Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/ШШ2022/0017

 

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 221/ШШ2022/0017

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,

Шүүгч Н.Хонинхүү,

Нэхэмжлэгч: “О” ХХК,

Хариуцагч: Х Х З Х

Нэхэмжлэлийн шаардлага: “Х Х З Хны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-д “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон Шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж заасныг хүчингүй болгуулах тухай”,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Ц.О, Б.Л, өмгөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, Б.Н нар оролцов.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 221/2022/0012/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК Х Х З Х-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “1.1. “А Э М Н” ХХК нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулдаг, телефон ярианы болон интернетийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд юм.

1.2. Тус компани нь Х Х З Хны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт “Интернетийн үйлчилгээ эрхлэх”, 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолоор “Мэдээлэл холбооны үйлчилгээ /ярианы үйлчилгээ/” эрхлэх үйл ажиллагаагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан. Харилцааны холбооны салбарт шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

1.3. Х Х З Х-оос 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн санд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5304 дүгээрт бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхтгэлийн 2021 оны 19 дүгээрт нийтэлснээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

1.4. Х Х З Х-ны 2021 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан журмын 1 дүгээр хавсралтаар харилцаа холбооны үйлчилгээ, үйлчилгээний төрөл, тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, олгох хугацаа, сунгах хугацаа, бүрдүүлэх баримт бичиг зэрэг харилцааг зохицуулжээ.

1.5. Гэтэл Х Х З Х-ны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын Хавсралт-1 “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-д “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэсэн нь үүрэн холбооны буюу телефон ярианы үйлчилгээ үзүүлэх аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох агуулга бүхий зохицуулалт болж, хуулиас давсан зохицуулалтыг журмаар бий болгосон нь хууль бус байна.

1.6. Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйл. “Тусгай зөвшөөрөл олгох журам” гээд 7.3-д “Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна”, 11 дүгээр зүйл. “Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг” гээд 11.2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад баримт бичиг, төлбөр, хураамж шаардаж болохгүй” гэж, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэж харилцаа холбооны чиглэлээр үйл ажил ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход сонгон шалгаруулалт явуулах нөхцөлийг хуулиар нарийвчлан зохицуулсан байна.

1.7. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулалтын замаар тусгай зөвшөөрөл олгохоор хуульчилжээ.

1.8. Х Х З Х-ны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын Хавсралт-1-ийн хүснэгтийн 4-д “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж үүрэн холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох хэм, хэмжээг тогтоосон нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгосон байна. Хуульд нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргаагүй (тухайлбал: нэг этгээд өргөдөл гаргасан) тохиолдолд сонгон шалгаруулалтгүйгээр олгох зохицуулалттай болно.

1.9. Х Х З Х нь дээрх хэм хэмжээг тогтоохдоо харилцаа холбооны зах зээлд шинээр орж ирэх үйлчилгээ эрхлэгчид ямар ч тохиолдол /хуулиар тогтоосон нөхцөл, шаардлагад ч үл хамаарах тохиолдол/-д сонгон шалгаруулалтын журмаар тусгай зөвшөөрөл олгохоор журамласан нь харилцаа холбооны зах зээлд шинээр орж ирэх үйлчилгээ эрхлэгч нарт хуулиас дээгүүр нөхцөл, шаардлага тавьсан хэрэг болсны зэрэгцээ Х Х З Х-оос тус хэм хэмжээг тогтоосныг Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтаар хүлээлгэсэн “... аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх” чиг үүргээ хэрэгжүүлээгүй, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгийн заалтаар хориглосон “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн” үйл ажиллагаа явуулсан гэж үзэх бүрэн үндэслэл болж байна.

1.10. Дээрх үндэслэлээр тус компанийн маргаж буй хэм хэмжээний акт нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, 11 дүгээр зүйлийн 11.2, Харилцаа холбоон тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т заасныг зөрчсөн хууль бус байна.

1.11. Х Х З Х-ны 2021 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хавсралтаар үүрэн холбооны гэх тусгай зөвшөөрлийн төрлийг бий болгож, тусгай зөвшөөрөл олгох нөхцөл гэх заалтаар үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авахад хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоож, тухайн салбарт шинээр аж ахуйн нэгж орж, үйл ажиллагаа явуулах боломжийг хууль бусаар хязгаарласны улмаас үүрэн телефоны 5 дахь оператораар үйл ажиллагаагаа эхлүүлж буй “А Э М Н” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчиж байна.

1.12. Мөн Х Х З Х-ны 2021 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан журмын хавсралтад заасан дээрх хууль бус зохицуулалтыг үндэслэн “А Э М Н” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон Х Х З Х-ны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулж буй бусад аж ахуйн нэгжээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд захиргааны хэрэг үүссэн, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа болно.

1.13. Уг маргааныг шийдвэрлэхэд хууль бус захиргааны хэм, хэмжээний актыг үндэслэн тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж болзошгүй байна.

1.14. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д заасныг үндэслэн Х Х З Х-ны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын Хавсралт-1 “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-д “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичиг заасан баримт бичиг” гэж заасныг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

2. Хариуцагч Х Х З Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2.1. “А Э М Н” ХХК-ийн “Х Х З Х-ны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын хавсралт 1-д заасан “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох” гэх хүснэгтийн 4-ийн “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж заасныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

2.2. Нэхэмжлэгч тал нь тус хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын Хавсралт 1-ээр харилцаа холбооны үйлчилгээ, үйлчилгээний төрөл, тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, олгох хугацаа, сунгах хугацаа, бүрдүүлэх баримт бичиг зэрэг харилцааг зохицуулсан, мөн үүрэн холбооны буюу телефон ярианы үйлчилгээ үзүүлэх хэсэгт аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох агуулга бүхий зохицуулалт тусгасан нь хууль давсан зохицуулалтыг бий болгосон байна хэмээн нэхэмжлэлдээ дурдсан байна.

2.3. Х Х З Х нь Харилцаа холбооны тухай хуулийн 8.1-д заасан Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй байгууллага бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Харилцаа холбооны тухай, Шуудангийн тухай, Радио долгионы тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажилладаг бие даасан зохицуулах байгууллага билээ.

2.4. Тус хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам” нийт 5 хавсралттай захиргааны хэм хэмжээний акт юм.

2.5. Гэхдээ эдгээр хавсралтууд нь харилцаа холбооны салбарт олгох тусгай зөвшөөрлийн ангилал, төрлийг тогтоосон баримт бичиг биш бөгөөд тус журмын хоёрдугаар бүлгээр зохицуулсан тусгай зөвшөөрөл олгох нөхцөл, бүрдүүлэх баримт бичиг гэх харилцааг зохицуулсан заалттай шууд холбосон зохицуулалт юм.

2.6. Энэ нь Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 2.2-т “Тусгай зөвшөөрөл хүсэгч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан баримт бичиг болон эрхлэх үйлчилгээнээс хамааруулан Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд заасан, энэхүү журмын хавсралт 1-ээс 4-д дурдсан мэдээллийг ирүүлнэ.” гэж зааснаар батлагдана.

2.7. Өөрөөр хэлбэл, энэхүү нэхэмжлэлийн маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актын хавсралтад заасан мэдээллүүд нь харилцаа холбооны салбарт олгох тусгай зөвшөөрлийн ангилал, төрлийг тогтоосон баримт бичиг биш бөгөөд зөвхөн тусгай зөвшөөрөл хүсэгч нь анх тусгай зөвшөөрөл хүсэхэд эрхлэх үйлчилгээнээс хамааруулан ямар ямар баримт бичгийг ирүүлэхийг тодорхойлсон агуулгатай хүснэгт юм.

2.8. Ингэхдээ тус хороонд хандаж тусгай зөвшөөрөл хүсэж байгаа аливаа этгээдэд ойлгомжтой, хялбар байх үүднээс ямар үйлчилгээний үндсэн төрөлд хамаарах, энэ нь давтамж ашиглах шаардлагатай үйлчилгээний төрөл мөн эсэх, сүлжээний дугаарлалттай эсэх, олгох болон сунгахад хэд хэдэн жилээр байдаг вэ гэх зэрэг мэдээллийг тодорхойлсон мэдээллийн агуулга шинжтэй хялбаршуулсан хүснэгт гэж ойлгох нь зүйтэй.

2.9. Харин тус хороо нь харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.2-т заасан тусгай зөвшөөрлийг олгож, тус хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 1.4-д зааснаар эрхлэх үйлчилгээг нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээнд нь тухайлан зааж өгдөг.

2.10. Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах харилцааг зохицуулсан бөгөөд 14.1-д тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулахдаа үйлчлэх нутаг дэвсгэр, үйлчилгээний хүртээмж, холболтын шугам, сүлжээний техник, тоног төхөөрөмжийн технологийн үзүүлэлт, харилцан холболт хийх нөхцөл, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг болон бусад асуудлыг тусгахаар хуульчилсны хүрээнд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ болон гэрээнд нь үйлчилгээний төрлийг тодорхойлон тусгайлан зааж өгдөг.

2.11. Нэхэмжлэгч тал болох “А Э М Н” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.2-т заасан Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл бөгөөд тухайн тусгай зөвшөөрлийн эрхлэх үйлчилгээг нь Мэдээлэл холбооны үйлчилгээ /ярианы үйлчилгээ/ гэж гэрээнд нь тусгайлан зааж өгсөн байдаг.

2.12. Мөн нэхэмжлэгч талын үндэслэлд тухайн компанид олгосон тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгохоор маргаан бүхий захиргааны хэм хэмжээний актад заасан нь захиргааны хэргийн шүүхэд маргаан үүсэх үндэслэл болсон хэмээн дурдсан байна.

2.13. Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан” тохиолдолд, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар “ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан” тохиолдолд тусгай зөвшөөрлийг тус тус сонгон шалгаруулах зарчмаар олгодог болох тухай тайлбар, мэдээллийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа тодорхой дурдсан болно.

2.14. Иймд “А Э М Н” ХХК-ийн “Х Х З Хны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын хавсралт 1-д заасан “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох” гэх хүснэгтийн 4-ийн “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж заасныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэжээ.

3. Шүүхийн иргэдийн төлөөлөгч М.Эрдэнэтуяа дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрөл нь шинээр гарсан “сонгон шалгаруулалтаар олгоно” гэсэн заалтаар хөндөгдөх үндэслэлтэй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “О” ХХК-аас “Х Х З Х-ны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-д “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон Шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж заасныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

2.1. Х Х З Х Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т “хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8-д “хуульд заасан тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, тохирлын гэрчилгээ олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

2.2. Дээрх бүрэн эрхийнхээ хүрээнд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-д “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон Шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэсэн заалт “харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгоход сонгон шалгаруулалт явуулах нөхцөлийг хязгаарласан” гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.3. Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна” гэж заасан.

2.4. Х Х З Х-нд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8-д тус тус зааснаар тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах бүрэн эрхийг тусгайлан олгосон энэ тохиолдолд Х Х З Хны 2021 оны 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын холбогдох хэсгийг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-д “тухайн зах зээлд өрсөлдөгч гарч ирэхийг хориглосон буюу хязгаарласан, эсхүл түүнийг зах зээлээс шахан гаргахад чиглэсэн” үйл ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй.

2.5. Өөрөөр хэлбэл, хариуцагч төрийн захиргааны байгууллагын хуульд тусгайлан заасан харилцаа холбооны тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах бүрэн эрхээ хэрэгжүүлсэн тухайн шийдвэр Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй байна.

2.6. Нөгөөтээгүүр, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах асуудлыг Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэж заасан.

2.7. Нэхэмжлэгчээс Х Х З Х-ны тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулсан үйл ажиллагаатай маргаагүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй байна.

2.8. Дээрх нөхцөл байдлаас харвал маргаан бүхий актын холбогдох хэсэг Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.6-д заасан “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

2.9. Үүнээс гадна тухайн журмын дагуу “О” ХХК Х Х З Хны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар тогтоолоор олгосон тусгай зөвшөөрлийн дагуу “Интернэтийн үйлчилгээ эрхлэх” үйл ажиллагаа явуулах эрх нээгдэж, одоо үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилж байгаа нь тогтоогджээ.

2.10. Гэтэл тухайн өөрт эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгуулахаар хандсан нь ойлгомжгүйн зэрэгцээ уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна.

2.11. Нэхэмжлэгч “О” ХХК 2017 онд Интернэт үйлчилгээ, Гадаад худалдаа, Харилцаа холбооны тоног төхөөрөмж худалдаа, Программ хангамжийн чиглэлээр байгуулагдаж, Х Х З Х-ны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолоор олгосон “Мэдээлэл холбооны үйлчилгээ /ярианы үйлчилгээ/” эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт явуулахаар хариуцагч Х Х З Х-той 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл /Ярианы үйлчилгээ/, түүний дагуу харилцан тохиролцож байгуулсан гэрээний 4.1-д “Зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хууль тогтоомж, өөрийн үйл ажиллагаанд хамаарах салбарын дүрэм, журам, зохицуулалтын баримт бичиг болон Зохицуулах хорооноос баталсан эрх зүйн баримт бичгийг дагаж мөрдөнө”, 4.2-т “Зохицуулах хороо нь энэхүү гэрээний 4.1-т заасан өөрийн баталсан дүрэм, журам, зохицуулалтын баримт бичиг, нөхцөл шаардлагын нэрсийн зөвшөөрлийн төрөл, ангиллаас хамааруулан энэхүү гэрээний хавсралт 1-ээр батлах бөгөөд Зөвшөөрөл эзэмшигч нь дагаж мөрдөнө” гэж заасан, гэрээний 1 дүгээр хавсралтаар баталсан “Зохицуулах хорооноос баталсан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн дагаж мөрдөх дүрэм, журам, нөхцөл шаардлага, зохицуулалтын баримт бичгийн жагсаалт”-д “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам” багтсан байгаагаас үзвэл хариуцагч төрийн захиргааны байгууллагаас тухайн журмын дагуу олгосон тусгай зөвшөөрөл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй.

2.12. “Ю” ХХК-аас гаргасан ““О” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ тусгай зөвшөөрөл” олгосон Х Х З Х-ны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаарт заасан “А Э М Н” ХХК-д /хуучин нэрээр/ “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ гэх тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлээр үүссэн захиргааны хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь хариуцагч төрийн захиргааны байгууллагын маргаан бүхий тогтоолын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

3. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн “Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй, нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрөл нь шинээр гарсан “сонгон шалгаруулалтаар олгоно” гэсэн заалтаар хөндөгдөх боломжтой байна” гэх дүгнэлтийн тухайд:

3.1. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дэмжсэн, шүүхийн шийдвэрт дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х Х З Х-ны маргаан бүхий журмын холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-аас Х Х З Х-нд холбогдуулан гаргасан “Х Х З Хны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын “Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох” гэсэн хүснэгтийн 4-д “Үүрэн холбоо” гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон Шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг” гэж заасныг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.4, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                Н.ХОНИНХҮҮ