Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 128/2020/0681/З |
Дугаар | 128/ШШ2021/0151 |
Огноо | 2021-03-03 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2021/0151
2021 оны 3 сарын 03 өдөр | Дугаар 128/ШШ2021/0151 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,
Нэхэмжлэгч: “М” ХХК /РД:50269.../
Хаяг: Чингэлтэй дүүрэг, 2 дугаар хороо, ... тоот.
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газар, Кадастрын хэлтсийн дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “....Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 119 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.м, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“М” ХХК нь Өмнөговь аймгийн Ц сумын нутагт 18.662 гектар талбай бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаатайгаар эзэмшдэг. Уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 119 дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийн MB-******* дүгээр ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх", 4.2.5-д “зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж заасан хуулийн тусгай зарчмуудыг баримтлалгүй зөрчиж, эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх ёстой мөн хуулийн хуулийн 24, 26, 27 дугаар зүйлд заасан захиргааны актын бодит нөхцөл байдал, эрх нь хөндөгдөж байгаа этгээдийн оролцоог хангах, баримт сэлт цуглуулах, оролцогчийг сонсох, сонсох ажиллагаа явуулалгүйгээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2- д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримт ирүүлэх тухай мэдэгдлээ ирүүлээгүй, оролцоог нь хангах, сонсгох ажиллагааг хуульд зааснаар явуулаагүй, хэдийгээр “Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, амины орон сууц” гэх хаягаар явуулсан гэх боловч санаатайгаар мэдээллийн санд бүртгэгдсэн албан ёсны хаягаас өөр хамааралгүй хаяг руу явуулсан нь дээр дурдсан хуулийн заалтуудыг биелүүлсэн гэх үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2- д "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай Зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана", Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолын 6 дахь хэсэгт "... 56 дугаар зүйлийн 56.2..."-д заасан "мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно" гэж тайлбарласнаас зөрүүтэйгээр хуулийг хэрэгжүүлж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн.
Хэргийн материалд авагдсан аж ахуйн нэгжийн хуулийн этгээдийн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээний ард бүртгэгдсэн хаягаас өөр хаягаар мэдэгдлийг явуулсан байна. Хувийн хэрэгт хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ард хаяг нь байхад өөр хаягаар мэдэгдэл явуулж мэдэгдэх үүргийг алдаатай биелүүлжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан “мэдэгдэл”-ийн үндсэн агуулга нь нэг талаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллагаас шууд цуцлах бус харин тусгай зөвшөөрлөө хүчинтэй байлгах эзэмшигчийн эрхийг хангах зорилгоор эхлээд цуцлах үндэслэл бүрдсэн болохыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдсэнээр тухайн этгээдээс төлбөр төлсөн бол баримтаа гаргаж өгөх, эсхүл төлбөр төлөөгүй хүндэтгэх шалтгаан байсан эсэхийг тодруулах, нөгөө талаас ийнхүү ирүүлсэн тайлбар, нотлох баримтыг судлан үзсэний дагуу тухайн тусгай зөвшөөрлийг цуцлах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг захиргааны байгууллагад олгох бөгөөд нөгөө талаас тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагад өөрийн хөрөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн явуулах, хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллах, гаргасан зардлаа үр ашигтайгаар нөхөх, хохиролгүйгээр ажиллах зэрэг зорилтуудыг хэрэгжүүлэх боломжийг олгосон агуулгатай гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг холбогдох эрхээ хэрэгжүүлэх боломжийг алдагдуулсан гэж үзэж байна.
Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг шууд цуцлах гэхээс илүүтэйгээр нэгт тусгай зөвшөөрөл олон жил эзэмшиж, ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих, ямар нэгэн асуудал гарсан бол нотлох баримтаа ирүүлэх боломжийг олгоод үндэслэлгүй байна гэж үзэх юм бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалттай. Эдгээр зүйл хэрэгжсэнгүй.
Хуулийн зохицуулалтыг дээрх агуулгаар нь авч үзвэл нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг зохих ёсоор мэдэгдээгүй байж нэхэмжлэгчийг төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрлийг нь шууд цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 “...Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ”, 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасны дагуу хийгдсэн ажиллагаа гэж үзэх үндэслэлгүй байна. Дээрх мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгчид хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлаж тайлбар гаргах, мөн хариуцагч байгууллагаас шалтгааныг үндэслэн шалгах үүргээ хэрэгжүүлэх, хуулийн 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох...” гэсэн энэхүү хуулийн боломж нэхэмжлэгчийн хувьд алдагдсан гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл энэхүү ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл, 27 дугаар зүйлд заасан “сонсох ажиллагаа”-г явуулж байгаа хуулийн зохицуулалт бөгөөд үүнийг хариуцагч байгууллагаас хууль журмын дагуу хэрэгжүүлээгүй ба ингэснээрээ нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна.
Нэхэмжлэгч компанийн өмнөх гүйцэтгэх захирал Б.******* нь эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа эрхлэх боломжгүй байдлаас шалтгаалж төлбөрийг цаг хугацаанд төлж чадаагүй буруутай үйл ажиллагаа байсан. Төлбөр, мөнгөний асуудлыг Б.******* хариуцаж байсан бөгөөд бид итгээд асуудлыг орхисон байсан. Бидэнд төлбөр төлөгдсөн эсэх талаарх ямар нэгэн мэдээлэл байгаагүй. 2017 онд уулзахаар хандахад гадаад улсад байна гээд яриагүй. 2019 онд уулзаад ярилцахад бидэнд эрүүл мэндийн байдал болон тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаар мэдэгдсэн. Үүний дагуу түүнийг ажлаас нь чөлөөлж, гүйцэтгэх захирлаар Т.М гэх хүнийг томилсон. Бидний зүгээс тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажлын зардалд 300 гаруй сая төгрөг зарцуулсан. Гүйцэтгэх захирлын эрүүл мэндийн шалтгааны улмаас тусгай зөвшөөрөл цуцлагдсан. Б.******* нь “би тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаарх мэдэгдлийг хүлээн аваагүй” гэдэг.
Гэвч энэ нөхцөл байдлыг тайлбарлах боломжийг хариуцагч олгоогүй. Ашигт малтмалын ашиглалтын эрх 13, 14 жилийн өмнө үүссэн. Үүнээс хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалахын тулд өгч байсан төлбөр нь 800.000 доллар болж байгаа. Үйл ажиллагаа явуулахтай холбоотой зардал санхүүгийн баримтаар 368 сая гаруй төгрөгийн зардал гарсан. Тусгай зөвшөөрлийг шууд хүчингүй болгож байгаа нь компанийн эрхийг шууд зөрчиж байна. Олон жил үйл ажиллагаа явуулахын тулд гаргасан зардал, хайгуулын ажил, нөөц тогтоосон нь одоо ашиглагдах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.
Энэхүү байдлаас болж бид маш их хохирч байгаа. 10 гаруй жил хийгдсэн ажиллагаа мааньд маш их хөрөнгө ордог, шинжлэх ухааны шат дараатай явагддаг асуудал байгаа. Онгоц түрээсэлж геодезийн зургийг хийлгэсэн. Оюу*******г нээсэн н.Г гэх геологичийг ажиллуулсан. Манайх Оюу*******, Х ордын дунд байдаг. Бидэн шиг дотоодын компаниудын хувьд санхүүгийн хүндрэлтэй асуудлууд гардаг нь үнэн. Бид энэ ажлаа цааш нь үргэлжлүүлээд явах хүсэлтэй байгаа
Хариуцагч мэдэгдлийг хүргүүлсэн, нэхэмжлэгч компани нь хаягийн өөрчлөлт хийлгээгүй, нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа гэж тайлбарлаж байна. Гэтэл худал хаяг зохиож биччихээд тэрүүгээрээ хүргүүлсэн. Мэдээж мэдэгдэл нь буцаж ирэх учраас мэдэгдлийг хадгалаад хүргүүлсэн гэж байгаа нь хуулийн үндсэн агуулгатай нийцэхгүй байна. Мэдэгдэнэ гэдэг нь нөгөө этгээд мэдсэн байх гэсэн үгийн утгаас ч ойлгогдож байна. Гэтэл хаягийн өөрчлөлт хийлгэх ёстой гэлээ. Хэрэгт авагдсан баримтаас харахад нэхэмжлэгч компанийн хуулийн этгээдийн бүртгэлд хаягийн өөрчлөлт 2006 онд хийгдсэн. Өнөөдөр энэ хаяг бүртгэлтэй байгаа. Энэ хаягт Ашигт малтмал, газрын тосны газарт хадгалагдаж байгаа хувийн хэрэгт бүртгэлтэй байдаг. Ямар ч албан бичиг дурдагдаагүй, бүртгэгдээгүй хаягийг өөрсдөө биччихээд танай албан ёсны хаяг, шинэчилж бүртгэл хийлгээгүй гэдэг байдлаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.
Тодорхой хэмжээний цаг хугацаа алдсан асуудал байгаа. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр анх шийдвэр гарсныг мэдээд дээд шатны байгууллагад хандсан. Захиргааны шүүхэд хандахад уг асуудлаар нэхэмжлэл буцаад давж заалдах шатны шүүхээр энэ асуудал шийдвэрлэгдсэн. Одоо хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 119 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтэс Өмнөговь аймгийн Манлай, Ц сумдын нутагт байрлах “******* *******” нэртэй 18648.93 га талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MB-******* дугаартай тусгай зөвшөөрлийг анх “М” ХХК-д 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр олгожээ.
“М” ХХК нь өөрийн эзэмшиж байсан дээр дурдсан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасны дагуу ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т "тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” бол ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар хуульчилсан. Дээр дурдсан хуулийн зохицуулалтыг үндэслэн төрийн захиргааны байгууллагын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 119 дүгээр шийдвэрээр “М” ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын ашиглалтын MB-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг үндэслэн тус байгууллагын Кадастрын системд бүртгэлтэй “М” ХХК-ийн албан MB-******* ёсны хаягаар ашигт малтмалын ашиглалтын дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 7/290 Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасны дагуу цуцалсан тухай мэдэгдлийг мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/1633 тоот албан бичгээр тус тус хүргүүлж мэдэгдсэн байна.
Улсын дээд шүүхийн 9 дүгээр тогтоолоор хүргүүлснээ баримтжуулсныг хүргүүлсэнд тооцохоор тайлбарласан байгаа. Мэдэгдлийг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Харин тусгай зөвшөөрөл эзэмшигч М ХХК нь хаягийн өөрчлөлтөө бүртгүүлээгүй нь төрийн захиргааны байгууллагыг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэж заасан. Энэ мэдэгдлийг “М” ХХК нь өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй байгаа. Мэдэгдэл хүргэгдээгүй гээд байгаа хаягтаа тус компани байгаа болох нь хавтаст хэрэгт байгаа баримтаар нотлогдож байгаа. Төрийн захиргааны байгууллага ямар нэгэн хууль зөрчөөгүй. Хуульд заасны дагуу шийдвэрээ гаргаж тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан өргөдөл дээрх хаягийг Кадастрын хэлтсийн систем дээр бүртгэсэн. Энэ бүртгэл нь өнөөдрийг хүртэл байгаа. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр тусгай зөвшөөрөл цуцлагдсаныг мэдсэн, хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж байна. Үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр бол 4 жил тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ үүргийг биелүүлээгүй явжээ. Хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигч үүргээ биелүүлсэн бол 2017 ондоо тусгай зөвшөөрөл цуцлагдсаныг мэдэх боломжтой байсан. Хуулиар олгогдсон үүрэг нь нэхэмжлэгч компанид байгаа.
Нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн хэд, хэдэн заалтыг тайлбарлаж байна. Гэтэл 2016 онд тусгай зөвшөөрлийг цуцлах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-д Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулаагүйгээс бусад харилцааг энэ хуулиар зохицуулна гэж заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны байгууллага үйл ажиллагаагаа явуулсан байгаа. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй юм.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч компани хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгийг нотлох баримт алга. Төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг өгөхдөө Б.******* гэх иргэнд олгоогүй, “М” ХХК-д олгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй бол сонгон шалгаруулалтын журмаар олгоно гэж заасан. Үүний дагуу тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгосон. Компанийн хэн ч байсан төлбөрийг төлөөд явах бүрэн боломж байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө гараар бичиж өгсөн хаягийн дагуу мэдэгдлүүдийг хүргүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллагын веб сайтад мэдэгдэл нийтлэгддэг. Үүнийг хэн ч үзэж, харах боломжтой. Энэ нь хаалттай мэдээлэл биш юм. Мэдэх боломжоо ашиглаагүй нь төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах үүрэг олгогдсон. Энэ үүргээ хэрэгжүүлсэн төрийн захиргааны байгууллагын актыг 5, 6 жилийн дараа үндэслэлгүй байна гэж үзэх үндэслэл байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх нотлох баримт байхгүй байна.
“М” ХХК нь эхлээд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байсан. 2016 онд БНХАУ-ын хөрөнгө оруулагч нь тусгай зөвшөөрлийг хаяад явсныг хүмүүс компанийг нь шилжүүлэн аваад өнөөдөр тусгай зөвшөөрлийг сэргээх гээд явж байна гэсэн ойлголтыг төрүүлж байна. Иймд эрх ашиг нь хөндөгдөөгүй этгээдүүд тусгай зөвшөөрлийг сэргээх гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. 2016 оны 11 дүгээр сард цуцлагдсан тусгай зөвшөөрлийн асуудлаар 4, 5 жил чимээгүй явж байгаад одоо нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Энэ нь 100 хувь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа учраас нэхэмжлэгч ямар үйл ажиллагаа явуулсан нь хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй зүйл юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч “М” ХХК тус шүүхэд хандан “...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 119 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг АМГТГКХДд холбогдуулан гаргасан.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүхээс Ашигт малтмал, газрын тосны газар болон тус газрын Кадастрын хэлтсийн архив, бичиг хэрэгт хийсэн үзлэгээс үзэхэд,
Өмнөговь аймгийн Ц сумын нутаг, ******* ******* нэртэй газарт орших 18662 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газар геологи, уул уурхайн Кадастрын албаны /хуучин нэрээр/ даргын 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр “М” ХХК-д олгосон.
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн Кадастрын газрын даргын 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1037 дугаар шийдвэрээр “....“М” ХХК-ний *******” тоот тусгай зөвшөөрлийг хүчингүйд” тооцсон.
Улмаар Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын геологи, уул уурхайн Кадастрын албаны даргын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 560 дугаар шийдвэрээр ******* тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн.
“М” ХХК-иас 2007 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвд “тусгай зөвшөөрөл нөхөн авахыг хүссэн хүсэлт”-ийг гаргасантай холбогдуулан Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын /хуучин нэрээр/ даргын 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрээр “...******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралтыг хүчингүйд тооцож, шинээр ашигт малтмалын ашиглалтын ******* тоот гэрчилгээ, хавсралтуудыг нөхөн олгосон”.
“М” ХХК-иас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлсөн талаарх баримтаа ирүүлээгүй тул хариуцагчийн зүгээс Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 7/290 дугаар албан бичгээр “М” ХХК-д “... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой” болохыг мэдэгдсэн мэдэгдлийг тус компанийн “тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл ТЗ-ийн дугаар МВ-*******”-д заагдсан хаяг болох “Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Амины орон сууц” хаягаар хүргүүлж,
улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 119 дугаар шийдвэрээр цуцалж,
энэ тухай мэдэгдлийг 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/1633 дугаар албан бичгээр “М” ХХК-д дээрх дурдсан албан ёсны хаягаар нь хүргүүлсэн.
Нэхэмжлэгчээс 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр “М” ХХК-ийн MV-******* дугаар тусгай зөвшөөрлийн “4 дэх жилийн төлбөр”, “алданги”-ийн хамт төлснөөс хойш өнөөг хүртэл хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөөгүй гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.
2. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “өмнөх гүйцэтгэх захирал Б.******* нь эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаа эрхлэх боломжгүй байсан”, “мэдэгдлийг буруу хаягаар явуулж шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй” зэрэг үндэслэлээр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж, маргаж байна.
3. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө.”,
34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.”
34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.”,
34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” хэмээн тус тус заажээ.
4. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу Өмнөговь аймгийн Ц сумын нутаг, ******* ******* нэртэй газарт орших 18662 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын ашиглалтын MV-******* тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөр,
мөн хуулийн 34.6-д “...Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжит хугацаа нь 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөр тус тус дуусгавар болсон.
Тусгай зөвшөөрөл эзэмшигч “М” ХХК нь хуулиар тогтоосон дээрх хугацаанд хийгээд түүнээс хойш ч /өнөөдрийг хүртэл хугацаанд/ тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй, талууд энэ үйл баримттай маргаагүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “ Б.*******ыг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд “Хонконг эмнэлгийн & ходоод гэдэсний төв”, 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд “Сөүлийн Үндэсний Их Сургуулийн эмнэлэг”-т тус тус хэвтэж эмчлүүлсэн” хэмээн холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байх боловч уг баримт дахь Б.*******ын гадаад паспорт дээрх тэмдэглэгээнээс үзэхэд тэрээр 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд буюу тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаанд Монгол Улсад байсан болох нь тогтоогдож байна.
Хэдийгээр хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс 2016 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “М” ХХК-д ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдсэн 7/290 дугаар албан бичгийг, маргаан бүхий акт гарсантай холбоотойгоор дахин 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7/1633 дугаар албан бичгийг тус тус хүргүүлсэн нь хариуцагчаас үл хамаарах шалтгаанаар буюу “...7 дугаар хороонд байрлах Амины орон сууцаас асуусан ийм ХХК байхгүй, утас нь байнга холбогдох боломжгүй, Google-с хайгаад тодорхой хаяг олоогүй тул буцаав”, “хаяг алдаатай, утас холбогдох боломжгүй” гэсэн байдлаар Ашигт малтмал, газрын тосны газарт буцаагдсан болох нь *******, ******* тэмдэглэгээтэй дугтуй болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байх боловч энэ нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй, эл үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн гаргасан хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “М” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-******* дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан 119 дугаар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ.
Үүнтэй холбогдуулан, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “...Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэсэн нь хариуцагч захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өөрийн тодорхойлсон хаягаар, шуудангаар мэдэгдлийг илгээснээр хангагдана. Уг хаягтаа байгаагүй, хаягаа сольсноо хуульд заасны дагуу мэдэгдэж, бүртгүүлээгүй, үүний улмаас тусгай зөвшөөрөл эзэмшигчид илгээсэн мэдэгдэл хүргэгдээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Иймд “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 119 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 119 дүгээр шийдвэрийн “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА