| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/00929/И |
| Дугаар | 183/ШШ2018/01812 |
| Огноо | 2018-08-07 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 183/ШШ2018/01812
2018 оны 8 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2018/01812 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 хороо, Д.Сүхбаатарын талбай-11 байрлах, “У” ХХК-ийн /РД:2637545/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 хороо, 14 байр, 30 тоотод оршин суух Ш овогтой Ргийн Б /РДШЗ66041618/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 хороо, Богины ам, 32А тоотод оршин суух Х овогтой Гийн Ж /РД:УХ84110561/ нарт холбогдох,
барьцааны гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Т.Бл, Э.Ц нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон төлөөлөгч нараас шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Г.Ж, Р.Б нар нь манайхтай 2015 оны 9 сарын 14-ний өдөр ОСЗГ9201/150914 дугаар Орон сууцны зээлийн гэрээ байгуулан 308,000 ам долларыг 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр ХУД, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот, 154 м2 орон сууц, ХУД, 11 хороо, Богины ам гудамж, 26 тоот, 316.04 м2 амрагчдын сууцыг тус тус барьцаалсан. Хариуцагч нар нь зээлийн барьцааны гэрээгээр хүлээсэн 154 м2 орон сууцны гэрчилгээг гаргуулж барьцаанд бүртгүүлэхээр барьцааны гэрээний 3.2.9-д заасан үүргээ биелүүлэхгүй байна. Зээлийн барьцааны гэрээний 3.2.9-д “Төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад баримт бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлэх, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлэх” үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг удаа дараа шаардсан ч хариуцагчаас ямар нэг үйлдэл буюу барьцаалуулах талаар банктай нэмэлт байгуулж бүртгүүлэх хүсэлтийг тавиагүй болно. Иймд Орон сууцны зээлийн барьцааны гэрээний 4.1.11-т зааснаар орон сууцны зээлийн барьцааны гэрээний 3.2.9-т заасны дагуу үүргээ биелүүлэхийг хариуцагч нарт даалгахаар шаардлагаа өөрчилсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагч нараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 9 сарын 14-ны өдөр бид Улаанбаатарын хотын банктай ОСЗГ90201/150914 дугаар Зээлийн гэрээг байгуулан, 308,000 ам долларыг жилийн 15.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлэхээр болсон. Зээлийн гэрээ байгуулах болсон үндэслэл нь Уны санхүүжилтээр баригдсан “Экоскүүл гарден” ХХК-ийн Бритиш тауверт 154 м2 талбайтай орон сууцыг худалдан авах явдал байсан. “Экоскүүл гарден” ХХК-ийн захирал Бл, Ариунаа нар нь биднийг банкны тэргүүн дэд захирал О.Банзрагчтай танилцуулж, орон сууцыг худалдан авах зорилгоор тус банкнаас зээл авахад дэмжпэг үзүүлэх, зээлийн гэрээний нөхцлийг уян хатан байх талаар харилцан тохиролцсон. Бид өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний төлбөрт 100,000 гаруй ам доллар төлсөн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлийн барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг, 11 хороо, Богинын ам 26 тоот 316.04 м2 амрагчдын зориулалттай 1 сая ам долларын өртөг бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. 2016 оны зун бид барьцаалуулсан дээрх үл хөдлөх хөрөнгийг гуравдагч этгээдэд 1 сая ам доллараар худалдахаар тохиролцож, барьцаанаас чөлөөлж өгөх тухай хүсэлтийг банкны эдийн засагчид хандсан. Тухайн үед бид зээлийн гэрээнд заасан хуваарийн төлбөрийг бүрэн гүйцэт төлж байсан. Бид үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэж зээлээ бүрэн төлөх талаар мэдэгдсэн. Эдийн засагч нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө гэж удаа дараа бидэнтэй уулзаж байсан ч эцэст нь барьцаанаас чөлөөлж өгөхгүй гэж мэдэгдсэн. Ингэхдээ “дахин шинээр зээл авч байгаа шиг материал бүрдүүлж, холбогдох хурлаар оруулсны дараа барьцаанаас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ, зээлийн гэрээ 5 жилийн хугацаатай байгуулагдсан тул бид гэрээний хугацаагаар хүүгээ авч, ашгаа олох ёстой учир зээлийг урьдчилан төлөхийг зөвшөөрөхгүй” гэсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой санал хүсэлтүүдийг бид удаа дараа банкинд гаргадаг ч хүлээн авдаггүй. Тэгсэн мөртлөө биднийг айлган сүрдүүлэх, дарамтлах байдлаар харьцаж, банкны байгууллагын ажилтны ёс зүйгүй үйлдлийг удаа дараа гаргаж байсан. Нэхэмжлэлийн “дээрхи шийдвэрийн дагуу үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг бүртгүүлж, барьцаалбарыг банкинд шилжүүлэхийг ОӨУБЕГ-т даалгах шаардлага нь бидэнд хамаарахгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Р.Б, Г.Ж нарт холбогдуулан барьцааны гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нар нь барьцааны гэрээгээр 316.04 м2 амрагчдын зориулалттай 1 сая ам долларын өртөг бүхий үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан, гуравдагч этгээдэд 1 сая ам доллараар худалдахаар тохиролцож, барьцаанаас чөлөөлөх хүсэлтийг банкинд гаргасан ч татгалзсан, үл хөдлөх эд хөрөнгөө худалдсан бол зээлээ бүрэн төлөх байсан гэж маргасан байна.
Хариуцагч Р.Б, Г.Ж нар нь “У” ХХК-тай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүрэг, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот орон сууцыг худалдан авах зориулалтаар Орон сууцны зээлийн гэрээг байгуулан 308,000 ам долларыг жилийн 15,6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлжээ.
Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон, хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болсон, гэрээний агуулга, хүсэл зоригийн илэрхийлэл, нөхцлөөс дүгнэхэд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн, энэ талаар талууд маргахгүй байна.
Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг батлгаажуулахаар байгуулагдсан барьцааны гэрээний 3.2.9 дэх заалтаар тохиролцсон үүргийг хангуулахаар шаардлага гаргасан ба гэрээний заалтад барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ, баримт бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлэх, эрх бүхий байгууллагад гэрээг барьцаалуулагч нь бүртгүүлэх үүрэгтэй гэж тохиролцжээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 156 дугаар зүйлийн 156.2-т үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэжээ.
Зохигч нь дээрх зээлийн гэрээний үүргийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор мөн өдрөө Орон сууцны барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот, 154 м2 орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 хороо, Богины ам гудамж, 26 тоот, 316.04 м2 амрагчдын сууцыг тус тус барьцаалжээ.
Зээлийн барьцааны гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 11 хороо, Богины ам гудамж, 26 тоот, 316.04 м2 амрагчдын сууцны барьцааны эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
Орон сууцны зээлийн гэрээний 1.6-д барьцаа гэж зээлдэгчээс зээлээ буцааж төлөх баталгаа болгож банкинд барьцаалж байгаа барьцааны гэрээнд заасан зээлдэгчийн болон батлан даагчийн хууль ёсны өмч байхыг ойлгоно гэж тодорхойлсон байна.
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх баталгаажих бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нарт гэрээний 3.2.9 дэх заалтаар гэрчилгээг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлэх үүрэг хүлээлгэжээ.
Хэрэгт авагдсан Хан-Уул дүүрэг, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, 52 байр, 701 тоот 154 м2 орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Ж, Б.Баргужин, Б.Бөртэ нар нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048065 дугаарт бүртгэгдэж, 000507092 дугаарын гэрчилгээ олгогджээ.
Дээрхээс дүгнэхэд хариуцагч нар тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байхад хэлцэл хийсэн байх бөгөөд барьцааны гэрээ дагуу , Хан-Уул дүүрэг, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот, 154 м2 орон сууцыг барьцаалсныг улсын бүртгэлд бүртгүүлээгүйг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3-т зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байх боловч барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байх тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэхээр заажээ.
Тухайн тохиолдолд хариуцагч нар нь орон сууц худалдан авахаар зээлийг авсан, орон сууц нь бүрэн баригдаж дууссан, хаягжилт авсан байх тул ирээдүйд бий болох хөрөнгө гэж үзэхгүй тул дээрх хуулийн зохицуулалтаар орон сууц барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэн тохиолдолд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага үүсэх тул тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх нь үүссээгүй байхад үүрэг хүлээлгэсэн гэрээний үүргийг шаардах эрхгүй юм.
Иймд дээрх үндэслэлүүдээр Р.Б, Г.Ж нарт холбогдох, барьцааны гэрээний дагуу орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Энэ өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагч нарын шүүхэд мэдүүлсэн болон нэхэмжлэгчийн мэдүүлсэн хаягаар тус тус хүргүүлсэн боловч хаягт оршин суудаггүй гэж тодорхойлсон, тэдгээрийн 99106666, 94999033 дугаарын утсанд зурвасаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 1154 дүгээр зүйлийн 154.4-т заасныг баримтлан Р.Б, Г.Ж нарт холбогдох, барьцааны гэрээний дагуу Хан-Уул дүүрэг, 4 хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот, 154 м2 орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагчид шилжүүлэхийг даалгах тухай “У” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ