Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 221/ШШ2022/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

                                               Шүүгч Д.Оюумаа,

Нэхэмжлэгч: С.С,

Хариуцагч: Н Д Е Г-ийн дарга, 

Нэхэмжлэлийн шаардлага:НДЕГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “...жирэмсний 31-32 долоо хоногтойд”, 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэснийг тус тус хүчингүй болгуулах”,

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, С.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н, Ц.Г, иргэдийн төлөөлөгч Ц.Х нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 221/2022/0019/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Нэхэмжлэгч С.С нь НДЕГ-ын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “1.1.  Монгол Улсын иргэн Сүхээ овогтой Сувдаа миний бие 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр амаржиж, 3 дахь хүүхдээ өлгийдөж авсан. НДЕГ-ын даргын A/38 дугаар тушаалаар батлагдсан журмын хууль бус заалтын улмаас С.С миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 5-д “өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй” гэсэн иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1 дэх заалтыг баримтлан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргасан.

                        1.2. Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Нийгмийн даатгалын ерөнхий газраас С.С надад жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох боломжгүй үндэслэлээ “Эмнэлгийн хуудас олгох, хянах журмын 2.6-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд заасны дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэн /даатгуулагч/-д эмнэлгийн хуудсыг жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн эх барихын тусламж үйлчилгээ үзүүлсэн амаржих газар олгоно” гэсэн нөхцөл, болзлыг хангаагүй” гэж тайлбарлан хариуг бичгээр ирүүлсэн. Жирэмсний хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага нь хариуцагчийн энэхүү хууль бус хэм хэмжээний актын холбогдох заалтыг баримтлан иргэн С.С надад жирэмсний эмнэлгийн хуудсыг олгохгүй, сэтгэл санааны болон эд мөнгөний бодит хохирол учруулж байна.

                        1.3. НДЕГ-ын даргын тушаалаар батлагдсан журмын 2.6, 4.8.2 дахь заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “Монгол улсын Үндсэн хууль , энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, 60.1.2-т “Тусгайлан эрх олгосон хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийсэн байх”, 60.1.6-д “Хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” гэсэн хэм хэмжээний актад тавигдсан шаардлагуудыг зөрчсөн байх тул хууль бус гэж үзэх дараах үндэслэлүүд байна.

                        1.4. Үүнд, Монгол Улсын Үндсэн хуульд “хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах иргэний баталгаатай эдлэх эрх” гэж тунхагласан байхад НДЕГ-ын даргын тушаалаар батлагдсан журамд жирэмсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй байх зохицуулалт оруулсан нь “уг журам Үндсэн хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй” гэж үзэх үндэслэл болно.

                        1.5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зорилт нь хуульд заасны дагуу нэг талаас даатгуулагч, ажил олгогч шимтгэл төлөх, нөгөө талаас хуулийн дагуу олгох тэтгэвэр, тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзан даатгалын байгууллагаас төлөх харилцааг зохицуулах гэсэн агуулгаар хуульчилсан. Гэтэл А/38 дугаар тушаалаар батлагдсан журмын 2.6 дахь заалт нь хуулийн агуулга, зорилго хүрээнд нийцээгүй, тухайлбал, “тэтгэвэр тэтгэмжийн шимтгэлийг хуульд заасан хугацаанд, тогтсон хувь хэмжээгээр төлсөн байх хуулийн зохицуулалт хамаагүй, зөвхөн журмаар тогтоосон 31-32 долоо хоногт эмнэлгийн хуудас бичнэ” гэсэн нь хууль бус байна.

                        1.6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэж” заасан. С.С миний бие тэтгэмж авах хуулийн шаардлагыг бүрэн биелүүлсэн. Гэтэл журмын 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд эмнэлгийн хуудас бичиж олгохгүй” гэсэн нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх хэм хэмжээний актад тавьсан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

                        1.7. Монгол Улс нь харьцангуй цөөн хүн амтай, төрийн бодлогын үндсэн чиглэлийн нэг нь эх, хүүхэд, нөхөн үржихүйн эрүүл мэндийг хамгаалах дэмжих явдал гэдэгтэй хэн ч маргахгүй, энэ бодлогын хүрээнд Засгийн газраас үндэсний хөтөлбөр батлан хэрэгжүүлж байгаа. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газар нь төрийн бодлого хэрэгжүүлэх нэг чухал байгууллага атал даатгуулагч эхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хууль бус хэм хэмжээний акт баталж мөрдүүлсэн нь байж боломжгүй асуудал.

                        1.8. Иймээс олон мянган даатгуулагч эхчүүдийн Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс С.С миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье” гэжээ.                  

          2. Хариуцагч НДЕГ-ын дарга Д.З шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2.1. НДЕГ-ын даргын 2021 оны “Журам шинэчлэн батлах тухай” А/38 дугаар тушаалаар “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ыг шинэчлэн баталж, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 5169 дүгээрт бүртгүүлсэн.

                        2.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт “... Энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно” гэж, Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Жирэмсэн эмэгтэйн үзлэг шинжилгээний товлол”-д “... Жирэмсний 32 долоо хоногтойд жирэмсний амралт олгохоор ...” тус тус заасан.

                        2.3. С.С нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан өргөдөл гаргасныг шалгаж, хариуг тус хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/253 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна. С.С нь 2021 оны 08 дугаар сард “Э Э Я ТМЗ” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн бөгөөд 2021 оны 10 дугаар сараас “Б С К ТМЗ” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн байна. 2021 оны 09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тасарсан. Энэ нь “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй” гэж заасныг зөрчсөн байна. Иймд С.С-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          3. Иргэдийн төлөөлөгч Ц.Х шүүх хуралдаанд “... Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 6 сар тасралтгүй төлснийг хугацааг өөрчлөх, нөхөн төлүүлэх, жирэмсний 31-32 долоо хоногийг даатгуулагч өөрийн хүсэлтээр гаргах” гэж дүгнэлт гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

   1. С.С нь НДЕГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “...жирэмсний 31-32 долоо хоногтойд”, 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэснийг тус тус хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлжээ.

            2. Шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

                        2.1.      НДЕГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ыг баталсан, уг журмаар ... жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд эмнэлгийн хуудас олгох, мэдээллийн санд бүртгэх, хяналт тавих харилцааг зохицуулахаар заасан байна.                                              

                        2.2.      Дээрх журам нь захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 5169 дугаарт бүртгэгдсэн, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг бүрэн хангасан, актын төслийг бэлтгэх, төсөлд санал авах, актыг бүртгэх ажиллагаа хийгдсэн, холбогдох хууль, журамд нийцсэн байна.

                        2.3.  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д зааснаар тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 1-д зааснаар энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоор байна. Мөн Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Жирэмсэн эмэгтэйн үзлэг шинжилгээний товлол”-д “... Жирэмсний 32 долоо хоногтойд жирэмсний амралт олгохоор ...” тус заажээ.

                         2.4. “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн иргэн (даатгуулагч)-д эмнэлгийн хуудсыг жирэмсний 31-32 долоо хоногтойд хяналт тавьж буй эрүүл мэндийн байгууллага, амаржсаны эмнэлгийн хуудсыг тухайн эхийн амаржсан өдрөөс эхлэн эх барихын тусламж, үйлчилгээ үзүүлсэн амаржих газар олгоно” гэж, 4.8-д “Дараах тохиолдолд эмнэлгийн хуудас бичиж олгохгүй. Үүнд”, 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэж тус тус заасан.

                        2.5. Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/318 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Жирэмсэн эмэгтэйн үзлэг шинжилгээний товлол”-д 28 долоо хоногтойд жирэмсний явц, ургийн өсөлт хөгжилтийг хянаж, жирэмсний өндөр эрсдэлийг илрүүлж, жирэмсний 32 долоо хоногтойд жирэмсний амралт олгохоор зааснаас үзвэл 31-32 долоо хоногтой хугацаанд хэвийн жирэмсэн буюу хүндрэлгүй, төрөхөд аливаа эрсдэл үүсэхээргүй болсон гэж үзэж жирэмсний амралт олгох боломжтой байна. Түүнчлэн “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-аар төрөх хугацаанаас өмнө амаржсан, гадаад оронд жирэмсний хяналтад байгаа болон амаржсан, тэтгэмжийн эрх үүссэн даатгуулагч эх хүүхдээ 196-аас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг хэрхэн олгох талаар нарийвчлан заасан байх тул жирэмсний 31-32 долоо хоногтойд жирэмсний тэтгэмж авах эрх үүсэхээр заасан гэж ойлгохоор байна. Өөрөөр хэлбэл, жирэмсний тэтгэмж олгох зохицуулалтын гол зорилго нь жирэмсэн бөгөөд хэвийн төрөхөд олгох бөгөөд хэрэв 31-32 долоо хоногтойд жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн л бол хэдийд ч хүсэлтээ гаргаж, тэтгэмжээ авах эрхтэй, харин уг хугацаанаас өмнө амаржсан тохиолдолд эмнэлгийн хуудсыг хэрхэн олгохыг уг журмаар зохицуулсан байна.

                        2.6. Иймд “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “...жирэмсний 31-32 долоо хоногтойд” гэснийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул мөн журмын 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэх хэсгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй.

                        2.7. НДЕГ-ын2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/1037 дугаар албан бичгээр С.С-ийн нийгмийн даатгалын шимтгэл болон тэтгэмжийн талаарх мэдээллийг ирүүлсэн байх ба тэрээр 2020 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарыг хүртэл “А” ХХК, 2021 оны 05 дугаар сараас 08 дугаар сарыг хүртэл “Э Э Я ТМЗ” ХХК, 2021 оны 10 дугаар сараас 2022 оны 04 дүгээр сарыг хүртэл “Б К ТМЗ” ХХК-ийн харьяаллаар нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд нэхэмжлэгч үүнтэй маргаагүй.

                        2.8. С.С нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан “...  2021 оны 05 дугаар сараас ажиллан 5, 6, 7, 8 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн, тасалдсан нь 2021 оны 09 дүгээр сар, ... 2021 оны 10 дугаар сараас тасралтгүй 6 сарын турш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тул жирэмсний тэтгэмж авах эрх үүссэн, ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан, тус хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/253 дугаар албан бичгээр “...“Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д заасны дагуу таны 32-33 дахь долоо хоногтой жирэмсний үед эмнэлгийн хуудас бичүүлж авах эрх үүсээгүй тул жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг олгох боломжгүй” гэх хариуг өгчээ. Нэхэмжлэгчээс “...хүсэлт гаргах үед 2022 оны 04 дүгээр сард шимтгэл төлсөн нь бичигдээгүй байсан” гэж, хариуцагчаас “... С.С нь сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн байх шаардлагыг хангаагүй тул татгалзсан хариу өгсөн” гэж тус тус тайлбарлан маргаж байх боловч тухайн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах байдлаар хандаагүй байна.

                        2.9. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар хэм хэмжээний акт нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг хянах бөгөөд маргаан бүхий журмын холбогдох заалтууд нь хэм хэмжээний актад тавигдах шаардлагад нийцсэн талаар дээр дүгнэсэн. Хэрэв нэхэмжлэгч нь маргаан бүхий журмын хэрэгжилт хангагдаагүй, хариуцагчийг үндэслэлгүйгээр жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, тэтгэмжийг олгохгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу маргах эрхийг үүгээр хязгаарлахгүй.

                        2.10. Иймд маргаан бүхий журмын холбогдох хэсгийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул иргэдийн төлөөлөгчийн “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөх, нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 6 сар тасралтгүй төлснийг хугацааг өөрчлөх, нөхөн төлүүлэх, жирэмсний 31-32 долоо хоногийг даатгуулагч өөрийн хүсэлтээр гаргах” гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан С.С-ийн НДЕГ-ын даргад холбогдуулан гаргасан “НДЕГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/38 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”-ын 2.6-д “...жирэмсний 31-32 долоо хоногтойд”, 4.8.2-т “Жирэмсний 31-32 долоо хоногтойд тэтгэмж авах эрх үүсээгүй тохиолдолд” гэснийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

         

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Н.ДОЛГОРСҮРЭН

 

               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Д.БАТБААТАР

 

               ШҮҮГЧ                                                                  Д.ОЮУМАА