Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга         Г.Энхмөрөн

Улсын яллагч                                                      С.Болорчулуун

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                          Ж.Жаргалсайхан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Замын Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Харцага овогт Батсүхийн Отгонбатад холбогдох эрүүгийн 201610010154 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар баг, Жаргалант гэх газар нутагладаг, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харцага овогт Батсүхийн Отгонбат /РД:ЕК89062477/

Яллагдагчаар татах тогтоолоор: шүүгдэгч Б.Отгонбат нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар баг Жаргалант гэх газарт уяж байсан морийг нэмнэсэн байна гэх шалтгаанаар Б.Амгаланбаатартай маргалдаж, улмаар гэрийн шүүгээн дээр байсан хутгыг авч Б.Амгаланбаатарын өгзөг болон гуян тус газарт хатгаж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Отгонбат  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ....2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Амгаланбаатартай уяж байсан морь нэмнэсэн асуудлаас болж маргалдсан. Тэгээд Амгаланбаатар намайг цохихоор нь би дийлэхгүй болохоор гэрээсээ хутга аваад бөгс рүү нь хоёр удаа хатгасан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгө ял шийтгэж өгнө үү...гэв.

Хохирогч Б.Амгаланбаатар хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ...Архи ууж байгаад морь нэмнэсэн асуудлаас болоод хоорондоо маргалдаж зодолдсон. Би Б.Отгонбатын цээжин хэсэг рүү нь нэг удаа гараараа цохьсон. Харин Б.Отгонбат миний цээж хэсэг рүү нэг удаа цохиж хутгаар бөгсний хэсэгт 2 удаа хатгасан. Одоо надад  ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би бөгсөндөө 2 удаа хатгуулсанаас болж эмчилгээ хийлгэсэн.Тухайн үед миний шөрмөс гэмтсэн байсан. Өөр ямар нэг гэмтэл шарх учраагүй...гэжээ. /хх-ийн 76 тал/

Насанд хүрээгүй гэрч Л.Уранбат хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ... 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр шиг санаж байна. Би Батсайхан ахын хамт Замын-Үүд суманд очиж морьны тариа ханиадны эм аваад тухайн өдөртөө 16 цагийн үед шиг санаж байна хөдөө гэр лүү буцаж очсон. Хөдөө гэрт очоод морь малаа усалсны дараа Отгонбат, Батсайхан, Адъяадорж, Амгаланбаатар нийлж Батсайханы гэрт архи ууцгаасан. Тухайн үед би Отгонбатын эхнэртэй хамт гэрт нь хоол хийж байсан. Хэсэг хугацааны дараа Батсайханы гэрт хүмүүс муудаад байхаар нь би гэр лүү нь орж очиход Отгонбат, Амгаланбаатар, Батсайхан нар нь хоорондоо муудаад байх шиг байсан. Тэр үед Отгонбат ах надад хандаж миний дүү гэртээ ороод унтаж бай гэж хэлээд намайг гэр лүү оруулсан. Түүнээс хойш юу болсон гэдгийг мэдэхгүй. Харин маргааш  өглөө нь Отгонбат, Батсайхан, Цогт, Амгаланбаатар нар буугаар бай буудаж байсан. Харин Адъяадорж байхгүй байсан ...гэжээ. /хх-ийн 24 тал/

Гэрч Б.Адъадорж хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: ... Тэр өдөр Батсайхан гэх залуу Замын-Үүд рүү өглөө яваад өдөр хөдөө ирэхдээ 4 шил 0,5 граммын Нутаг гэх нэртэй архийг авчирсан. Тэгээд Амгаланбаатар, Отгонбат, Батсайхан  бид 4 архиа ууж эхлээд байж байгаад хонь эргүүлэх болоод би мотоцикльтой хонинд явсан. Эргээд ирэхэд Халз /Отгонбат/ Амгаланбаатар, Батсайхан 3 маргалдаад Отгонбат, Батсайхан хоёр нийлээд Амгаланбаатарыг зодож байсан. Хоёр, гурав  цаг ноцолдоод байхаар нь би тэсэлгүй та нар адилхан эр хүмүүс байж нэгийгээ зодоод яах юм бэ гэж Батсайханаас гуйсан. Тэгсэн чинь Отгонбат нь чи миний ахын өөдөөс томорлоо, та 2 Замын-Үүдийн атманууд гэлүү гээд хутга шөвөг, хайч бариад мотоцикль, морь ээлжилж бариад хойноос нь туугаад байсан ...  гэжээ. /хх-ийн 26 тал/

-  2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 тал/

-  2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 31 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 тал/

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 384 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37 тал/

-Дорноговь аймаг Улаанбадрах сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 57-58 тал/

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59 тал/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Отгонбат нь 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2 дугаар баг Жаргалант гэх газарт уяж байсан морийг нэмнэсэн байна гэх шалтгаанаар хохирогч Б.Амгаланбаатартай маргалдаж, түүний өгзөг болон гуян тус газарт хатгаж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон гэрч,  хохирогчийн мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна. 

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Отгонбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч Б.Отгонбат нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн саналыг гаргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлгээр хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тайлбар гаргаснаас бус шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн  гэсэн мэдүүлэг, хүсэлт гаргаагүй байна.

Иймд хохирогчийг шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харцага овогт Батсүхийн Отгонбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбат нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Отгонбат нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10 дахь хэсэгт зааснаар 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч Б.Отгонбатын 20 тооны хонийг битүүмжилсэн битүүмжлэлийг хэвээр үлдээж, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр иргэн Батсайханы 50 тооны хонь битүүмжилсэн битүүмжлэлийг хүчингүй болгосугай .

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Отгонбатад авсан гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбат, түүний өмгөөлөгч, хохирогч  нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ     Л.БАТЖАРГАЛ