Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00869

 

            

                                              Б.Б-ын нэхэмжлэлтэй

                                              иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01160 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1103 дугаар магадлалтай,

Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч Б.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Од нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.20-ны өдрийн 102/ШШ2017/00557 дугаар шүүхийн шийдвэрээр Б.Б, Р.Самбалхүндэв нараас 190,151,552 төгрөг гаргуулан Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Улсын бүртгэлийн Ү-22005338 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлалтай, 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах үнэлгээг зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлсэн байх тул үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ариунболор шүүхэд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2018.02.07-ны өдөр үүсгэн төлбөр төлөгч Р.Самбалхүндэв, Б.Б нарт төлбөрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүргүүлсэн боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөрийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 59 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, мөн дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ-2-н 2-р байрны 21 тоот хаягт 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж төлбөр төлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул шинжээч томилон үнэлгээ гаргуулсан. Тухайн үнэлгээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 59 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 121,099,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01160 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдаалагдах шинжээчийн тогтоосон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2020.03.04-ний өдрийн 102/ШЗ2020/03479 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж хүчингүй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1103 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01160 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Б.Б болон иргэн Р.Самбалхүндэв нараас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.02.20-ны өдрийн 557 дугаар шийдвэрээр “Хас банк” ХХК-д 190,151,522 төгрөгийг олгохоор шийдвэрлэжээ. Дээрх шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх ажиллагааг Баянгол дүүргийн 147 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболор явуулж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч Т.Ариунболор нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Б.Б, Р.Цэрэндулам нарын өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- 2205005338 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ААӨЧ гудамж 44 дүгээр байрны 59 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлж албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020.02.05-ны 4/3858 дугаар мэдэгдлийг 2020.02.05-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчээс гардан авсан. Улмаар уг мэдэгдэлийг хүлээн зөвшөөрөлгүйгээр анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2020.04.14-ний өдрийн 102/ШШ2020/01160 дугаар шүүхийн шийдэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан боловч мөн адил 2020.05.20-ны өдрийн 1103 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тус барьцаа хөрөнгө болох Ү- 2205005338 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, ААӨЧ гудамж 44 дүгээр байрны 59 тоотод байрлах 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байрлалтай, үйлчилгээ, дэд бүтэц бүх зүйлд ойр дөт бөгөөд нийслэлийн иргэдийн эрэлт хэрэгцээ маш ихтэй хэсэгт байрладаг. Гэвч дээрх мэдэгдэлд дурдсанаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, орон сууцны байрлах эдийн засгийн үр ашиг болон тав тухтай байдлыг тооцолгүй тогтоосон нь төлбөр төлөгч Б.Бминий эрх ашгийг зөрчиж барьцаа хөрөнгийг хэт доогуур үнэлсэн байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020.02.05-ны өдрийн 4/3858 тоот мэдэгдэлээр үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ү-2205005338 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцон, 2020.04.14-ний өдрийн 102/ШШ2020/01160 дугаар шүүхийн шийдэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017.02.20-ны өдрийн 102/ШШ2017/00557 дугаар шүүгчийн захирамжаар Р.Самбалхүндэв, Б.Б нараас 190,151,522 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан “Хас банк ХХК-д олгож, уг төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлалтай, Улсын бүртгэлийн Y-2205012880 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууц, Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205005338 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцнуудыг дуудлага худалдаагаар худалдаж, уг үнээс нь үүргийг хангахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 59 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууц, мөн дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, СОТ-2-н 2-р байрны 21 тоот хаягт 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 44 дүгээр байрны 59 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны үнэд Б.Б 2020.01.22-ны өдөр 200,000,000, өмчлөгч Р.Цэрэндулам 2020.01.24-ний өдөр 230,000,000 төгрөг гэж санал өгсөн ч төлбөр авагч Хас банк ХХК хөндлөнгийн шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2020.01.27-ны өдрийн 77 дугаар тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2020.02.04ий өдрийн 01/06 тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 121,099,000 төгрөгөөр тогтоосон талаар шүүх дүгнэлт хийхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2020.01.27-ны өдөр шинжээчид шинжилгээ хийх, дүгнэлт гаргахдаа эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон, болохыг нотлох баримтаар нотлож чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14ий өдрийн 102/ШШ2020/01160 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1103 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ган-Одын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА   

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ            

                                                                             Б.УНДРАХ

                                                                             Д.ЦОЛМОН 

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД