2 ууж байгаад яаж гарч явснаа санахгүй согтсон байсан. Нэг ухаан ороход засмал замын хажууд ирчихсэн зам руу гарах гэхэд машин хий эргээд байсан бөгөөд Б унтаж байхаар нь сэрээгээд машинаас буугаад бид 2 засмал зам дээр гар өргөөд Тариат чиглэлд явж байсан хүрэн өнгөтэй жип машиныг зогсоосон чинь тухайн машинаас том биетэй залуу, нэг хүүхэн 2 бууж ирсэн. Би машиндаа суугаад тухайн хүүхэн, залуу, Б гурав түлхээд зам руу гаргасан. Би машинаа засмал замын баруун гар тал руу шахаад Тариат сумын чиглэл рүү тааруулаад зогссон. Хүүхэн, залуу 2 машиндаа суугаад явсан. Б засмал зам руу гараад иртэл Тариат сумаас Архангай аймаг чиглэл рүү нэг машин хурдтай ирж байсан. Би Бд хөөе машин гээд орилсон. Тухайн машин зогсолгүй Быг урд гол хэсгээр мөргөөд замаас гараад далан шороо руу буугаад зогссон. Б шидэгдээд үсрэх шиг болсон. Тэгтэл тухайн машинд 37-38 орчим насны, халзан толгойтой, 168 см орчим өндөр, махлаг, өргөн нүүртэй залуу байсан. Тухайн машины марк, дугаарыг нь санахгүй байна. Мөн хүрэн өнгийн машины дугаарыг санахгүй байна. Тухайн залуу надад юм хэлээгүй. Би машинаасаа буулгүйгээр Быг мөргөсөн залууд та нар яаж байгаа юм бэ, хүн дайраад алчихлаа, би явж цагдаа, эмнэлэг дуудаж ирнэ, та нар байж байгаараа гэж хэлээд Бын эхнэр Хгийн төрсөн дүү Эгийнд очоод болсон явдлыг хэлсэн. Дараа нь гэрт ирээд эхнэрт нь хэлээд цагдаад дуудлага өгөөд Э, эхнэр, бид 3 манай машинтай буцаад хэргийн газар ирэхэд нөгөө машин явчихсан байсан. Б нилээн согтуу байсан. Харин би зарим зүйлээ санахгүй байна. Засмал зам дээр ирснээ санахгүй байгаа бөгөөд ирснээс хойш болсон үйл явдлыг сайн санаж байна. Б бид хоёр хоорондоо хэрүүл, маргаан хийсэн зүйл болоогүй. Би бол машинаас бууж шороо ухсан асуудал байхгүй. Харин Б машинаас буугаад арын дугуйны доогуур чулуу хийсэн. Би машинаа хаазлаад урагш, хойш холхиулсан юм. Удалгүй хүрэн өнгөтэй жип машин ирээд машин гаргалцаж өгсөн юм. Бид хоёр замаа товчлоод гарцгүй газраар гарсан юм. Тухайн Б гэх айлаас гараад шууд шороогоор явсан /замгүй/. Быг машинд мөргүүлэхэд миний бодлоор 19 цаг болж байсан байх. Нар жаргаад бүрэнхий л болж байсан. Тухайн тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ аваагүй. Б машин явсан чигийн дагуу үсэрсэн. Тухайн машины ямар нэгэн зүйл хагарч, бутарч унасан эсэхийг би анзаараагүй. Тухайн газар хагарч унасан зүйл байхгүй байсан. Быг мөргөсөн машин нь цагаан өнгийн, суудлын, жижиг машин байсан бөгөөд улсын дугаарыг нь харж амжаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 63-68 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чын дахин мэдүүлсэн: ...Манайх Донгой багийн төвийн урд замын хажууд хашаа байшинтай байдаг. Талийгаачийнх манайхаас зүүн зүгт 500 орчим метр зайтай гэрт байдаг. 2020 оны 10 дугаар сарын 20-ны үдээс өмнө 11 цагийн үед талийгаач манай гадаа өөрийнхөө ачааны машинтай ирээд сигналдаж намайг дуудахаар нь гараад очтол чи ямар ажилтай байна гэж надаас асуухаар нь би хашаа хорооны цас малтаад байж байтал байна гэж хэлтэл чамайг ажил багатай, завтай бол урд шөнийн шуурганд алдсан хонины араас явах гэсэн юм, хамт явах уу гэхээр нь тэгье гэж хэлээд гэртээ орж дурангаа аваад машинд нь сууж хамт явсан. Бид 2 урд зүгт явж хамгийн эхний айл болох П гэдэг айлд очиж хонио сурагласан чинь мэдэгдээгүй гэхээр нь гарч дараагийн айл болох Ч гэдэг айлд очиж сурагласан чинь манай гадуур айлын хонь, ямаа ирж мэдэгдээгүй гэж хэлсэн. Чгийн гэрт ороход цай хийж өгөөд, дараа нь ундааны савтай монгол архи гаргаж өгөхөөр нь тэрийг нь талийгаачтай хувааж уугаад дуусах гэж байтал хамт айл байдаг малчин залуу /нэрийг нь мэдэхгүй / орж ирэхээр нь сурагласан чинь манайхаас урд зүгт байгаа манай хонины урд ямаа ихтэй хонь байна гэхээр нь тэр чинь мөн байх гэж хэлээд яваад очтол шуурганд уруудсан хонь, ямаа мөн байсан. Тэгээд хонь, ямаагаа олсон болохоор талийгаач бид 2 машинаараа туугаад гэрийн зүг явж байгаад Хануйн гүүр гарч Б гэдэг залуугийнд орж хоол идээд сууж байсан чинь нэг мэдэхэд тасарсан байсан. Тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байгаа. Бгийнх архи хийж өгсөн гэсэн, тэр архийг нь уугаагүй байна гэсэн. Ер нь бол Чгийнд уусан 1.25 литр монгол архиндаа согтсон байна лээ. Бгийн гэрээс хэрхэн, яаж гарсан талаараа мэдэхгүй байгаа. Нэг мэдэхэд замын хажуугийн далангаар гарч зам руу орох гээд өгсөж байсан боловч зам руу орж чадахгүй хий эргээд байсан гэдгийг мэдээд байгаа. Би тэр машиныг барьсан явсан гэдгийг ч мэдсэн. Тэр үед ухаан орж, сэргэж эхэлсэн. Тэгээд гарч чадахгүй буугаад замаар явсан хүрэн улаан өнгийн, дунд гарын жип машинтай 2 хүн гарч ирээд манай машиныг түлхэж өгөөд зам дээр гарсан. Улаан хүрэн өнгийн машин нь хойд зүгт явж байсан бөгөөд дотроо нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй явсан бөгөөд эрэгтэй хүн нь жолоогоо барьсан явсан. Би зам дээр гараад замын зүүн тал буюу хойд, баруун хойд зүгт явах чиглэлдээ эгнээгээ эзлээд замаа чөлөөлөөд зогссон. Тусалсан машинтай хүмүүс яваад өгсөн. Намайг машины кабин дотор сууж байхад Б машин түрсэн далангийн доороос гарч ирж байгаа харагдсан. Замын далан дээр гараад замын хөвөөнөөс хатуу хучилттай хэсэг рүү орж байх үед миний сууж байсан машины урдаас буюу ертөнцийн зүгээр баруун хойд талаасаа урагшаа чиглэлтэй суудлын цагаан саарал өнгийн авто машин чигээрээ талийгаачийг мөргөж, баруун гар тал руугаа замын далан руу орж далан хэтэрч замаас гараад зогссон. Миний унаж явсан машин зүүн талдаа жолооны хүрдтэй. Би цонхоо онгойлгоод талийгаачийг хүлээж байсан учир дайрахыг нь харсан. Дайрсан автомашины зүүн талын урд хаалганаас махлагдуу, өргөн нүүртэй, 2 шанааны дээд хэсгээр бага зэрэг халзан үстэй, зулай хэсгээрээ шингэн үстэй, малгайгүй, 37-40 орчим насны, нүүрэндээ шарх, сорви, шивээс, мэнгэ гэх содон зүйлгүй, дээгүүрээ саарал өнгийн ногоон цамц, доогуураа бараан өнгийн өмд, түрийгүй гуталтай /пүүз юм уу ботинк байх/ хүн бууж ирээд далангаад гарч ирэн талийгаачийн хажууд ирж хараад зогсож байхад нь та нар хүн дайраад алчихлаа ш дээ гэж хэлсэн чинь дуугүй зогсоод байхаар нь та нар байж байгаарай, би эмч дуудаад ирье гэж хэлээд явсан. Багийн эмчийн гэрт очихын өмнө талийгаачийн хадам дүү болох Эд очиж хэлээд, дараа нь багийн эмчийг авч буцаад зам дээр ирэхэд нөгөө хүн дайрсан машин явсан байсан. Эмч үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн. Талийгаачийг мөргөсөн машин багцаагаар 60-70 км/цагийн хурдтай явсан байх. Нилээн хурдтай ирж мөргөсөн. Бүрэнхий болохын өмнө буюу авто машины гэрэл асаах арай болоогүй байсан. Тухайн зам шулуун замтай бөгөөд зам нь тэгш гадаргуутай, эвдрэлгүй, хатуу хучилттай байсан. Ямар ч үзэгдэх орчин хязгаарлах зүйл байхгүй, цаг агаар хэвийн, хальтиргаа, гулгаа байхгүй байсан. Замын хажуу далан ч цасгүй, сул хайрган дээр хий эргээд гарч чадахгүй байсан. Талийгаачийг мөргөсөн машин авто машины урд гол хэсгээрээ мөргөсөн. Би талийгаачийг мөргүүлсний дараа машинаас буугаагүй, шалгаагүй, шууд явсан. Би талийгаачийг мөргөсөн машины улсын дугаарыг нь хараагүй, маркийг нь мэдэхгүй. Би угаасаа машины марк сайн мэдэхгүй. Би яагаад гэдгийг мэдэхгүй байна, машины улсын дугаарыг нь хараагүй явчихсан байсан. Намайг хөдлөөд явахад талийгаач харагдаж байсан. Гэхдээ хөдлөхгүй байсан. Талийгаачийг мөргөсөн машин их содон гэх зүйл байхгүй, цагаан саарал өнгийн машин л байсан. Харагдаж байсан талдаа эвдэрсэн, хонхойсон гэх зүйл байхгүй, жаахан хуучирсан онтой, хуучин машин байж магадгүй гэж одоо бодож байна. Талийгаачийг мөргөсөн машинд ямар эвдрэл учирсан эсэхийг мэдэхгүй. Тулж хараагүй. Талийгаачийг мөргөсөн машинд хэдэн хүн сууж явсныг мэдэхгүй. Талийгаачийг мөргөсөн машин аль талдаа жолооны хүрдтэй байсныг мэдэхгүй байна. Машинаас гарч ирсэн хүн хажуугийн зорчигч юм уу, жолооч нь юм уу гэдгийг мэдээгүй. Би тэр хүнийг харвал таних байх гэж бодож байна. Адил төстэй хэлбэртэй машиныг хэлж өгч чадна. Би талийгаачийг мөргөсөн асуудал байхгүй. Би машинаас гарч ирсэн хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй хүн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 69-73 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Пийн мэдүүлсэн: ...Би Сонгино хайрхан дүүрэг Толгойтод эхнэрийн хамт амьдардаг бөгөөд тэтгэвэрт байдаг. Хааяа сангийн, гагнуурын ажил хийлгэе гэвэл халтуур маягаар хэдэн төгрөгөөр сангийн ажил хийдэг хүн байгаа юм. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний танил найз Б над руу залгаад Завхан аймгийн Ургамал суманд хийх сангийн ажил байна, хамт явж хийх үү гэж утсаар ярихаар нь зөвшөөрөөд хамт маргааш нь явахаар болсон. Маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу 2 дахь өдөр хол замд явахад муу өдөр байна даа гэж Бд хэлэхэд сайн цагт гарч байгаа юм чинь гэл үү, тиймэрхүү утгатай юм яриад 10 дугаар сарын 13-ны өглөө 09-10 цагийн орчим манай гэрийн гадаа өөрийн 81-83 УБО дугаартай цагаан өнгийн Марк-2 машинтай ирээд би машинд нь суугаад Б машинаа жолоодон Завхан аймаг руу гарсан. Тэр өдрөө Завхан аймгийн Ургамал сум орж чадаагүй замдаа машиндаа нэг хоносон. Хаана хоносоноо мэдэхгүй байна. Маргааш нь буюу 10 дугаар сарын 14-ний өдөр үдээс хойш 15-17 цагийн орчим Завхан аймгийн Ургамал сумын төвд ажил хийх газраа ирээд тэр өдрөө ажил хийгээгүй амарсан. Маргааш нь буюу 10 дугаар сарын 15-ны өдрөөс тэр айлын сангийн монтажийг хийж эхлэн 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 4 хоногийн хугацаанд хийж дуусгасан. Ажил хийсэн айлдаа очоод нэг хоносон бөгөөд ажил хийж 4 хоноод, нийт 5 хоноод өдрийн 15 цаг Завхан аймгийн Ургамал сумаас Улаанбаатар хотын чиглэлд гарсныг сайн санаж байна. Яагаад гэвэл гүүрэн дээр урдаа чиргүүл дээрээ 4 тэмээ ачсан Камаз явж байсан. Би цагаа харахад 15 цагт болж байсан. Ургамал сумаас гараад замдаа төөрөөд шөнө Хяргас нуурын хөвөө рүү очсон. Буцаж төөрч яваад төв засмал зам руу ороод явж байгаад хаана гэдгийг нь мэдэхгүй, замын хажууд байдаг гэр байшин буудалд нэг хүний 10.000 төгрөгийн буудалд нэг хоносон. Маргааш нь буюу 10 дугаар сарын 20-ны өдөр замдаа явж байгаад Завхан аймгийн Тосонцэнгэл суманд өдөр орж ирсэн бөгөөд цагийг нь сайн санахгүй байна, төвд нь байдаг “Хаан” банкны АТМ орж Б миний данс руу ажлын хөлс гэж 350.000 төгрөг шилжүүлсэн. Би картнаасаа 20.000 төгрөгийг бэлнээр авч архи, тамхи, ундаа авсан. Тосонцэнгэл сумаас хэдэн цагт гарсныг мэдэхгүй байна, өдөр гэгээтэй байхад гараад Архангай аймгийн нутаг дэвсгэрт орж ирэхэд харанхуй болж эхэлсэн. Яг хаана гэдгийг нь сайн мэдэхгүй байна, Архангай аймгийн нутаг дэвсгэрт Б машинаа жолоодож, би хажууд нь архи уугаад явж байхад түс, тас гэх шиг чимээ гарсан бөгөөд Б пизда, пизда, би хүн мөргөчихлөө гээд Б түрүүлээд машинаасаа буусан, би хойноос нь очиход Цэнхэр өнгийн “Портер” машин яваад өгсөн. Бид хоёрын хойно явж байсан суудлын тэрэгний жолооч дугаарыг хараагүй, “АР” гэсэн серитэй юм байна гэж хэлсэн. Би уг Портерын улсын дугаарыг нь харж амжаагүй. Би мөргөсөн хүнийг олж хараагүй, ажиглаж сайн хараагүй, машиндаа суусан. Б хойноос орж ирээд явъя гээд машинаа хөдөлгөөд явсан. Замдаа би Бд тэр “Портер” зугтсан ч гэсэн хэргийн газрыг орхиж явдаггүй юм даа гэж хэлэхэд хойд талд явж байсан хүмүүс яв гэж хэлж байсан гэж хэлсэн. Гэнэт л Б Эрдэнэт орж анги жавтайгаа уулзана гээд төв замаасаа салаад шороон замаар явж эхэлсэн. Яг хаагуур, ямар замаар явсныг би мэдэхгүй байна, нэг мэдэхэд Батцэнгэл сумын орчим явж байна гээд нилээн өндөр далан дагаж шөнөжин яваад, цаашаа яваад Өлзийт сумын гүүрээр гараад хаана хоносныг мэдэхгүй байна. Би архи уугаад явж байсан болохоор зарим юмыг нь санахгүй байж магадгүй. Маргааш нь буюу 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн нутаг руу орчихсон явж байгаад бас замдаа 1 хоносон бөгөөд хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Маргааш нь буюу 10 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг 30 минутад Эрдэнэт хотод орж ирсэн. “Танил” нэртэй зах дээр очтол онгойгоогүй байхаар нь хүлээж байгаад онгойхоор нь цайны газарт орж бууз авч идсэн. Б нэг найзыгаа дуудаад нэг найз нь ирсэн. Нэр, утасны дугаарыг нь мэдэхгүй байна. Өдөр нь 11.30 цагийн орчим “Танил” зах дотор автомашины салхины шил зардаг хүнээс Б машиныхаа урд шинэ шил худалдаж аваад хажууханд нэг засварын газарт нэг хүнд 30 .000 төгрөг өгч солиулсан. Бас “Танил” захаасаа нэг дугуй худалдаж аваад өөр газар солиулсан байх. Машинаа янзлуулж дуусаад тэр найзынх нь гэрт бид 3 очоод, би 0.33 грамын архи найзтай нь хамт уугаад Б кофе уугаад гэрээс нь гарахад бид хоёрт 4 шил огурцы өгсөн. Би гэрийн хаягыг нь сайн санахгүй байна. Тэндээсээ шууд Дархан руу гараад орой өөрийн төрсөн ах Гүнчинхүүгийн гэрт орсон бөгөөд ахтайгаа нийлээд 0.75 граммын архи хувааж уугаад унтсан. Б салж явахдаа Дрэвэнд байдаг дүүгийх рүү явна, маргааш хоёулаа хот руу явна гэсэн шүү гэж хэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 23-ны өглөө ахындаа босоод дахиад архи авч уусан. Б над руу үдээс хойш залгаад өнөөдөр явж чадахгүй нь маргааш явья гэж хэлэхээр нь тэгвэл би явлаа гэж хэлээд данснаасаа 50.000 төгрөг аваад вокзал руу явж байхад цагдаа саатуулсан. Б хүн мөргөчихлөө гэж хэлэхэд бид хоёр Архангай аймгийн нутагт явж байсан. Тухайн үед бид хоёр Улаанбаатар хот руу явж байсан. Архангай аймгийн хаана, ямар суманд явж байсныг мэдэхгүй байна. Гэгээ тасраад харанхуй болсон байсан. Б хүн мөргөсөн газраа зогссон бөгөөд бид хоёр машинаасаа буугаад очиход Цэнхэр өнгийн Архангай аймгийн серитэй “Портер” маркийн машин шууд хөдлөөд зугтаасан. Б надад хэлэхдээ “Портер” машины жолооч согтуу байсан, хамт явж байсан хүнээ зам руу түлхсэн чинь би авто машинаараа мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машиндаа суугаад шууд хөдлөөд яваад өгсөн. Би машинаасаа буугаад мөргүүлсэн гэх хүнийг хараагүй. Урд салхины шил нь зүүн доод хэсгээрээ хагарч, бяцарсан, урд копуд, зүүн урд карлон замаск нь унасан байсан. Өөр эвдрэл анзаарч хараагүй. Урд салхины шил шинээр сольсон. Хойд талын нэг дугуй сольсон. Би Бд осол хийсэн бол явж болохгүй, цагдаа дуудах хэрэгтэй гэж хэлэхэд миний үгэнд оролгүй шууд хөдлөөд явсан. Би хуулийн байгууллагад ослын талаар мэдэгдээгүй. Бийн унаж явсан машин 81-83 УБО дугаартай, цагаан өнгийн 90 кузовтой Марк-2 авто машин байсан бөгөөд содон гээд байх зүйлгүй. Бид 2 танилцаад 4-5 орчим жил болж байна. Энгийн танилууд юм. Хааяадаа сангийн ажил хийхээр хамтарч ажилладаг. Хуучин Дарханд /Дрэвэн/ байдаг дүүгийндээ очно гэж хэлээд намайг буулгаад явсан. Гэрийн хаягыг нь мэдэхгүй байна. Б авгайгүй, ганцаараа амьдардаг. 95289836 гэсэн утасны дугаартай, хувиараа сангийн ажил хийдэг хүн юм. Тэрээр 170 см орчим өндөртэй, харааны нүдний шил зүүдэг, сахалгүй бор царайтай, 1959 онд төрсөн залуу байгаа юм. Өөр хүн яваагүй, бид хоёр л явсан. Осол гарахад би хар өнгийн түрийтэй гутал, саарал дээлтэй явж байсан. Харин Бийг ослын үед ямар хувцастай явж байсныг мэдэхгүй байна. Дотуураа цоохор цамц, ногоон жилетиктэй явж байсан. Б архи уудаггүй. Би замдаа архи уугаад явж байсан. Урд ямар машин явж байсныг мэдэхгүй, хойно бол жижиг суудлын авто машин араас тулаад зогссон байсан. Ямар машин гэдгийг нь мэдэхгүй байна...гэх мэдүүлэг/1хх-ийн 75-76 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Эын мэдүүлсэн: ...Би Бийг 2008 оноос эхлэн таньдаг болсон. Түүнээс хойш холбоотой хамтран амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн баталгаа байхгүй. Б Улаанбаатар хотод ажил хийж амьдардаг. Дарханд ирэхээрээ манайд байдаг, хамтран амьдрагч хүмүүс юм. Бтай би 2019 оны 10 сараас хойш уулзаагүй. Байнга холбоотой байдаг. Улаанбаатар хотод байж байгаад Завхан аймаг руу ажил хийнэ гэж яриад нэг найзын хамт 2020 оны 10 дугаар сарын 12, 13-ны орчим явсан байх. Бид 2 утсаар байнга холбоотой байсан. 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 00 цагийн орчим Дархан хотод ирчихлээ гэж яриад манай гэрт ирсэн. Хаагуур яаж явсан талаар нь асуухад Улаанбаатар хотоор дайрсангүй, шууд наашаа ирлээ гэж ярьсан. Манайд ирээд ярьж байхдаа миний ажил төрөл ерөөсөө болохгүй юм, алхам бүрт юманд өртчих гээд байна гээд Ургаа гэдэг бөө удган эмэгтэй хүний нөхөртэй нь яриад засал хийлгэх гэсэн юм гэж асуусан. Маргааш буюу өнөөдөр гал тахих арга хэмжээ болно гээд өнөөдөр өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээс гарсан. 12 цагийн үед заслаа хийлгэчихлээ гэж утсаар ярихаар нь 9 батарей аваарай гэж хэлсэн. Түүнээс хойш утас нь холбогдохгүй, байхгүй болсон. Удалгүй намайг цагдаагийн газраас дуудсан юм. Надад хэлэхдээ 1 хүнтэй хамт явсан гэж хэлсэн. Ямар хүн гэдгийг нь би мэдэхгүй. Нөгөө хүнээ Дархан-Уул аймагт буулгасан гэж ярьсан. Надад зам тээврийн ослын талаар огт яриагүй. Өмнө нь бас хөдөөний замд ямаа дайраад тэрний төлбөрөө дуусгаж байгаа талаар ярьдаг байсан. Б цагаан өнгийн 81-83 УБО улсын дугаартай Марк-2 маркийн автомашин унаж хэрэглэдэг бөгөөд ирснийх нь дараа машиныг нь анзаарч хараагүй. Харанхуй байсан. Б дөлгөөн, намуухан, архи уудаггүй, хөгжим тоглодог, их даруухан, сайн хүн байгаа юм. Найз нөхдийн хүрээлэл сайтай, ажлаа яс хийдэг сайн хүн...гэх мэдүүлэг /1хх-ийн 87-88 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Чын мэдүүлсэн: ...Тухайн өглөө 11 цаг болох гэж байхад Б өөрийнхөө “Портер” маркийн машинтай ирээд урьд шөнө хонио алдчихлаа, хамт яваад, хайгаад ирье гээд манай нөхөр Чыг гуйсан юм. Тэгээд манай нөхөр хамт явахаар болоод Бын машиныг манай нөхөр бариад явсан. Орой 19 цаг 20 минутын үед манай нөхөр гэрт орж ирээд Быг машин дайрчихлаа, хурдан явъя гээд орилоод байсан. Би сумын цагдаад дуудлага өгөөд талийгаач Бын эхнэр Дын дүү Э, бид гурав манай “Пробокс” маркийн машинаар явсан. Харин Бын “Портер” машинаар Эгийн эхнэр Б, Д, түүний хамаатны залуу 3 явсан. Ч засмал замаар яваад Быг олоогүй буцаж ирээд дахиад явж хайгаад олсон бөгөөд би очоод судсыг нь барьж үзэхэд зүрхний цохилт байхгүй, хөхрөлт үүссэн, хамар, амнаас нь цус гарсан байдалтай, баруун хөлийн гутал байхгүй, цогцос эгц дээш харж, толгой нь замын далан руу унасан, 2 хөл алцайж засмал зам руу харсан байдалтай байсан. Удалгүй сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Бид нарыг очиход мөргөсөн гэх машин байхгүй байсан. 20 цаг өнгөрч байсан. Ч архи уухын хувьд уучихсан байсан. Гэхдээ өөрийн гэсэн ухаантай, болсон зүйлийг ярьж байсан. Ч Бтой ямар нэгэн зодоон хийсэн зүйл байхгүй. Б архи уусан үгүйг би мэдэхгүй байна. Манай нөхөр хааяа нэг архи уудаг байсан. 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр дунд чихний үрэвсэлтэй болоод хагалгаанд орсон бөгөөд үүнээс хойш огт архи уугаагүй байж байгаад 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр архи уусан байна. Манай нөхөр жаахан архи уугаад л согтдог бөгөөд орос архи уухаар 2 рунк, монгол архи бол 200-300 грамм уугаад л согтдог...гэх мэдүүлэг /1хх-ийн 100-103 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эийн мэдүүлсэн: ...81-83 УБО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 16:04 минутад Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч Ганзоригийн дуудлагаар ачуулж авчирсныг тээврийн хэрэгслийн түр саатуулах байрны жижүүр хүлээн авсан. 81-83 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын гэрлэн дохионы бүрхүүл байхгүй, унасан байдалтай, зүүн талын копудны урд хэсэгт хэсэг газрын замаск будаг нь унасан, зүүн талын корланы мөн хэсэг газар будаг, замаск нь унасан байдалтай ирсэн байсан. Уг машин нь хуучин машин байсан. Өөр эвдрэлгүй байсан. Салхины шил, толь бүтэн байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 112-114 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Бгийн мэдүүлсэн: ...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай засварын газарт олон машин ирж үйлчлүүлсэн. Машины салхины шил солиулсан гэвэл 2 машин байсан. Эхний машин нь өглөө 11 цагийн үед Приус-20 загварын шил, нөгөө машин нь үдээс хойш 16 цаг өнгөрч байхад цагаан өнгийн 90 марк-2 загварын машины шилийг солиулсан. Өөр машины салхины шил болон бусад шил солиогүй. Тухайн үед 50 гаруй насны эрэгтэй 2 хүн ирээд машины шил солиулах гэсэн юм гэж ирсэн. Тэгээд би засварын үүдний гадна машиныг нь зогсоогоод дэлгүүрээс силикон авхуулаад 30.000 төгрөгөөр шилийг нь сольж өгсөн. Тухайн үед замд явна гэж байхаар нь шил сольсон үед замд явж болдоггүй, ус бороонд хөндийрч ховхордог шүү гэж хэлсэн. Тэгээд хөдлөөд явсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй байна. Хаанаас ирснийг нь бас мэдэхгүй. Би шил сольсон машины улсын дугаарыг нь хараагүй. Тухайн шилэнд жолоочийн талын хэсэг нь цуурсан, жолоочийн эсрэг талын шил дугуй хэлбэрийн тойрч халцарсан, гол хэсэгт нь шил байхгүй, үйрч унасан, скочидсон байдалтай байсан. Тэгээд би сольсон шилний хагархайг засварын хашаанд оруулж тавьсан. 2 хоногийн дараа Орхон аймгийн Цагдаагийн газраас асуухаар нь шилийг нь хаяагүй авч үлдсэн. Одоо засварын газрын хашаанд байна. Салхины шил солиулсан хүн надад ямар нэгэн зүйл хэлээгүй. Тооцоогоо бэлэн өгөөд явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 115-118 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Бийн мэдүүлсэн: ...Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 175-177 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Амь хохирогч Ж.Бын цогцост, оношны 1-рт тусгагдсан зам тээврийн ослын улмаас үүссэн гавал тархины ил хүнд гэмтлийн шинжүүд, 2-рт тусгагдсан түүний хүндрэлүүд, 3-рт тусгагдсан шинэ, хуучин гэмтлүүд тогтоогдсон. 2. Оношны 1 ба 3-рт тусгагдсан гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. 3. Баруун чамархайн цөмөрсөн хугарал, суурь ясны баруун урд хонхорын дундуур болон ар хэсгээр эрвээхэй ясны гол руу чиглэсэн, хойшоо чамархайн хойд хэсэг рүү чиглэсэн шугаман хугарал гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд, баруун талын 1, 2, 3 -р хавирга, зүүн талын эгэм дунд хэсгээрээ, 2, 3, 4, 5-р хавирганы эгэмний дунд шугамаар тус тус хугарсан гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах байсан хүндэвтэр гэмтэлд, оношны 3-рт тусгагдсан биеийн гадаргуугийн шинэ хуучин гэмтлүүд нь тус тусдаа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2-6-д зааснаар биеийн гадаргуугийн 1%-д хүрэхгүй байх тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4. Амь хохирогч Ж.Б нь гавал тархины ил хүнд гэмтэл болох, гавал ба суурь ясны хугарал болох амь насанд аюултай хүнд гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5. Шинжилгээгээр үхэлд хүргэх ямар нэгэн архаг хууч өвчин эмгэг өөрчлөлт тогтоогдоогүй. 6. Амь хохирогчийн цусанд 2.0 промиль спиртийн агууламж илэрсэн нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсныг харуулж байна. 7. Амь хохирогч 4-р бүлгийн цустай байжээ. 8. 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 13 цаг 00 минутанд нас баралтын шалтгаан тогтоох шинжилгээнд ороход илэрч байсан шинж тэмдгүүдээр нас бараад 18-20 орчим цаг болсон байх боломжтой байсан...гэх дүгнэлт /1хх-ийн 124-126 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Шинжилгээнд ирүүлсэн дохио болон хуванцарын хэсгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Хэргийн газраас хураан авсан эд зүйл нь ямар нэгэн тээврийн хэрэгслийн нэг эд ангийн хагархайнууд мөн. 3. Дээрх хагархай нь ямар тээврийн хэрэгслийн, ямар эд анги болохыг мөр судлалын хэсгээс бүхлийг тогтоох шинжилгээгээр тогтоох боломжгүй. 4. Сэжигтэн Г.Бийн унаж явсан гэх Марк-2 маркийн тээврийн хэрэгслийн гэрлэн дохионы эд анги мөн. 5. Тохирч буй шинж тэмдгүүдийг үзлэг ба шинжилгээний хэсгээс харна уу. 6. Асуултад тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий зүйл шинжилгээний явцад илрээгүй...гэх дүгнэлт /1хх-ийн 148-150 хуу/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 05-09 хуу/
Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 13 хуу/
Ослын газрын схем зураг /1хх-ийн 14 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-12, 15, 20-24, 27-28, 82-83, 131-136, 151-152 хуу/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 16-17, 25-26 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 182 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 29-31, 32-33 хуу/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 36-41,84-86 хуу/
2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 дугаартай Прокурорын тогтоол /1хх-ийн 43-44 хуу/
2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 11 дугаартай Прокурорын тогтоол /1хх-ийн 48 хуу/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 45-46, 49 хуу/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 127-130 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 178 хуу/
Хохиролтой холбоотой баримтууд /1хх-ийн 191-193 хуу/
Хохирол төлсөн баримт /1хх-ийн 194 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1хх-ийн 198 хуу/
Шүүхэд шинээр өгсөн хохиролтой холбоотой 3 хуудас баримт зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой А аймгийн Ө сумын Дбагийн нутаг Хголын гүүрнээс Т сум явах чиглэлд 1км 700 метр зайтай засмал зам дээр зам тээврийн осол гарч, ослын улмаас явган зорчигч Ж.Бын амь нас хохирсон, жолооч Г.Б нь тухайн гэмт хэргийг үйлдсэний дараа хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан нөхцөл байдлууд тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн орой А аймгийн Өсумын Д багийн нутаг Хголын гүүрнээс Т сум явах чиглэлд 1км 700 метр зайтай засмал зам дээр 81-83 УБО улсын дугаартай Тоёото Марк-2 маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан хэсгийг зөрчиж, явган зорчигч Ж.Быг мөргөж, улмаар амь насыг нь хохироосон, дээрх авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг үйлдсэний дараа жолооч Г.Б хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пын мэдүүлсэн “Намайг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод байхад манай нагац ах Э утсаар аавын чинь бие муу байна гэж дуудуулсан. Тэгээд ирээд аав маань автомашинд мөргүүлж нас барсан талаар би мэдсэн. Амь хохирогчтой цуг явж байсан Чулуунбаатар гэх хүн хэлэхдээ автомашинд мөргүүлж нас барсан гэж хэлж байсан”, “2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зам тээврийн ослын улмаас миний аав нас барсан. Машинд мөргүүлээд нас барсан байсан. Би тухайн үед Улаанбаатар хотод ажил хийж байсан учраас нарийн зүйлийг мэдэхгүй байна. Сүүлд манай ээжийн дүү над руу утасдаад аавын чинь бие муу байна гэж хэлсэн. Намайг ирэхэд аав өнгөрчихсөн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 52-54/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Жгийн мэдүүлсэн “Би тухайн дуудлаганд очиж хэргийн газрын хэмжилт хийж, хэргийн газрын үзлэгт оролцсон юм. Тухайн хэргийн газар Ж.Б гэх иргэн амь нас нь хохирсон байдалтай, тухайн мөргөсөн гэх тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Намайг хэргийн газар хэмжилт хийхэд дан дугуйтай тээврийн хэрэгслийн мөр цардмал замаас гараад замын хажуу хөвөө рүү буусан мөр байсан. Харин ямар нэгэн тормосны мөр байхгүй байсан. Тухайн зам тээврийн осол гаргасан тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дахь хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 55-56/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Чын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн “Б засмал зам руу гараад иртэл Тариат сумаас Архангай аймаг чиглэл рүү нэг машин хурдтай ирж байсан. Би Бд хөөе машин гээд орилсон. Тухайн машин зогсолгүй Быг урд гол хэсгээр мөргөөд замаас гараад далан шороо руу буугаад зогссон. Б шидэгдээд үсрэх шиг болсон. Тэгтэл тухайн машинд 37-38 орчим насны, халзан толгойтой, 168 см орчим өндөр, махлаг, өргөн нүүртэй залуу байсан. Машины марк, дугаарыг нь санахгүй байна. Тухайн залуу надад юм хэлээгүй. Би машинаасаа буулгүйгээр Быг мөргөсөн залууд та нар яаж байгаа юм бэ, хүн дайраад алчихлаа, би явж цагдаа, эмнэлэг дуудаж ирнэ, та нар байж байгаараа гэж хэлээд Бын эхнэр Хгийн төрсөн дүү Эгийнд очоод болсон явдлыг хэлсэн. Дараа нь гэрт ирээд эхнэрт нь хэлээд цагдаад дуудлага өгөөд Э, эхнэр, бид 3 манай машинтай буцаад хэргийн газар ирэхэд нөгөө машин явчихсан байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-68/, мөн өдөр дахин мэдүүлсэн “Намайг машины кабин дотор сууж байхад Б машин түрсэн далангийн доороос гарч ирж байгаа харагдсан. Замын далан дээр гараад замын хөвөөнөөс хатуу хучилттай хэсэг рүү орж байх үед миний сууж байсан машины урдаас буюу ертөнцийн зүгээр баруун хойд талаасаа урагшаа чиглэлтэй суудлын цагаан саарал өнгийн авто машин чигээрээ талийгаачийг мөргөж, баруун гар тал руугаа замын далан руу орж далан хэтэрч замаас гараад зогссон. Миний унаж явсан машин зүүн талдаа жолооны хүрдтэй. Би цонхоо онгойлгоод талийгаачийг хүлээж байсан учир дайрахыг нь харсан. Дайрсан автомашины зүүн талын урд хаалганаас махлагдуу, өргөн нүүртэй, 2 шанааны дээд хэсгээр бага зэрэг халзан үстэй, зулай хэсгээрээ шингэн үстэй, малгайгүй, 37-40 орчим насны, нүүрэндээ шарх, сорви, шивээс, мэнгэ гэх содон зүйлгүй, дээгүүрээ саарал өнгийн ногоон цамц, доогуураа бараан өнгийн өмд, түрийгүй гуталтай /пүүз юм уу ботинк байх/ хүн бууж ирээд далангаас гарч ирэн талийгаачийн хажууд ирж хараад зогсож байхад нь та нар хүн дайраад алчихлаа ш дээ гэж хэлсэн чинь дуугүй зогсоод байхаар нь та нар байж байгаарай, би эмч дуудаад ирье гэж хэлээд явсан. Багийн эмчийн гэрт очихын өмнө талийгаачийн хадам дүү болох Эд очиж хэлээд, дараа нь багийн эмчийг авч буцаад зам дээр ирэхэд нөгөө хүн дайрсан машин явсан байсан. Эмч үзээд талийгаачийг нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд л цагдаад дуудлага өгсөн. Талийгаачийг мөргөсөн машин багцаагаар 60-70 км/цагийн хурдтай явсан байх. Нилээн хурдтай ирж мөргөсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 69-73/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Пийн мэдүүлсэн “Яг хаана гэдгийг нь сайн мэдэхгүй байна, Архангай аймгийн нутаг дэвсгэрт Б машинаа жолоодож би хажууд нь архи уугаад явж байхад түс, тас гэх шиг чимээ гарсан бөгөөд Б пизда, пизда, би хүн мөргөчихлөө гээд Б түрүүлээд машинаасаа буусан, би хойноос нь очиход Цэнхэр өнгийн “Портер” машин яваад өгсөн. Бид хоёрын хойно явж байсан суудлын тэрэгний жолооч дугаарыг хараагүй, “АР” гэсэн серитэй юм байна гэж хэлсэн. Би уг Портерын улсын дугаарыг нь харж амжаагүй. Би мөргөсөн хүнийг олж хараагүй, ажиглаж сайн хараагүй, машиндаа суусан. Б хойноос орж ирээд явъя гээд машинаа хөдөлгөөд явсан. Замдаа би Бд тэр “Портер” машин зугтсан ч гэсэн хэргийн газрыг орхиж явдаггүй юм даа гэж хэлэхэд хойд талд явж байсан хүмүүс яв гэж хэлж байсан гэж хэлсэн. Гэгээ тасраад харанхуй болсон байсан. Б хүн мөргөсөн газраа зогссон бөгөөд бид хоёр машинаасаа буугаад очиход Цэнхэр өнгийн Архангай аймгийн серитэй “Портер” маркийн машин шууд хөдлөөд зугтаасан. Б надад хэлэхдээ “Портер” машины жолооч согтуу байсан, хамт явж байсан хүнээ зам руу түлхсэн чинь би авто машинаараа мөргөчихлөө гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машиндаа суугаад шууд хөдлөөд яваад өгсөн” гэх мэдүүлэг/1хх-ийн 75-76/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Чын мэдүүлсэн “Орой 19 цаг 20 минутын үед манай нөхөр гэрт орж ирээд Быг машин дайрчихлаа, хурдан явъя гээд орилоод байсан. Би сумын цагдаад дуудлага өгөөд талийгаач Бын эхнэр Дын дүү Э, бид гурав манай “Пробокс” маркийн машинаар явсан. Харин Бын “Портер” машинаар Эгийн эхнэр Б, Д, түүний хамаатны залуу 3 явсан. Ч засмал замаар яваад Быг олоогүй буцаж ирээд дахиад явж хайгаад олсон бөгөөд би очоод судсыг нь барьж үзэхэд зүрхний цохилт байхгүй, хөхрөлт үүссэн, хамар, амнаас нь цус гарсан байдалтай, баруун хөлийн гутал байхгүй, цогцос эгц дээш харж, толгой нь замын далан руу унасан, 2 хөл алцайж засмал зам руу харсан байдалтай байсан. Удалгүй сумын хэсгийн төлөөлөгч ирсэн. Бид нарыг очиход мөргөсөн гэх машин байхгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 100-103/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Эийн мэдүүлсэн “81-83 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын гэрлэн дохионы бүрхүүл байхгүй, унасан байдалтай, зүүн талын копудны урд хэсэгт хэсэг газрын замаск будаг нь унасан, зүүн талын корланы мөн хэсэг газар будаг, замаск нь унасан байдалтай ирсэн байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 112-114/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Бгийн мэдүүлсэн “2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр манай засварын газарт олон машин ирж үйлчлүүлсэн. Машины салхины шил солиулсан гэвэл 2 машин байсан. Эхний машин нь өглөө 11 цагийн үед Приус-20 загварын шил, нөгөө машин нь үдээс хойш 16 цаг өнгөрч байхад цагаан өнгийн 90 марк-2 загварын машины шилийг солиулсан. Тухайн үед 50 гаруй насны эрэгтэй 2 хүн ирээд машины шил солиулах гэсэн юм гэж ирсэн. Тэгээд би засварын үүдний гадна машиныг нь зогсоогоод дэлгүүрээс силикон авхуулаад 30.000 төгрөгөөр шилийг нь сольж өгсөн. Тухайн үед замд явна гэж байхаар нь шил сольсон үед замд явж болдоггүй, ус бороонд хөндийрч ховхордог шүү гэж хэлсэн. Тэгээд хөдлөөд явсан. Тухайн шилэнд жолоочийн талын хэсэг нь цуурсан, жолоочийн эсрэг талын шил дугуй хэлбэрийн тойрч халцарсан, гол хэсэгт нь шил байхгүй, үйрч унасан, скочидсон байдалтай байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 115-118/,
мөрдөн байцаалтын шатанд Г.Бийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би тухайн тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 175-177/,
Ж.Бын үхлийн шалтгааны тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 120 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 124-126/,
хэрэг учралын газраас олдсон мөрдөгчийн тогтоолоор хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон хуванцар хагархайнууд нь шүүгдэгч Г.Бийн зам тээврийн осол гаргах үед унаж явсан тээврийн хэрэгслийн гэрлэн дохионы эд анги мөн болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 148-150/,
зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 05-09/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 13/, ослын газрын схем зураг /1хх-ийн 14/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд Совогт Гын Бийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 5.500.000 төгрөгийг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа боловч гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзаж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Бд нэг шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 төрлийн гэмт хэрэгт ял оногдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан хөнгөн ялыг хүндэд нь буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 900.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож 60 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоож, шүүдэгчийн хувийн болон гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзаж эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа.....хугацааг тоолно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 116 дугаартай захирамжаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл 2 /хоёр/ хоног баривчлагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцов.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пнь гэм хорын хохиролд 6.165.660 төгрөгийг нэхэмжилж байгааг үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Учир нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр буяны хөшөө, буяны хайрцагт 950.000 төгрөг, хүнс болон ерөөлийн зүйлд 2.059.410 төгрөгийн эд зүйл, 130.850 төгрөгийн бензин хэрэглэсэн болох нь хавтаст хэргийн 192 дугаар хуудсанд авагдсан зарлагын баримт, 193 дугаар хуудсанд авагдсан 8 ширхэг “е” баримтаар, 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр талийгаачийн 49 хоногийн зан үйлд 2.940.400 төгрөгийн хүнс, бараа авсан болох нь “Сувдгэрэл” худалдааны төвийн 2 ширхэг зарлагын баримт /2хх-ийн 07-08/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдүүлэг өгөх, хэргийн материалтай танилцах зэрэгт 85.000 төгрөгийн шатахуун зарцуулсан нь 2 дугаар хавтаст хэргийн 09 дүгээр хуудсанд авагдсан 4 ширхэг “е” баримтаар тус тус нотлогдож байгаа болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан гэж дүгнэлээ.
Иймд нийт нотлох баримтуудаар тогтоогдсон хохирол болох 6.165.660 төгрөгөөс шүүгдэгч Г.Бийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлсөн 5.500.000 төгрөгийг /1хх-ийн 194 дүгээр хуудас/ хасч, үлдэгдэл 665.660 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд тус тус заасан үндэслэлээр шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэрлэн дохионы хагархай 13 /арван гурав/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул хэргийн хамт шүүхэд ирүүлсэн 246932 тоот “В” ангиллын жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Совогт Гын Бийг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн эдлэх 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бийн баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэрлэн дохионы хагархай 13 /арван гурав/ ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.
9. Шүүгдэгч Г.Бд холбогдох хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ