Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2537

 

Э.О-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02383 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Э.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШГА-д холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Э.О болон хамтран зээлдэгч Э.О нар 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Х” ХХК-тай №1780001955 дугаар зээлийн гэрээ байгуулж, 130 000 000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлсэн ба зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх баталгаа болгож мөн өдрөө №1780001955-01 дүгээр баталгаат ипотекийн гэрээ байгууулж өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 23 тоот хуучны 30 м.кв, 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Гэвч дээрх гэрээнүүдтэй холбоотой нэхэмжлэлийг Х 2016 онд гаргаж, уг хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн захирамжаар хариуцагч Э.О, Э.О, “О” ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж миний өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 23 дугаар байрны 23 тоот 30 м.кв, 2 өрөө орон сууцыг хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг 70 000 000 төгрөгөөр тогтоолгож, уг үнийн 70 хувь болох 49 000 000 төгрөгөөр “Дуудлага худалдааны санал болгож худалдах болсон тухай” 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолыг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр мэдээд шүүхэд хандсан боловч нэхэмжлэлд хавсаргасан баримтын жагсаалтгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзсан.Миний бие нэхэмжлэлийг дахин гаргасан ба 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр албадан дуудлага худалдааны үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай гомдол гаргахад ахлах шийдвэр гүйцэтгэгч нь мөн өдөр гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн болно.

Миний өмчлөлийн орон сууц зах зээлийн үнэлгээгээр 70 000 000 төгрөг байх боломжгүй тухайн газар байгаа адилхан орон сууц 90 000 000 төгрөгөөр худалдагдаж байгаа, би уг орон сууцандаа 2015 онд их засвар хийсэн байсан тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд орон сууцыг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн 355 дугаар захирамжаар "О" ХХК, Э.О, Э.О нараас 151 131 608 төгрөг гаргуулж Х-д олгохоор шийдвэрлсэн. НШГА дээрх шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 1/128 дугаар мэдэгдлээр төлбөрийг сайн дураар төлж барагдуулахыг мэдэгдсэн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны 14 тоот, 30 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, хадгалалт хамгаалалтыг Э.О-д үлдээсэн.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөрөнгиин үнэлгээг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч 70 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч "О” ХХК, Э.О, Э.О нарт 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2429 дүгээр үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.О-ийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо,  23 дугаар байрны 14 тоот, 30 м.кв орон сууцыг 70 000 000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57   дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д зааснаар нэхэмжлзгч Э.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Учир нь: Уг орон сууц зах зээлийн үнэлгээгээр 70 000 000 төгрөг байх боломжгүй бөгөөд тухайн газар байгаа адилхан орон сууцнууд 90 000 000 төгрөгөөр худалдан борлогдож байна. Мөн нэхэмжлэгч орон сууцандаа 2015 онд их засвар хийсэн тул 70 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

    Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч НШГА-д холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/01263 дугаар захирамжаар хариуцагч Э.О, Э.О, “О” ХХК-иас 151 131 008 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үүргээ гүйцэтгэхгүй бол Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар 19 дүгээр байрны 14 тоот орон сууц, 11-73 улсын дугаартай Nissan x-terra маркийн автомашиныг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн байна. /хх-37-38/

          Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нар төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, зээлийн төлбөрт барьцаалсан орон сууцыг битүүмжлэн хураах, төлбөр төлөх хугацаа тогтоосон мэдэгдэл хүргүүлэх зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.5 дахь хэсэгт зааснаар хэрэгжүүлсэн үйл баримтын талаархи шүүхийн дүгнэлт зөв байна. /хх-39-46/ 

        Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах үнэлгээг төлбөр төлөгч Э.О 120 000 000 төгрөгөөр, төлбөр төлөгч Э.О болон “О” ХХК-иас 150 000 000 төгрөгөөр үнэлсэн тул шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 дугаар тогтоолоор “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг явуулжээ. /хх-50-53 /

          Шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн зах зээлийн бодит үнэ болох 70 000 000 төгрөгөөр тогтоосныг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр төлбөр төлөгч “О” ХХК, Э.Од, Э.О нарт мэдэгдлийг гардуулсан болох нь ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 3/2429 дүгээр мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон байна. /хх-58/

        Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн дээрх баримтуудыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хариуцагч байгууллага Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх  хэсэгт заасан журмын дагуу явуулсан байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэв.

         Төлбөр төлөгч Э.О нь үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  хүлээн авсан бөгөөд 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг, эрх бүхий үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар, хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг 50 хувиар тогтоох зохицуулалт нь тухайн хөрөнгийг энэ үнээр шууд худалдах бус, энэ үнээс дээш санал гаргах агуулгатай болохыг дурдах нь зүйтэй.

     Харин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 он/ хуулийг баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 181/ШШ2017/02383 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хуулийн” гэснийг “хууль /2002 он/-ийн” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                  ШҮҮГЧИД                                       Б.НАРМАНДАХ

                                                                                                         Д.БАЙГАЛМАА