Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 221/ШШ2021/0009

 

Д.Я-ийн гомдолтой захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзулыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Д.Я

Хариуцагч: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо

Гомдлын шаардлага: “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдолтой захиргааны хэргийг анхан шатны журмаар хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч Д.Я, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, иргэдийн төлөөлөгч Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч Д.Я шүүхэд гаргасан гомдолдоо: “2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн мэргэшлийн хороонд нэр дэвшүүлэх зорилгоор хуульчийн шүүхэд төлөөлөх эрхээ өөрийн сайн дураар хүсэлт гаргаж түдгэлзүүлсэн. Шүүхэд төлөөлөх эрхийг түдгэлзүүлсэн үндэслэл нь сахилгын арга хэмжээ авагдаж биш, харин өөрийн санаачилгаар түдгэлзүүлсэн. Гэхдээ Хуульчдын холбооны гишүүний эрх, үүрэг тодруулбал, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, үүрэг хорооны гишүүний эрх үүрэг хэвээр хадгалагдаж ирсэн, хуульчдын холбооны гишүүний сар бүрийн татвараа ч төлсөөр байсан.

Шүүхэд төлөөлөх эрхээ сэргээлгэхэд ар гэрийн гачигдалтай байсан тул 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар “өөрийнх нь хүсэлтээр, ар гэрийн гачигдлын улмаас” гишүүнчлэлийн бүртгэлийг түдгэлзүүлсэн. Өмгөөлөл хийхгүй л байгаа юм чинь давхар татвар төлөхгүй байя гэж бодсон.

Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгжийн хувьд ямар нэг зохицуулалтгүй, эрх зүйн ямар ч хамгаалалтгүй, ийм хуулийн цоорхой байгаа юм байна. Ингээд өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхийг нь хүндэтгэж, өмгөөлөгч хүнлэг, энэрэнгүй байх зарчмаа бодоод, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.61 дүгээр зүйлд заасныг баримтлан үнэ төлбөргүй хуралд нь орж өгсөн.

2019 оны 12 дугаар сард төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн “Л” ХХК-ийн захирал н.Т хандаж, бусдын авсан зээлийн барьцаанд компанийнхаа ганц хөрөнгийг алдахад хүрээд байгаа тул туслаач гэж хүссэн. Хуульчдын Холбоонд хандахад нь төлбөрийн чадваргүй иргэнд л үйлчлэхээс аж ахуйн нэгжид үйлчлэхгүй, хувь өмгөөлөгч, хуульчтай өөртэй нь ярьж үнэ төлбөргүй үйлчилгээ авахаас өөр арга байдаггүй гэсэн юм байна. Ингээд өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхийн нь хүндэтгэж, өмгөөлөгч хүнлэг, энэрэнгүй байх зарчмаа бодоод Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19.6-д заасныг баримтлан үнэ төлбөргүй хуралд нь орж өгсөн.

Баянзүрх дүүргийн иргэнийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөр үнэ төлбөргүйгээр, хүсэлтээр 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр оролцоход нэхэмжлэгч “Г К ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг 100 хувь хангаж, 55 сая төгрөгийн зээлийг 88600000 төгрөг болгож хүүгийн хамт төлүүлэх, төлөхгүй бол “Л” ХХК-ийн өмчлөлийн 192 м.кв Сүхбаатар дүүрэгт байрлах ажлын байр, үл хөдлөх эд хөрөнгөөр нь хангуулах шийдвэр гарсан. Би өмгөөлөгчөөр нь орсон ч гомдол гаргагч “Г К ББСБ” ХХК-ийн ямар нэг эрх, ашгийг хандаагүй, хохироогүй.

Нэгэнт өмгөөлөгчөөр нь орсон л бол үйлчлүүлэгчийн төлөө тууштай явах, дундаас нь хаяж болохгүй гэсэн хатуу зарчмын дагуу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр давж заалдах шатны шүүх хуралд ороход хүрсэн.

Хуралд орж эхлэх үед буюу 2019 оны 12 дугаар сарын 18-ны үед бол 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр батлагдсан Өмгөөллийн тухай шинэ хууль үйлчилж эхлээгүй байсан үе. Шинэ хууль 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс үйлчилж эхэлсэн байдаг бөгөөд шүүхэд төлөөлөх эрхээ түдгэлзүүлсэн байсан хүн, өмгөөллийн эрхээ сэргээлгэх хүсэлт гаргахад шийдвэрлэж өгөх субъект нь Өмгөөллийн тухай шинэ хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч болсон байсан юм.

Өмгөөлөгчдийн Анхдугаар их хурлаас Ерөнхийлөгчийг сонгох байсан ч цар тахлын улмаас 2020 оны 09 дүгээр сард хуралдсан байдаг. Хүсэлтээрээ түдгэлзүүлсэн эрхийг сэргээх Ерөнхийлөгч сонгогдоогүй удааширсан нь миний буруу биш бөгөөд ерөөс хуулийн хууль, шинэ хууль хооронд эрх сэргээх хүнгүй, зохицуулалтгүй үлдээсэн нь хуулийн цоорхой болсон байна гэж Өмгөөлөгчийн холбооныхон ярьж хэлж тайлбарласан байсан.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгчийн албан бичгээс харахад эрх нь түдгэлзсэн хуульчдын бүртгэлийг хүлээж авсан байгаа ч Д.Я миний өмгөөлөх эрхийг сэргээгээгүй байгаа, өмгөөллийн үнэмлэх, дугаар өгөөгүй байгаа, гэрчилгээ ч олгоогүй байгаа.

Гэтэл Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн Хариуцлагын хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоол нь дараах хууль бус гарсан гэж үзэж байна.

1. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Өмгөөллийн эрхээ сэргээлгээгүй байгаа, өмгөөлөх эрх нь түдгэлзсэн хэвээр байгаа хүнд Өмгөөллийн тухай хуулийг хэрэглэсэн. 2. Хуулийг буцаан хэрэглэсэн. Шүүх хуралдаанд орсон 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр буюу тухайн цаг үед үйлчилж эхлээгүй байсан Өмгөөллийн тухай хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй. 3. Тухайн шийдвэрийг гаргах эрхгүй этгээд энэ шийдвэрийг гаргасан. Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгох тухай шийдвэрийг Мэргэжлийн хариуцлагын хороо бус, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч гаргахаар байна. 4. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Тогтоолын үндэслэх хэсэгт дурдахдаа 3.1 дэх хэсэгт зааснаар хуулийг буцаан хэрэглэнэ гэсэн ойлголттой байгаагаа бичсэн. Нийтийн эрх зүйд хуулийг буцаан хэрэглэхгүй бөгөөд, тэр тусмаа эрх зүйн байдлыг дордуулсан хэм хэмжээг буцаан хэрэглэхгүй нь хэнд ч тодорхой зарчим билээ. 5. Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн нөхцөлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. 6. Харьяаллын бус маргааныг хянан шийдвэрлэсэн. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо 2021 оны 04 дүгээр сараас байгуулагдсан, маргаан хянан шийдвэрлэх дүрэм, журам нь ч 2021 оны 03 дугаар сард батлагдаж 4 дүгээр сараас Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэм, журмууд үйлчилж эхэлсэн.

Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд олон тооны бүдүүлэг алдаа гаргасан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г К ББСБ” ХХК Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2011/99 дүгээр албан бичгээр өмгөөлөгч Д.Яд холбогдуулан гомдол гаргасан. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн Хариуцлагын Хороо нь өөрийн санаачилгаар өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүй зөрчсөн эсэх талаарх маргааныг үүсгээгүй бөгөөд иргэн байгууллагаас гаргасан гомдолд холбогдуулан маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

Маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа нь оролцогчдын үгэнд хөтлөгдөж шийдвэр үйл ажиллагаа нь явагдаагүй бөгөөд маргаан хянан шийдвэрлэх журмын хүрээнд талуудад адил тэгш оролцох боломжоор хангагдсан эрхийн хүрээнд цугларсан бичгийн нотлох баримтуудыг болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөх байдлаар хорооны гишүүд шийдвэрлэсэн.

Тодруулбал, Хорооны маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа ёс зүйн зөрчлийн хэрэгт гомдол гаргагч болон хариуцагч талуудаас ирүүлсэн бичгийн нотлох болон бусад нотлох баримтад үндэслэгдэн шийдвэрлэгдсэн болно. Нэхэмжлэгч Д.Я нь Мэргэжлийн хариуцлагын хорооны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх хуралд өөрийн биеэр оролцон тайлбар дүгнэлтээ гаргасан ба захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулгад дурдагдсан үйл баримтууд нь нэгдмэл нэг утга агуулгатай байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Мэргэжлийн хариуцлагын хороонд “Г К ББСБ” ХХК-аас гаргасан гомдолд няцаалт хийн тайлбар гаргасан үйл баримтуудыг тодорхой тайлбарлан бичсэн байх бөгөөд эдгээр тайлбар нь бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн болно.

Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч гишүүд нь тухайн ёс зүйн маргаанд хэрхэн үнэлэлт дүгнэлт өгөх, ямар санал гаргах нь дотоод итгэл үнэмшлийн асуудал бөгөөд тухайн асуудлын хүрээнд хэн нэг хүн үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй юм. Ёс зүйн хуралдаан нь хариуцагч өмгөөлөгч болон гомдол гаргагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хангаж хүсэлт, шаардлага, гомдлыг хянан хэлэлцэх ажиллагаа байдаг тул тухайлан тогтоосон цаг мөрдөн тогтоох боломжгүй байна. Энэ нь хуралдааны үйл ажиллагааны нийтлэг шинж юм.

Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасан “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх” гэсэн нөхцөлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа нэг удаагийн үнэ төлбөргүй, төлбөрийн чадваргүй жижиг аж ахуйн нэгжид тусалсан мэргэжлийн туслалцааг хамааруулна гэж үзэхгүй байгаа гэжээ. Харин Өмгөөллийн тухай хуулийн тус зохицуулалт нь өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн байх хугацаанд өмгөөллийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглох утга агуулгыг илэрхийлсэн, өөрөөр хэлбэл өмгөөлөгчийн хуулиар тогтоосон эрхийг эдэлж, үүргийг хүлээхгүй байх тухай ойлголт юм. Мэргэжлийн Хариуцлагын Хороонд “Г К ББСБ” ХХК-аас гаргасан гомдолд Д.Я нь шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаараар бүртгэгдсэн өмгөөлөгчийн бүртгэлээрээ манайд холбогдох шүүх хуралдаанд оролцсон гэдгийг нотлох шүүхийн шийдвэр бүхий нотлох баримтуудыг ирүүлсэн болно” гэжээ.

Иргэдийн төлөөлөгч бичгээр өгсөн дүгнэлтдээ: “...Д.Я-ийн хүсэлтийг шийдвэрлэсэн байсан бол байдал арай өөр байх байсан байх гэж бодож байна. Тиймээс энэ шүүх хуралд Д.Я-ийн талд зогсож байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч Д.Я-ийн гаргасан “Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ.

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор Д.Я-г Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д дахь хэсгүүдийг зөрчсөнд тооцож, Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 31 дүгээр зүйлийн 31.3.3-д заасны дагуу өмгөөллийн үйл ажиллагааг эрхлэх эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Монголын Хуульчдын Холбооны ерөнхийлөгчийн 2018 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 76 дугаар тушаалаар хуульч, өмгөөлөгч Д.Я-ийн шүүхэд төлөөлөх эрхийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн, шүүхэд төлөөлөх эрх нь түдгэлзсэн байх хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд тус тус “Л” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцсон үйл баримттай талууд маргаагүй.

Гомдол гаргагч нь “Төлбөрийн чадваргүй болсон аж ахуйн нэгжийн хувьд ямар нэг зохицуулалтгүй, эрх зүйн ямар ч хамгаалалтгүй, ийм хуулийн цоорхой байгаа юм байна. Ингээд өмгөөлөгчөө чөлөөтэй сонгох эрхийг нь хүндэтгэж, өмгөөлөгч хүнлэг, энэрэнгүй байх зарчмаа бодоод, үнэ төлбөргүй хуралд нь орж өгсөн. ... Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хуулийг буцаан хэрэглэсэн. Тухайн шийдвэрийг гаргах эрхгүй этгээд энэ шийдвэрийг гаргасан. Хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. ... Маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд олон тооны бүдүүлэг алдаа гаргасан” гэх зэргээр гомдлын шаардлагын үндэслэлээ тайлбарлан маргажээ.

Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхгүй бөгөөд өмгөөлөгчийн болон Өмгөөлөгчдийн Холбооны гишүүний эрх эдэлж, үүрэг хүлээхгүй”, 11 дүгээр зүйлийн 11.1.6-д “энэ хуулийн 10.2-т заасныг зөрчсөн” бол өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгохоор хуульчилсан байна.

Ингэхдээ уг хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох тухай шийдвэрийг энэ хуулийн ... 11.1.6 ...-д заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч, энэ хуулийн 11.1.5-д заасан үндэслэлээр Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо гаргана” гэж өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг түдгэлзүүлсэн хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо бус Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох шийдвэрийг гаргахаар тусгайлан зохицуулжээ.

Дээрхээс үзвэл, Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг зөрчсөн тохиолдолд өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгох шийдвэрийг Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч гаргахаар тусгайлан заасан байхад Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооноос Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 14 дүгээр зүйлийн 14.1.5-д дахь хэсгүүдийг зөрчсөн хэмээн Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6, 31 дүгээр зүйлийн 31.3.3-д заасны дагуу Д.Я-ийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуульд нийцээгүй байна.

Тодруулбал, Өмгөөллийн тухай хуулийн Тавдугаар бүлэгт “Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн хариуцлага, түүнтэй холбоотой маргааныг хянан шийдвэрлэх”, 32 дугаар зүйл “Мэргэжлийн хариуцлагын хороо, түүний чиг үүрэг”, 32.1-д “Мэргэжлийн хариуцлагын хороо нь өмгөөлөгч хууль болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх ...” гэж зааснаар Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгч хууль зөрчсөн /өөрт харьяалуулсан/ болон Ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх үндсэн чиг үүрэгтэй гэж үзэхээр байна.

Гэтэл өмгөөлөгч хууль зөрчсөн талаарх өөрт харьяалуулаагүй маргааныг хүлээн авч маргаан үүсгэн, улмаар Д.Я-ийн зөрчил гаргасан гэх цаг хугацаанд батлагдаагүй, 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж, мөн сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдсөн Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөнд тооцож, өөрийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамааруулан үзэж, гомдол гаргагчийн өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны тогтоол гаргахдаа баримталсан Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрмийн “4 дүгээр зүйлийн 4.1.1” гэх зохицуулалт уг дүрэмд байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Өмгөөллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.6-д заасан үндэслэлээр шийдвэр гаргах эрхийг хариуцагчид олгоогүй байх тул Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Мөн иргэдийн төлөөлөгчийн “... энэ шүүх хуралд Д.Я-ийн гаргасан тайлбар үндэслэлтэй, зөв байна” гэх дүгнэлтийг хүлээн авсан болно.

Нэгэнт хуульд заасан харьяаллын бус асуудлаар хариуцагч нь шийдвэр гаргасан байх тул уг асуудлаас бусад үндэслэлээр гаргасан гомдлын талаар дүгнэх шаардлагагүй гэж үзсэн болно.

Харин хуульд нийцүүлэн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч уг асуудлаар шийдвэр гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4, 113 дугаар зүйлийн 113.6, 113.6.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмгөөллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 11 дүгээр зүйлийн 11.1.6, 11.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Д.Я-ийн Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 04 дүгээр тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж, гомдол гаргагчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН  

                        ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН