Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
Хэргийн индекс | 137/2016/0136/Э |
Дугаар | 124 |
Огноо | 2016-11-16 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | Б.Батбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн
Улсын яллагч Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цоохор овогт Дэлгэрсуурийн Ганчулууд холбогдох эрүүгийн 201610010220 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замын Аялал зуучлалын товчооны харъяа Жинчин төвд цахилгаанчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, Цагаан дөрвөлж нийтийн байр 2-5 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ял, Дорноговь аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 10 хоногийн хорих ялаар тус тус ял шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Цоохор овогт Дэлгэрсуурийн Ганчулуу. /ЕА78031912/
Яллагдагчаар татах тогтоолоор: Шүүгдэгч 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим Дэлгэрсуурь овогтой Ганчулуу нь согтуугаар Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Цагаан дөрвөлж нийтийн байрны гадаа иргэн Х.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар чулуугаар толгойн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Ганчулуу шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчимд Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Цагаан дөрвөлж нийтийн байрны гадаа Батсүмбэртэй байж байхад Ариунболд орж ирээд надтай маргалдсан. Тэгээд бид хоёр барьцалдаад байж байгаад би Ариунболдын толгой руу чулуугаар цохьсон. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч бид хоёр эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.
Хохирогч Х.Ариунболд хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Бид хоёрыг барилцаж авахад Батсүмбэр салгасан. Тэгээд Ганчулуу бид хоёр дахин маргалдаад гадаа гарсан. Гадаа зууралдаж байтал Ганчулуу чулуу аваад миний толгойн тус газарт цохисон. Тэгээд би эмнэлэг явж толгойгоо оёулчихаад цагдаа дээр ирж гомдол гаргасан... Одоо Д.Ганчулуунаас нэхэмжлэх зүйл байхгүй, миний эмчилгээний зардлыг төлж барагдуулсан. Бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэжээ. /хх-ийн 10, 63 тал/
Гэрч Э.Батсүмбэр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Ганчулуу надад 20000 төгрөг өгөх ёстой байсан юм. Тэднийх Цагаан дөрвөлж нийтийн байранд амьдардаг. Би тэр өдөр Ганчулууныд очихоор явж байхдаа уг байрны гадаа Ганчулуутай таарсан. Тухайн үед Ганчулуу галчийн амардаг өрөөнд хэсэг хүмүүстэй архи уугаад сууж байсан. Би Ганчулуунаас 20000 төгрөгөө нэxтэл Ганчулуу “чи ямар сүртэй юм бэ? Хорьхон мянган төгрөг дээрээс болж үхлээ юу? Би цалин буухаар өгчихье” гээд над руу агсарсан. Согтуу хүн ямар зан гаргахыг би мэдсэн болохоор маргалдахыг хүсээгүй. Ганчулуу намайг заамдахаар нь би тэвэрч автал бид хоёр ширээн дээр унасан. Тухайн үед бид хоёр нэг их маргалдаж, зодолдсон асуудал байхгүй. Энэ үед гаднаас Ариунболд орж ирээд Ганчулууд хандаж “чи яахаараа Батсүмбэрийг дээрэлхэж байдаг юм бэ?” гэхэд нь би “бид хоёр маргалдсан юм байхгүй. Бүгдээрээ найзууд байж хоорондоо муудалцахгүй” гэтэл Ганчулуу “та хоёрын найзууд гэж юу байдаг юм бэ?” гэснээс болж Ариунболд, Ганчулуу хоёр хоорондоо маргалдаж, барилцаж авсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан. Хэсэг хугацааны дараа миний утас дуугараад намайг утсаар ярихаар гартал тэр хоёр дахин маргалдаж гадаа гарцгаасан. Би тухайн үед гадаа утсаар ярьж байсан ба тэр хоёрыг зууралдаад өнхрөлдөөд байхаар нь “больцгоо” гэж хэлээд утсаа тасдаад хүрээд очтол Ариунболд, Ганчулуу хоёр хоорондоо салсан. Тэгээд Ганчулуу гэрлүүгээ орсон. Ариунболд руу очоод хартал толгойноос нь цус гарч байсан. Ариунболд босоод “гэрлүүгээ явлаа” гэж хэлээд явсан... гэжээ. /хх-ийн 11-12 тал/
- Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 5 тал/
- Хохирогчийн хүсэлт /хх-ийн 6 тал/
- Д.Ганчулууны хүсэлт /хх-ийн 7 тал/
- Согтуурал шалгасан тухай тэмдэглэл /х/х-ийн 40,41 тал/ зэрэг болно.
Шүүгдэгч Д.Ганчулуу нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 20 цагийн орчим согтуугаар Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Цагаан дөрвөлж нийтийн байрны гадаа хохирогч Х.Ариунболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар чулуугаар толгойн тус газарт нь цохиж, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан мэдүүлэг болон хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Ганчулууг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Ганчулуу нь Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор 1 жил 6 сарын хорих ял, Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2010 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 10 хоногийн хорих ялаар тус тус ял шийтгэгдэж байсан ба ялгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад дахин гэмт хэрэг үйлдсэн боловч 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялтайд тооцох хугацаа нь хэрэгсэхгүй болсон байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Ганчулуу хохирогч Х.Ариунболд нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн саналаа шүүхэд ирүүлсэн бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т “Энэ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Ганчулууд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цоохор овогт Дэлгэрсуурийн Ганчулууг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар шүүгдэгч Д.Ганчулууд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Д.Ганчулуу нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй бөгөөд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Ганчулууд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар Д.Ганчулуу, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ