Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 31-р хороо, Дунд нарангийн 19-р гудамжны 582 тоотод оршин суух хаягтай Улаан соёо овогт Самдангийн Дэлгэрмаа РД/АЮ65032501/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг, 25 дугаар байрны 4 тоотод оршин суух хаягтай, Улаан соёо овогт Самдангийн Энхбаяр РД/ТГ67123117/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан, 2 дугаар баг, 15-2-24 тоотод оршин суух хаягтай Алаг адуу овогт Нацагийн Пүрэвсүрэн РД/ТГ62010812/-д холбогдох газар чөлөөлүүлж, хохирол гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн сөрөг нэхэмжлэлтэй С.Дэлгэрмаад холбогдох хохирол 2.520.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн аваад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2018 онд Пүрэвсүрэнгээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р багт байрлах 20 айлын орон сууц барих зориулалтаар авсан газар дээрээ орон сууцаа бариад хэсэг газар дээр граж барих нь зүйтэй юм байна гэж үзээд граж барьсан байгаа. Уг граж барьсан газраа кадастр хийлгэсэн ба уг газар нь Арбаян шанд ХХК-ийн эзэмшлийн газар дээрээ байрлаж байгаа. 38.24 м.кв гражийн газраа С.Энхбаярт, үлдсэн хоёр гражийн газраа өөр дээрээ шилжүүлж авсан. Энэ газарт Сайхан сумын засаг даргаас өмчлөлийн гэрчилгээ гарсан байгаа. Нэг газраа дүү С.Энхбаярт шилжүүлж өгөхөд засаг даргаас 2016 оны 09 дүгээр сарын 07-ний өдөр 19.26 м.кв газрыг шилжүүлсэн байгаа. 2010 оноос хойш манай газар дээр Пүрэвсүрэн суурь цутгаад граж барьж эхэлсэн учир бид засаг даргад хэлээд засаг дарга Пүрэвсүрэнг 2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр газрыг чөлөөлж өгнө үү гэсэн мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Пүрэвсүрэн тухайн үедээ газрыг чөлөөлж өгсөн. Бид өөрсдийнхөө эзэмшлийн газар нэг гражаа бариад тэр дотроо склад хийгээд барилгаа барьж дуусгаад явахдаа дотор нь мод төмөр гэх мэт зүйлүүдээ үлдээж хүнээр харуулаад явсан. Гэтэл нэг өдөр 2017 онд Пүрэвсүрэн шууд нураагаад дотор нь байсан бүх юмыг хүмүүст тарааж өгсөн байсан. Пүрэвсүрэн өөрөө энэ манай газар гэж үзээд байдаг байсан. Өмнөх засаг дарга ч гэсэн Арбаян шандын газар байна гэдгийг гаргаад хэлээд өгсөн. Засаг дарга үүрэг өгөөд байхад Пүрэвсүрэн газар чөлөөлж өгөхгүй байсан. Тэгээд би 2017 оны 11 сард дахиж хүсэлт өгсөн. Засаг даргын орлогч Үүрдмөнх дарга 2017 оны 12 дугаар сарын 05-ны дотор чөлөөлж өгөх ёстой гэж албан бичгээр бид хоёрт нэг нэг хувиар явуулсан. Гэтэл эргээд засаг даргаас надад 2017 оны 12 дугаар сарын 28-ны дотор чөлөөлөх ёстой газар чөлөөлөгдсөнгүй. Пүрэвсүрэн үүрэг даалгавраа биелүүлээгүй тул та энэ асуудлаараа шүүхэд хандаж шийдвэрлүүл гэсэн албан бичиг ирсэн учраас би шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Миний нэхэмжлэл газрыг чөлөөлүүлэх тухай байгаа. Дотор нь байсан эд хөрөнгийг байсан байдлаар нь гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл байгаа. Пүрэвсүрэнгийн хүсэлтээр шинжээч томилж 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шүүгчийн туслах, газрын даамал, геодезийн инженерүүд бүгд хамт байж байгаад хэмжилт хийж яах аргагүй Дэлгэрмаагийн газар байна гэдгийг тогтоосон. Шүүхэд нотлох баримтаар ирсэн байгаа. Тиймээс би өөрийнхөө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. ...Би шууд шүүхэд хандаагүй. Шат шатны байгууллагуудаар асуудлаа шийдүүлж байсныг Даваахүү өмгөөлөгч сайн мэдэж байгаа байх. Би албан журмаараа хүсэлтээ гаргаад л явсан. Пүрэвсүрэн бидний шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул намайг дараагийн арга хэмжээг ав гэсэн хариуг өгсөн. Энэ бол иргэн хүний шат шатанд хандаж байгаа хүсэлт шүү дээ. Түүнээс Үүрдмөнх гэдэг хүний эрх ашиг энд байхгүй. Би ч мөн иргэнийхээ эрхээр л хүсэлтээ гаргаж асуудлаа шийдүүлж байгаа. Би газраа тухай үедээ барьж тухайн үедээ ашигласан. Цемент Шохой ХК-иас би газар авчихаад өөрөө кадастр хийлгээд газраа нэмүүлээд өөрчлүүлээд байсан асуудал байхгүй. Надад Цемент Шохой ХК-иас кадастрын зурагтайгаа ирсэн. Энэ хэмжээтэй газрыг л бид шилжүүлж авах ёстой. Би энэ газар дээр нэг метр нэмээгүй. Нэг ч метр хасаагүй. Гражуудын нэг хэсэг нь хойшоо баригдаад нэг хэсэг нь урагшаа цойлоод гараад ирсэн болохоор хүнийх болох гээд байна. Бид яагаад ингэж барьсан бэ гэхээр газар доогуур нь арван мянгын өндөр хүчдэлийн шугам явсан байсан. Манай хүмүүс ухаад ил гаргаад ирсэн. Тэгэхээр нь комисс дуудаад үзүүлэхэд гражаа хойш нь тат гэж хэлсэн. Тэр татсан газар дээрээ дахин кадастр хийлгэх шаардлагатай байсан. Тэгэхээр доогуур нь өндрийн шугам яваад байхад хэн ч кадастр хийж өгөхгүй. Энэ хоёр граж өндрийн шугамд ороогүй. Яг энэ хоёр гражийн торгон үзүүрээр гарч байгаа. Энэ хоёр граж нь ардаа нэг гражтай нэг сул газар байгаа. Энэ нийтдээ 10 гражийн газар байгаа. Урагшаа ил гарсан гражийг л авах гээд зүтгээд байгаа юм. Гражийг хойш нь татахдаа газрын мкв-с хасагдсан. Хасагдахаас ч өөр арга байгаагүй. Тэгээд энэ хоёр граж нь урагшаа илүү гарч харагдаад хүний сонирхол татаад байгаа юм. Пүрэвсүрэн энэ хоёр граж болон ард нь байгаа сул гражийн газрыг бүгдийг нь минийх гээд авчихаад байгаа юм. Энэ газрыг шалгаад үзвэл Цемент Шохой ХК-иас ирсэн яг тэр чигээрээ байгаа. Шалгаад үзсэн ч болно. Газрын алба ч мэдэж байгаа. Бид суурь ухаж эхэлчихсэн байсан ч гэсэн комисс ирээд хойш нь тат гэхээр нь бид хойш татсан. Хэрвээ тэр газрыг ухаад үзвэл бидний бүх тог явж байгаа. Хамаагүй ухаад үзсэн ч болно. Би сүүлд нь л гэнэт гарч ирээд хүний юмыг битүүлээд хамаг юмаа хийчихээд яваад өгсөн юм байхгүй. Даваахүү мэдэж байж эсрэгээр нь яриад байгааг би ойлгохгүй байна. Даваахүү өөрөө хүсэлтээ гаргаж шинжээч томилуулчихаад буцаад өөрөө эсэргүүцээд байх юм. Хэрвээ би газар дээрээ газар дахиж нэмж авахаар бол дахиж газрын албанд хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх журамтай байдаг. Надад хүний газар ямар ч хэрэггүй. Энэ гражууд зэрэгцээд байсан бол асуудалгүй байх байсан. Урагшаа байгаад байгаа болохоор л минийх гэж дайраад байгаа. Газрын албаны Гантөгс гээд хүний талаар яриад байгаа. Би энэ хүний барааг ч хараагүй хүн байгаа. Энэ хүн биш өөр хүн ирж шинжээч хийлээ ч гэсэн Хөтөлийн зургийг авна шүү дээ. Гүүглээр хайгаад олоод авчихна шүүдээ. Бид л мэргэжлийн бус болохоор авч чадахгүй байгаа. Үүнийг шат шатны дарга нар албан тушаалтнууд хэлээд байгаа. Мөн эхлээд Энхтайван засаг дарга байхад 2011 онд газар чөлөөлүүлэх мэдэгдэл хүргүүлэхэд Пүрэвсүрэн газрыг чөлөөлж өгсөн. Ямар ч хүсэлт өргөдөл өгөөгүй байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь би үргэлжлүүлээд 3 жилийн хугацаанд барилгаа барьж дуустлаа ашигласан. 3 жилийн хугацаанд энэ хүн миний газар гэж байгаагүй. Тэр газраа ашиглаад байшин барилга бариад томруулаад ирэхээр гэнэт миний газар гээд ороод ирж болохгүй байхгүй юу. Намайг хотын хүн учраас ирэхгүй гээд явчихаар авчихсан. Шинжээчийн дүгнэлтийн хувьд ямар ч хүн ирж дүгнэлт гаргасан энэ л гарч ирнэ. Гантөгсийг оруулахгүйгээр хотоос Долгормаа гэдэг хүнийг оруулсан ч адилхан л харагдана. Би өөрөө ч харсан ингэж л харагдана. Дарханы геодезийн хүн ирсэн. Дарханы хүн бол энэ газрыг ямар газар гэдгийг мэдэхгүй шүү дээ. Үүн дээр ашиг сонирхлын зөрчил гээд байх юм байхгүй. Энэ шинжээч 07 дугаар сарын 05-нд гаргасан шинжээчийн дүгнэлтийг маш сайн бичсэн байна лээ. Би мэргэжлийн хүний зүгээс тэгж дүгнэсэн. Хоёр бранкийн заагны дундуур яг манай кадастрын зураг явж байгаа. Энэ зээлийн гэрээгээр бранк авсан юм байдаг юм байна лээ. Өөрийнх нь юм байдгаараа байж байхад яагаад хүний юм руу дайраад байгааг ойлгохгүй байна. Би 33 жил барилга барьж байна. 12 давхараар нь барьж байна. Барьж байхдаа улаан дэвтэр хөтлөөд явдаг. Тэр нь архивт байдаг. Саяхан нэг маргаан үүсээд хайхад архивт байж л байдаг юм байна лээ. Дулааны шугам гээд яриад байна ухаад үзсэн ч болно. Ногоон байр хамгийн сайн дулааны шугам дээр байдаг тул маш халуун өвөлдөө халууцдаг. Маш ойрхон хажуухан талдаа байдаг. Би хэзээ ч гражыг тэнд барихгүй. Намайг эргээд л дуудна. Би өөрөө холбогдоно шүү дээ. Далд байгаа труба хагарч тэсэрвэл яах вэ гэдгийг бодохгүй байна гэж байхгүй. Харин энэ байрны дулааныг би ногоон байрнаас татсан. Ухаж үзэж болно. Насаараа би барилгын талбай дээр хүнд хүчир ажил хийж байсан. Шударга л байя л даа. ...Граж дотор эргүүлэн хэрэглэх 5-н банз, палк, өндөр шатнууд, мод, бордюрын хэвнүүд, төмөрнүүд байсан. Доор нь подон тавиад төрсөн дүү Энхбаяртаа захиад үлдээсэн. Тэдний байрны цонхнууд нь тэр граж руу хардаг. Гражаа ч гэсэн би хаалга цоож хийгээд үлдээсэн. Гэтэл Пүрэвсүрэн нь хаалга үүдийг нь нээгээд дотор нь байсан юмнуудыг бүгдийг нь амьтан хүн дуудаад аваарай гээд тараагаад өгчихсөн. Би айлын бранк руу ороод ингэвэл энэ чинь зөрчил болно. Би яг тоо ширхэгээр нь гаргаагүй байгаа. Яг гаргаад тооцвол нэлээд их юм болно...гэв.

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ асуудлыг бол нэг их учраа олохгүй маргаан гэж үзэхгүй байгаа. Хуульд заасны дагуу эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байдлаас өмчлөл үүснэ. Дэлгэрмаад газрын албанаас олгосон гэрчилгээ байж байгаа. Кадастрын зургийг хэн дуртай нь хийхгүй. Сансраас авдаг. Анх Цемент Шохой ХК-с авсан газар нь тэр чигээрээ өөрчлөгдөөгүй байж байгаа. Дэлгэрмаа бол хууль ёсны эзэмшигч байгаа. Бранкны зээлийн гэрээ Пүрэвсүрэн гаргаж үзүүлээд байгаа. Энэ бол бранкийг эзэмших ашиглах эрх олгосон хэдэн жилийн хугацаагаар гэрээ байгуулсан гэрээ биш байна. Бранк байрыг худалдан авахад зориулж зээл авах гэсэн л гэрээ байгаа. Энэ бол үүнтэй ямарч холбоогүй гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Шинжээчийн дүгнэлтэн дээр хариуцагчийн өмгөөлөгч ач холбогдол өгч яриад байна. Шинжээчийн дүгнэлт ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг асуудал сая л яригдаж байна. Үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байсан юм бол бидэнд танилцуулаад хүсэлтээ гаргах ёстой байсан. Үүнийг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүй байх ямар ч арга байхгүй. Хэргийн материалтай танилцсан шүү дээ. Пүрэвсүрэнг газрыг чөлөөл гэсэн албан тоотууд байж байгаа. Өөрсдөө тэр дүгнэлтээ эсэргүүцэж дараагийн шатны дүгнэлтээ гаргуулах боломж байсан. Энэ асуудал дээр ямар ч маргаан байхгүй. Дэлгэрмаа дээр эзэмших эрхийн гэрчилгээ 30 жилийн эрхтэйгээр гарсан байгаа. Гражийн газар дээр очиж бид яг байдал дээр нь үзсэн. Кадастрын зургийг газрын албаны нэг хүн очоод зурчихдаг асуудал байхгүй. Сансраас зураг авч гаргадаг. Пүрэвсүрэн 2008 онд эзэмшиж байсан гэдгийг ямар ч баримтаар тогтоож чадаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. ...Бусдын хууль бус эзэмшлээс хоёр граж, газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр оролцож байна. Дэлгэрмаагийн 38.24 м.кв талбай бүхий граж, Мөн Энхбаярын эзэмшлийн газар нь Монгол улсын газар эзэмших эрхийн гэрчилгээгээр нотлогддог. 000612858 гэсэн гэрчилгээ Дэлгэрмаагийн нэр дээр, нөгөөх нь 000612857 дугаартай гэрчилгээтэй Энхбаярын нэр дээр 30 жил эзэмших эрхтэйгээр гарсан байдаг. Газрыг эзэмшихдээ ямар баримтуудыг хаана гаргаж хэрхэн өмчилдөг вэ гэдгийг тодорхой ярьсан. Гэтэл Пүрэвсүрэн нотлох баримт нэг байхгүй. Өөрийн эрхээ хамгаалж холбогдох байгууллагад гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ авч эрхээ эдлээгүй. Пүрэвсүрэн өөрөө нэхэмжлэлийн шаардлагын талаар өгч байгаа тайлбараас хүлээн зөвшөөрч байгаа байдал харагддаг. Өөрөөр хэлбэл сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа. Би энэ гражын эзэмшиж ашиглаж байсан бол тодорхой хэмжээний ашиг олох байсан гэж яриад байгаа. Тэгэхээр энэ газрыг өөрийн газар биш гэдгийг мэдэж байсан юм шиг юм яриад байдаг. Мөн сумын засаг даргаас удаа дараа хууль бус эзэмшил байна гэсэн мэдэгдэл хүргүүлж байсан. Тэгэхэд засаг даргын шийдвэрийг эсэргүүцэж нэг ч удаа хандаж байгаагүй. Пүрэвсүрэн ч гэсэн их хэмжээний биш багахан мөнгө нэхэх юм бол болж байна гэсэн юм ярьж байна. Пүрэвсүрэнд хууль ёсоор эзэмшүүлсэн улсын бүртгэлийн гэрчилгээ ч байхгүй байгаа. Бид бол хууль ёсны эзэмшлийн газар гражаа авахаар шүүхэд хандаж байгаа. Тиймээс Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байх гэж үзэж байна...гэв.

Хариуцагч Н.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ бол 2008 онд ногоон байр барихаас өмнө тэр суурин дээр бранк байсан. Тэр үед би гражийн суурийг босгосон байсан. Тэрнээс хойш бранк нь нураад 2011 бил үү 2012 онд баригдаж эхэлсэн. Тэрнээс өмнө би нийтийн эзэмшлийн газар биш байхад нь граж барьж эхэлсэн. Энэ хүн өөрөө сүүлд нь гүйгээд кадастр хийлгээд явсан байсан. Би бол рамыг нь барьсан байсан болохоос өөрийн эзэмшил болгож аваагүй байсан. Тухайн үед газрын албаны албан хаагч Төртогтох гэж хүн байсан. Тэр хүнд би өргөдлөө өгсөн байсан боловч тэр нь шийдэгдээгүй байх үед нь энэ хүн өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч маргаан үүсч байгаа. Тэр ногоон байрыг барихаас нь өмнө би граж барьсан байсан. Нийтийн эзэмшлийн талбай байхад нь би юм хийсэн юм. Дэлгэрмаа надаас би таны гражд чинь юмаа хийе гэж гуйж байсан. Сүүлд нь л миний юм болоод явчихсан. Бүх шийдвэрийг нь өөрөө гаргуулаад авчихсан. Тийм л юм болсон. Хажууд нь миний бранк байшин байдаг. Тэрэнтэйгээ залгуулаад л би граж барьсан. Тэгсэн чинь эдний газар руу нь орсон гээд байгаа. Ядаж тал нь орох байх. Бүтэн орохгүй байх гэж бодсон чинь зураг нь ийм болоод байна. Би мэдэхгүйгээсээ болж алдаж байгаа хүн Надад минийх гэж үзүүлэх юм байхгүй байнагэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Пүрэвсүрэнгийн хувьд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын бранк байрыг эзэмшдэг. Хажуу талдаа 2008 онд дээвэр хаалгагүй хоёр гражийн суурь босгосон байсан. Дэлгэрмаа нь 2010 онд Пүрэвсүрэнгийн байгаа бранкийн хажуу талын бранкийн суурин дээр Цемент Шохой ХК-ийн 20 айлын орон сууцны барилгыг барьсан. Тухайн үедээ барилгын материалаа хадгалах зорилгоор Пүрэвсүрэнгийн дутуу бариад орхисон байсан гражийг паниараар дээвэрлээд өөрийн барилгын материалаа хадгалж байсан байгаа. Барилга дууссаны дараа тэр гражийг чөлөөлж өгөөгүй. Тухайн газрыг Дэлгэрмааг шилжүүлж авахаас өмнө Пүрэвсүрэн тэр хоёр гражийг бариад ханыг босгоод газар эзэмших зөвшөөрөл хүссэн материалаа Төмөртогтоход өгсөн байдаг. Хавтаст хэргийн 61-р хуудсанд 2001 онд бранкийн барилгыг газар эзэмших гэрээгээр авч байсан байдал харагддаг. Газрын даамал нэг хүн суманд ажилладаг байсан. Маш ачаалалтай ажилладаг байсан гэдэг утгаараа энэ асуудлыг шийдэж өгөөгүй явсаар байгаад Дэлгэрмаа Цемент Шохой ХК-с газрыг эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлж авахдаа энэ газар миний газар юм байна гэж кадастр хийлгэж гэрчилгээ гаргаж авсан нь энэ хоёрын дунд маргаан үүсэх асуудал болж байгаа. Пүрэвсүрэн нэг гражийнх нь тал нь орсон байхыг үгүйсгэхгүй. Хоёр граж бүтнээрээ 38.24 мкв бүгд орсон гэдэг дээр эргэлзэж байна гэдгээ хэлсэн. 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Энэ дүгнэлтийг өмгөөлөгчийн зүгээс нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломж байхгүй гэж үзэж байгаа. 2017 оны 11 сар, 2017 оны 12 дугаар сарын 28-нд Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг даргын орлогч Үүрдмөнх газар чөлөөлүүлэх шаардлагыг иргэн Пүрэвсүрэнд тавьж байсан гэж Дэлгэрмаа хэлсэн. Тийм байж газрын даамал ажил хариуцсан хүн нь өөрөө шинжээчийн бүрэлдэхүүнд орж дүгнэлт гаргаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзээд байгаа юм. Энэ газар давхацсан байна. Дэлгэрмаагийн газар дээр Пүрэвсүрэн барилга барьсан байна гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Дэлгэрмаа нь 2010 онд газар шилжүүлж авсныхаа дараа гражийг барьсан юм уу 2008 онд барьсан байсан гражийг ашигласан юм уу гэсэн асуудлыг сөрөг нэхэмжлэл дээр тодорхой яръя гэж бодож байна. ...Бид газрын даамлыг шинжээчээр томилж өгөөч гэж хүсэлт гаргаагүй. Тухайн үед би байгаагүй тул шинжээчийн дүгнэлт гаргахад байж чадаагүй. Засаг даргын тамгын газар өөрөө газар чөлөөлүүлэх гэж албан тоот хүргүүлж байсан байж дараа нь шинжээчийн бүрэлдэхүүнд оролцож дүгнэлт гаргаад байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзээд байгаа юм. Гантөгс гэдэг хүн гарын үсгээ зураагүй байсан бол болно. Тэгвэл кадастрын алба ирж дүгнэлтээ гаргачихаад явсан байна гэж ойлгоно. Дэлгэрмаа өөрөө дулааны шугам дээр байсан. Ухаж үзээд мэдсэн гэж яриад байна. Хэрвээ тэгвэл хэн хэн нь энэ газрыг ашиглах эрхгүй л болох зүйл яригдана шүү дээ. 2008 онд баригдсан уу 2010 онд баригдсан уу гэдгийг сөрөг нэхэмжлэл дээр ярья гэж бодож байна....Нэхэмжлэгчийн үг, өмгөөлөгчийн дүгнэлт хоёр хоорондоо зөрөөд байна. Дэлгэрмаа би энэ гражийг өөрөө барьсан гэж ярьж байхад өмгөөлөгч нь зөвхөн газар эзэмших эрхээ эдлэхийн тулд чөлөөлүүлэх гэж байгаа гэж яриад байх юм. Тэгэхээр Пүрэвсүрэн гэдэг хүн 2008 онд энэ гражыг бариад эхэлчихсэн байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Энэ газар огт кадастр хийгдэхгүй байж байгаад 2009 оны 11 сарын 08-ны өдөр Цемент Шохой ХК нь кадастр хийлгэсэн гэдэг нь нотлох баримт шинжлэн судлахад гарч ирлээ. Пүрэвсүрэн газар эзэмших хүсэлтээ өгсний дараагаар Дэлгэрмаа энэ газрыг эзэмшиж авсан гэдэг нь харагдаж байгаа. 2008 онд Пүрэвсүрэнг энэ гражын суурийг тавьж байхад энэ газар дээр ямар ч кадастр хийгдээгүй байсан. 2009 онд Цемент Шохой ХК газраа гэрчилгээжүүлж кадастр хийлгэж авсан. Пүрэвсүрэн 2008 онд барьчихсан байсан тул хоёр гражийг хүний газар руу давуулаад барьсан гэдгээ мэдээгүй байх үедээ барьсан байдал харагдаж байгаа. Газрын гэрчилгээ гараагүй нь Пүрэвсүрэнгийн буруу биш. Тухайн албан тушаалтан ажлаасаа гараад явчихсан тул боломжгүй болсон. Тэр хүнийг гэрчээр оруулах гэсэн боловч одоо надад ямар нэгэн баримт байхгүй. Бас газар тариалан эрхэлдэг тул завгүй гээд гэрчээр оролцохгүй гэсэн. Дэлгэрмаа өөрөө би энэ газрыг барьсан гээд байгаа боловч Пүрэвсүрэнг 2008 онд энэ гражыг барьж байсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хэрвээ Дэлгэрмаа гражд хадгалсан зүйлээ авч чөлөөлж өгсөн байсан бол Пүрэвсүрэн гражаа гүйцээж засварлаад түрээслүүлсэн бол олж болох байсан орлогоо нэхэмжилж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү... гэв.

 

Сөрөг нэхэмжлэгч Н.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрвээ Дэлгэрмаа миний гражд юм хийгээгүй байсан бол би машин тавиулсан бол хоногийн 1000 төгрөг, сарын 30.000 төгрөг, жилээр 360.000 төгрөг, 7 жилд 2010 оноос хойш өнөөг хүртэл олох байсан мөнгөө нэхэмжилж байнагэв.

Сөрөг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Энэ сөрөг нэхэмжлэлийг өмгөөлөгч авахаасаа өмнө гаргачихсан байсан нэхэмжлэл байгаа. 2010 онд Дэлгэрмаа байр барихдаа ханыг нь босгоод байсан гражыг дээвэр хаалга хийгээд өөрийнхөө юмыг хадгалсан. Дэлгэрмаа юм аа аваагүй. Хэрвээ Пүрэвсүрэн гражаа дуусгаад нэг гражаа бусдад хөлсөлсөн бол 2.520.000 төгрөгийн орлого олох байсан гэж үзэж сөрөг нэхэмжлэл гаргаж байгаагэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд өргөдөл гаргасан Нацаг овогтой Пүрэвсүрэнгийн гаргасан өргөдөлд дурдагдсан шиг асуудал байхгүй болно. Уг газар нь өмнө олон жил Цемент шохой ХК-ийн эзэмшлийн хуучин хүүхдийн цэцэрлэг байсан газрыг яг тэр хэвээр нь Арбаян шанд ХХК нь шилжүүлэн авсан. Энэ газар нь анхнаасаа Цемент шохой компанийн эзэмшлийн газар байсан. Цемент шохой компанийн эзэмшлийн газар нь манай байгууллагад шилжин орон сууц баригдахаар шилжүүлсэн нь 2008 оны Цемент шохой компанийн манайд хаяглан өгсөн албан тоот бичгээр нотлогдоно. Цемент шохой компанийн газарт уг барилга орон сууцыг барих гэрээний дагуу уг барилга эзэмшил газар дотроо л уг орон сууц, граж баригдсан болохоос хэн нэгний эзэмшлийн газарт орон сууц граж баригдаагүйг тухайн үеийн засаг дарга хүртэл иргэн Н.Пүрэвдоржид албан бичиг өгч хүний эзэмшлийн газар дур мэдэн хуульгүй юм шиг аашилж дураараа граж барихыг завдан суурь ухсанг хууль бус үйлдэл юмаа гээд газрыг чөлөөлөх бичиг засаг дарга өгсөнөөр иргэн Н.Пүрэвсүрэн нь уг газрыг чөлөөлсөн. Н.Пүрэвсүрэн нь анхнаасаа хууль бусаар хүний эзэмшилд дур мэдэн граж барьсанаа хүлээн зөвшөөрч газрыг чөлөөлсөн. Түүнээс хойш гражийн газар манай мэдэлд байсан харин манай барьсан гражийг нурааж граж барьсан Н.Пүрэвсүрэнгийн бид гражийн ажлын хөлс, материал, граж дотор байсан эд материалыг зүй бусаар эзнийх нь зөвшөөрөлгүй хүний эд хөрөнгөнд халдсанд гомдол гаргаж граж дотор байсан хөрөнгөө тоо ёсоор нь нэхэмжлэх болно. Хохирлыг нөхөн төлүүлэх болно. Манайх өөрсдийнхөө л газарт орон сууц, гражаа барьсан байгаа. Манай байгууллага нь хэн нэгний газарт граж бариагүй, хэн нэгний гражийг түрээслэж хэрэглэсэн гэрээ хэлцэл байхгүй. Түрээслэх талаар огт яригдаагүй хийгдээгүй болохоор уг гомдол нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагчийн өмгөөлөгч Л.Цуурай хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөгөө тал өнөөдөр хуульч хүн оролцож байгаа. Энэ шүүх хуралдаан хуулийн дагуу хууль ярьж мэтгэлцэх ёстой. Авгай хүүхний хэрүүл шиг юм ярьж болохгүй. Бид өнөөдөр хоёр граж чөлөөлүүлэх тухай ярьж байгаа. Шүүх нотлох баримт л хэлэлцэнэ. Дэлгэрмаагийн өмч гэдэг нь хавтаст хэрэгт хоёр гэрчилгээ байж байгаа. Хэрвээ энэнээс өмнө төрийн байгууллагаа шүүхэд дуудуулж чадаагүй байгаа. Мөн үүргийн эрх үүсээгүй байхад 2.500.000 төгрөг нэхэмжилдэг тийм хууль байдаг юм уу? Ямар ч нотлох баримт байхгүй байгаа. Дэлгэрмаа Пүрэвсүрэнгийн өмнө ямар нэгэн үүрэг хүлээгээгүй. Нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө үндэслэлгүй байна. Хуулийн ийм заалт зөрчигдөж байгаа гэдгийг хэлж чадахгүй байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, С.Энхбаяр нар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 25 дугаар байрны урд талд байрлах гражийн газар чөлөөлүүлэх, эд хөрөнгөд учирсан хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Пүрэвсүрэнд холбогдуулан гаргасан.

Хариуцагч Н.Пүрэвсүрэн нь олох байсан ашиг гэж 2.520.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч С.Дэлгэрмаад холбогдуулан гаргасан байна.

Нэг. Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, С.Энхбаяр нарын нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Маргаан бүхий газар болох Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гражийн 37.9 м2 газрын анхны эзэмшигч нь Цемент Шохой ХКомпани байсан болох нь 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 267 дугаартай Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын захирамжаар тогтоогдож байна. Уг захирамжаар Хөтөлийн Цемент ШохойХК нь 1603.5м2газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр 2892413 тоот регистртэй, 9011264117 дугаарын улсын бүртгэлтгэлийн гэрчилгээтэй/хх-5/ Арбаян шанд ХХК-нд шилжүүлж/хх-4/ 2010 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сайхан сумын газрын асуудал эрхэлсэн албан тушаалтан Гантөмөрийн Отгонсүрэнтэй газар эзэмших гэрээ/хх-13/-г байгуулж 0209854 дугаартай газрын гэрчилгээг /хх-15/ авсан байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 392 дугаартай захирамжаар нийтийн орон сууцны зориулалтын 1603.5 м2 газраас 145м2 гражийн газар, 45 м2 дэлгүүрийн газрыг АЮ65032501 тоот регистртэй,УБ1110090 дугаарын иргэний үнэмлэхтэй Улаансоёо овогт Самдангийн Дэлгэрмаад 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шилжүүлжээ /хх-9/. Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдөр уг газрын эзэмшигчээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Y1310001579 дугаарт бүртгүүлж, 000162758 дугаарын гэрчилгээг авсан болох нь хавтаст хэргийн 10 дугаарт бэхжигдсэн газар эзэмших гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Дээрх 145 м2 газраас 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Сайхан сумын засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/72 захирамжаар 38.24 м2 газрыг автогражийн зориулалтаар 30 жилийн хугацаатай эзэмших 000612858 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч С.Дэлгэрмаад олгож /хх-16/, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1458 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ /хх-17-19/-г, нэхэмжлэгч С.Энхбаярт 19.26 м2 газрыг 30 жилийн хугацаатай эзэмшүүлэх шийдвэр гарч 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 000612857 дугаартай газар эзэмших гэрчилгээг /хх-27/ нэхэмжлэгч С.Энхбаярт олгож, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 1457 дугаартай иргэнд газар эзэмшүүлэх гэрээг /хх-28-30/ тус тус байгуулсан байна.

Хариуцагч талын хүсэлтээр 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын газрын даамал Ц.Гантөгс Эхлэх цэг Хангай ХХК-ийн геодезийн инженер Ч.Бат-эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй дээрх маргаан бүхий газарт хэмжилт хийж иргэн Н.Пүрэвсүрэнгийн барьсан авто граж нь иргэн С.Энхбаяр, С.Дэлгэрмаа нарын эзэмшлийн талбайд 37.9м2 газарт орсон нь хэмжилтээр тогтоогдсон гэх шинжээчийн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээр Н.Пүрэвсүрэн бусдын эзэмшлийн 37.9 м2 газарт граж барьсан нь тогтоогдсон.

Хариуцагч Н.Пүрэвсүрэн уг хоёр гражийн газар нь нийтийн эзэмшлийн газар байхад би эзэмших тухай хүсэлт гаргаж байсан гэж тайлбарлаж дараах нотлох баримтуудыг ирүүлсэн. Үүнд зээлийн гэрээ/хх-57/, 19 дүгээр цэцэрлэгийн байрлаж байсан байшинг Сэргэлэн пүүс хүлээн авсан акт №1 /хх-58/, Дархан хотын Хөтөл хорооны АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 34 дугаартай тогтоол /хх-59/ газрын кадастрын зураг/хх-60/, Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ /хх-61/, 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар эзэмших 171000125 дугаартай гэрчилгээ/хх-63/ зэрэг нотлох баримтууд болно. Эдгээр нотлох баримтууд нь хариуцагч Н.Пүрэвсүрэнг маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй болохыг нотлох хэрэгт ач холбогдолтой баримтууд биш байна. Хариуцагчийн гаргаж өгсөн газрын кадастрын зураг/хх-60/, Монгол улсын иргэний газар эзэмших гэрээ /хх-61/, 2001 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн газар эзэмших 171000125 дугаартай гэрчилгээ/хх-63/ зэрэгт Сайхан сумын 1 дүгээр багийн 25 дугаар байрны баруун урд талд гражийн газар эзэмших эрхтэй талаар бичигдээгүй байна.

Хариуцагч Н.Пүрэвсүрэнд маргаан бүхий газрыг чөлөөлөх талаар 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын засаг дарга 1/389 тоот /хх-50/ албан тоотоор, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/674 дугаартай албан тоот /хх-20/-оор шаардлагууд тавьж байсан байна.

Дээрх байдлыг дүгнэхэд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь 38.24м2, нэхэмжлэгч С.Энхбаяр 19.26м2 гражийн газрыг 30 жилийн хугацаатай эзэмшихээр Сайхан сумын Засаг даргын шийдвэрийн дагуу эзэмшиж байсан, харин хариуцагч Н.Пүрэвсүрэн дээрх газрыг эзэмших эрхгүй зэрэг нь хангалттай тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хариуцагч Н.Пүрэвсүрэнгээс Сайхан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах нэхэмжлэгч нарын эзэмшлийн гражийн зориулалтай 37.9 м2 газрыг чөлөөлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг хариуцагчийн өмгөөлөгч газрын даамал Сайхан сумын засаг даргын тамгын газар ажилдаг газрын даамалыг шинжээчээр томилуулах хүсэлт ч гаргаагүй. Засаг даргын орлогч Н.Пүрэвсүрэнд газар чөлөөлөх талаар олон удаа албан тоот өгч байсан. Иймд ашиг сонирхлын зөрчил газрын даамалд байсан. Ийм байхад дүгнэлт гарсан учир нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй тохиолдолд дахин дүгнэлт гаргуулах эрх хариуцагч, түүний өмгөөлөгч нарт байдаг. Нөгөө талаас шүүх шинжээч нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9, 13, 14. 17, Эрүүгийн хуулийн 21.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрх үүрэгтэй урьдчилан танилцуулж дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлт нь газрын болон кадастрын хуулийг зөрчөөгүй байна. Газрын даамалыг шинжээчийн дүгнэлт гаргахад ашиг сонирхлын зөрчилтэй гэж хариуцагч тал тайлбарлаж байгаа ч энэ талаар үндэслэл бүхий нотлох баримтгүйэнэ байдлаа нотолж чадахгүй байна. Иймд шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн болно.

Шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон Эхлэх цэг ХангайХХК нь шинжээчийн хөлс 150.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ хөлсний талаар хариуцагч талаас маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нөхөн төлөгдөх хөлс-д тооцож шинжээчийн ажлын хөлс 100.000 төгрөг, тээврийн зардал 50.000 төгрөгийг хариуцагч Н.Пүрэвсүрэнгээс гаргуулж Эхлэх цэг Хангай ХХК-нд олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хуучин граж дотор байсан эд хөрөнгөд учирсан хохирол төлүүлэх шаардлага гаргасан боловч ямар эд хөрөнгө байсан нь тодорхойгүй энэ талаар нэхэмжлэгч нотлох баримт ирүүлээгүй.

Шүүх хуралдаанд оролцсон гэрч О.Мөнхбатын тэнд хүнд хэрэглэхээр юм байгаагүй...хэдэн хөндлөвч мод, 26 ширхэг блок, хар фаниар зэргийг би авсан гэж мэдүүлж байна. Энэ мэдүүлгээр ч хэдэн тооны ямар эд зүйл байсан нь ч бүрэн тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа хэдэн төгрөгний ямар хөрөнгө байсныг нотолж чадахгүй байх тул энэ шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч тал гражийн газарт газрын даамалыг оролцуулж үзлэг хийлгэх тухай хүсэлтийг 2018 оны 03 дугаар сарын 29-нийөдөр гаргасан боловч энэ хүсэлтээсээ татгалзсан болох нь шүүх хуралдаан дээр хариуцагчийн өмгөөлөгчийн бид газарт үзлэг хийгэхээс татгалзаж дүгнэлт гаргуулсан гэх тайлбараар нотлогдож байна.

Хоёр: Хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн сөрөг нэхэмжлэлийн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар хариуцагч Н.Пүрэвсүрэн нь 2010 оноос 2017 оныг дуустал хугацаанд С.Дэлгэрмаа миний гражийг складаар ашиглаж надад хохирол учруулсан. Иймд 1 жилийн 360.000 төгрөг нийт 10 жил эд хөрөнгө хадгалж 2.520.000 төгрөгөөр хохироосон хохирол гэж нэхэмжлэгч С.Дэлгэрмаагаас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Дээрх газар дээр блокоор 4 талыг нь битүүлж дээвэртэй барилга байсан болох нь хариуцагчийн нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 66-68 дугаар хуудаст бэхжигдсэн гэрэл зурагнаас тогтоогдож байна. Энэ газрын хууль ёсны эзэмшигч Цемент шохой ХХК-иас, Арбаян шанд ХХК-нд,Арбаян шанд ХХК-иас нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, С.Энхбаяр нарт газар эзэмших эрх шилжсэнболох нь тогтоогдсон. Хариуцагч миний эзэмшлийн гарж гэж байгаа ч нотлож чадаагүй. Иймд нэхэмжлэгч С.Дэлгэрмааг Н.Пүрэвсүрэнгийн эзэмшлийн гражид эд зүйлээ 7 жилийн хугацаанд хадгалж хариуцагчийн олох байсан ашиг 2.520.000 төгрөгний хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагчийн нэхэмжилсэн 2.520.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг,хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.000 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тусхэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.2 зааснаар хариуцагч Н.Пүрэвсүрэнгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дэлгэрмаа. С.Энхбаяр нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн 25 дугаар байрны зүүн талд байрлах нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, С.Энхбаяр нарын эзэмшлийн 37.9м2 газрыг хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх эд хөрөнгө гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч Н.Пүрэвсүрэнгийн 2.520.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс 100.000 төгрөг, тээврийн зардал 50.000 төгрөгийг хариуцагч Н.Пүрэвсүрэнгээс гаргуулж Эхлэх цэг Хангай ХХК-нд олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг, нэхэмжлэгч Н.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 56.000 төгрөгийг төрийн сангийн орлогод тус тус хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56.2-т зааснаар хариуцагч Н.Пүрэвсүрэнгээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Дэлгэрмаа. С.Энхбаяр нарт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр бичигдэхийг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4-т зааснаар шийдвэр бүрэн эхээр бичигдсэнээс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.

7.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаасаа хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                   А.НАРАНТУЯА