Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00502

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2018/00502

                        Улаанбаатар хот

                     

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 00 дугаар хороо, 0 дугаар бичил хороолол, 0000 тоотод оршин суух, Б овогт Б З /РД:000000000/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 хороо, 000 байр 00 тоотод оршин суух, Б нар овогт Б М /РД:000000000/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Ривер стоун 00 байрны 000 тоотод оршин суух, Х овогт Ц Б /РД:0000000/ нарт холбогдох 

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 42 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.  

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.З, хариуцагч Б.М, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч  Б.З шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            2017 оны 10 сард цахим хуудсанд тавигдсан хөрөнгө оруулагч хайж байна гэсэн зарын дагуу би Ц.Б, Б.М нартай уулзахад гар утасны долгион сааруулдаг бичил чип гадаадаас оруулж ирэхээр 10 000 ширхэг чипний захиалга авсан, хөрөнгө оруулагч хайж байна гэсэн. Ингээд би Ц.Б, Б.М нартай 30 000 000 төгрөгний хөрөнгө оруулалт хийе, оруулж ирсэн барааны ашгаас 6 000 000 төгрөг авна гэж тохиролцож хамтран ажиллах гэрээг нэг сарын хугацаатай хийсэн. Хамтран ажиллах гэрээгээр гадаадаас бичил чип оруулж ирэх, борлуулах ажлыг Ц.Б, Б.М нар хариуцаж, би хөрөнгө оруулалт хийхээр тохирсон. Хамтран ажиллах гэрээний хугацаа дуусахад бичил чип борлуулаагүй байсан ба Ц.Б хамтран ажиллах гэрээг нэг сараар сунгая, шинэ жил болсонтой холбоотойгоор бичил чипний захиалга цуцлагдаад байна, гэрээг сунгасан нэг сардаа дахин 6 000 000 төгрөг өгье гэж гуйхад нь би хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч Ц.Б, Б.М нараас хамтран ажиллах гэрээний дагуу 42 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

            Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг Ц.Б хүлээн зөвшөөрч төлнө гэж байгаа боловч гэрээ байгуулахад Б.М хамт байсан, энэ хоёр хоёулаа ажиллана гэсний дагуу би гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн учраас Б.М татгалзаж эвлэрэх боломжгүй. Хамтран ажиллах гэрээний дагуу би хөрөнгө оруулалтыг 100 хувь хариуцаж 30 000 000 төгрөгний хөрөнгө оруулсан, энэ хоёр борлуулалтыг 100 хувь хариуцана гэсэн. Надад миний оруулсан хөрөнгийг болон олсон ашгаас 6 000 000 төгрөгийг төлнө гэсэн учраас би зөвшөөрч гэрээг байгуулсан юм. Гэтэл гэрээний хугацаа дуусахад оруулсан хөрөнгө ч байхгүй, ашиг ч өгөөгүй. Гэвч өөрсдөө хүсэлт гаргаад гэрээг дахин 1 сарын хугацаатай сунгая, 6 000 000 төгрөг өгнө гэж харилцан тохиролцсон. Иймд хариуцагч Ц.Б, Б.М нараас оруулсан хөрөнгө 30 000 000 төгрөг, ашиг 12 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.   

 

            Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрч байна. 2017 оны 10 сарын 20-ны өдөр би Б.З хамтран ажиллах гэрээ байгуулан 30 000 000 төгрөгийг авсан ба 2017 оны 10 сарын 23-ны өдөр Америк улсаас 10 000 ширхэг бичил чип захиалсан. Гэтэл захиалсан бичил чип хугацаандаа ирээгүйтэй холбоотойгоор мөн шинэ жилтэй холбоотойгоор арван жилийн сургуулиудтай хийсэн бичил чипний захиалга цуцлагдсан.

            Нэхэмжлэгчээс хамтран ажиллах гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт 30 000 000 төгрөгийг авсан нь үнэн. Гэрээний хугацаанд хамтран ажиллаад оруулсан хөрөнгө буюу ашиг өгнө гэж тохирсон боловч ашиг олоогүй, борлуулалт хийгдээгүй. Гэвч нэгэнт харилцан тохиролцсон учраас нэхэмжлэгчид оруулсан хөрөнгө болох 30 000 000 төгрөгийг буцаан өгнө, мөн борлуулалт хийгдээгүй боловч ашиг өгөхийг зөвшөөрч байна. Мөн би энэ мөнгийг өөрөө төлөхөд татгалзахгүй гэв. 

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тухайн үед Ц.Б бид хоёр нэг хувийн компанид хамт ажилладаг байсан. Гэтэл Ц.Б би нэг төсөл бичсэн ба хөрөнгө оруулагч олсон. Төслийнхөө дагуу захиалга авсан. Хамтран ажиллах гэрээ байгуулахад гарын үсэг зурах нэг хүн хэрэгтэй байна гэж гуйсан. Би энэ ажлын талаар сайн мэдэхгүй бөгөөд найзынхаа гуйлтын дагуу хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Хамтран ажиллах гэрээний үүргийг Ц.Б бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Иймд намайг хариуцагчаас чөлөөлж өгнө үү.

Би хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан болохоос гэрээний оролцогч биш, гэрээнд хоёр хүн байх ёстой гээд Ц.Б гуйсан болохоор нь зурсан. Гэтэл захиалгаа авсан, ажил асуудалгүй гэсэн байж захиалга цуцлагдсан гэж мэдэгдсэн. Би хамтран ажиллах гэрээнд оролцоогүй тул хариуцагч биш, мөнгийг Ц.Б өөрөө төлнө гэж зөвшөөрч байгаа. Тиймээс би хариуцахгүй, дахин гэрээг сунгах 6 000 000 төгрөг төлөх талаар харилцан тохиролцсон талаар ч мэдэхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд                                                                                                               

                           ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.З нь хариуцагч Ц.Б, Б.М нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээнд оруулсан хөрөнгө 30 000 000 төгрөг, гэрээний ашиг 12 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

            Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэгч Б.З, хариуцагч Ц.Б, Б.М нар нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, Б.З нь хөрөнгө оруулж, Ц.Б, Б.М нар нь төсөл хэрэгжүүлж, бичил чипийг байгууллага, иргэдэд нийлүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хэргийн 3-4-р хуудас/

 

            Зохигч талууд гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн тул талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж үзэв.

           

            Нэхэмжлэгч нь гэрээний үүргийг биелүүлж, 30 000 000 төгрөгний хөрөнгийг оруулсан боловч хариуцагч нар нь үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дуусгавар болсон тул оруулсан хөрөнгө 30 000 000 төгрөг, гэрээний ашиг 12 000 000 төгрөг, нийт 42 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн.

            Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, ашиг олж, борлуулалт хийгдээгүй боловч оруулсан хөрөнгө болон олох байсан ашгаас өгөхөд татгалзахгүй гэсэн.

            Хариуцагч Б.М нь гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч хамтын үйл ажиллагаанд оролцоогүй, гэрээний нэг тал биш учраас хамтран ажиллах гэрээний үүргийг хариуцахгүй гэж маргасан.

           

            Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ”, 476.3-д “хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулах тохиолдолд дараах зүйлийг тусгана, 476.3.1-д гэрээний талуудын нэг, хаяг, 476.3.2-д хамтын үйл ажиллагааны төрөл, зорилго, 476.3.3-д талуудын эрх, үүрэг ...” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд “...гэрээ байгуулахад Б.М хамт байсан, энэ хоёр хоёулаа ажиллана гэсний дагуу би гэрээ байгуулж, хөрөнгө оруулалт хийсэн” гэж тайлбарласан, мөн гэрээнд гэрээний талуудыг тодорхойлж, эрх үүргийг тусгасан, үүнийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан талаараа Б.М нь маргаагүй тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээ дуусгавар болсон тул оруулсан хөрөнгийг шаардсан нь үндэслэлтэй, хариуцагч Б.М гэрээний оролцогч биш гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна гэж үзэв.

           

            Зохигч талуудын байгуулсан гэрээний 7.1-д “хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлж дуусах хүртэл буюу 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 23-ны хүртэл /нэг сарын/ хугацаанд энэхүү гэрээ хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний хугацааг харилцан тохиролцоод 1 сараар сунгасан гэсэн боловч гэрээний 11.1-д “талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ үйлдэж гарын үсэг зурах бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно”, 11.3-д “талууд тохиролцож гэрээний хугацааг сунгаж болох бөгөөд ийнхүү сунгасан хугацаанд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр үйлчилнэ” гэж тус тус заасан, хариуцагч Ц.Б нь сунгасан талаар хүлээн зөвшөөрсөн боловч хариуцагч Б.М нь гэрээг сунгасан талаар мэдэхгүй гэж байх тул талуудын хооронд харилцан тохиролцоод гэрээг сунгасан гэх боломжгүй, энэ талаарх бичгийн баримт буюу гэрээний хугацааг сунгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

            Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.1-д “гэрээний хугацаа дууссан бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болсонд тооцогдоно” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан “Хамтран ажиллах гэрээ” дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь оруулсан хөрөнгө болох 30 000 000 төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна гэж үзэв.

            Харин нэхэмжлэгч нь гэрээний ашиг 12 000 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч гэрээний 9.2-д “талуудын аль нэгний буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцласнаас бусад тохиолдолд энэ гэрээний 6.1-д зааснаар шийдвэрлэнэ”, 6.1-д “энэхүү гэрээнд заасан хамтын үйл ажиллагааны үр дүнд хөрөнгө оруулсан хэмжээний 20 хувьтай тэнцэх хэмжээний ашгийг А тал авна” гэж заасан байх тул хариуцагч нараас 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

            Иймд хариуцагч Ц.Б, Б.М нараас оруулсан хөрөнгө 30 000 000 төгрөг, ашиг 6 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.З олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.              

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн гар утасны мессеж гэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно. /хэргийн 5-р хуудас/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.1-д зааснаар хариуцагч Ц.Б, Б.М нараас 36 000 000 төгрөг гаргаж, нэхэмжлэгч Б.З олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгт ногдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 337 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

           

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Д.ХУЛАН