Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/313

 

 

 

 

 

 2020             8               17                                       2020/ШЦТ/313

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буяннэмэх,  

Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Азжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа,

Шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х Ш М-дхолбогдох эрүүгийн 1934006590288 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Х Ш М, 1971 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малын эмч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо 3-71А тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ПЮ71020914 регистрийн дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн

17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

Шүүгдэгч Ш.Мын өгсөн: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй гэх,

 

Талуудын хүсэлтээр хавтаст хэргээс:

 

Шүүгдэгч Ш.Мын яллагдагчаар өгсөн: Би 2019 оны 7 дугаар сарын 21-ны өдөр манай ажлаас урд зүгт байрлах хөнгөн цагааны үйлдвэрийн баруун талд  “Бөхөг”-ийн гол гэх газарт аж ахуй дээрээ байхад Бат-Өлзий гэх мотоциклтой ирээд суурин блок, шигшүүр төмөр худалдаж авах уу манай байгууллага энд үйл ажиллагаа явуулхаа больсон би цалиндаа авсан гэж хэлсэн. Тэгхээр нь би үнэн үү гэхэд надаас  өөр мэдэж байгаа хүн байхгүй гэж хэлсэн. Тэгхээр нь би надад одоогоор мөнгө байхгүй гэж хэлэхэд надад 300 000 төгрөг хэрэгтэй байна дараа нь оронд нь 5 машин элс хайрга авъяа гэж хэлсэн. Тэгээд би бэлэн 300 000 мянган төгрөг өгөөд 8 сард элс хайрга авна гэж хэлээд явсан. Би суурийн блок 1 том, 8 жижиг тэгээд шигшүүр төмөр 1 ширхгийг 14 цагийн орчим очиж ачаад өөрийнхөө ажлын байран дээр буулгасан. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа машинтай 1 эмэгтэй хүн над дээр ирээд та нар манай юмыг ачиж авч явсан байна гэж хэлсэн. Тэгэхэд л хүнийх гэдгийг нь мэдсэн. Би Бат-Өлзий гэх хүнийг танихгүй, утасны дугаарыг нь мэдэхгүй, хааяа манай тэрүүгээр л явж байгаа харагддаг байсан. Манайд ажилладаг Амгаланбаатар, Хаянхярваа бид  гурав очиж авсан. Би байгууллагын машин болох 2889 УНХ улсын дугаартай Норд Бенз, Бадамсүрэн гэх хүний кобш зэргээр ачиж явсан. 2889 УНХ улсын дугаартай Норд Бензын тээврийн хэрэгслийн эзэн нь “Дабаль мөнх” ХХК-нийн машин байгаа юм. Захирал нь Лхагвасүрэн гэж хүн байдаг. Би Бадамсүрэнг одоо хаана байгааг мэдэхгүй. Манай байгууллагад 20 орчим хоног ажиллаж байгаад яваад өгсөн. Тухайн үед би цоо эрүүл байсан. Миний буруу. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна. Би шүршүүрийн төмрийг хувьдаа ашиглаж хашааны хаалга, шон зэрэгт хийсэн, суурийн блокийг Дабль хөх нэртэй миний ажилладаг байгууллагын машины зогсоолын талбайн далан хийхээр 6-7 ширхгийг ашигласан, үлдсэнийг нь гэрийнхээ хашааны сууринд ашигласан гэх мэдүүлэг /хх 75, 113/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Цэцэгжаргалын өгсөн: Би Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг “Бөхөг” гэдэг газар Гангар инвест ХХК-нийн карерийн хашааг манаад, хажуугаар нь малаа маллаж амьдардаг. Би энэ байгууллагад 2012 оны 4-р сараас хойш тогтмол ажиллаж байгаа нийт 8  жил ажилласан. Надаас өөр сахиул хийдэг хүн байхгүй би ганцаараа ажилладаг. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 21-ны өдөр хашаагаа эзгүй орхиод Улаанбаатар хот яваад 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн урд байсан том цагаан өнгийн суурийн блок 17-18 ширхэг,  хайрганы шигшүүр төмөр 1 ширхэг иж бүрнээрээ алга болсон байсан. Тэгээд тухайн үед цагдаад хандсан. Би алдсан гэх эд зүйлийг хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. “Гангар инвест” ХХК-нийн эд хөрөнгө байгаа юм. Эд зүйлээ 6 сая төгрөгөөр үнэлж байна. Би алдсан гэх эд зүйлээ хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сарын 21-ны өдөр харсан. Манай гэрийн ойролцоо Отгоо, Лхагвасүрэн гэх айлууд байдаг. 2015 онд бас вакум цонх, шигшүүрийн нь хулгайд алдаж байсан. Тэр шигшүүрийг зориулалтын өргөдөг машинаар өргөсөн байх намайг анх очиход том машины мөр байсан. Манай байгууллагад улаан мотоциклтой хүн байхгүй. М гэх хүн худлаа ярьж байна. Би Мад хандан чи тэр хүнээ олоод өг гэхэд би тэр хүнээ сайн танихгүй нэрийг нь мэдэхгүй гэж надад хэлээд худлаа яриад байгаа. Миний хохирлыг барагдуулбал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /хх 23-25, 98/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Энхбатын өгсөн: 2889 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би өөрөө тухайн машиныг унаж хэрэглэдэггүй тухайн машин бол том оврийн ачааны Нордбенз маркийн машин байгаа. Би тухайн машиныг жолооч цалинжуулан 7-10 хоногоор тээвэрт явуулдаг олон жолооч надаас ээлжээр авч тээвэрт явдаг байсан.  2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр надаас ямар хэн гэдэг жолооч машиныг унаж явсан талаар сайн мэдэхгүй байна. Нэг жолооч ойролцоогоор 7-10 хоног надаас машиныг явдаг өдрийн 30 000 төгрөгөөр тооцдог өөрөөр хэлбэл жолоочийг өдрийн 30 000 төгрөгөөр цалинжуулдаг ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийдэггүй болохоор тухайн үед ямар жолооч унаж явсныг би мэдэхгүй байна. Би Ш.М гэх хүнийг огт танихгүй. Миний машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан талаар би огт мэдээгүй байж байгаад сүүлд цагдаа над руу ярихад би сонссон. Хэрэв миний 2889 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болговол би гэм буруутай этгээдээс тухайн машинаа нэхэмжлэх болно. Үнэлгээний байгууллагын тогтоосон үнийн дүнгээр нэхэмжилнэ. Тухайн машинаар би амьдралын эх үүсвэрээ залгуулдаг учир миний машиныг битгий улсын орлого болгооч гэж холбогдох байгууллагаас хүсэж байна гэх мэдүүлэг /хх 29-31/,

 

Гэрч М.Амгаланбаатарын өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хийж байтал цагийг сайн мэдэхгүй байна манай ажлын М гэж хүн юм ачаад ирье гэсэн. Тэгээд Хаянхярваа бид гурав ажлаасаа урагш 5 км орчим яваад нэг айлын урд талд байсан бетонон суурин блок, шигшүүр төмрийн рам зэргийг Норд бенз сомасмол дээр ачаад ирье гэхээр нь л би хамт явсан. Урагшаа яваад блок ачаад ирье гэсэн өөр зүйл яриагүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Өөрийнх нь блок, төмөр юм болов уу гэж бодоод хамт явсан.10-аад тооны блок, 4х2 хэмжээтэй байх шигшүүр төмөр 1 ширхгийг ачсан. Норд бенз сомасмол, ковштой явж ачсан. Тэр хоёр хоёулаа манай компанийн машинууд. М нь манай карерийн дарга ажилтай би ажилчин нь байгаа. Би тухайн үед тэр эд зүйлийг хүнийх гэж мэдээгүй гэх мэдүүлэг /хх 37-38/,

 

Гэрч П.Хаянхярваагийн өгсөн: 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байтал М урагшаа яваад юм ачмаар байна гээд Амгаланбаатар М бид гурав 2019 оны 7 дугаар сарын 21-ны өдөр 11-12 цагийн үед шувуун Фабрикаас урагшаа ковш, норд сомасмол аваад 5 орчим км яваад нэг айлын урд талд байсан суурин блок 10 ширхэг, нэг том шигшүүр төмөр 1 ширхгийг ачаад ажил дээрээ авчирсан өөр зүйл болоогүй. Норд бенз сомсамол, ковштой явж ачсан. Тэр хоёр машин нь хоёулаа манай компанийн машинууд байгаа юм. М нь манай компанийн карерийн дарга ажилтай би ажилчин нь байгаа юм.  М юм ачаад ирье гэж хэлсэн надад өөр мэдэх зүйл байхгүй. Би хүнийх гэж мэдээгүй. Тэр гэрт хүн байхгүй байх шиг байсан гэх мэдүүлэг /1 хх 39-40/,

 

Гэрч Д.Дашдэмбэрэлийн өгсөн: Би Цэцэгжаргал гэх хүнийг танина. Харин Ш.М гэх хүнийг танихгүй. Цэцэгжаргал нь манай багийн нутаг “Бөхөг” гэх газарт амьдардаг. Би Цэцэгжаргалийн хашаанд хулгай орж эд зүйл алдагдсан талаар сонссон. Цэцэгжаргалын ойролцоо Улаанбаатар хотын нэг айл байгаа өөр айл байхгүй. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Цэцэгжаргалын алдсан гэх эд зүйлийг харвал би танихгүй гэх мэдүүлэг /хх 41-42/,

 

Гэрч Г.Болдбаатарын өгсөн: Би Л.Цэцэгжаргал, Ш.М гэх хүмүүсийг танихгүй. Цэцэгжаргалын хашаанд байсан эд зүйл алдагдсан талаар дам сонссон. Манай тэр хавиар ер нь айл байхгүй хулгай орсон гэдэг айл манайхаас 5 км орчим км зайтай байдаг. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй. Цэцэгжаргалын алдсан гэх эд зүйлийг харвал би танихгүй гэх мэдүүлэг /хх 43-44/,

 

Хан Үнэлэмж ХХК-н 2019 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн “ Швеллер, булан төмөр, суурин блок зэрэг нь 6 956 290 төгрөг.” гэх үнэлгээний тайлан / хх 10-11/,

 

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/259 дугаартай “... Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл 29 750 000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх 56-63/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2020 оны 6 дугаар сарын 26-ний өдрийн 09/275 дугаартай шинжээчийн дүгнэлт: "Ш.Мын унаж явсан гэх тээврийн хэрэгслийн зах зэлийн үнэ нь 2019 оны 7 дугаар сарын 21-ны өдрийн байдлаар 16 666 700 мянгөн төгрөг болно." гэх /хх 101-109/,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Цэцэгжаргалын гаргасан өргөдөл /хх 2-3/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-11/, Мөрдөгчийн илтгэх хуудас /хх 12-14/, Эд хөрөнгө битүүүмжлэх тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 16-17/, Гангар инвест ХХК-нийн 2020.4.21-ны 01/142 дугаартай албан бичиг /хх 20/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 49/, Ш.Мын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх 78-91, 119-122/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх 92-93/, Төв аймгийн автотээврийн төв лавлагаа /хх 97/, бэлэн мөнгөний орлогын баримт /хх 99/,  хохирогч Л.Цэцэгжаргалын гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй М нь хохирлоо бүрэн төлж барагдуулсан гэх хүсэлт /хх 130/ зэрэг болно.

 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:   

 

Шүүгдэгч Ш.М нь хууль зүйн хувьд шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйл баримт тогтоогдсон.

 

Ш.Мын дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ш.М нь 2019 оны  7 дугаар сарын 21-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бөхөг” гэх газарт байрлах "Гангар инвест” ХХК-ны эзэмшлийн талбайгаас 2889 УНХ улсын дугаартай Норд бенз загварын тээврийн хэрэгсэл, ковш зэргийг ашиглаж швеллер, булан төмөр, суурийн блок зэргийг хууль бусаар авч бусдад 6 956 290 төгрөгийн хохирол учруулсан нь болох нь:  

Шүүгдэгч Ш.Мын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "Би 2019 оны 7 дугаар сарын 21-ны өдөр суурийн блок 1 том, 8 жижиг тэгээд шигшүүр төмөр 1 ширхгийг 14 цагийн орчим очиж ачаад өөрийнхөө ажлын байран дээр буулгасан. Тэрнээс хойш 7-8 хоногийн дараа машинтай 1 эмэгтэй хүн над дээр ирээд та нар манай юмыг ачиж авч явсан байна гэж хэлсэн. Тэгэхэд л хүнийх гэдгийг нь мэдсэн. Би Бат-Өлзий гэх хүнийг танихгүй, утасны дугаарыг нь мэдэхгүй, хааяа манай тэрүүгээр л явж байгаа харагддаг байсан. Манайд ажилладаг Амгаланбаатар, Хаянхярваа бид гурав очиж авсан. Би байгууллагын машин болох 2889 УНХ улсын дугаартай Норд Бенз, Бадамсүрэн гэх хүний кобш зэргээр ачиж явсан. 2889 УНХ улсын дугаартай Норд Бензын тээврийн хэрэгслийн эзэн нь “Дабль мөнх” ХХК-нийн машин байгаа юм. Захирал нь Лхагвасүрэн гэж хүн байдаг. Би Бадамсүрэнг одоо хаана байгааг мэдэхгүй. Манай байгууллагад 20 орчим хоног ажиллаж байгаад яваад өгсөн. Би бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулна. Би шүршүүрийн төмрийг хувьдаа ашиглаж хашааны хаалга, шон зэрэгт хийсэн, суурийн блокийг Дабль хөх нэртэй миний ажилладаг байгууллагын машины зогсоолын талбайн далан хийхээр 6-7 ширхгийг ашигласан, үлдсэнийг нь гэрийнхээ хашааны сууринд ашигласан." гэх мэдүүлэг /хх 75, 113/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Цэцэгжаргалын өгсөн: "Би Төв аймгийн Алтанбулаг сумын Аргаль 2 дугаар багийн нутаг “Бөхөг” гэдэг газар Гангар инвест ХХК-нийн карьерийн хашааг манаад, хажуугаар нь малаа маллаж амьдардаг. Би энэ байгууллагад 2012 оны 4-р сараас хойш тогтмол ажиллаж байгаа нийт 8  жил ажилласан. Надаас өөр сахиул хийдэг хүн байхгүй би ганцаараа ажилладаг. Тэгээд 2019 оны 7 дугаар сарын 21-ны өдөр хашаагаа эзгүй орхиод Улаанбаатар хот яваад 18 цагийн орчим гэртээ ирэхэд манай гэрийн урд байсан том цагаан өнгийн суурийн блок 17-18 ширхэг,  хайрганы шигшүүр төмөр 1 ширхэг иж бүрнээрээ алга болсон байсан. Тэгээд тухайн үед цагдаад хандсан. Би алдсан гэх эд зүйлийг хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна. “Гангар инвест” ХХК-нийн эд хөрөнгө байгаа юм. Эд зүйлээ 6 сая төгрөгөөр үнэлж байна. Би алдсан гэх эд зүйлээ хамгийн сүүлд 2019 оны 7 дугаар сарын 21-ны өдөр харсан. Манай гэрийн ойролцоо Отгоо, Лхагвасүрэн гэх айлууд байдаг. 2015 онд бас вакум цонх, шигшүүрийн нь хулгайд алдаж байсан. Тэр шигшүүрийг зориулалтын өргөдөг машинаар өргөсөн байх намайг анх очиход том машины мөр байсан. Манай байгууллагад улаан мотоциклтой хүн байхгүй. М гэх хүн худлаа ярьж байна. Би Мад хандан чи тэр хүнээ олоод өг гэхэд би тэр хүнээ сайн танихгүй нэрийг нь мэдэхгүй гэж надад хэлээд худлаа яриад байгаа. Миний хохирлыг барагдуулвал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна." гэх мэдүүлэг /хх 23-25, 98/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Энхбатын өгсөн: "2889 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бол миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би өөрөө тухайн машиныг унаж хэрэглэдэггүй тухайн машин бол том оврийн ачааны Нордбенз маркийн машин байгаа. Би тухайн машиныг жолооч цалинжуулан 7-10 хоногоор тээвэрт явуулдаг олон жолооч надаас ээлжээр авч тээвэрт явдаг байсан.  2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр надаас ямар хэн гэдэг жолооч машиныг унаж явсан талаар сайн мэдэхгүй байна. Нэг жолооч ойролцоогоор 7-10 хоног надаас машиныг явдаг өдрийн 30 000 төгрөгөөр тооцдог өөрөөр хэлбэл жолоочийг өдрийн 30 000 төгрөгөөр цалинжуулдаг ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийдэггүй болохоор тухайн үед ямар жолооч унаж явсныг би мэдэхгүй байна. Би Ш.М гэх хүнийг огт танихгүй. Миний машиныг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан талаар би огт мэдээгүй байж байгаад сүүлд цагдаа над руу ярихад би сонссон. Хэрэв миний 2889 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болговол би гэм буруутай этгээдээс тухайн машинаа нэхэмжлэх болно. Үнэлгээний байгууллагын тогтоосон үнийн дүнгээр нэхэмжилнэ. Тухайн машинаар би амьдралын эх үүсвэрээ залгуулдаг учир миний машиныг битгий улсын орлого болгооч гэж холбогдох байгууллагаас хүсэж байна." гэх мэдүүлэг /хх 29-31/,

Гэрч М.Амгаланбаатарын өгсөн: "2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хийж байтал цагийг сайн мэдэхгүй байна манай ажлын М гэж хүн юм ачаад ирье гэсэн. Тэгээд Хаянхярваа бид гурав ажлаасаа урагш 5 км орчим яваад нэг айлын урд талд байсан бетонон суурин блок, шигшүүр төмрийн рам зэргийг Норд бенз сомасмол дээр ачаад ирье гэхээр нь л би хамт явсан. Урагшаа яваад блок ачаад ирье гэсэн өөр зүйл яриагүй. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Өөрийнх нь блок, төмөр юм болов уу гэж бодоод хамт явсан.10-аад тооны блок, 4х2 хэмжээтэй байх шигшүүр төмөр 1 ширхгийг ачсан. Норд бенз сомасмол, ковштой явж ачсан. Тэр хоёр хоёулаа манай компанийн машинууд. М нь манай карерийн дарга ажилтай би ажилчин нь байгаа. Би тухайн үед тэр эд зүйлийг хүнийх гэж мэдээгүй." гэх мэдүүлэг /хх 37-38/,

Гэрч П.Хаянхярваагийн өгсөн: "2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ байж байтал М урагшаа яваад юм ачмаар байна гээд Амгаланбаатар М бид гурав 2019 оны 7 дугаар сарын 21-ны өдөр 11-12 цагийн үед шувуун Фабрикаас урагшаа ковш, норд сомасмол аваад 5 орчим км яваад нэг айлын урд талд байсан суурин блок 10 ширхэг, нэг том шигшүүр төмөр 1 ширхгийг ачаад ажил дээрээ авчирсан өөр зүйл болоогүй. Норд бенз сомсамол, ковштой явж ачсан. Тэр хоёр машин нь хоёулаа манай компанийн машинууд байгаа юм. М нь манай компанийн карерийн дарга ажилтай би ажилчин нь байгаа юм.  М юм ачаад ирье гэж хэлсэн надад өөр мэдэх зүйл байхгүй. Би хүнийх гэж мэдээгүй. Тэр гэрт хүн байхгүй байх шиг байсан." гэх мэдүүлэг /1 хх 39-40/,

Хан Үнэлэмж ХХК-н 2019 оны 8 дугаар сарын 27-ний өдрийн “ Швеллер, булан төмөр, суурин блок зэрэг нь 6 956 290 төгрөг.” гэх үнэлгээний тайлан / хх 10-11/,

“ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-ны 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 09/259 дугаартай “... Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл 29 750 000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх 56-63/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 10-11/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 16-17/, Гангар инвест ХХК-нийн 2020.4.21-ны 01/142 дугаартай албан бичиг /хх 20/, Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх 92-93/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Ш.Мыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан хэргийн зүйлчлэл тохирсон байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Ш.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ц.Энхбатын эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 29 750 000 төгрөгийг шүүгдэгч Ш.Маас гаргуулж улсын төсөвт оруулж,

Хохирогч байгууллага "Гангар инвест" ХХК, иргэний нэхэмжлэгч Л.Цэцэгжаргал нарт тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял оногдуулах,

шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэх саналыг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул,

шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн доод хэмжээгээр буюу 2 жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х Ш Мыг машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ш.Мыг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мад оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Ц.Энхбатын эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийн үнэ 29 750 000 /хорин есөн сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг шүүгдэгч Ш.Маас гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Хэрэгт Ц.Энхбатын эзэмшлийн Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлыг гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Мад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ