Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 2017/ШЦТ/148

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Батсайхан
Шүүгдэгч: Н.Д
Шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шүүгдэгч Б овогт Нгийн *******, Б овогт Бын ******* нарт холбогдох эрүүгийн 1710000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, Архангай аймгийн ******* сумын ******* баг, Тны мухар гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй Б овогт Нийн ******* /РД:А0000000/,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймагт төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, Архангай аймгийн ******* сумын ******* баг, ******* хорооллын 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй Б овогт Бын *******  /РД:А00000000/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* баг, ******* хороолол гэх газарт иргэн Б.*******ийг “хөгшин хүнтэй нөхрөө хардсан” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Яллагдагч Б.******* нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* баг, ******* хороолол гэх газарт иргэн Н.*******г хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдожээ.  
                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
    Мөрдөн байцаалтын үед:

    Хохирогч Б.*******ийн өгсөн... 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн үед Архангай аймгийн ******* сумын ******* багийн ******* хорооллын 0000 тоотод байх гэрээсээ цахилгааны төлбөр тушаахаар явж байгаад сумын Соёлын төвийн ард манай худ болох ******* эгчтэй таарсан. Тэр үед ******* эгч ******* эгчтай хамт мах зараад сууж байсан юм. ******* эгчийн дэлгүүр орж гутал үзье гэж бодож байсан учраас би тэр хоёр дээр очиж уулзаад машин дотор нь хамт хуучилж байгаад ганц нэг юм ууцгаах уу гээд архи ууж чадахгүй болохоор дарс ууя гээд би ******* багийн төвд байх ХААН банкны хажуугийн дэлгүүрээс 1 шил дарс авсан. Бид гурав мах зарж байсан машинд нь тэр дарсаа ууж дуусгачихаад хоолонд орсон. Хоолонд орж байхдаа мөн дахин 1 шил дарс авчирч уусан. Цайны газраас гараад ******* эгчийн ээжийнх нь гэр лүү очихоор болсон. ******* эгчийн ээжинд очиход тэднийд ******* эгчийн нөхөр , нөхрийн төрсөн дүү нөхөртэйгөө хамт байсан *******, ******* эгч хоёр 0.5 литртэй “Х” гэдэг архи 1 шилийг гаргаад ирсэн. Хэзээ, хаанаас авсныг мэдэхгүй. Тэрийгээ ууж сууж байгаад ******* эгчийн төрсөн дүү Урлагмаагийн талаар ярьж байхад нь би танай дүүд манай төгсөлтийнхөн дургүй байдаг. Айлын гэр бүл салгаж суусан гэж ярьдаг гэхэд миний дүүгийн амьдрал чамд хамаагүй гээд уурлаад энэ ярианаас үүдэн бид 2 маргалдаад тэдний гэрээс гараад явтал ******* эгч араас дагаж гарч ирээд намайг үснээс татаж унагаагаад үстээд нүүр, толгой хэсэг рүү гараараа цохиж нүдсэн. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Миний дээрээс дараад суучхаад цохиж нүдээд байхаар нь би үснээс зуураад авсан. Бид хоёрыг үстэлцээд байж байтал ******* эгчийн нөхрийнх нь төрсөн дүү гарч ирээд бид хоёрыг салгаад ******* эгчийг буцаагаад байшин руу аваад орсон. Би тэдний хашааны том хаалгаар гараад өөрийн төрсөн ээжийн гэрт очсон. Тухайн үед 2 жил дарс гурвуулаа хувааж уусан. 1 шил 0.5 литрийн архинаас бага зэрэг уусан. Болсон явдлыг тодорхой сайн мэдэж байгаа. ******* эгч согтуу нь гайгүй байсан. Миний биед баруун гарын булчин, баруун хөлийн гуя, гэдэс хэвлий орчмоор хөхөрсөн, хоёр нүд, нүүр уруул хэсгээр хөхөрч хавдсан, толгой эргэж өвдөөд дотор муухайраад байна. Зүүн талын шанаа хөндүүрлэж өвдөж байна. Үснээс хүчтэй татаж зулгаасан болохоор ус маш их унасан, хуйх хөндүүрлээд байна. Тэр үед өмсөж явсан хар өнгийн цувны халаас урагдчихсан товч нь тасарсан байсан. Цув нь надад байгаа харин үсний хавчаар зүүж болохооргүй эвдэрчихсэн байна гэсэн. Би тэр үед зодоон болсон айлын хашаанд унагачихсан байсныг хог руу хаячихсан юм ярьж байна лээ. Би үсний хавчаараа 4-5 жилийн өмнө 4500 төгрөгөөр авч байсан. Харин цуваа 2015 онд 75000 төгрөгөөр авч байсан санагдаж байна. Эмчилгээний зардал гарсан 280000 төгрөгөө гаргуулаад авчихвал гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 6-9 хуу/

    Хохирогч Н.*******гийн өгсөн... Б.******* нэг хүн рүү утсаар яриад дахиад нэг шил 0,75 л-тэй Соёрхол нэртэй архи авчруулаад сууцгааж байтал Б.******* ******* эгчийг өөрийн нөхөртэйгөө хардаад байхаар нь би “Өөрийнхөө хүүхэд шиг хүнтэй тийм юм болж байдгийн бэ, Чи чинь одоо юугаа яриад байгаан бэ” гэтэл “танай дүү нар хүний нөхөр салгаж суудаг биздээ” гээд хэл амаар доромжлоод байсан. Би цаашаа хараад сууж байтал араас архины шилээр шилэн хүзүү рүү цохьсон. Би “яаж байгаа юм бэ” гээд алгадах гээд бостол миний үснээс зуураад дараад унасан. Би үсээ салгах гээд дийлэхгүй дух руу нь мөргөчихсөн. Тэгээд байж байтал манай нөхрийн дүү Ү. ирээд салгаад аваад гараад явсан. Тэр үед цаг 17:00 болж байсан. Б.******* Үрчгэрийн хүүхдүүд хэзээ ийм болчихсон юм гээд орилоод ээжийн хашааны том хаалгаар гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/

Гэрч Ч. өгсөн: ...2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цагийн үед ******* сумын Соёлын төвийн ард нөхрийн дүүгийн эхнэр Н.*******тай хамт мах зараад Приус маркийн машинд нь сууж байтал сумын танил Б.******* хүрч ирсэн. Б.******* машинд орж ирээд юм ярьж сууж байгаад хэдүүлээ ганц нэг дарс уух уу” гээд өөрөө дэлгүүр яваад дарс  аваад ирсэн. Бид гурав дарсыг машин дотор  хувааж уугаад сумын төвийн эмнэлгийн ард байх цайны газарт орж суугаад хоол идсэн. Н.******* бид хоёр хүний юмыг уучихсан чинь яаж зүгээр байхав дээ гээд дахиад нэг шил дарс аваад цайны газартаа хувааж уусан. Тэндээсээ сумын төв дэнж дээр  байх манай хадам ээжийн гэрч очсон. Тэнд манай нөхрийн дүү , түүний нөхөр Цогтбаатар, хадам ээж Сумаа, Н.*******гийн нөхөр жав нар байсан. Тэнд надад байсан 1шил “Х” нэртэй 0.5 литрийн архийг бид 3 хувааж уусан. Миний дотор муухайраад байхаар ээжийн өөрийнх нь өрөөнд ороод унтаад өгсөн. Тэрнээс хойш тэд юу болсныг мэдэхгүй. Намайг 20:00 цагийн үед нөхөр маань аваад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13 хуу/,

 Гэрч Ү.гийн өгсөн: ... Би ээжийн өрөөнд байж байтал нөгөө талын өрөөнд Н.******* эгч, Б.******* хоёр маргалдаад эхлэхээр нь орсон чинь Б.******* өмнөө байсан шилтэй 0,75 литртэй Соёрхол архийг аваад Н.******* эгч рүү шидчихсэн. Тэр шилтэй архи нь Н.******* эгчийн шилэн хүзүүн дээр нь цохиод газар унасан. Тэр хоёр газар барьцалдаад авчихсан Н.******* эгч Б.*******ийн дээр нь дарчихсан Б.******* манай бэр эгчийн үснээс зуурчихсан байсан. Зодож цохьсон асуудлыг нь бол хараагүй. Би тэр хоёрыг салгаад Б.*******ийг гэрээс гаргах гэтэл үүдэнд байсан жижиг модон сандлыг аваад Н.******* эгч рүү шидсэн. Сандал нь Н.******* эгчийг оносон эсэхийг анзаараагүй. "Намайг Б.*******ийг хашаанаас гаргахад тэр мангар Үрчгэрийн банди хэзээ ийм болчихсон юм гээд орилоод байсан. Тэгээд манай хашаанаас гараад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14 хуу/

    Гэрч Ү.жавын өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 14:00 цаг болж байсан байх манай эхнэр Н.*******, бэр *******гийн хамт Соёлын төвийн ард машинтайгаа зогсоод мах зарсан юм. Би тэнд байж байгаад ээжийн очоод ирэхэд Б.******* дэлгүүрээс дарс авчихсан явж байсан. Тэр гурав өдөр 16:00 цагийн үед ******* сумын төвийн хороололд байх манай ээжийнд согтуу орж ирээд гаднаас авч орж ирсэн 1 шил архиа ууцгаасан. Намайг ээжийн өрөөнд сууж байтал архиа дуусчихлаа дахиад 1 шил архинд яваад ир гэхээр нь би яваагүй. Харин манай охин дүү явж авчирсан. Тэгтэл Б.******* эргэж ээжийн өрөөнд орж ирээд согтуурхаад “манай дүүг таних уу” энэ тэр гээд байхаар би зугтаад ээжийн хашаанд байдаг хүргэн Баяраагийн гэрт яваад орсон. Тэднийд кино үзэж нэлээн байж байгаад гараад иртэл Б.******* ээжийн хашааны том хаалгаар гараад явж байгаа харагдсан. Тэгээд би ээжийн гэрт ороход сандал үүдэн дээр хэвтэж байсан. Мөн ширээн дээр юм асгарчихсан манай эхнэр Н.******* цэвэрлээд байж байсан. Ээжийн хашаанд зодоон болоогүй гэрт л зодолдсон байх. Тэр 2-ыг зодолдсоныг би тэр үед мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуу/
    
Гэрч Д. өгсөн: ... 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 18:00 цаг болж байсан байх би өөрийн эхнэрийн ээж Сумаагийнд байж байтал гаднаас манай 2 баз, ******* эгч, Н.******* эгч мөн нутгийн танил Б.******* нар хүний хамт гурвуулаа орж ирсэн. Тэд гаднаас авч орж ирсэн  0,5 л-тэй “X” нэртэй архи уучхаад Б.******* намайг дахиад архинд яваад ирээч гэхээр нь би чадахгүй гэсэн. Б.******* намайг хоёулаа архинд яваад ирье гээд хоргоогоод байхаар нь “та манай эхнэртэй явчих” гээд гаргах гэсэн чинь явж өгөхгүй болохоор нь жижиг өрөөнд оруулж суулгачхаад хүүхдээ тэврээд гараад явсан. Ээжийнд орохоор Б.******* эгч согтуурхаад татаж чангаагаад элдвийн юм яриад байсан болохоор би байшин руу эргэж ороогүй. Би хадам ээжийн хашаанд байх манай Баяраа ахынд байж байсан. Зодоон болсныг сүүлд нь гэрт орж ирээд мэдсэн. Би тэр айлаас орж гаран байсан хашаан дотор ерөөсөө зодоон цохион болж мэдэгдээгүй. Намайг айлаас гараад иртэл Б.******* ганцаараа хашаанаас гараад явж байсан. Тэгээд би ээжийнд ороход байшингийн үүдний өрөөний гэрлийн чийдэн санжуулчихсан, сандлын хөл хугарсан, ширээн дээгүүр таваг идээг асгачихсан ер нь зодоон болсон байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

    Гэрч Х. өгсөн: ...Тэр өдөр би ажилдаа явчхаад орой 18 цагаас хойш гэртээ ирсэн. Би энэ хэргийн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

    Гэрч Б. өгсөн: ...Би тухайн өдөр ажилдаа яваагүй гэртээ хүүхдээ хараад байж байсан. Намайг гэртээ байхад ямар нэгэн зүйл болоогүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
    Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны 421 дүгээр дүгнэлт:
    1. Б.*******ийн биед зүүн чамархай, зулайн хуйханд, 2 нүдний доогуур, хамрын нурууны голд, дээд уруул, баруун хөлний гуяны урд дунд болон дотор, доод хэсэгт зөөлөн эдэд няцралт, цус хуралт, зүүн чамархайн үс зулгаагдсан гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох, татах, татагдах үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 28 хуу/
    
    Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 428 дугаар дүгнэлт:
1.    Н.*******гийн биед тархи доргилт, сэрвээнд зөөлөн эдийн няцралт, цээжний зүүн ар талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 32 хуу/

Н.*******гийн яллагдагчаар мэдүүлсэн: ... Өнгөрсөн жил манай баз ******* эгчтэй нөхрөө хардаад асуудал гарч байсан юм билээ. Тэр талаар тэр 2 ярьж байгаад ******* эгч тэр өрөөнөөс гараад ээжийн өрөө рүү явсан чинь араас нь нүүр амаа хачин болгоод байхаар нь “өөрийнхөө хүүхэд шиг хүнтэй ******* эгч арай явалдахгүй байлгүй дээ” гэж хэлсэн. Тэгээд бид 2 хэрэлдэж маргалдсан. Би хойшоогоо хараад сууж байсан чинь ар шил рүү ширээн дээр байсан шилтэй архийг аваад шидсэн. Тэгэхээр нь уурлаад алгадах гээд уурлаад босоод иртэл миний үснээс зуураад авсан. Бид хоёр зууралдаж байгаад тавихгүй болохоор нь би дух хавьцаа нь мөргөсөн. Тэгээд ирээд салгаад аваад гарах гэж байтал үүдэнд байсан сандлыг аваад над руу шидсэн чинь миний нуруу руу цохиод унасан. Тэгээд би уурлаад араас нь хэрэлдээд очих гэтэл та цаашаа бай гээд Б.*******ийг аваад гарсан. Тухайн үед өрөөнд ганцхан байсан. ******* эгч ээжийн өрөөнд орсон байсан. Манай нөхөр , Цогтбаатар 2 хажуу айлд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/


    Н.*******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50-51 хуу/
    Н.*******гийн Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52 хуу/ зэрэг болно.
    Б.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 66-67 хуу/
    Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 63 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.*******,  Н.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.*******,  Н.******* нар нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Архангай аймгийн ******* сумын ******* баг, ******* хороолол гэх газарт хоорондоо маргалдан харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдлоо.


        Шүүгдэгч Б.*******,  Н.******* нар нь хоорондоо харилцан зодолдсоны улмаас Б.******* нь Н.******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас Б.*******,  Н.******* нарын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.


    Иймд шүүгдэгч Б.*******,  Н.*******  нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ. 


Б.******* нь эмчилгээний зардалд тооцож 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаар нотлох баримтууд эрүүгийн хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Н.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн Б.*******ийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, Б.******* нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. 


    Шүүгдэгч Б.*******,  Н.******* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.*******, Н.******* нарт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон      
                                        
                                                                            ТОГТООХ нь:


1. Шүүгдэгч Б овогт Нгийн *******, Б овогт Бын ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Б.******* нарыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу дөрвөн зуун тавин мянга төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******, Б.******* нар нь шүүхээс оногдуулсан дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.*******, Б.******* нар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.*******, Б.******* нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Б.*******ийн нэхэмжилсэн 280.000 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй орхиж, Б.******* нь баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.  

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******, Б.*******  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ