Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/129

 

 

                                2021/ШЦТ/129

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,

Улсын яллагч: С.Бичинхүү

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Хын Бт холбогдох 2012001060291 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                                                                                                                                                                                                          

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 03-10 тоотод орших суух, Б овогт Хын Б /РД:..../

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 46 дугаар байрны доод гражид нууцаар, хууль бусаар нэвтэрч Б.Вын эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2012001060291 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Вын мэдүүлсэн: ... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед би 46-р байрны доод гражид өөрийн эзэмшлийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг тавиад 5 хоногийн ажлаар хөдөө явчихаад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед мотоциклоо авах гээд 46-р байрны гражид ирсэн. Тэгтэл миний мотоцикль байхгүй байсан. Тэгээд цагдаад ирж дуудлага өгсөн. Би мотоциклоо 2.000.000 төгрөгөөр үнэлнэ. 46-р байрны харуул Ганаа гэх залууд хэлчихээд явсан миний зогсоол дээр өөр хүн машин тэрэг тавихгүй. 46-р байрны граж руу гадны хүн орох боломжгүй жолооч нар л ордог бас Ганаа байнга ордог.  Миний мотоцикль мөнгөлөг саарал өнгөтэй суудлын бүрээс нь хээтэй хөх, яндангийн сойлт гинжтэй. Ганаа гэх залууг сэжиглэж байна. Би маш их гомдолтой байна, миний хохирлыг барагдуулж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн  23-24 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Вын мэдүүлсэн:...миний алдагдсан мотоциклийн эд зүйлүүд мөн байна. Миний мотоциклийн банк саарал өнгөтэй зүүн баруун талдаа ногоон өнгөөр Мустанг-5 гэж бичсэн бичигтэй мөн хойд хэсэгтэй жижиг хонхорхойтой бага зэргийн зурагдсан зураастай шинэ банк мөн банкны тагийг сольж хужаа таг тавьсан байна, суудлын бүрээс нь бас мөн байна би суудлынхаа доод боолтуудыг ягаан өнгөтэй шингэн тусааж боосон байсан. Тэр ягаан шингэн нь харагдаж байна. Хажуу талын хоёр таг бас мөн байна. Миний мотоциклийн түлхүүр надад байна банкны таг руу хийж үзэхэд таарч байна...гэх мэдүүлэг /хх-ийн  25-26 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Вын мэдүүлсэн:...миний өмнө мэдүүлэг үнэн зөв. Б, Д хоёр нь миний Мустанг-5 маркийн мотоциклийн бүх шинж тэмдгийг тодорхой мэдэж ярьж байсан. Яндангийн сойлт, гишгүүрийн нэмэлт боолт, гинжний сойлт зэрэг шинжийг би хэлээгүй байхад бүгдийг хэлж байсан. Тэгэхээр миний мотоциклийг харсан байж таарч байна. Мөн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Бийн аав Х над руу утсаар ярьж шинэ мотоцикль зээлж авч өгье эсхүл Бийн унаж байгаа шинэ мотоциклийг ав гэж ярьсан бас ээж нь мөнгийн өгье гээд байсан. Маргааш өглөө нь болсон чинь хулгайлж аваагүй юм  байна манай  хүү олсон юм байна гэж ярьсан. Бийн дүү Д надад мотоциклийн банкны тагийг тайлж авсан яагаад тайлсан юм бэ гэж асуутал хулгайн мотоцикль болохоор нь тайлж сольж тавьсан гэж ярьж байсан. Мөн өчигдөр орой Бөөс аль байрнаас мотоцикль авсан вэ гэж асуухад 46-р байрыг зааж байсан. Д шинэ зууны захирал О гэх залууд мотоциклийн банк, суудал, тагийг Улаанбаатар хотоос автобусаар ирсэн гэж хэлсэн байсан. Ос би асуухад Оргио Улаанбаатар хотоос автобусаар ирсэн гэж Д надад хэлж байсан. Оийн эхнэр бас Улаанбаатар хотоос ирсэн энэ хулгайх биш шүү гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  27-28 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Вын мэдүүлсэн:...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Б нь надтай цагдаа дээр уулзсан өдрийнхөө орой ахаа би таны мотоциклийг авсан юм оронд нь та миний унаж яваа мотоциклийг авчих шинэ мотоцикль байгаа юм гэж надад хэлсэн. Миний мустанг-5 маркийн мотоциклийн содон шинж тэмдгийг тодорхой мэдэж надад ярьж байсан. Яндангийн сойлт, гишгүүрийн нэмэлт боолт, гинжний сойлт зэрэг шинжийг би хэлээгүй байхад бүгдийг хэлж байсан. Тэгэхээр миний мотоциклийг харсан байж таарч байна. Бийн дүү Д надад мотоциклийн банкны тагийг тайлж авсан яагаад тайлсан юм вэ гэж асуутал хулгайн мотоцикль болохоор нь тайлж сольж тавьсан гэж ярьж байсан. Мөн Бөөс аль байрнаас мотоцикль авсан вэ гэж асуухад 46-р байрыг зааж би энэ байрны доод гражнаас мотоцикль авсан гэж хэлсэн. Д шинэ зууны захирал О гэх залууд мотоциклийн банк, суудал, тагийг Улаанбаатар хотоос автобусаар ирсэн гэж хэлсэн байсан. Ос би асуухад  Улаанбаатар хотоос автобусаар ирсэн гэж Д надад хэлж байсан, Оийн эхнэр бас Улаанбаатар хотоос ирсэн энэ хулгайнх биш шүү гэж хэлж байсан. Онгоцны буудлын тэнд хогийн жалга байдаггүй хүмүүс тэр хавиар хог  хаягдлаа хаядаггүй. Манай аймгийн хогийн цэг цагаан хаалганы цаана байдаг болохоор онгоцны буудлын доогуур хог хаягдлаа хаядаггүй ялангуяа мотоциклийн банк, суудал багажны таг зэрэг зүйлсийг тэр хавьд хаяна гэж байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гийн мэдүүлсэн: ... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би 2-р сургууль дээр ажиллаж байгаад 17 цаг 50 минутад гарч явсан. Тэгээд 46-р байр орж доод подволоос шаврын тэрэг аваад байрны эргэн тойрныг цэвэрлэж шүүрдсэн. Би доод граж руу орсон, араас В нэг залуутай орж ирсэн. Тэгээд мотоцикль алга болсон байна харав уу гэж асуусан, би чамайг аваад явсан юм байна бодсон шүү дээ гэж хэлсэн. Тэгээд бид гурав гурвуулаа гарсан удаагүй цагдаа орж ирсэн. Тухайн мотоциклийг өмнө нь харахад ногоон өнгөтэй харагдсан. 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өглөөний 09:00 цагт 46-р байрны доод граж руу орсон. Тэр үед мотоцикль байсан, би тэр өдөр 12:00 цагийн үед харьсан.  Тэгээд буцаж 18:00 цагийн үед ирсэн, тэр үед мөн л байсан. Орой 21:00 цагийн үед гэр рүүгээ явахад бас байсан. Харин маргааш өглөө буюу 2020 оны 01 дүгээр сарын 29-ний үүрийн 06:00 цагийн үед 46-р байрны доод гражид ирж жижиг хаалгаар орж тэргээ аваад буцаж гараад байрны ойр орчмын хогийг цэвэрлээд граж руу буцаад ороход байхгүй болсон байсан. Хуучин мотоцикль байсан газар шар өнгийн чихэвч унасан байсан. Тэрийг нь аваад төмөр хайрцаг нь дээр нь тавиад явсан. Тухайн гражид гадны хүн орж ирдэггүй жолооч нар л машинаа тавчихаад гардаг өөр хүн ордоггүй. Ноднин авсан мотоцикль байхаа авснаасаа хойш хааяа тавьчихдаг байсан, гэхдээ байнга тавьдаггүй байсан. Сая алга болсноос өмнө 5-6 хоног л тавигдаж байгаад алга болсон байх. Өдрийн цагаар гадны хүн орох боломжгүй гадна талаасаа цоожтой зөвхөн жолооч нар бас би ордог. 46-р байрны камер ноднингоос хойш ажиллахаа байсан. Инженерээс нь асуухад юм нь эвдэрсэн гэж хэлдэг...гэх мэдүүлэг /хх-ийн  32-33 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гийн дахин мэдүүлсэн:...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. 2020 оны 03 дугаар сарын 19-ний орой 17:00 цаг өнгөрч байхад Б гэх танихгүй залуу ирснээ та надад 46-р байрны доод гражнаас Мустанг-5 маркийн мотоцикль гаргаж өгсөн. 350.000 төгрөгөөр ав мөнгийн хавраас өгчих гэж хэлж намайг гүтгэсэн. Би энэ Б гэх хүнийг урьд өмнө ганц ч харч байгаагүй танихгүй хүн байна. Ингэж намайг гүтгэж байгаад үнэхээр их гайхаж байна. Бас намайг мотоциклоо асаасан байсан 46-р байрны урдаас өгсөн гэж худлаа ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  45-46 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Дн мэдүүлсэн: ... Би 2020 оны 02 дугаар сарын дундуур хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна. Ажлаа тараад 18:00 цагийн үед гэртээ ирсэн. 23:00 цагийн үед манай ах Б саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль аваад ирсэн байсан. Би ахаасаа хэний мотоцикль юм бэ гэж асуутал хүнээс авсан юм гэж хэлсэн. Би мэдээгүй хүнээс мөнгөөр нь авсан юм байх гэж бодсон тэгээд банк, суудал, тагийг сэлбэж өөрийнхөө мотоцикльд тавьсан юм. Мотоциклийн бусад эд анги хаачсан талаар сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Дн дахин мэдүүлсэн:...миний өмнө өгсөн мэдүүлэг худал байсан. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа тараад 18:00 цагийн үед гэртээ очсон гэр рүүгээ ортол том өрөөнд мотоциклийн банк 1 ширхэг, суудал, таг 2 ширхэгийг зуухны хажуу талд байдаг шар өнгийн авдар дээр тавьсан байсан. Тэгээд би ахаасаа энэ юу юм вэ гэж асуусан манай ах Б би онгоцны буудлын хогийн эрэг доороос олж ирсэн гэж хэлсэн. Тэгээд би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр буюу бүтэн сайн өдөр өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоцикльд сольж тавьсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн  43-44 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Дийн дахин мэдүүлсэн: ...би өмнө нь худлаа мэдүүлсэн зүйл байхгүй. Эхлээд миний төрсөн ах Б нь надад хэлэхдээ тухайн мотоциклийн банк, болон суудал, хажуу талын тагийг хүнээс авсан гэж хэлсэн. Тэгсэнээ дараа нь олсон гэж хэлээд намайг төөрөгдүүлсэн байсан. Би хүнээс авсан гэдэг нь худлаа гэж мэдүүлсэн. Дараа нь ах нь хөдөө явж байгаад олсон байсан. Надад худлаа мэдүүлсэн зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 124-125 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Дийн дахин мэдүүлсэн:... Архангай аймгийн төвийн авто замын уулзварууд болон Мааньт уулын цамхаг, Цогт уулын цамхаг, 39 дүгээр байр, 10 давхарын байрны дээр хяналтын камеруудыг суурьлуулсан байгаа. Зарим камерууд гэмтлийн улмаас ажиллахгүй байгаа. Одоогоор Хасу худалдааны төв, 12 дугаар дэлгүүрийн уулзварын нийт 8 камер ажиллахгүй байна. Одоогийн байдлаар хяналтын камерууд нь 2 сар хадгалаад эхнээсээ бичлэгээ автоматаар өөрөө устгагддаг. 2020 оны 01 дүгээр сар, 02 дугаар сарын камеруудын бичлэг байхгүй, бүгд устсан байсан. 2020 оны 01 дүгээр сараас хойш Мааньт уулын цамхагийн камер ажиллахгүй байж байгаад 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр засаж янзалсан. Тухайн камерын хяналт Архангай аймгийн Цагдаагийн газрын 1 давхарт 101 тоот камерын өрөөнд байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 137-138 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Уын мэдүүлсэн:...манайд засварт ажилдаг хүүхэд байгаа юм. Ажлаад 8 сар болж байна.  Би Даас мотоцикль чинь шинэ юм уу гэж асуусан тэгтэл үгүй ээ Улаанбаатар хотоос мотоциклийн банк, суудал, таг зэргийг авсан гэж ярьж байсан. 2020 оны 02 дугаар сарын эхээр л надад тэгж ярьж байсан шүү...гэх мэдүүлэг /хх-ийн  47-48 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Мийн мэдүүлсэн: ...би нөхөр Бтэй 2013 онд танилцаад 2014 онд суусан. Одоо 2 хүүхдийн хамт амьдарч байна. Нөхөр бид 2 зундаа өөрийн хэдэн цөөхөн малаа маллаад намар хичээл сургууль орохоор аймгийн төвд хүүхдээ хорооллож байна. Манай нөхөр одоо Шинэ зуун нэртэй авто засварын газарт туслахаар ажиллаж байгаа. Б нь элдэв муу зуршил байхгүй, төлөв даруй зантай хүн байгаа юм. 11 дүгээр ангид сурч байгаад сургуулиас гарсан, цэргийн алба хаасан гэж ярьдаг. Би хаана цэргийн алба хаасныг нь мэдэхгүй байна. Б нь засварын ажил хийхээс өмнө барилгын ажил хийдэг байсан. Манай нөхөр мотоцикль хулгай хийсэн хэрэгт шалгагдаж байгаа. Энэ талаар мэдэж байгаа. Надад манай нөхөр хэлэхдээ байрны подволоос хүний мотоцикль авсан гэж хэлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. Манай нөхөр архи уудаггүй, хааяа пиво жаахан уудаг, тамхи татдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Хын мэдүүлсэн:...би хүү Бийг мотоциклийн хулгайн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгааг мэдэж байгаа. Манай гэрт саарал ногоон өнгө холилдсон мотоциклийн банк, хар суудал, 2 талын багажны таг авчираад гэртээ тавьчихсан байсан. Эдгээр мотоциклийн эд ангиудад холбогдуулан шалгагдаж байгаа. 2020 оны хавар санагдаж байна сар өдрийг нь санахгүй байна, манай хүүгийн мотоцикль хулгай хийсэн гэх мотоциклийн эзэн В гэх нэртэй хүнтэй уулзаад танай хүүхэд миний мотоциклийг авсан байна, хэргээ хүлээсэн гэж хэлээд миний хохирлыг барагдуулж өг гэж хэлсэн. Тэгээд Архангай аймгийн захаар өөрийн ямар нэртэй гээд байлаа сонин нэртэй мотоциклийн нэр хэлээд байсан, тэгээд би тэр мотоциклийг хайгаад олоогүй учир хэд хоногоос шинэ мотоциклууд ирнэ гэхээр дараа авч өгөхөөр тохироод явсан. Тухайн үед алдсан мотоциклийг нь зах дээр байна уу үгүй юу, ямар үнэ ханштай байдгийг нь мэдэх гэж л захаар хайсан. Б нь улаан өнгийн нэрийг мэдэхгүй мотоцикльтой. Худалдаж аваад 2 жил орчим болчихсон байх...гэх мэдүүлэг /хх-ийн  56-58 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Х.Бийн гэрчээр мэдүүлсэн:...би 2020 оны 01 дүгээр сарын яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна ямартай ч 21:00 цаг өнгөрсөн байсан. Би 46-р байрны хажуугаар алхаад явж байтал 46-р байрны доод гражны хаалга онгорхой байхаар нь орсон. Тэгсэн зогсоол дээр саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан ойр хавьд хүн байхгүй болохоор нь мотоциклийн түгжээг хөшиж эвдээд гражнаас түрж гарсан. Тэгээд төв зам руу түрж ороод чигээрээ явж байгаад баруун тийш эргэсэн зам руу орж зогсож мотоциклийн хундагтарын утсыг салгаж манийлийг гишгэж мотоциклийг асааж шууд гэр рүүгээ унаж явсан. Хашаан дотор оруулаад хашаандаа хоёр хонуулсан тэгээд мотоциклийн банк, суудал, таг зэрэг эд зүйлсийг тайлж аваад дүүгийнхээ Мустанг-5 маркийн мотоцикльд тавьсан юм. Би Хасбанк орж АТМ-с мөнгө авах гээд 46-р байрны хажуугаар алхаад явж байсан чинь гражны хаалга онгорхой байхаар нь орсон юм. Тэгтэл зогсоол дээр нэг мотоцикль байсан. Би ойр хавьд хүн байхгүй болохоор нь түгжээг нь эвдээд түрж гарсан юм. Тухайн мотоциклийг хараад зарж мөнгө болгох санаа бодол төрсөн тухайн үед надад мөнгө хэрэгтэй байсан, тэгээд хүнгүй байхаар нь түгжээг нь эвдээд түрж гарсан. Тухайн мотоциклийг задлаад банк, суудал, хажуу талын хоёр багажийн тагийг дүүгийнхээ мотоцикльд сольж тавьсан. Мотоциклийн арам, моторыг Эрдэнэмандал сумын хүнд 150.000 төгрөгөөр зарсан юм. Би мотоцикль зарсан хүнээ харвал танина надад нэрээ хэлж байсан. Би нэрийн мартачихж, Хануй багт нутагладаг гэж байсан. Тухайн мотоцикль зарсан хүнээсээ мөнгөө бэлнээр 150.000 төгрөгөөр бэлэн тоолж авсан. Бор толгойн 03-10 тоот манай аавын эзэмшлийн хашаанд тэр хүнд мотоцикль зарсан мотоциклоо асаагаад шууд унаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38  хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Х.Бийн гэрчээр мэдүүлсэн:...би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өглөө 08:00 болж байхад Архангай аймгийн төвд байдаг гэрээсээ хөдөө байдаг гэр рүүгээ 1 шуудай тэжээл аваачиж өгөх гээд явсан. Тэжээлээ өгчихөөд эргэж буцаж явж байх замд онгоцны буудлын хогийн жалга байдаг тэнд мотоциклийн банк, суудал, багажны таг 2 ширхэг байсан. Тэгэхээр нь аваад мотоциклынхоо ард ганзагалаад гэртээ очсон. Орой 17:00 цагийн үед манай дүү Д гэртээ ажлаасаа тараад ирсэн. Манай дүү надаас энэ юун мотоциклийн сэлбэг юм вэ гэж асуусан би дүүдээ мотоциклийн банк, суудал, багжны таг 2 ширхэг олсон мотоцикльдоо тавьбал тавь гэж хэлсэн. Тэгээд манай дүү өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоцикльдоо тавьсан. Би олсон мотоциклийн банкны тагны боолтуудыг тайлж болохгүй болохоор нь эвдэж аваад захаас авсан шинэ мотоциклийн тагийг сольж тавьсан юм. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр манай дүү ажил дээрээ байж байтал нэг хүн ирээд миний мотоциклийн банк, суудал, таг мөн байна гэж хэлээд цагдаа руу аваад явсан байсан. Онгоцны буудлын урд талд эрэг дээр замын хажууд байсан би энэ газрыг зааж чадна. Өглөөний 09:00 цаг болж байсан тухайн үед мотоциклийн банк хажуулдсан байдалтай хажууд нь хоёр ширхэг багажны таг байсан. Банкнаас 1 м зайтай суудлын бүрээс доош харсан байдалтай байсан. Би хохирогчтой уулзаж байхдаа сандарсандаа зохиогоод Г гэх залуу надад мустанг-5 маркийн мотоцикль байгаа чи хямдхан авбал ав 150.000 төгрөгөөр ав мөнгийн хавраас өгчих гээд худлаа хэлсэн юм. Хохирогч Г гэх хүнийг өөр хүнд гаргаж өгсөн байж магадгүй гээд байхаар нь би Гийг надад 150.000 төгрөгөөр зарсан гээд худлаа хэлсэн юм. Би дүүг ажил дээрээс авч явсныг андуураад өмгөөлөгчид буруу ойлгуулсан байна...гэх мэдүүлэг /хх-ийн  40-41 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.Бийн дахин мэдүүлсэн:...2020 оны хавар санагдаж байна, өглөөний 08 цаг 30 минутын үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сангийн толгой гэх газарт өөрийнхөө эзэмшлийг Хурд маркийн улаан өнгийн мотоцикльтой ганцаараа явж байгаад онгоцны буудлын урд байх хогийн жалгаас саарал өнгийн мотоциклийн банк, багажны хажуу талын 2 таг, хар өнгийн суудал зэргийг олоод Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 03-10 тоот гэртээ авч харьсан, тэгээд 1 хонуулаад дүүгийн хөх өнгийн мотоцикльд хамт тавьсан. Тэгээд манай дүү ажилдаа унаад явсан, би тухайн үед дүүтэйгээ Шинэ зуун гэдэг авто засварын газар нэг дор ажилладаг байсан юм. Тэгсэн хохирогч гээд байгаа хүн машинаа засуулах гэж ирээд мотоцикльд байгаа эд ангиа хараад таниад цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. В гэх хүн өөрөө намайг авсан гэж хэлэхээр нь би өөрөө зохиогоод хэлчихсэн юм. 46-р байрны доод гражийн хаалга онгорхой байхад орж мотоцикль аваагүй. Вт хохирлыг барагдуулна гэж хэлээд манай аав хасу худалдааны төвөөр дагуулж явсан гэсэн. Би хаагуур дагуулж явсаныг нь мэдэхгүй байна. В гэх хүнтэй уулзаад хохирол барагдуулах талаар яриагүй. Саарал өнгийн мотоциклийн банк, багажны хажуу талын 2 таг, хар өнгийн суудал зэргийг би дээрх эд зүйлсийг ардаа ганзаглаад авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 76-78 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Х.Бийн дахин мэдүүлсэн: ...миний энэ асуудлыг шалгаж байсан мөрдөгч Б нь мэдүүлгийн газар дээр нь шалгах ажиллагаа явуулж, тэмдэглэл, материал дээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Харин газар дээр очиж зураг авсан. Надад холбогдох асуудалд цагдаагийн байгууллагаас өөр мөрдөгч мэдүүлгийг газар дээр шалгах ажиллагаа явуулсан зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 141-142 хуу/          

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/

            Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06 хуу/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 17 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-19 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20 хуу/

            “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 хуу/

            Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 89 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 хуу/ зэрэг болно.

 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 46 дугаар байрны доод гражнаас Б.Вын мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 1.500.000 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Х.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 46 дугаар байрны доод гражид нууцаар хууль бусаар нэвтэрч мотоцикль хулгайлж, хохирогч Б.Вт 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Вын мэдүүлсэн: ... 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цагийн үед би 46-р байрны доод гражид өөрийн эзэмшлийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн мотоциклийг тавиад 5 хоногийн ажлаар хөдөө явчихаад 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 17 цагийн үед мотоциклоо авах гээд 46-р байрны гражид ирсэн. Тэгтэл миний мотоцикль байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  23-24 хуу/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Вын мэдүүлсэн:...миний өмнө мэдүүлэг үнэн зөв. Б, Д хоёр нь миний Мустанг-5 маркийн мотоциклийн бүх шинж тэмдгийг тодорхой мэдэж ярьж байсан. Яндангийн сойлт, гишгүүрийн нэмэлт боолт, гинжний сойлт зэрэг шинжийг би хэлээгүй байхад бүгдийг хэлж байсан. Тэгэхээр миний мотоциклийг харсан байж таарч байна. Мөн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Бийн аав Хт над руу утсаар ярьж шинэ мотоцикль зээлж авч өгье эсхүл Бийн унаж байгаа шинэ мотоциклийг ав гэж ярьсан бас ээж нь мөнгийн өгье гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  27-28 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Вын мэдүүлсэн:...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Б нь надтай цагдаа дээр уулзсан өдрийнхөө орой ахаа би таны мотоциклийг авсан юм оронд нь та миний унаж яваа мотоциклийг авчих шинэ мотоцикль байгаа юм гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  30-31 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гийн мэдүүлсэн: ... 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би 2-р сургууль дээр ажиллаж байгаад 17 цаг 50 минутад гарч явсан. Тэгээд 46-р байр орж доод подволоос шаврын тэрэг аваад байрны эргэн тойрныг цэвэрлэж шүүрдсэн. Би доод граж руу орсон, араас В нэг залуутай орж ирсэн. Тэгээд мотоцикль алга болсон байна харав уу гэж асуусан...гэх мэдүүлэг /хх-ийн  32-33 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Х.Дн мэдүүлсэн: ... Би 2020 оны 02 дугаар сарын дундуур хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна. Ажлаа тараад 18:00 цагийн үед гэртээ ирсэн. 23:00 цагийн үед манай ах Б саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль аваад ирсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 хуу/, мөрдөн байцаалтын шатанд гэрч Ш.Хын мэдүүлсэн:...би хүү Бг мотоциклийн хулгайн хэрэгт холбогдуулан шалгагдаж байгааг мэдэж байгаа. Манай гэрт саарал ногоон өнгө холилдсон мотоциклийн банк, хар суудал, 2 талын багажны таг авчираад гэртээ тавьчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  56-58 хуу/,

Мөрдөн байцаалтын шатанд Х.Бийн гэрчээр мэдүүлсэн:...би 2020 оны 01 дүгээр сарын яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна ямартай ч 21:00 цаг өнгөрсөн байсан. Би 46-р байрны хажуугаар алхаад явж байтал 46-р байрны доод гражны хаалга онгорхой байхаар нь орсон. Тэгсэн зогсоол дээр саарал өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан ойр хавьд хүн байхгүй болохоор нь мотоциклийн түгжээг хөшиж эвдээд гражнаас түрж гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38  хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

         Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ноос 28-ны хооронд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, 46 дугаар байрны доод гражнаас 1.500.000 төгрөгийн мотоцикль хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан тусгайлан хамгаалсан байр агуулахад хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Хын Быг бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Хохирогч Б.Вт гэмт хэргийн улмаас 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ний 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 399 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 63 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Х.Б нь тухайн хохирлыг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд төлөхөө илэрхийсэн тул шүүгдэгч Х.Бөөс 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч олгуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Х.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 2 талдаа ногоон өнгөөр Мустанг-5 гэсэн бичигтэй, мотоциклийн банк 1 ширхэг, хар өнгийн суудлын бүрээс 1 ширхэг, саарал өнгийн мотоциклийн таг 2 ширхэгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/…гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заажээ.

 

Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзаж шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нь Х.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлж оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс хөнгөрүүлэн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тухайн 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар солих үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Баяжих овогт Хасбатын Быг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраа өөрчлөх, зорчих мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс явахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баталгаа гаргасан хугацаанд  буюу 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээлгэсүгэй.  

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн 2 талдаа ногоон өнгөөр Мустанг-5 гэсэн бичигтэй, мотоциклийн банк 1 ширхэг, хар өнгийн суудлын бүрээс 1 ширхэг, саарал өнгийн мотоциклийн таг 2 ширхэгийг устгасугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бөөс 1.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 1а-23 тоотод оршин суух Б овогт Б-ийн В /РД:…../-д олгосугай.

 

10. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Х.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Р.АЛТАНЦЭЦЭГ