| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/117 |
| Огноо | 2021-06-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Бичинхүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 2021/ШЦТ/117
2021/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Бичинхүү
Шүүгдэгч: Д.З
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Дын Зид холбогдох 2006034680139 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Х сумын М багийн Х гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Монгол овогт Дын З /РД:../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2006034680139 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Пын мэдүүлсэн: ...2020 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 01:00 цагийн орчим би нөхөр С, дүү С, 3 хүүхдийн хамт Архангай аймгийн Хайрхан суманд байдаг нөхрийн ах, дүү нар дээр очсон юм. Ирээд байж байгаад явах гэтэл манай нөхрийн дүү болох З одоо ямаа гаргаж, хорхог хийнэ хүлээж байгаад идээд яв гээд түлхүүр хэн авсан нь мэдэгдэхгүй алга болчихсон. Тухайн үед манай гэр бүлээс гадна 6-7 хүн байсан. Ямаагаа гаргаад байж байснаа баахан архи, дарс гаргаж ирээд уугаад эхэлсэн юм. Бүгд архи уугаад байхаар нь би байшинд нь орж суугаад эсвэл машиндаа орж суугаад байсан чинь манай нөхөр согтоод эхлэхээр нь би одоо явъя гээд суганаас нь өргөсөн чинь нөхрийн эгч Жнь эхнэртээ базуулчихсан, арчаагүй гээд нөхрийг загнаад байсан чинь манай нөхрийн дүү З хотоос ирсэн янханууд манай ахыг авч явах гээд байна гээд манай дүү болох Саг нэг удаа шанаа руу нь цохичихсон чинь манай дүү уйлаад суучихсан. Тэгэхээр нь би хүүхэд тэвэрч байснаа газарт тавиад эргээд харсан чинь миний үснээс татаж газарт унагаагаад миний дээрээс нүүр рүү 5 удаа цохиод, хөлөөрөө бас толгой дээрээс дэвсэлсэн. Би өнгөрсөн 6 сард хагалгаанд орж төрсөн юм. Миний гэдэс рүү бас 2 удаа өшиглөсөн. Тэгээд зодуулаад байж байсан чинь эгч Жнь монгол гуталтай хөлөөрөө нуруу руу өшиглөөд, цохиод байсан. Тэгээд З хувцас хунараа урж тасдаад зогсоод байхаар нь сиймхийгээр нь машин руугаа ороод хаалгыг нь дотор талаас нь түгжээд суучихсан чинь манай нөхөр машин дотроо орж ирээд суугаад асаагаад хөдөлсөн. Тэгээд тэр шөнөдөө Улаанбаатар хотод орж ирсэн. Үнэхээр гомдолтой байна. Нөхрийн эгч Ж, дүү З хоёрт хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Пын дахин мэдүүлсэн: ...Миний урьд өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Гэхдээ тухайн үед зарим нэг зүйлийн талаар андуу ташаа мэдүүлсэн байна. З нь манай дүү Саг ямар нэгэн байдлаар цохиж, зодоогүй. З намайг зодох үед манай дүүг цохиж, зодсон байх гэж би бодож байсан боловч тийм зүйл болоогүй байсан. Манай дүүгийн бүтэн нэр нь Баянжаргалын С гэдэг. Бид нар дуудахдаа Эва гэж дууддаг. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сийн мэдүүлсэн: …2020 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан сум руу манай хүргэн ах, эгч П, бид нар 3 хүүхдийн хамтаар гарсан. Тэгээд 2020 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Архангай аймгийн Хайрхан суманд хүргэн ахын ээж Хгийнд очоод тэндээ 2 хоносон. Манай хүргэн ахыг ирсэн гээд хамаатан садангууд нь ирж хорхог, боодог хийсэн бөгөөд хорхог, боодгоо хийж идэж байхдаа архи уугаад байсан. Тэгээд архи тойруулж байсан ах эгч бид хоёрт архи өгөхөөр нь манай эгч архи уугаагүй. Би одоо болиод хот руугаа явъя гэсэн чинь эгч айлд ирчихээд түр байж бай гээд байсан. Тэгээд бид нар явахаа болиод хонохоор болоод байж байсан чинь архи ууж байсан З гэх ах архинд явчихаад мотоцикльтой ирж байсан бөгөөд манай хүргэн ахыг хотын хоёр янхан ахыг архи уулгахгүй, авч явах гээд байна гэж хэлээд мотоциклиосоо бууж ирээд манай эгч Пыг машины хаалгаар 2 удаа хавчиж цохиод гэдэс рүү нь 3-4 удаа өшиглөөд, нүүр рүү нь олон удаа цохисон чинь Жгэдэг эгч нь ирээд үснээс нь зулгаагаад байсан. Мөн хамаатан, садан нь ирээд хэл амаар доромжлоод, дайрч давшлаад байсан. Манай эгч нэг сиймхийгээр нь машиндаа суухаар нь хаалгаа түгжээд байж байсан чинь хүргэн ах согтуу машиндаа суугаад асаагаад хөдөлсөн. Хэсэг явж холдож байгаад би машиныг нь бариад хот руу орж ирсэн. Манай эгчийг зодсон хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сийн мэдүүлсэн: ...Тухайн өдөр манай эхнэр болон З нар намайг хот руу авч явах гэснээс болж маргалдсан. Тэгээд удаагүй байж байтал миний эхнэр намайг одоо явъя, интернэтгүй эзгүй хээр газар ирчихлээ гэхээр нь би ах дүү нар дээрээ, гэртээ ирснийх нэг хоночихоод явъя гэж бодож байтал учир зүггүй намайг хэл амаар доромжлоод явах гээд дайраад байхаар нь З уурандаа Пыг нэг удаа цохиод авах шиг болоод бариад авахаар нь би очиж салгасан. Тэгээд машин руу Пыг суулгах гэж байтал З нь Пыг гуяны хэсэгт нэг удаа өшиглөсөн. Үүнээс өөр зүйл болоогүй. Би машиндаа сууж Улаанбаатар хот руу буцсан. З тухайн үед миний эхнэр Пыг гараараа нэг удаа цохиод авсан бөгөөд хаана нь цохисон болохыг би хараагүй. Ямар ч байсан нэг удаа цохиод авахаар нь би очиж салгаад эхнэрээ машиндаа суулгаж авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 41-44 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Жын мэдүүлсэн: ...Би 2020 оны 08 дугаар сарын 09-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутаг Хэргэсийн хөндий гэх газарт өөрийн төрсөн дүү Д.Зийнд очсон. Энэ үеэр миний төрсөн дүү С Улаанбаатар хотоос өөрийн эхнэр, хүүхэд, эхнэрийнхээ дүү нарын хамт ирсэн байсан. Тэгээд тэндээ бид Сэнгээ, түүний эхнэр Б.П, дүү охин нарт нь хорхог хийж өгөөд З хажуу айлаасаа 10 литр айраг авчирч тэд нарыг дайлсан. Удаагүй байж байтал Б.П миний дүү Сийг одоо хот руугаа явъя гэхээр нь би та нар юундаа яардаг юм бэ, ах дүү нар дээрээ ирсэн хүмүүс байна хэд хоноод явахгүй юу гэж хэлтэл П нөхөртөө уурлаж өрөөл татанхай новш гэх мэтээр нөхрөө хэл амаар доромжлоод, хэрүүл хийгээд байсан. Энэ үед нь би дүүгээ өмөөрч, уурлаж, чи юун сүртэй юм, хөөгөөд байгаа биш гэж хэлтэл над руу дайрч, намайг хэл амаар доромжлоод байсан чинь миний дүү Д.З нь Б.П бид хоёрын дундуур орж уурандаа Б.Пын толгой руу нь малгайгаа авч шидээд нэг удаа алгадаж, баруун гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Пын нөхөр С салгаж эхнэрээ машиндаа суулгаж аваад Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед надад ямар нэгэн гэмтэл учраагүй. Тухайн үед би Пыг цохиж, зодсон асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-51 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Д.Зийн мэдүүлсэн: ...Би тухайн үед буюу 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутагт өөрийн уурандаа бэр эгч Б.Птай миний ахыг хот руу авч явах гэлээ, ирснийх хэд хоноод явсангүй гэж хэлээд маргалдаж түүнд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Надад танилцуулсан прокурорын тогтоолтой холбоотой санал, хүсэлт байхгүй. Дээрх тогтоол миний үйлдэлтэй тохирч байна. Манай Хайрхан суманд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой миний төрсөн ах Д.С өөрийн эхнэр Б.П, түүний дүү С, хүүхдүүдтэйгээ хамт ирж миний ээжийнд хоноод маргааш нь манай ах, дүү нараар орж 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутаг Хэргэсийн хөндий гэх газарт байх манайд ирж хоноод, маргааш өглөө нь хот руу явах гэхээр нь би та нар яараад яах вэ, шөл уугаад яв гэж хэлээд, хорхог хийж өгөөд, хажуу айлаасаа 10 литр айраг авчирч тэд нарыг дайлаад удаагүй байж байтал Б.П миний ах Сийг одоо хот руугаа явъя гэхээр нь би та нар юундаа яардаг юм бэ, ах дүү нар дээрээ ирсэн хүмүүс байна, хэд хоноод явахгүй юу гэж хэлтэл ахын эхнэр Б.П ахад уурлаж хүмүүсийн дэргэд миний ахыг явахгүй байна гэж хэл амаар доромжлоод, хэрүүл хийгээд байсан. Энэ үед нь би ахыгаа өмөөрч уурлаж чи юун сүртэй юм, хөөгөөд байгаа биш гэж хэлтэл над руу дайрч намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа Б.Пын толгой руу нь малгайгаа авч шидээд нэг удаа алгадаж баруун гуя руу нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Б.Пын нөхөр нь болох миний ах Д.С, Б.Пыг надаас салгаж аваад машиндаа суулгаж Улаанбаатар хот руу явсан. Б.П бид нарын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 хуу/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9281 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Пын биед тархи доргилт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 15-16 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 26-27 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 57 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Ааймгийн Х сумын М багийн нутаг Х гэх газарт иргэн Б.П нь бусдад зодуулж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.З нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Д.З нь 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр А аймгийн Х сумын М багийн нутаг Х гэх газарт иргэн Б.Птай маргалдаж, түүний эрүүл мэндэд тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Пын мэдүүлсэн “Бүгд архи уугаад байхаар нь би байшинд нь орж суугаад эсвэл машиндаа орж суугаад байсан чинь манай нөхөр согтоод эхлэхээр нь би одоо явъя гээд суганаас нь өргөсөн чинь нөхрийн эгч Жнь эхнэртээ базуулчихсан, арчаагүй гээд нөхрийг загнаад байсан. Тэгэхээр нь би хүүхэд тэвэрч байснаа газарт тавиад эргээд харсан чинь миний үснээс татаж газарт унагаагаад миний дээрээс нүүр рүү 5 удаа цохиод хөлөөрөө бас толгой дээрээс дэвсэлсэн. Миний гэдэс рүү бас 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09, 65-66/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Сийн мэдүүлсэн “Тэгээд бид нар явахаа болиод хонохоор болоод байж байсан чинь архи ууж байсан З гэх ах архинд явчихаад мотоцикльтой ирж байсан бөгөөд манай хүргэн ахыг хотын хоёр янхан ахыг архи уулгахгүй, авч явах гээд байна гэж хэлээд мотоциклиосоо бууж ирээд манай эгч Пыг машины хаалгаар 2 удаа хавчиж цохиод гэдэс рүү нь 3-4 удаа өшиглөөд, нүүр рүү нь олон удаа цохисон чинь Жгэдэг эгч нь ирээд үснээс нь зулгаагаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Сийн мэдүүлсэн “Тухайн өдөр манай эхнэр болон З нар намайг хот руу авч явах гэснээс болж маргалдсан. Тэгээд удаагүй байж байтал миний эхнэр намайг одоо явъя, интернэтгүй эзгүй хээр газар ирчихлээ гэхээр нь би ах дүү нар дээрээ, гэртээ ирснийх нэг хоночихоод явъя гэж бодож байтал учир зүггүй намайг хэл амаар доромжлоод явах гээд дайраад байхаар нь З уурандаа Пыг нэг удаа цохиод авах шиг болоод бариад авахаар нь би очиж салгасан. Тэгээд машин руу Пыг суулгах гэж байтал З нь Пыг гуяны хэсэгт нэг удаа өшиглөсөн. З тухайн үед миний эхнэр Пыг гараараа нэг удаа цохиод авсан бөгөөд хаана нь цохисон болохыг би хараагүй. Ямар ч байсан нэг удаа цохиод авахаар нь би очиж салгаад эхнэрээ машиндаа суулгаж авч явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 41-44/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Жын мэдүүлсэн “Удаагүй байж байтал Б.П миний дүү Сийг одоо хот руугаа явъя гэхээр нь би та нар юундаа яардаг юм бэ, ах дүү нар дээрээ ирсэн хүмүүс байна, хэд хоноод явахгүй юу гэж хэлтэл П нөхөртөө уурлаж өрөөл татанхай новш гэх мэтээр нөхрөө хэл амаар доромжлоод, хэрүүл хийгээд байсан. Энэ үед нь би дүүгээ өмөөрч, уурлаж, чи юун сүртэй юм, хөөгөөд байгаа биш гэж хэлтэл над руу дайрч, намайг хэл амаар доромжлоод байсан чинь миний дүү Д.З нь Б.П бид хоёрын дундуур орж уурандаа Б.Пын толгой руу нь малгайгаа авч шидээд нэг удаа алгадаж, баруун гуя руу нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51/,
мөрдөн байцаалтын шатанд Д.Зийн яллагдагчаар мэдүүлсэн “Би тухайн үед буюу 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутагт өөрийн уурандаа бэр эгч Б.Птай миний ахыг хот руу авч явах гэлээ, ирснийх хэд хоноод явсангүй гэж хэлээд маргалдаж түүнд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Манай Хайрхан суманд 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн орой миний төрсөн ах Д.С өөрийн эхнэр Б.П, түүний дүү С, хүүхдүүдтэйгээ хамт ирж миний ээжийнд хоноод маргааш нь манай ах, дүү нараар орж 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн орой Архангай аймгийн Хайрхан сумын Могой багийн нутаг Хэргэсийн хөндий гэх газарт байх манайд ирж хоноод, маргааш өглөө нь хот руу явах гэхээр нь би та нар яараад яах вэ, шөл уугаад яв гэж хэлээд, хорхог хийж өгөөд, хажуу айлаасаа 10 литр айраг авчирч тэд нарыг дайлаад удаагүй байж байтал Б.П миний ах Сийг одоо хот руугаа явъя гэхээр нь би та нар юундаа яардаг юм бэ, ах дүү нар дээрээ ирсэн хүмүүс байна, хэд хоноод явахгүй юу гэж хэлтэл ахын эхнэр Б.П ахад уурлаж хүмүүсийн дэргэд миний ахыг явахгүй байна гэж хэл амаар доромжлоод, хэрүүл хийгээд байсан. Энэ үед нь би ахыгаа өмөөрч уурлаж чи юун сүртэй юм, хөөгөөд байгаа биш гэж хэлтэл над руу дайрч намайг хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа Б.Пын толгой руу нь малгайгаа авч шидээд нэг удаа алгадаж баруун гуя руу нь нэг удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83/,
хохирогч Б.Пын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9281 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15-16/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М овогт Дын Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Д.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Зийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Зид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.З нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 69 тоот тогтоолоор яллагдагч Д.Зид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Д.З нь зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Дын Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Зийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.З нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Д.Зийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Зид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ