| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0146/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/158 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч П.Баясгалан, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй
иргэдийн төлөөлөгч Д.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч хяналтын прокурор Э.Ариунболд,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо, Г.Наранбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д*******,
шинжээч эмч С.Т,
гэрч Б.С*******э,
шүүгдэгч Ч.Б******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн Б*******д холбогдох эрүүгийн 1907000000139 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, -ны өдөр аймгийн суманд төрсөн, , , , , , , , ******* тоотод оршин суух, регистрийн ******* дугаартай, ******* овогт *******ийн Б*******.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Ч.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд Д.Г*******той маргалдан улмаар цээжин тус газарт нь нэг удаа хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Б******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаач найз маань сайн хүн байсан. Бүх хүмүүсээс уучлалт гуйя. Би найзыгаа алъя гэсэн сэдэл байгаагүй. Хутга бариад авахад нь намайг дүрчих байх гээд тэвэрч аваад унагаасан. Би хутга дүрэгдсэн гэдгийг мэдээгүй. Шалан дээр цус гарах үед мэдсэн. Би сандарсандаа бентээр биеийг нь ороогоод С*******ийг цагдаа эмнэлэг дууд маш хурдан ирээрэй гэж хэл гэсэн. Тэгээд би тэврээд сууж байсан. Юу ч ярьж чадаагүй нас барсан...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б******* гэдэг залууг нэг удаа харж байсан. Манай дүү ганцаараа амьдарч байсан. Б******* ч бас ганцаараа амьдарч байсан. Энэ хоёр сайхан найзууд байсан. Дүүгээ хаана байна гээд залгах болгонд Б*******гийнд л байна гэдэг байсан. Б******* оршуулгын зардалд 3.500.000 төгрөг өгсөн. 49 хоног дээр 2.000.000 төгрөг өгсөн. Энэ залууг өрөвдөөд байх юм. Одоо 1.000.000 гаран төгрөгийг нэхэмжилж байна гомдол санал байхгүй...” гэв.
Гэрч Б.С*******э шүүхийн хэлэлцүүлэгт: “...10 дугаар сарын 06-нд хагас сайн өдөр байдаг. Эхний 7 хоногт талийгаач шүүгдэгч хоёр миний машиныг унаад алга болсон. Тэгээд 7 хоногийн сүүлд энэ хоёр над дээр уучлалт гуйх гээд бид манай хүүг салхилуулах гээд Гордок руу Б*******гийн гэр рүү явсан. Тэгтэл талийгаач ахындаа засвар хийнэ гээд явсан. Орой халамцуу хаалга нүдээд орж ирсэн. Б******* найзыгаа ирнэ гээд халуун хоол хийгээд нэг шил архи авсан байсан. Тэгээд энэ хоёр нөгөө өрөөнд юм яриад суугаад байсан. Би хүүтэйгээ нөгөө өрөөнд байсан. Тэгтэл талийгаачийн дуу чангараад бөө сахиус буулаа гээд орилоод байсан. Тэгтэл удаагийн түс тас гээд явсан. Ороод хартал ноцолдоод байгаа нь мэдэгдэхгүй байж байсан. Би хараа муутай болохоор яагаад байгааг нь хараагүй. Тэгээд бид тэр хавийн айлуудаас тусламж гуйсан боловч нэг ч хүн байгаагүй. Тэгээд би буцаад гэртээ ортол талийгаачийн биеэс цус гарсан байсан. Би цагдаа эмнэлэг рүү нэлээн удаа залгасан. Цагдаа ирж баахан үзлэг хийж байгаад Б******* бид хоёрыг аваад явсан. Тэгэхэд өглөө 4 цаг болж байсан. Хүүхэд маань таталт өгөөд шээж баагаад хэцүү байсан. Тэгээд хэлтэс дээр ирээд надаас мэдүүлэг авсан. Тэр үед би их цочролд орсон байсан...” гэв. Шинжээч эмч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “....талийгаачийн биед хийсэн үзлэгээр хутганы ирийг өвчүү тал руу харуулж хөндлөн байдлаар зүрхэн тус газар хутгалсан байсан. Хутганы ажлын хэсэг 12 см боловч биед нэвтэрсэн байдлыг багажаар хэмжихэд 19 см байсан. Учир нь зүрх нь хөндий эрхтэн учир шархаар бус цаад ханаар нь хэмжиж гаргасан. Талийгаачийн амь насыг аврах ямар ч боломжгүй .” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараахь нотлох баримтыг шинжлэн судлав.
Үүнд: Шүүгдэгч Ч.Б******* нь яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 05 ны орой надад найз Г*******ийгоо ална гэсэн санаа байгаагүй. тэр нь юугаар нотлогдох юэ гэхээр Г******* намайг унтаж байхад сэрээж босгоод архи ууя гээд хамт архи уусан. Архи ууж байхдаа намайг хөгшин авгайгийн өврөөс гарч чадахгүй байгаа юм уу чи намайг таних уу гээд архины шилээр зангаж зангаж байгаад миний толгой руу хүчтэй биш цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун гараараа түүний хамранд нь зөөлхөн цохисон. Тэгэхэд талийгаач эргээд ширээн дээр байсан хутгыг шүүрээд авахаар нь хоёр гарынх нь доогуур хоёр гараа оруулж хойноос нь цээжээр нь тэврээд баруун гар тал руугаа дараад хөлөөрөө дэгээдээд шалан дээр унагасан. Тэр унахдаа доошоо харж унасан ба би дээр нь дараад унасан. Тэгтэл хэсэг хугацааны дараа Г*******ийн цээжнээс цус гараад шалан дээр урсахлаар нь дээш харуулаад цамцыг нь сөхөөд харахад цээжнээс нь цус гарч байсан. Тэгээд би тэр даруйдаа ширээн дээр байсан бентийг аваад цээжийг нь ороосон боловч цус нь тогтоох арга хэмжээ авсан боловч нэмэр болоогүй талийгаач гуч орчим минутын дараа нас барсан. Талийгаачийг хутга авангуут би цээжээр нь тэвэрч шалан дээр унагаагүй байсан бол талийгаач намайг хутгалах байсан. Ер нь хүнтэй маргалдахаар хутга аваад л хүн руу дайрдаг хүн байсан гэсэн мэдүүлэг./хх-ийн 126-127 р хуудас/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие талийгаач дүүгээ 2019 оны 10 дугаар сарын 06- ны өдөр Налайх дүүргийн нутаг дэвсгэрт бусдын гарт амь насаа алдсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
Гэрч Б.С*******э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 05-ны өглөө Г******* хонхорт байх гэрээрээ дайраад цаашаа жаргалант явна гээд гараад явсан. Тэгээд бид гурав өдөржингөө гэртээ байсан ба орой 21 цагийн үед Г******* архи уусан бололтой нэг шил архи бариад согтуу ирсэн. Тэгээд Г******* авчирсан архиа задлаад Б*******тэй хувааж уусан. Ууж байгаад болингуут нь би тал шил архийг нь аваад нуусан. Тэгээд Г*******ид хамгийн цаад талын өрөөнд ор засаад Б******* оруулж унтуулах гэхэд Г******* надаас архиа нэхээд миний зүрх зогсвол та нар миний амийг хариуцах уу гээд коридорт зогсоод цээжээ цохиод байсан. Тэгээд агсан тавиад болохгүй болонгуут Б******* өгчих өгчих гэхээр нь би ямар аймаар залуу вэ цохиод авах вийдээ гэж бодоод архийг нь гаргаад өгөхөд аваад өрөөндөө орсон. Тэгээд архиа уугаад унтахгүй гар утсан дээрээ дуу тавиад чанга дуугаргаад байхаар нь Б******* Г болиоч ээ бид нар aмaрмaap байна гэхэд үгэнд нь орохгүй байсан. Б******* хүү бид гурав том өрөөнд цонхны урд талаар ор засаад унтах гэж байсан юм. Тэгээд болохгүй болохоор нь Б******* харь гээд өрөөнөөс нь гаргаад ирэхэд Г******* өөдөөс нь барьцалдаад авсан. Тэгээд хоорондоо ноцолдож байгаад коридорт байсан угаалгын машиныг шалан дээр унагаахад маш чанга дуу гарсан. Тэгээд би босоод коридорынх нь гэрлийг асаагаад харахад Г*******ийн байсан өрөөний үүдэнд хоёулаа газар хэвтээд ноцолдоод байсан. Тэгэхээр нь би гадна хаалгыг нь онгойлгоод хажуу талын хоёр айпынх нь хаалгыг цохиж хүнээс тусламж хүссэн болов ч ямар ч хүн гарч ирээгүй мөн доод талынх нь айлуудаас ямар нэгэн хүн гарч ирээгүй. Тэгээд буцаад ороод ирсэн чинь Г*******ийн хэвлий хэсгээс нь цус гарсан Б******* даавуугаар цээжийг нь ороогоод байж байсан. Яачваа гэхэд Б******* хутга л гэж нэг зүйл хэлсэн. Тэгээд би айгаад гал тогооны өрөөнд ороод 103, 102-руу залгаж дуудлага өгсөн. Тэгээд Г******* амьсгал хураахынхаа өмнө чамайг дандаа би нууж явсан, чи худалч хуурамч залуу шүү гэсэн утгатай зүйлийг Б*******д хэлээд амьсгал хураасан. Хутга бол хэн авсныг би мэдээгүй, Б******* би найзыгаа хутгаар хатгасан чинь цус гараад байна түргэн хурдан ирээсэй гээд сандраад байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-36 дугаар хуудас/
Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлагын дагуу жолоочийн хамтаар ******* тоот байранд 00 цаг 45 минутанд очсон. Өвчтөн хаана байгаа талаар асуухад дунд талын том өрөөнд хэвтэж байгаа гэсний дагуу уг өрөөнд ороход 45 орчим насны хүн буйдан, ширээ хоёрын дунд талд шалан дээр цус алдсан байдалтайгаар хэвтэж байсан. Ингээд анхан шатны үзлэг хийхэд хүүхэн хараа өргөссөн, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон, бүх бие нь цайж хөшсөн байсан тул 00 цаг 50 минутанд тухайн хүнийг нас барсан гэсэн бичиг хийж тэнд ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 41 дүгээр хуудас/
Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хаалгаар дотогшоо ороход коридорын хэсэгт хувцас нь цусаар бохирлогдсон хүн зогсож байсан ба гал тогооны цаад талын том өрөөнд ороход буйдан, ширээ хоёрын завсарт шалан дээр нэг хүн хэвтэж байсан ба түүний бие, доод талаар болон ойр орчимд цусаар бохирлогдсон байсан. Мөн дэргэд нь цагаан өнгийн бариултай хутга байсан. Тэгээд юу болсон яасан талаар нь тухайн хоёр хүнээс асууж тодруулахад нь би хүн алчлаа, хүн алчлаа гээд байсан, эмэгтэй нь болохоор энэ залуу хүн алчлаа гээд тухайн рүү хандаж хэлээд байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 43 дугаар хуудас/
Шинжээч эмч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач Д.Г*******ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр биед үүссэн шархыг нь харахад хутганы ажлын хэсэг хөндлөн байрлалтай, ир тал нь өвчүү буюу цогцосны баруун тал руу, мөр тал нь хөхний тал руу буюу баруун тал руу байрлалтай, урдаас арагш, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлтэй шарх байсан. Талийгаачийн шарх хөндийт эрхтэнлүү нэвтэрч орсон ба ойролцоогоор 19 см урттай байх бөгөөд хэрвээ өөрийгөө хутгалсан бол өөрийнх нь хүчнээс давсан хүчээр хатгагдах үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг, /хх-ийн 52 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 21 дүгээр: “1. Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, доод урууланд шарх, нүүр, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, доод урууланд шарх, нүүр, цээжинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 4. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхийг нэвт хатгасны улмаас үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдаж зүрх чихэлдэж нас баржээ. 5. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэнч амь насыг аврах боломжгүй байжээ. 7. Талийгаачийн нас барсан хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно. 8. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна. 9. Талийгаачийн цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, /хх-ийн 47-48 дугаар хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4973 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн майк, цамцанд зүсэгдэлт хурц иртэй, мөртэй зүйлийн үйлчлэлээр шинээр гарсан байна. Бусад хувцас гэмтэлгүй байна. 2. Зүсэгдэлтүүд шинжилгээнд ирүүлсэн хутгаар гарсан байж болно.” гэх дүгнэлт, /хх-ийн 57 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4972 дугаар: “1. Шинжилгээнд хар цагаан бариултай хутганаас 1 ширхэг гарын мөр илэрсэн . 2. Илэрсэн 1 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй” гэх дүгнэлт, /хх-ийн 81 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/522 дугаар: “1. Ч.Б*******гийн биед баруун шуу , бугуйны үенд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүр болон ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг хамаарахгүй 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй 5.Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой /хх-ийн 66 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5652 дугаар: “1. Шинжилгээнд ирүүлсэн Б*******гийн гэх цагаан өнгийн майкан дээр цус илрээгүй. 2. Бусад хувцаснууд дээр цус илэрсэн. АВО системээр В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 73 дугаар хуудас/
Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 1276 дугаар: “1. Ч.Б******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2. Ч.Б******* нь гэмт хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх шинж тэмдэг, баримт мэдээлэл үгүй байна. 3. Ч.Б******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Ч.Б*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. 5. Ч.Б******* нь болсон явдлыг тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 79 дүгээр хуудас/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5789 дүгээр: “1. Хар цагаан өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 87 дугаар хуудас/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2 дугаар хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-44 дугаар хуудас/,
Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх-16-18 дугаар хуудас/
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, /хх-ийн 20 дугаар хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 130-150, 178-181 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч нь хутга барьсан байхад нь араас нь тэврээд хавирч унагахдаа түүнийг доош нь харуулж унагасан. Гартаа хутгатай байсан болохоор өөрийгөө хутгалсан. Би гараас нь хутгыг салгаж холдуулсан гэж мэдүүлж байсан ч хутган дээрээс нэг хүний гарын мөр олдсон талаарх шинжээчийн дүгнэлт, гэрч С*******ийн мэдүүлэг, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, талийгаачийн биед хийсэн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгчийн дээрх мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Ч.Б******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* тоотод 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын орчимд Д.Г*******той маргалдан улмаар араас нь тэвэрсэн байх үедээ цээжин тус газарт нь нэг удаа хутгалж алсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох нь
Шүүгдэгч Ч.Б*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаач найз маань сайн хүн байсан. Бүх хүмүүсээс уучлалт гуйя. Би найзыгаа алъя гэсэн сэдэл байгаагүй. Хутга бариад авахад нь намайг дүрчих байх гээд тэвэрч аваад унагаасан. Би хутга дүрэгдсэн гэдгийг мэдээгүй. Шалан дээр цус гарах үед мэдсэн. Би сандарсандаа бентээр биеийг нь ороогоод С*******ийг цагдаа эмнэлэг дууд маш хурдан ирээрэй гэж хэл гэсэн. Тэгээд би тэврээд сууж байсан. Юу ч ярьж чадаагүй нас барсан...” гэсэн мэдүүлэг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...Б******* оршуулгын зардалд 3.500.000 төгрөг өгсөн. 49 хоног дээр 2.000.000 төгрөг өгсөн. Одоо 1.000.000 гаран төгрөгийг нэхэмжилж байна гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.СоёлЭрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт: “.... Тэгээд энэ хоёр нөгөө өрөөнд юм яриад суугаад байсан. Би хүүтэйгээ нөгөө өрөөнд байсан. Тэгтэл талийгаачийн дуу чангараад бөө сахиус буулаа гээд орилоод байсан. Тэгтэл удаагийн түс тас гээд явцан. Ороод хартал ноцолдоод байгаа нь мэдэгдэхгүй байж байсан. Би хараа муутай болохоор яагаад байгааг нь хараагүй. Тэгээд бид тэр хавийн айлуудаас тусламж гуйсан боловч нэг ч хүн байгаагүй. Тэгээд би буцаад гэртээ ортол талийгаачийн биеэс цус гарсан байсан. гэсэн мэдүүлэг, Шинжээч эмч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “....талийгаачийн биед хийсэн үзлэгээр хутганы ирийг өвчүү тал руу харуулж хөндлөн байдлаар зүрхэн тус газар хутгалсан байсан. Хутганы ажлын хэсэг 12 см боловч биед нэвтэрсэн байдлыг багажаар хэмжихэд 19 см байсан. Учир нь зүрх нь хөндий эрхтэн учир шархаар бус цаад ханаар нь хэмжиж гаргасан. Талийгаачийн амь насыг аврах ямар ч боломжгүй .” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.С*******э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд болохгүй болохоор нь Б******* харь гээд өрөөнөөс нь гаргаад ирэхэд Г******* өөдөөс нь барьцалдаад авсан. Тэгээд хоорондоо ноцолдож байгаад коридорт байсан угаалгын машиныг шалан дээр унагаахад маш чанга дуу гарсан. Тэгээд би босоод коридорынх нь гэрлийг асаагаад харахад Г*******ийн байсан өрөөний үүдэнд хоёулаа газар хэвтээд ноцолдоод байсан. Тэгэхээр нь би гадна хаалгыг нь онгойлгоод хажуу талын хоёр айпынх нь хаалгыг цохиж хүнээс тусламж хүссэн боловч ямар ч хүн гарч ирээгүй мөн доод талынх нь айлуудаас ямар нэгэн хүн гарч ирээгүй. Тэгээд буцаад ороод ирсэн чинь Г*******ийн хэвлий хэсгээс нь цус гарсан Б******* даавуугаар цээжийг нь ороогоод байж байсан. Яачваа гэхэд Б******* хутга л гэж нэг зүйл хэлсэн. Б******* би найзыгаа хутгаар хатгасан чинь цус гараад байна түргэн хурдан ирээсэй гээд сандраад байсан” гэх мэдүүлэг, Гэрч Г.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дуудлагын дагуу жолоочийн хамтаар ******* тоот байранд 00 цаг 45 минутанд очсон. ...анхан шатны үзлэг хийхэд хүүхэн хараа өргөссөн, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогссон, бүх бие нь цайж хөшсөн байсан тул 00 цаг 50 минутанд тухайн хүнийг нас барсан гэсэн бичиг хийж тэнд ажиллаж байсан цагдаагийн алба хаагчид үлдээгээд явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...юу болсон яасан талаар нь тухайн хоёр хүнээс асууж тодруулахад нь би хүн алчлаа, хүн алчлаа гээд байсан, эмэгтэй нь болохоор энэ залуу хүн алчлаа гээд тухайн рүү хандаж хэлээд байсан...” гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 21 дүгээр: 1. Талийгаачийн цогцост цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, доод урууланд шарх, нүүр, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.2. Дээрх цээжний зүүн хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, доод урууланд шарх, нүүр, цээжинд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед бүгд нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.4. Талийгаач нь цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг хальс, зүрхийг нэвт хатгасны улмаас үнхэлцэг хальсны хөндийд цус хуралдаж зүрх чихэлдэж нас баржээ.гэх дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4973 дугаар: Шинжилгээнд ирүүлсэн майк, цамцанд зүсэгдэлт хурц иртэй, мөртэй зүйлийн үйлчлэлээр шинээр гарсан байна. Бусад хувцас гэмтэлгүй байна.гэх дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4972 дугаар:1. Шинжилгээнд хар цагаан бариултай хутганаас 1 ширхэг гарын мөр илэрсэн гэх дүгнэлт, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5789 дүгээр:1. Хар цагаан өнгийн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.” гэх дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зургийн үзүүлэлтүүд ,Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт , Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Ч.Б*******д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүхээс ******* овогт *******ийн Б*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах тухай дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо “шүүгдэгч хохирлоо бүрэн барагдуулсан.
Шүүгдэгч Б*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийг баримтлана уу?”, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар: Өмгөөлөгч нарын зүгээс гэм буруу дээр биш гэм буруугийн сэдэлт дээр маргалдсан.
Ял оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзаж үзнэ үү? Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хохирогчид эмнэлэгийн анхны тусламжийг маш яаралтай авсан боловч хохирогч гар дээрээ нас барсан. Мөн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасны дагуу ялын доод хэмжээг өгнө үү? гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүх бүрэлдхүүн шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан талуудын гаргасан санал дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчид ял шийтгэл оногдууллаа.
Шүүгдэгч Ч.Б******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Д*******т мөрдөн байцаалтын шатанд оршуулгын зардалд 3.500.000 төгрөг, шүүхийн шатанд 758.781 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б******* нь урьд 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн иштэй хутга, цайвар ногоон шаргал өнгийн цамц, цагаан өнгийн майк, бор өнгийн хилэн өмд, хөх өнгийн өмд, бор өнгийн дотоож, хөх өнгийн хос оймс, бор өнгийн өмдний тэлээ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүллээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн Б*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******д 7 /долоон / жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б*******д оногдуулсан 7 /долоо/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б*******гийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээрг сарын 04-ний өдөр, 2019 оны 12 дугаар сарын 13-наас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн иштэй хутга, цайвар ногоон шаргал өнгийн цамц, цагаан өнгийн майк, бор өнгийн хилэн өмд, хөх өнгийн өмд, бор өнгийн дотоож, хөх өнгийн хос оймс, бор өнгийн өмдний тэлээ зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧИД П.БАЯСГАЛАН
Л.ОДОНЧИМЭГ