| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2017/03423/И |
| Дугаар | 183/ШШ2018/00729 |
| Огноо | 2018-03-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 183/ШШ2018/00729
| 2018 оны 03 сарын 27 өдөр | Дугаар 183/ШШ2018/00729 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 00 тоотод оршин суух Т овогт Ц Э /РД:00000000/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, Энгельсийн гудамж өөрийн байранд байрлах З ОНӨААТҮГ-д холбогдох
Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М /ШТЭҮ-0195/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б /ШТЭҮ-1581/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие Ц.Э нь 2014 оны 12 сарын 10-ны өдрийн Б/168 дугаар тушаалаар З ОНӨААТҮГазрын 3-р баазын жолоочоор ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа зөрчил гаргаж байгаагүй болно. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр З ОНӨААТҮГазрын захирлын Б/988 тушаалаар ажлаас халагдсан. Миний бие 2017 оны 10 сарын 31-ний өдөр өглөөний ээлжинд гараад 14 цагийн орчимд ажлаа тараад ойрын хэдэн жил уулзаагүй найзтайгаа таараад, 0,33л-ийн архи хувааж уусны дараа баазруу өөрийн жижиг тэргээ архи уугаагүй эрүүл найзаараа бариулахаар очтол баазын дарга Сүхбаатар намайг архи уусан байна гэж загнаж драйгер үлээлгэсэн, тухайн үед ажлын цагаар ажлын байранд уугаагүй болохоор тоогоогүй ажлаа үргэлжпүүлээд хийж байсан. Гэтэл 10-аад хоногийн дараа захирал таараад “Чи ажлын байранд архи согтууруулах ундаа хэрэглэн ирж ноцтой зөрчил гаргасан тул захирлуудын хурлаар орно гэж хэлсэн бөгөөд хурлын дараа архи уусан үндэслэлээр ажлаас халагдлаа, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж өг тэгвэл дараа нь өөр ажилд ороход чинь хэрэгтэй гэж” хэлсний дагуу хүсэлтээ бичиж өгсөн. Надад ажлаас өөрийн хүсэлтээр гарах үндэслэл шаардлага байгаагүй тул 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/988 дугаар тушаалыг хүчингүй болгож, Зорчигч тээврийн нэгтгэлийн 3 дугаар баазын тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 31-нд ээлжинд гараад буусны дараа найзтайгаа тааралдаад архи уусан гэдэг. Тэгээд ажил дээрээ байсан машинаа авахаар ирсэн, ажлаа хийж байгаагүй. Гэтэл баазын даргатай тааралдсан, энэ талаараа хэлсэн байдаг. Зорчигч тээврийн нэгтгэл бол онцгой обьект дотор нь архи уусан байтугай архи уусан хүн оруулдаггүй байхад нэхэмжлэгчийг оруулсан нь харуулын буруутай үйл ажиллагаа байгаа. Тэгээд Ц.Э байгууллагын хурлаар оруулаад ажлаас халагдана гэхэд нь өргөдлөө өгсөн гэдэг. Ажлаас халсан гэж байснаас өөр ажилд ороход өөрийн хүсэлтээр гарсан гэдэг нь хэрэгтэй гэж хэлээд өргөдлийг нь бичүүлсэн. Энэ нь тухайн хүнийг дарамталж, ажлаас нь хална гэж байж өргөдлийг бичүүлсэн болохоос өөрийнх нь хүсэл сонирхол биш. Ажлын байранд ажлын цагаар уугаагүй байхад ноцтой зөрчил гэж үзэхгүй. Мөн хашаанд согтуу, архи уусан хүн нэвтрүүлсэн харуул хамгаалалтын буруутай үйл ажиллагаа байхад нэхэмжлэгч Ц.Э ажлаас хална гэсэн нь үндэслэлгүй. Тиймээс ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг нөхөн бичилт хийж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тус дүүргийн шүүхэд иргэн Ц.Э нь ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, ажилгүй байх үеийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасаныг хүлээн аваад бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Ц.Э нь тус үйдвэрийн газрын 3 дугаар баазад 2014 оны 12 сарын 10 ны өдрийн Б/168 тоот тушаалаар ажилд орсон ба 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/988 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөх үндэслэл нь Ц.Э өөрийн гаргасан хүсэлтийг үндэслэсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Манай байгууллагын зүгээс нэхэмжлэгч Ц.Э дарамталсан, хүчээр өргөдөл бичүүлсэн зүйл байхгүй. Өөрөө л байгууллагад эхлээд өргөдлөө гаргасан, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй байна гэсэн. Бид түүний хүсэлтийн дагуу л тушаалаа гаргасан. Хурлаас өмнө нэхэмжлэгч нь өргөдлөө байгууллагад ирүүлсэн байсан. Тухайн хурлаас Ц.Э дарамталж, өргөдөл бичүүлсэн гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй юм. Ц.Эрдэнийн өргөдлөө гаргах болсон шалтгаан нь өөрөө байгууллагадаа ажлын цагаар архи уучихаад ирсэн, мөн автобусны жолооны ард согтуу сууж байсантай холбоотой юм. Энэ нь хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчилд тооцогдоно. Өөрөө ч үүнийгээ мэдэж байсан учраас өргөдлөө гаргасан байх, түүнээс зүйл бус нөлөөлсөн, дарамталсан зүйл байхгүй. Хурлаас өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, хурал дээр ч уг хүсэлтээ дэмжиж, хүсэлт гаргасан учраас бид түүний хүсэлтийн дагуу л ажил олгогчийн санаачилгаар биш ажилтны хүсэлтээр нь ажлаас чөлөөлөх тушаал гаргасан юм. Тухайн үед хүсэлтээ гаргачихаад дараа нь ингэж гомдол гаргаж байгаад гайхаж байна. Тиймээс тушаал үндэслэлгүй гараагүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Э нь хариуцагч Зорчигч тээврийн нэгтгэл Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар шаардах эрхтэй бөгөөд ажлаас хална гэж дарамталж, ажлаас чөлөөлөгдөх өргөдөл бичүүлсэн, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан гэдэг нь үндэслэлгүй, уг өргөдлийг өөрийн хүсэлт зоригийн дагуу бичээгүй, дарамтанд орж бичсэн гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө бичсэн, хөдөлмөрийн гэрээ болон дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргаж ажлын байрандаа согтуу ирсний улмаас өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэж маргаж байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
З ОНӨААТҮГ-ын захирлын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Ц.Э ажлаас чөлөөлөх тухай” №Б/988 тоот тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1,4, 1.10 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.2 дах хэсгийг тус тус үндэслэн “...тус нэгтгэлийн 3 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолооч Ц Э нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцласугай” гэж Ц.Э байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. /хэргийн 3-р хуудас/
Нэхэмжлэгч ажлаас чөлөөлсөн тухай 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/988 тоот тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, ажлаас буруу халсан талаарх гомдлоо тус шүүхэд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг /нэг сар/ хэтрүүлээгүй, энэ тухайд талууд маргаагүй болно.
Нэхэмжлэгч Ц.Э нь Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазарт 3 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолоочоор 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/168 тоот тушаалаар ажилд орж, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хөдөлмөрийн ХГ132041 тоот гэрээ, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-6, 67-70-р хуудас/
Зохигч талууд 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ХГ132041 тоот хөдөлмөрийн гэрээний хувьд маргаагүй болно.
Нэхэмжлэгч нь ажлын байранд согтуу ирсэн тул ажлаас хална гэж дарамталж, ажлаас чөлөөлөх өргөдөл бичүүлсэн, өргөдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө бичсэн, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байранд согтуу ирж ноцтой зөрчил гаргасан бөгөөд энэ асуудлыг хэлэлцэх байгууллагын хурлаас өмнө өргөдлөө өгсөн, хурал дээр ч хүсэлтээ гаргасан тул ажил олгогчийн санаачилгаар биш ажилтны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцласан гэж мэтгэлцсэн.
Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГазрын 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Б/988 тоот тушаалд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1,4, 1.10 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх хэсэг, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.2 дах хэсгийг тус тус үндэслэн өөрийнх нь хүсэлтийн дагуу 3 дугаар баазын Тээвэрлэлт, үйлчилгээний албаны 2 дугаар хэсгийн нийтийн тээврийн автобусны жолооч Ц Э байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, ажлаас нь чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д ажилтны санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар, “З ОНӨААТҮГазрын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.2-д мөн ажилтны санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тус тус заасан байх бөгөөд хариуцагч нь Ц.Э 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцласан, хурал дээр ч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан гэжээ. /хэргийн 18-р хуудас/
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.Эрдэнийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр бичсэн өргөдөлд “Зорчигч тээврийн нэгтгэлийн 3 дугаар баазын 2-р хэсгийн жолооч Ц овогтой Э би өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтэй тул шийдэж өгнө үү” гэсэн байна.
Уг өргөдлийг нэхэмжлэгч өөрөө бичсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй, хурал дээр дарамтанд орж бичсэн, өргөдлийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өгөөгүй, хурал дээр бичсэн гэж тайлбарласан.
Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтны өргөдөл гэдэг нь ажил олгогчийн шахалт шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн оролцоогүйгээр хугацаатай ба хугацаагүй хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ажилтнаас зөвхөн өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлтийг ойлгоно.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь ажил олгогчийн шахалт байснаас өргөдлөө бичсэн гэдэг нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын шийдвэр, даргын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, тодорхойлолтоор нотлогдоно. Уг хурлын шийдвэр болон тэмдэглэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх нөхцөл байдал үүссэн учраас хурал дээр хүсэлтийг нь бичүүлэн авсан гэжээ. /хэргийн 27, 71-73-р хуудас/
Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгч Ц.Э холбоотой асуудлыг хэлэлцэх хурлаас өмнө өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг байгууллагын захиргаанд гаргасан байсан, хуралд дээр ч уг хүсэлтээ дэмжсэн тул уг хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэдэг нь нэхэмжлэгчийн өргөдөл, тодорхойлолт, өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтрээр нотлогдоно гэсэн.
Нэхэмжлэгч Ц.Э нь 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээлжээ тараад найзтайгаа тааралдаж 0,33 л архи хувааж уусны дараа ажлын байран дээрээ машинаа авахаар ирж, гараж 3-049 дугаар автобус дотор Х.С хүлээн сууж байгаад баазын дарга Д.С тааралдаж, драгерээр үнэртүүлэхэд 0,21хувийн согтолттой байсан болох нь гэрч нарын мэдүүлэгээр нотлогдож байх бөгөөд энэ үйл баримтын талаар зохигч хэн аль нь хүлээн зөвшөөрсөн, маргаагүй болно.
“З ОНӨААТҮГазрын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.7-д “байгууллагын тээврийн хэрэгслийн дотор болон байгууллага орчинд “А” жижүүрийн автобусанд /”А” жижүүрийн автобусыг ажлын байранд тооцно/ ажлын байранд ажлын цагаар болон ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар ажлын байранд нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн, танхайрсан, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан” бол ноцтой зөрчилд тооцож, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ. /хэргийн 28-36-р хуудас/
Мөн 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ХГ132041 тоот Ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.8-д “байгууллагын тээврийн хэрэгслийн дотор болон байгууллага орчинд “А” жижүүрийн автобусанд /А жижүүрийн автобусыг ажлын байранд тооцно/ ажлын байранд ажлын цагаар болон ажил тарсны дараа архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, ажил үүргээ согтуугаар гүйцэтгэсэн, ажилдаа согтуу ирсэн, гаднаас архи согтууруулах ундаа хэрэглэн ирсэн, согтуугаар ажлын байранд нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн танхайрсан, тээврийн хэрэгсэл дотор хэрүүл зодоон гаргасан” бол ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 67-70-р хуудас/
Нэхэмжлэгч нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хурлаас өмнө буюу 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан болох нь 2017 оны Өргөдөл, гомдол бүртгэх дэвтэрт “11/06 Ц.Эрдэнэ 3 бааз ажлаас чөлөөлөгдөх тухай 2 хуудас” гэсэн тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд уг өргөдлийг нэхэмжлэгч Ц.Э бичсэн, түүний бичиг мөн гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 98-100-р хуудас/
Нэхэмжлэгч нь уг хүсэлтийг өөрийн хүсэл зоригийн дагуу бичээгүй, ажил олгогчийн дарамт шахалтаас болж бичсэн, гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргахад хариуцагчийн буюу ажил олгогчийн зүй бус нөлөөлөл, дарамт шахалт нөлөөлсөн эсэх нь тогтоогдохгүй байна гэж үзэв.
Мөн нэхэмжлэгч 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр машинаа авахаар ирэхдээ 0,21 хувийн согтолттой байсан талаараа маргаагүй, энэ нь байгууллагын дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.6.1.7, Ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.8-д заасныг зөрчсөн гэж 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын гуравдугаар баазын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл үүссэн боловч нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан болох нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн Гуравдугаар баазын даргын зөвлөлийн хурлаас хариуцлага тооцсон тухай хурлын шийдвэр, тэмдэглэлийн ахлах менежер Л.Тулгын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 7.6.1.7 дах хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 5.1.8 дах заалтуудыг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөр хөдөлмөрийн гэрээ тасалбар болгон ажлаас халах шийдвэрийг гаргаж байна”, Ц.Э “...ажилдаа үлдэх боломжгүй бол зөрчлөөр биш өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгч болох уу” гэсэн хүсэлт, уг тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь “...ажлаас халах шийдвэрийг цуцлаж өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэв” гэснээр нэхэмжлэгчийн хүсэлтээр буюу ажилтны санаачилснаар хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар цуцласан, үүнийг ажил олгогчоос зүй бусаар нөлөөлсөн гэх үндэслэл болохгүй гэж дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлж бичилт хийлгэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.Э хариуцагч З ОНӨААТҮГазарт холбогдуулан гаргасан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн хурлын тэмдэглэлийн дэвтрийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа хариуцагч З ОНӨААТҮГазарт буцаан олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
|
|
|
|
|
|
|
|