Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 1786

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 7 сарын 31 өдөр                   Дугаар 183/ШШ2018/01786                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Мийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХУД ЗДд холбогдох,

2018 оны 4 сарын 27-ны өдрийн Б/15 тоот захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэнгэл нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие анх Хан-Уул дүүргийн Засаг даргын 2009 оны 6 сарын23-ны өдрийн 165 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Соёлын төв /ордон/-ийн даргаар томилогдон ажиллаж байгаад 2017 оны 2 сарын 15-ны өдөр эхний удаа, 2017 оны 7 сарын 21-ний өдөр 2 дахь удаа, 2018 оны 4 сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 3 дахь удаа “нэг л үндэслэл“-ээр ажлаасаа халагдаад байна. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д заасныг зөрчсөн гэсэн үндэслэл бөгөөд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5  сарын 01-ний өдрийн 183/ШШ2017/01002 дугаар шийдвэрийн 3, 4 дэх хуудсан дахь хариуцагчийн төлөөлөгчийн тайлбар, 5 дахь хуудсанд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсанаар, 2017 оны 11 сарын 07-ний өдрийн 183/ШШ2017/02418 дугаар шийдвэрийн 2, 3, 4 дүгээр хуудсан дахь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсанаар, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 сарын 17-ны өдрийн 210/МА2018/00217 дугаар магадлалын 4 дэх хуудсанд хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлүүдээс тус тус харагдаж байгаа болно. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр өөрийн төрсөн ах, хамтран амьдрагч, өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан гэсэн үндэслэл зааж, Б.Мийг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцээгүй байна гэж дүгнэсэн. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчиж хамтран амьдрагч Ч.Баярмааг 2016 оны 10 сарын 18-ны өдрийн Б/25 дугаар тушаалаар Соёлын ордны нярав, кассын ажлыг хослон гүйцэтгүүлэхээр, төрсөн ах Б.Норсүрэнг 2016 оны 4 сарын 01-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар Соёлын ордны жижүүрээр томилон ажиллуулж байсан гэж үзжээ. Мөн хуулийн 29.2-д “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан 29.2.4-т “энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол нийтийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэнэ гэж заасан ч ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2-т “Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар тодорхойлогдох ба хугацаа нь дууссан байгаа. Иймд Хан-Уул дүүргийн Засаг даргын “Б.Мийг ажлаас халах тухай” 2018 оны 4 сарын 27-ны өдрийн Б/15 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Хяналт шалгалтаар илэрсэн зөрчилд хариуцлага тооцуулах тухай” Авлигатай тэмцэх газрын 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 дугаартай албан бичиг ирсэн бөгөөд энэхүү албан бичгийн дагуу хариуцлага тооцож хариуг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08/874 дугаар албан бичгээр хүргүүлсэн болно гэжээ. 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.М нь ХУД ЗДд холбогдуулан 2018 оны 4 сарын 27-ны өдрийн Б/15 тоот захирамж хүчингүй болгуулах, хууль бусаар ажлаас халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан Хан-Уул дүүргийн Соёлын ордны даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Б.М нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2009 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 165 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Соёлын төвийн даргаар ажиллаж байгаад 2017 оны 2 дугаар сарын 15, 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр тус тус Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж, өөртэй нь хамаарал бүхий этгээдүүд болох Ч.Баярмаа, Б.Норсүрэн, Б.Пүрэвсүрэн нарын хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан үндэслэлээр ажлаас халсан байна.

 

Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргаснаар шүүхээс түүнийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ХУД ЗД нь 2018 оны 2 дугаар сарын 27-ныөдөр Б/13 тоот захирамжаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилжээ.

 

Хариуцагч нь 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн Б.Мийг ажлаас халжээ.

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглохоор, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасныг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан нийтийн албанаас халах  сахилгын шийтгэл хүлээлгэхээр тус тус зохицуулжээ.

 

Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн актын хувьд шаардлага хангасан, тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил болон халсан үндэслэлтэй тохирч байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх юм.

 

Гэтэл ХУД ЗД нь 2018 оны 2 дугаар сарын 27-ныөдөр Б/13 тоот захирамжийг гаргахдаа нэхэмжлэгчийг өөртэй нь хамаарал бүхий этгээдүүд болох Ч.Баярмаа, Б.Норсүрэн, Б.Пүрэвсүрэн нарын хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргасан үндэслэлээр дахин ажлаас халж байгаа, Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй байгаа нь эрх зүйн акт үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй  байх тул захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй юм.

 

Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлүүдийг заасан байхад энэхүү зохицуулалтуудын аль үндэслэлд хамаарч байгаа нь тодорхойгүй байна. 

 

Түүнчлэн хариуцагч нь Авлигатай тэмцэх газрын 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 05/3441 дугаартай албан бичгийн дагуу хариуцлага тооцсон гэж тайлбарласан ч нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн дээрх албан бичгийг хуулбар хувиар гаргаж өгсөн нь хуульд заасан шаардлага хангаагүй байх бөгөөд нэхэмжлэгч тал шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах тухай хүсэлтийг гаргаагүй, хариуцагч нь албан бичгийг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд гаргаж өгөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан татгалзлын үндэслэлээ нотлох, баримтыг гаргаж өгөх үүргээ хариуцагч биелүүлээгүй гэж үзнэ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдлыг шүүхээр шийдвэрлэхээр заасан ба дээрх үндэслэлүүдээр Б.Мийг Хан-Уул дүүргийн Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ.

 

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж зааснаар нхэмжлэгчийн 1 сарын цалин олговрыг 618.461 төгрөгөөр тооцож, /618.461:21.5/ ажлын нэг өдрийн цалинг 28.766 төгрөг гэж тодорхойлон ажилгүй байсан 62 хоногийн хугацааны цалин олговорт /28.766х62/ нийт 1.783.492 төгрөг нэхэмжлэгчид олгов.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаар Хан-Уул дүүргийн Засаг дарыг тодорхойлсон ч Төсвийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн сан нь тухайн шатны Засаг даргын Тамгын дэргэд байхаар заасан тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт даалгах нь хуульд нийцнэ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагчаас 43.486 төгрөг гаргуулан орлогод орууллаа.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирж тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Мийг Хан-Уул дүүргийн Соёлын төвийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 1.783.492 /нэг сая долоон зуун наян гурван мянга дөрвөн зуун ерэн хоёр/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Мт олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, нөхөн бичилт хийж баталгаажуулахыг Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газарт даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Мийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч ХУД ЗДас улсын тэмдэгтийн хураамжид 50 849 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ