Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2017/ШЦТ/149

 


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж,
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: С.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Сын *******т холбогдох эрүүгийн 1700000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, аймгийн ******* сум, 21 дүгээр баг, Уртын гол, Баян талын 3-20 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Сын ******* /РД:И000000002/

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.*******  нь 2017 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Архангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* 0000 тоотод иргэн Т.******* эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
    
    Мөрдөн байцаалтын үед:

    Хохирогч Т.******* өгсөн: ... 2017 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 15:00 цагийн үед манай найз залуу С.******* надтай жоохон маргалдаад  гэрээсээ гарах гээд надаас утсаа нэхээд байхаар нь би өгөөгүй юм. Удалгүй манай найз залуу гэрээс гараад явсан. Тэгэхээр нь би араас нь хайх гээд гэрээсээ гараад явж байсан чинь арын гудамжинд найз залуутайгаа тааралдсан юм. Би “жоохон таарамжгүй байгаа юм” чинь аймгийн төв рүү орж байж байгаад ирье гэж бодоод такси дуудчихаад гэрийн гадаа алхаж явтал манай найз залуу шууд миний ороолтноос татаад гэрт чирж оруулаад гэрт байсан Их Монгол нэртэй архийг аваад гараад явсан. Би бурханы өрөөнд ороод Соёрхол нэртэй архинаас жижиг аягаар нэг удаа хийж уучихаад хойд талын өрөөндөө ганцаараа сууж байтал манай найз залуу ороод ирэхээр нь би нүдэн дээр нь дахиад нэг аяга архи хийгээд уучихсан чинь манай найз залуу гэрээс гараад хураалттай байсан түлээн дээр суусан. Тэгээд би гал тогооны өрөөнд 10 жилийнхээ зургийг үзэж байгаад гэрээс гарч найз залуугаа харсан чинь манай найз залуу хашаан дотор байхгүй байхаар нь араас нь гарч хайх гээд хашаанаасаа гарсан чинь яг хашааны үүдэнд таарсан. Тэр үед нилээн харанхуй болчихсон байсан. Тэгээд манай найз залуу намайг чирээд гэрт оруулсан. Тэгэхээр нь би найз залуутайгаа жоохон маргалдаад байж байсан чинь манай найз залуу миний толгой дээр шилтэй архийг бүгдийг нь асгачихсан. Тэгэхээр нь би уурлаад найз залуугаа манай гэрээс яв гэсэн чинь намайг түлхэж унагаад, үснээс зулгаагаад, хамар хэсэг рүү цохиод, бөөр лүү 2- 3 удаа өшиглөсөн. Тэгээд манай найз залуу гэрээс гараад явчихаар нь би араас нь гараад уучлалт гуйх гээд гарсан чинь байхгүй байсан. Тэгээд би гэртээ ганцаараа хоночихоод өглөө босох гэсэн чинь нуруу өвдөөд чадахгүй байсан. Тэгээд удалгүй манай гэрийн гадаа машин ирж зогсоод манай найз залуу ******* таксины жолоочтой хамт гэрт орж ирээд намайг баахан харааж байгаад миний нүүр лүү 1-2 удаа алгадаж, унагааж байгаад 1-2 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр таксины жолоочийг дуудаад орилсон чинь манай гэрт ороод ирсэн. Тэгээд би “Та манай ах руу залгаад өгөөч” гэж хэлсэн чинь жолооч ах машиндаа утсаа орхисон байна гээд манай гэрээс гараад явсан. Тэгээд манай найз залуу гэрээс гараад явахаар нь би араас нь гараад найз залуугаасаа уучлалт гуйсан чинь манай найз залуу намайг заамдаж байгаад миний хамар луу нэг удаа мөргөөд миний хамарнаас маш их цус гарсан. Тэгсэн чинь манай найз залуу ******* намайг газар унагааж байгаад дээрээс хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд манай найз залуу тэр таксины жолоочтой хамт яваад өгсөн. Тэрнээс хойш би *******тай уулзаагүй. Энэ зодсоноос өмнө надад 2-3 удаа гар хүрч байсан. 2017 оны 09 дүгээр сарын 26-нд надтай маргалдаад миний баруун шанаа руу нэг удаа гараараа цохьсон. 2017 оны 05 дугаар сард Улаанбаатар хотод хамт байр хөлсөлдөг байхдаа намайг алгадаж өшиглөсөн. Одоо миний нүүрний гэмтэл, гар, баруун талын гуя хөхөрсөн, нуруу өвдөж байгаа. Намайг зодоход бид хоёроос өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 хуу/

    Гэрч Т.******* өгсөн: ... Би 2017 оны 10 дугаар сарын 24-ний өглөө би өөрийн дүү Т.******* гэрт нь яваад очсон чинь манай дүү найз залуудаа зодуулчихсан гээд нүүр ам нь хөхөрчихсөн зодуулсан байдалтай байж байсан. С.******* нь Т.*******г өмнө нь зодож байсан талаар би мэдэхгүй. Намайг очиход гэртээ ганцаараа “найз залуу С.******* намайг зодчихлоо” гээд сууж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/

    Гэрч С.******* өгсөн: ... Би 7 хоногийн өмнө нь аймагт очоод аав ээж хоёроос болсон явдлын талаар сонссон манай дүү С.******* эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаад гар хүрсэн талаар надад хэлсэн. Манай дүү С.******* нь 10 жилийн сургуулиа аймгийн 5 дугаар сургуулийг төгсөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуульд сурч байгаад дундаас нь гарчихсан юм. Гэр бүлийн хувьд аав ээж хоёртойгоо хамт амьдардаг байсан. Айлын бага хүүхэд байга юм. Гэр бүлийн хүмүүжил сайн хүний үгээр ажилсаг хүүхэд байгаа юм. Ах дүү нар дундаа хайр хүндэтгэлийг нь хүлээсэн миний сайн дүү байгаа юм. Зан байдлын хувьд үг дуу цөөн даруу төлөв ааштай архи дарс уугаад байдаггүй хүүхэд байгаа юм. Тэгээд эхнэр болох Т.*******той хамт амьдраад архи дарс ууж хэрүүл зодоон хийсэн асуудал сонсогдож байгаагүй. Миний дүү өмнө нь архи дарс ууж хэрэгт холбогдож байсан асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

    Гэрч Л. өгсөн: ...2017 оны 10 дугаар сарын 22-ны орой намайг таксинд явж байсан чинь С.******* гэх залуу утсаар дуудаад таксинд явах гэсэн юм гэхээр нь би ажилтай явж байгаад очиж чадаагүй юм. Тэгээд маргааш нь С.******* дахиж над руу залгаад “Наран” буудлаас аваарай гэхээр нь би очиж авахад “Баянбулаг гэх газарт очиж юм авах” гэсэн юм гээд бид хоёр Баянбулагт байх гэрт нь очсон юм. Тэгээд С.******* гэрлүүгээ явж орж, би хашаанд нь орж ариун цэврийн өрөөнд орсон. Тэгсэн С.******* гарч ирэхгүй байхаар нь гэрт нь орсон чинь С.*******, Т.******* хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгэхээр нь би гараад машиндаа сууж байсан юм. Намайг машиндаа сууж байсан чинь гэрээсээ гарч ирээд хэрэлдээд байсан. Би яг юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг харсан чинь Т.******* хамарнаас цус гарчихсан байсан. Тэгээд намайг утсаа өгчих ах руугаа ярих гэсэн юм гэхээр нь би утасаа Т.*******д өгсөн. Тэгээд ах руугаа ярихгүй байж байгаад надад буцаагаад өгсөн. Би С.*******ыг Т.*******г цохиж, зодож байгааг огт хараагүй машиндаа сууж байсан. Удалгүй С.******* машинд суугаад надтай хамт явж аймаг руу явах машин дээр аймгийн төвд буусан. С.******* надтай хамт очихдоо архи үнэртэж байсан. Би хэр зэрэг уусаныг нь мэдээгүй гайгүй байх шиг байсан. С.******* ямар учраас Т.*******г цохиж зодсон талаараа хэлээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/

     С.*******ын яллагдагчаар мэдүүлсэн: ...Би  2017 оны 10 дугаар сарын 22-ны орой манай найз охин Т.******* бид хоёрын хооронд маргаан үүсээд маргалдаж хэрэлдээд хашаан дотор сууж байгаад Т.*******гоос “утсаа авъя ээжтэй ярих” гэсэн юм гэсэн чинь манай найз охин миний утсыг өгөхгүй “орой аваарай” гээд байсан юм. Тэгэхээр нь би дэлгүүр явж ээжтэй утсаар ярих гэсэн чинь ээжийн утас холбогдохгүй байсан юм. Тэгээд би буцаад гэртээ харих гээд Архангай аймгийн ******* сум Баянбулагт байх гэр лүүгээ явж байсан чинь манай найз охин хашаанаасаа гараад явж байхаар нь би “гэртээ буцаад оръё” гэсэн чинь Т.******* “гэртээ орохгүй” гэхээр нь би гарнаас чинь чангаагаад гэр лүү оруулсан юм. Тэгээд би буцаж гараад хашаан дотор сууж байгаад буцаад орсон чинь манай найз охин хадаг тавихдаа авсан архийг уучихсан, тамхи татаад сууж байхаар нь би буцаж гараад гадаа тамхи татаж байгаад дэлгүүр явж ээжтэй ярих гээд дахиад явсан юм. Тэгээд буцаад гэртээ ирсэн чинь Т.******* тамхи татчихсан хашаанаасаа гараад явж байсан Тэгээд би гэртээ оръё гэсэн чинь манай найз охин чамайг танихгүй юм байна. Би өөр хүнд хайртай гээд сонин юм яриад байхаар нь гэрлүү оръё гээд оруулсан. Тэгээд гэрт ороод манай найз охин дахиад архи уугаад байхаар нь би тэсэлгүй уур хүрээд ууж байсан архийг нь толгой дээр нь асгачихсан юм. Тэгсэн чинь манай найз охин над руу дэвтэр авч шидээд зулны гүц:авч шидээд намайг гэрээсээ хөөгөөд зайл гээд байхаар нь би Т.*******г нүүрэн хэсэгт нь гараараа нэгээс хоёр удаа алгадсан. Тэгсэн чинь манай найз охин над руу зулны тос халуун сав авч шидээд байхаар нь би түлхээд унагачихсан юм. Би Т.*******г газар уначихсан байхад нь бөгсөн хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгсэн чинь над руу зул авч шидээд миний толгойг оночихсон. Тэгээд би гэрээс гараад төв орж такси аваад гэрт ирж юмаа аваад төв орж Наран буудалд хоночихоод маргааш өглөө нь авдараа авах гээд Т.******* гэрт нь очсон чинь Т.******* картанд байсан мөнгө өгөхгүй гээд байхаар нь Т.******* хамар луу нь би нэг удаа мөргөчихсөн юм. Тэгээд би такситай аймгийн төв рүү орж ирээд Эрдэнэт явах унаанд суугаад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 25-27 хуу/ 

    Хохирогч Т.******* биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дүгээр дүгнэлт:
1. Т.******* биед, нүүрний зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд цус хуралт, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн гуяны цус хуралт, баруун өвдөгний зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 20 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 34-35 хуу/
    Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 32 хуу/ зэрэг нотлох баримтууд болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


    Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.******* нь 2017 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Архангай аймгийн ******* сумын 5 дугаар баг, ******* 4-10 тоотод иргэн Т.*******г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  нөхцөл байдал тогтоогдлоо.


    Шүүгдэгч С.******* нь хохирогчийг зодсон үйлдлийн хувьд маргаагүй бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Т.*******, гэрч Л.Мөнхбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 454 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.


    Шүүгдэгч С.******* нь хохирогч Т.*******г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.


    Аймгийн прокурорын газраас С.*******ын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.


    Иймд шүүгдэгч С.*******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.


Хохирогч Т.******* нь эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.


    Шүүгдэгч С.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх  заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    
                                       
                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Сын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан С.******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш таван сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. С.******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг  хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Шүүгдэгч С.*******т Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ