Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 672

 

 

 

 

 

 

 

 

                                               Г.Өд холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Гүнсэл,

хохирогч Д.Буянбал, түүний өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 774 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай прокурорын эсэргүүцлээр Г.Өд холбогдох эрүүгийн 201726030085 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, 1985 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд ар 5а байрны 64 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 48 дугаар байрны 37 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:/;

 

Г.Ө нь 2015 оны 9 дүгээр сард, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, "Шинэ Өргөө'' хорооллын 614 дүгээр байрны 25 тоотод байрлах 78.9 метр квадрат талбай бүхий 3 өрөө байрыг иргэн Д.Буянбалд удахгүй төлбөрийг төлнө гэж итгүүлэн, төрсөн дүү Г.Төгсжаргалын нэр дээр шилжүүлэн авч, улмаар улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан уг байрыг бусдад худалдсанаас их хэмжээний буюу 138.075.000 төгрөгийн хохирол,

 

мөн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн 6 дугаар гудамжинд иргэн Б.Энхтайванд гүний худаг 6.000.000 төгрөгөөр гаргаж өгнө гэж итгүүлэн, 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр урьдчилгаа мөнгө гэж 2.000.000 төгрөгийг залилан авч, бусдад 2.000.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Г.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: 1. Хавтас хэрэгт авагдсан баримтууд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл, Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзнэ.

2. Түүнчлэн хохирогч Д.Буянбалын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд бусад баримтаар бүрэн гүйцэт тогтоогдохгүй байна.

Гэрч Д.Дэлгэрмаа, П.Эрдэнэхүү нарын мэдүүлэг, Д.Буянбалын “Сеносайт” ХХК, Андбаатарын “Андкор дриллинг” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөр тооцсон хэсэгт “бартер хийх байрны 1 метр кв-ын үнэд тохируулан 52.86 мкв, 78.95 мкв байр болон автомашины гражаас сонголт хийнэ. Гэрээний урьдчилгаа болгож 153.952.500 төгрөгийн үнэ бүхий 78.95 мкв нэг байрыг өгнө гэж гэрээ байгуулсан зэргээс үзэхэд яллагдагч, хохирогч нарын мэдүүлгүүд болон хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбар", 1.5 “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, чанар, хэр хэмжээ” зэргийг нарийвчлан тогтоож чадаагүй тул нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гээд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор Н.Пүрэвтогтох давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ямар ажиллагааг хийж гүйцэтгэх талаар тодорхой биш тул хүлээн авах боломжгүй байна. Үүнд:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...хэргийн талаар нотолбол зохих байдал тогтоогдоогүй, мөрдөн шалгах ажиллагааг бүрэн биш хийсэн тул хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх...” тухай хүсэлтийг 2019 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд, шүүх “яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэн яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүх яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүх  яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн атлаа шүүгдэгчийн гэм буруутайг тогтоох шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ, Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг шүүх хуралдааны явцад талуудаас нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргуулан хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой бөгөөд хэргийг мөрдөн байцаалтанд буцаахгүйгээр шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа юм.

Хохирогч Д.Буянбалын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар бүрэн гүйцэт тогтоогдсон.

Хохирогч Д.Буянбалын 2018 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн “...Г.Ө нь надад бэлэн мөнгөөр худалдаж авна гэсэн. Тэгээд орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Өсөхжаргал надад үл  хөдлөхийн гэрчилгээг манай дүүгийн нэр дээр гаргаж өгвөл тодорхой хугацааны дараа мөнгө бэлнээр өгөх боломжтой гэсэн. ...Байрны үнэ болох 153.952.500 төгрөгийг гэрчилгээг гаргуулж, байрны түлхүүр авсны дараа долоо хоногийн дотор бэлнээр төлнө гэж тохирсон байсан...” гэсэн тайлбар /хх 51/,

2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хохирогчоор өгсөн “...Шинэ Өргөө хороололын 614 дүгээр барны 25 тоотод байрлах гурван өрөө байрыг Өсөхжаргал гэгч ирж үзээд худалдаж авахаар болсон. Өсөхжаргал нь бэлэн мөнгөөр худалдаж авна. ...Гэрчилгээгээ гаргаж өгвөл тун удахгүй мөнгөө гаргаж өгнө гэж хэлсэн. ...Өсөхжаргал гэрчилгээгээ гаргуулж авсны дараа тун удахгүй өгнө, маргааш өгнө, нэг сарын дараа өгнө гэсээр 2016 он гараад алга болсон. ...Өсөхжаргалд өрмийн ажлын зуучлалын хөлсөнд 3 өрөө байр өгнө гэж огт ярьж байгаагүй. Өсөхжаргалд энэ 3 өрөө байрыг 2015 оны 9 дүгээр сард худалдсан.  Түүнээс биш зуучлалын хөлсөнд өгөөгүй. Энэ үед Өсөхжаргал өөрөө байргүй байсан. Өсөхжаргал нь энэ байрны мөнгийг тодорхой хугацааны дараа өгнө гэж ярьсан. Би эхлээд Өсөхжаргалд итгэж 2016 оны хавар төлөөд өгчих байх гэж хараад байсан. Гэвч Өсөхжаргал нэг ч төгрөг төлөөгүй алга болсон. Би улсын бүртгэлээс энэ байр дамжуулагдаад зарагдсаныг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хх 34, 41/,

Гэрч Д Жамсрансүрэнгийн “...Г.Ө нь худалч, худлаа ярьж хүнийг итгүүлдэг. ...Би энэ зун Өсөхжаргалтай тааралдахдаа “цагдаад очиж чиний байр худалдаж авсан асуудлаар байцаагдаж мэдүүлэг өгсөн” гэж хэлэхэд Өсөхжаргал “өө тэр өр төлбөрийг нь өгөөд төлөөд дууссан, одоо ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлэг /хх 87/,

Гэрч Б.Дэлгэрмаагийн “...Буянбал захирал надад Өсөхжаргалын дүү Төгсжаргал дээр гэрээг нь хийж өгөөд яаралтай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өг гэсэн. ...Орон сууц захиалах хөрөнгө оруулалтын гэрээнд Буянбал захирал гарын үсэг зурсан. Би өөрөө зурсан. Энэ гэрээнд Өсөхжаргал гарын үсэг зурсан. ...Дараа нь Өсөхжаргал ирж байраа хямдхан зарна, хүн олоод өгөөрэй гэж хэлсэн. Өсөхжаргал бараг өдөр болгон манай ажил дээр ирж “байр авах хүн байна уу” гэж асуудаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 69/,

Гэрч Б.Андбаатарын “...Ганхуягийн Өсөхжаргалтай энэ өрмийн ажлыг олж өгсний төлөө хөлс мөнгө өгнө гэж огт яриагүй. Тийм юм огт болоогүй. Би тэр ажлыг авч хийгээгүй юм чинь юу гэж Өсөхжаргалд хөлс мөнгө өгөх билээ. ...Буянбалаас “нөгөө өрмийн ажлаа хэзээ хийлгэх вэ” гэж асуухаар Буянбал нь “би Өсөхжаргалд 3 өрөө байр өгсөн, тэр 3 өрөө байрны мөнгийг аваад өрмийн ажлыг хийлгүүлэхгүй бол надад одоогоор өрмийн ажил хийлгэх мөнгө төгрөг байхгүй байна” гэж ярьж байсан.  Худлаа, Би Өсөхжаргалд тийм юм яриагүй. Зуучлалын хөлсөнд Өсөхжаргалд энэ 3 өрөө байрыг өгнө гэж огт ярьж тохироогүй. ...” гэсэн мэдүүлэг /хх 73/,

Гэрч М.Пүрэвцогтын “...Буянбал нь Шинэ-Өргөө хорооллын байрыг борлуулснаас олсон ажлын хөлсөнд авсан нэг өрөө 73 сая төгрөгийн үнэтэй байрыг Өсөхжаргалд зарсан гэсэн. ...Өсөхжаргалд ямар нэг ажил зуучилсны хөлсөнд байр өгөх талаар Андбаатар болон Өсөхжаргал нартай гэрээ хийж байгаагүй. Энэ талаар огт ярилцаж байгаагүй. Буянбал нь Өсөхжаргалд дахиад 3 өрөө байрыг худалдсан боловч тэр 3 өрөө байрны мөнгө төгрөгийг өгөөгүй залилсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 75/, 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Сеносайт” ХХК-ний захирал Д.Буянбал, Андкор дриллинг” ХХК-ний захирал Б.Андбаатар нарын хооронд байгуулсан “Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ” /хх 105/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар Г.Ө нь Д.Буянбал, Б.Андбаатар нарыг танилцуулж байсан гэдгээрээ далимдуулж анхнаасаа бусдын эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр авах санаа зорилготойгоор байрыг дүү Г.Төгсжаргалын нэр дээр зээлээр худалдан авч, хямд үнээр уг байрыг түргэн хугацаанд бусдад зарж борлуулж, улмаар хохирогч Буянбалд мөнгийг нь өгөлгүйгээр залилан мэхэлж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон.

Түүнчлэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг мөрдөгчийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн шинжээч томилсон тогтоолын дагуу гаргасан 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Дамно ХХК-ний ХУ2-18-511 дугаартай хөрөнгө үнэлгээний “...Уг үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн өнөөгийн үнэлгээгээр 138.075.000 /нэг зуун гучин найман сая далан таван мянган төгрөг/-өөр үнэлгээ тогтоогдов.” гэсэн тайлангаар /хх-89-96/ нарийвчлан тогтоосон гэж үзнэ.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 774 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

 

Хохирогч Д.Буянбалын өмгөөлөгч Ч.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Уг хэрэг 3 жил орчим хугацаанд шалгагдсан байдаг. Холбогдогчийг олох ажиллагаа болон гэрч нарын мэдүүлэг хангалттай хэрэгт авагдсан. Шүүхээс захирамж гарган буцаасан нь үндэслэлгүй байна. Шүүгч захирамжидаа ямар ажиллагааг яаж хийх үндэслэлээ тодорхой бичээгүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. ...” гэв.

 

Хохирогч Д.Буянбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө тайлбар дээр нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв. 

 

Шүүгдэгч Г.Өын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч хохирогч “Сеносайт” ХХК-ний захирал Д.Буянбалаас 3 өрөө байрыг хууран мэхэлж, итгэл эвдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгож аваагүй. Харин ч тус байрыг “Сеносайт” ХХК, “Андкор дриллинг” ХХК-тай гэрээ байгуулахад зуучилж, зуучлалын хөлсөнд авсан гэдгээ удаа дараа мэдэгдсэн. Энэ талаар хавтас хэрэгт авагдсан байдаг. Харамсалтай нь хохирогч Д.Буянбал уг гэрээ байхгүй гэж мэдүүлдэг боловч сүүлдээ миний үйлчлүүлэгчтэй уулзахдаа энэхүү гэрээгээ гаргаж өгсөн байдаг. Гаргаж өгөхөд нь манай үйлчлүүлэгч хуулбарлаж авсан. Хуулбарыг нь хэрэгт өгсөн байгаа. Эх хувь нь гарч ирснээр миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, цаашлаад эрүүгийн гэмт хэрэг мөн үү, эсхүл иргэд хоорондын иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах маргаан уу гэдгийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээг хохирогч Д.Буянбал байхгүй гэж байсан боловч сүүлд нь гаргаж өгсөн талаар мэдүүлсэн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлүүдийг бүрэн гүйцэт нотолж, шалгавал зохих бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэний эцэст уг хэргийг шийдвэрлэж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасны дагуу прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр хэргийг буцаан мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасан бөгөөд шүүх мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв. 

 

Хэрэгт авагдсан "Юу Эс Эс трейд" ХХК-ний захирал Д.Буянбал нь Г.Өтай 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг /Хан-Уул дүүрэг, 614 дүгээр байр, 2 орц, 25 тоотын /78.95/ нэгжийн үнэ 1.950.000 төгрөг, нийт 153.952.500 төгрөгийн үнэ бүхий байр/ байгуулжээ. /1-р хх 18-21/ /нотлох баримтын шаардлага хангаагүй канондсон/,

 

Мөн "Ар Ий Си" ХХК-ний захирал П.Эрдэнэхүү нь Г.Өтай 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр №18 дугаартай "Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг /Хан-Уул дүүрэг, 614 дүгээр байр, 2 орц, 25 тоотын /78.95/ нэгжийн үнэ 1.950.000 төгрөг, нийт 153.952.500 төгрөгийн үнэ бүхий байр/ байгуулжээ. /1-р хх 182-184/ Хуулбар үнэн дардастай,

 

2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Сеносайт ХХК, Андкор дриллинг ХХК хороонд байгуулсан Хайгуулын өрөмдлөгийн ажил гүйцэтгэх гэрээ /З-р хх-105-107/ зэрэг баримтуудыг прокурор нотлох баримтын шаадлага хангахуйц хэмжээнд шүүхэд гарган өгч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцүүлж, прокуророос ирсэн яллах дүгнэлтийн хэмжээнд хэргийг шийдвэрлэх боломжтой, хэрэгт зайлшгүй нэмэлт ажиллагаа хийх шаардлагагүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан энэ чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хавтас хэрэгт авагдсан хуулбар баримтуудын хувийг нотлох баримтын шаардлага хангахуйц хэмжээнд бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх, түүнчлэн шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзсэн гэрч, хохирогч нарыг оролцуулах хүсэлт гаргаж, тэднийг шүүх хуралдаанд оролцуулан хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна гэж үзэв.   

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх бол”, 1.3-т “мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бол” гэж заасан хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэргийг прокурорт буцаах буюу зайлшгүй хийгдэх ажиллагаа биш байна.

 

Иймээс прокурор Н.Пүрэвтогтохын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 774 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Г.Өд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч Г.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ