Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2021/0168

 

 

 

 

 

 

 

2021 оны 3 сарын 11 өдөр                    

               Дугаар          

     128/ШШ2020/0168

              Улаанбаатар хот

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Гомдол гаргагч: “М” ХХК /РД:/

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Н.

Гомдлын шаардлага: “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

                Шүүх хуралдаанд: гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Т, хариуцагч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч “М” ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан гомдолдоо: “..."М" ХХК нь аялал жуулчлал, хүнд машин механизмын түрээс, автомашинаар ачаа тээвэрлэлт, автомашины сэлбэгийн худалдаа, түр сургалт, цэцэрлэгжүүлэлт зэрэг чиглэлээр 2012 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байна. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс манай байгууллагын 2012-2016 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэх хуудсаар 541,387,686,30 төгрөгийн зөрчилд 64,902,644.60 төгрөгийг төлүүлэхээр ногдуулсан. Уг шийдвэрийг манай байгууллага эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 65 тоот тогтоолоороо татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч танилцаад мөн үндэслэлгүй гэж үзэж байна. "М" ХХК нь “М" ХХК-тай “Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай” гэрээ байгуулан ажилласан. Ингэхдээ хөлсийг шатахуунаар буюу бартераар авч барагдуулах талаар тохиролцсон ба авсан шатахууныг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан, ашиг олоогүй байхад татварын улсын байцаагч нь шийтгэлийн хуудсаар төлбөр оногдуулсан нь үндэслэлгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 тоот 64,902,644.60 төгрөгийг төлүүлэх шийтгэх хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч компани нь ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг. Тус компанийн нягтлан бодогч байнга солигддог учир санхүү, татвартай холбоотой асуудал гаргасан байна. Маргаан таслах зөвлөл уг асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах гэж 3 жил болно. Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэгч компани биш “М” ХХК төлөх ёстой байсан. Уг компанийн нягтлан бодогч нэхэмжлэгч компанийн санхүүгийн тайланд шивж оруулсан алдаа гаргасан болохыг нэхэмжлэгч компани дараа нь мэдсэн. Уг алдаагаа “М” ХХК-ийн нягтлан бодогч хүлээн зөвшөөрсөн. Мөн энэ орлогыг дагаад маш олон зардал гарсан. Жишээ нь татвараас хасагдах зардалд огт жолоочийн хөлсийг оруулж тооцоогүй байдаг. Нийт 581 сая төгрөгийн 338 сая төгрөгөөр “М” ХХК-аас бензин авсан, үлдсэн 180 сая төгрөг нь үйл ажиллагааны зардал, ажилчдын хөлсөнд зарцуулагдсан. Нэхэмжлэгч компани нь 10 гаруй сая төгрөгийн ашигтай ажилласан хэрнээ 500 гаруй сая төгрөгийн торгууль төлөхөөр болж байгааг ойлгохгүй байна. Хяналт шалгалтын явцад нэхэмжлэгч талаас холбогдох материалыг дутуу гаргаж өгсөн учраас шалгалтын дүн буруу гарсан.

Маргаан таслах зөвлөлийн тогтоолд “Д” ХХК-ийн орлого дээр нэмээд “Д” ХХК-ийн орлогыг нэмж татвар ногдуулсан байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Нэхэмжлэгч компанийн тээврийн хөлсний тооцоонд шатахууны баримт орохгүй. Нэхэмжлэгчээс хяналт шалгалтын явцад буруу баримтыг гаргаж өгсөн байгаа учраас “М” ХХК-тай тулгасан санхүүгийн тайланг гаргаж өгч хяналт шалгалтыг дахин хийлгэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш гэсэн үг. “М” ХХК-аас нэхэмжлэгч компанид өгсөн бензин нь ажлын хөлс биш. Энэ нь “М” ХХК машин хөдөлгөж тээвэрлэлт хийлгэхийн тулд өгч байгаа бензин юм. Нэхэмжлэгч компани “М” ХХК-тай 2012 оноос хойш хамтарч ажиллахдаа бензиний нэмэгдсэн өртгийн албан татварын мөнгийг “М” ХХК өөр дээрээ бүртгэж ирсэн байдаг. Хяналт шалгалтын явцад үүнийгээ нотолж чадаагүй тул “М” ХХК-тай тооцоо нийлсэн актыг шинээр гаргаж хяналт шалгалтын дүнг дахин гаргуулах шаардлагатай байна” гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Э.Н шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Г.Тнар Татварын Ерөнхий Газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн А/65 тушаалын хавсралт 1-д заасан “Татварын хяналт шалгалтад 2017 онд хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 35170400129 тоот томилолтын дагуу, Улсын бүртгэлийн 9011366058 дугаартай, нэмэгдсэн өртгийн албан татварын 2012 оны 10 сарын 31-ний 28706 тоот гэрчилгээтэй, 5 тоот регистрийн дугаартай “М” ХХК-ийн 2012-2016 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд санхүүгийн анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримт материалд үндэслэн “бүрэн” шалгалт хийж нийт 541,387,686.30 төгрөгийн зөрчил илрүүлж, 351730129 тоот шийтгэлийн хуудсаар 51,993,653.90 төгрөгийн нөхөн татвар, 6,803,363.40 төгрөгийн торгууль, 6,105,627.30 төгрөгийн алданги, нийт 64,902,644.60 төгрөгийн төлбөр оногдуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 04-нд Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар хандсан. Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны 65 дугаар тогтоолоор

татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан. Зөрчил илрүүлсэн талаар:

1. 2015 онд 625,000.00 төгрөг, 2016 онд 1,165,720.00 төгрөг, нийт 1,790,720.00 төгрөгийн тайлангаар ногдуулсан хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй;

2. 2015 оны 7 дугаар сарын 01-ний Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай 15-03 тоот гэрээний хавсралт болох 2015 оны 12 дугаар сарын 01-ний Хавсралт №01 гэрээгээр “Мо” ХХК-д ажил гүйцэтгэж, ажлын хөлсөнд 18,436,500.00 төгрөгийн шатахуун авсныг ААНОАТ, НӨАТ-ын тайланд тусгаагүй;

3. 2016 оны 7 дугаар сарын 05-аас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдэд “М” ХХК-ийн захиалгаар ачаа тээврийн ажил гүйцэтгэж, 558,665,000.00 төгрөгийн (НӨАТ-тай) дүнгээр тооцоо нийлсэн боловч 168,158,861.40 төгрөгийн орлогыг тайлагнаж зөрүү 339,718,411.40 төгрөгийн орлогыг ААНОАТ-ын болон НӨАТ-ын тайланд тусгаагүй;

 4. 2016 онд “Д” ХК-аас ХАС банк дахь харилцах дансаар (2016.06.03-нд 3,6 сая, 2016.09.16-нд 2,7 сая) орж ирсэн 6,300,000.00 төгрөгийн (НӨАТ-тай) орлогыг ААНОАТ-ын тайланд тусгаагүй зөрчлүүд илэрсэн, нотлох баримтаар нотлогдсон тул хариуцлага оногдуулсан болно.” гэв.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч компани болон “М” ХХК нь өөрсдийн байгуулсан гэрээний дагуу санхүүгийн тооцоо нийлсэн байсан. Уг тооцооны зарим хэсгийг бэлэн мөнгөөр, зарим хэсгийг шатахуунаар хийсэн байсан. Шатахуунаар авсан гэх тооцооны баримтаар нотлогдож байгаа хэсгийг татвар ногдох орлогоос хасаж тооцсон. Мөн ажилчдын цалин хөлсний асуудлыг ярьж байна. Нэхэмжлэгч компани нь цалин олгосон гэх баримтгүйгээр хүн амын орлогын албан татварыг төлөөгүй байсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс дахин хяналт шалгалт явуулах хүсэлтийг гаргаж байна. Дахин хяналт шалгалт хийсэн ч гэсэн нийт төлбөрийн хэмжээ өөрчлөгдөхгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч "М" ХХК-иас тус шүүхэд хандан “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг гаргажээ.

Шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий шийтгэлийн хуудсыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1. Татварын ерөнхий газрын харьяа Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Г.Тнар нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 35170400129 дугаар томилолтын дагуу "М" ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд ижил бүрэн хяналт, шалгалтыг хийж, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 дугаар шийтгэлийн хуудсаар нийт 541,387,686.30 төгрөгийн зөрчилд нийт 64,902,644.60 төгрөгийн төлбөр ногдуулсан.

Гомдол гаргагч "М" ХХК дээрх маргаан бүхий актыг эс зөвшөөрч “нэр бүхий аж ахуй нэгжүүдтэй “Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай” гэрээ байгуулан ажиллахдаа хөлсийг шатахуунаар буюу бартераар авч барагдуулах талаар тохиролцсон бөгөөд авсан шатахууныг өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж ашиг олоогүй. Татварын Маргаан таслах зөвлөлд хандан гаргасан гомдлыг хянах явцад татварын байцаагч нараас “Д” ХХК-иас 2.409.090.91 төгрөгийн  орлого олж, түүнд ногдох орлогын албан татвар төлөөгүй гэдэг үндэслэлээр төлбөр ногдуулсан болох нь тогтоогдсон бөгөөд бид ийм үйл ажиллагаа явуулаагүй. Дурдсан зөрчлүүдтэй холбоотой нотлох баримтуудыг нэмж гаргаж өгч, хяналт шалгалтыг дахин хийлгэх хүсэлтэй байна”  зэрэг үндэслэлээр маргаж байна.

2. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд,

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Н, Г.Тнар нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны А/04 дүгээр тушаалаар батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн даргын 2017 оны 35170400129 дугаар томилолтын дагуу 2017 оны 12 дугаар сарын 28-ний өдөр “М” ХХК-ны үйл ажиллагаанд газар дээрх хяналт шалгалтыг хийжээ.

Шалгалтаар "М" ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд ижил бүрэн хяналт, шалгалтыг хийж,  2015 онд 625,000.00 төгрөг, 2016 онд 1,165,720.00 төгрөг, нийт 1,790,720.00 төгрөгийн тайлангаар ногдуулсан хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, 2015 оны 7 дугаар сарын 01-ний Битум тээвэрлэх, тээвэрлүүлэх тухай 15-03 тоот гэрээний хавсралт болох 2015 оны 12 дугаар сарын 01-ний Хавсралт №01 гэрээгээр “Мо” ХХК-д ажил гүйцэтгэж, ажлын хөлсөнд 18,436,500.00 төгрөгийн шатахуун авсныг ААНОАТ, НӨАТ-ын тайланд тусгаагүй, 2016 оны 7 дугаар сарын 05-аас 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрүүдэд “М” ХХК-ийн захиалгаар ачаа тээврийн ажил гүйцэтгэж, 558,665,000.00 төгрөгийн (НӨАТ-тай) дүнгээр тооцоо нийлсэн боловч 168,158,861.40 төгрөгийн орлогыг тайлагнаж зөрүү 339,718,411.40 төгрөгийн орлогыг ААНОАТ-ын болон НӨАТ-ын тайланд тусгаагүй, 2016 онд “Д” ХК-иас ХАС банк дахь харилцах дансаар (2016.06.03-нд 3,6 сая, 2016.09.16-нд 2,7 сая) орж ирсэн 6,300,000.00 төгрөгийн (НӨАТ-тай) орлогыг ААНОАТ-ын тайланд тусгаагүй зөрчлүүд илэрсэнтэй холбогдуулж  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д “хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад энэ хуулиар шалган шийдвэрлэхээр харьяалуулсан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” хэмээн заасанчлан мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан журмын дагуу Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулж, татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ХХК-нд Татварын Ерөнхий хуулийн /2008 оны /74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн 74.1.3, 74.1.11, 74.3 дахь хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17.1.1, 17.2 дахь хэсгийг үндэслэн нийт 541,387,686.30 төгрөгийн зөрчилд 51,993,653.90 төгрөгийн нөхөн татвар, 6,803,363.40 төгрөгийн торгууль, 6,105,627.30 төгрөгийн алданги, нийт 64,902,644.60 төгрөгийн төлбөрийг оногдуулжээ.

Улмаар тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч “М” ХХК-иас Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандан гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолд “...хөндлөнгийн мэдээллээр “Д” ХХК-иас 2.409.090.91 төгрөгийн ... орлогыг татварын тайланд дутуу тусгаж, татвар ногдуулаагүй нь татварын албаны цахим мэдээллийн сангийн мэдээлэл, гомдол гаргагчийн магадалгаанд ирүүлсэн дансны хуулгаар нотлогдож байна” хэмээн дурдаж шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн талаарх материал, “М” ХХК-ийн  2015, 2016 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан, “МХХК, “Х” ХХК болон “Д” ХК-тай байгуулсан ачаа тээврийн гэрээ холбогдох бусад баримтуудад Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 65 дугаар тогтоолд дурдагдсан “хөндлөнгийн мэдээлэл” болон “Д” ХХК-иас олсон орлогын талаарх нотлох баримтууд авагдаагүй, энэхүү үйл баримт нь маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудаст дурдагдсан зөрчлүүдийн аль нь болох нь тодорхойгүй байх бөгөөд шүүх хуралдааны явцад хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эл үйл баримттай холбоотой тайлбарыг хийх боломжгүй болохоо илэрхийлж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “М” ХХК нь өөрт байгаа нэмэлт нотлох баримтаа татварын улсын байцаагч нарт гаргаж өгч, хяналт шалгалтын ажиллагааг дахин хийлгэх хүсэлтэй байгаа болохоо илэрхийлж байна.

3. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ” 18.1.1 “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх...” Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно:”, 8.1.1 дэх хэсэгт “үндсэн болон туслах үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний борлуулалтын орлого” хэмээн, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” хэмээн тус тус заасан.

Үүнтэй холбогдуулан шүүх, нэгэнт маргаан бүхий акт болох татварын улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 351730129 дүгээр шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “М” ХХК-ийн үйлдсэн гэх зөрчлүүдийг нэг мөр, хангалттай тодорхой нотолж чадаагүй, эл нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагчийг хууль журамд нийцүүлэн хяналт шалгалтын ажлыг дахин явуулж дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

                Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2, Татварын Ерөнхий хуулийн /2008 оны /74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсгийн 74.1.3, 74.1.11, 74.3 дах хэсэг, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17.1.1, 17.2 заасныг тус тус үндэслэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 тоот шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг үндэслэн шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага дахин шинэ акт гаргаагүй бол Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 351730129 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.М