Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 07 сарын 19 өдөр

Дугаар  2021/ШЦТ/133

 

 

                            2021/ШЦТ/133

 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

            Улсын яллагч: С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч: С.Б

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

            Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нын Бд холбогдох 2012000780049 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ний өдөр Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тээврийн менежмент удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны Давхарын 9-7 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Нын Б /РД: ../

 

                                    Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг Жаргалант хороолол 46 тоот хашаанд 07-17 УНС улсын дугаартай “Дэвүү DV15Т” маркийн автомашинаар хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөгдөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, улмаар Д.Д автомашины чиргүүлээр дайрч амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн байцаалтын шатанд 2012000780049 дугаартай эрүүгийн хэргээс:                            

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эийн мэдүүлсэн: ...Д.Д миний нөхөр байгаа юм. Н.Б миний нөхөр Д.Дийн авга дүү нь байгаа юм. 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажлаа хийж байхад манай нөхрийн дүү Д очоод Д ах өнгөрчихлөө гэхээр нь би дагаад машинд суутал Лийн хашаанд газарт унасан байдалтай, царай нь хөхөрсөн, дээш харсан байдалтай байсан. Надад Д хэлэхдээ Бийн машины дугуйн доогуур нь ороод дайрагдаж нас барлаа гэсэн. Тэгээд бид нар ярилцаад нас барсан хүнийг газарт байлгаад яах вэ гээд би өөрийнхөө гэрт гэр бариад байрлуулсан юм. Машинд дайруулсны улмаас нас барсан. Д.Д, Б нарын дунд өр авлага, өс хонзонгийн зүйл огт байхгүй. Нийгмийн даатгалын сангаас 1 сая төгрөг, ах, дүү нар нь буяны ажилд зориулж мөнгө өгсөн. Бээс 2 сая төгрөг өгсөн. Оршуулгын зардалтай холбоотойгоор гарсан баримт байхгүй байна. Миний нөхөр Д.Д 55 настай бөгөөд бид 5 хүүхэдтэй. Зан харилцаа сайтай, төлөв, томоотой хүн байсан. Архи согтууруулах ундааг өдөр бүр хэрэглэдэг байсан дутагдалтай талтай. Б даруу, томоотой, архи согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 15-17 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Лийн мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн 30 минутын үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн Жаргалан хорооллын 4Б тоотод ирэхэд манай хашаанд Н.Б өөрийн “Дэлвүү” гэх шалаанз машинтайгаа орж ирчихсэн Нын “Маяти” машин руу өвс шилжүүлж ачих гээд Д ахын хамт байсан юм. Би гэртээ Д эгчийг оруулчихаад гэрээсээ гараад иртэл Н намайг машинаа хөдөлгө, би шалаанз руу машин ойртуулах гээд байна гэхээр нь би хөдөө явсан гэж хэлээд машинаа хөдөлгөөд урагш зогсоод хашааныхаа гадаа бие засаад зогсож байтал Б өөрийн өвс ачсан машинаараа урагш хөдөлтөл зүүн хойд талын дугуйны доогуур хүний хөл гозойгоод орчих шиг болохоор нь би хашгираад Д ахыг дайрчихлаа гээд орилоод л орсон. Намайг гүйгээд очтол Бйн машины дугуй нь миний төрсөн ах Дийн цээж болон хөл дээгүүр нь гарсан байсан. Бид нарыг очтол газар дээрээ нас барсан. Жолооч Б түргэн дуудаач гэхээр нь би эмнэлгийн сувилагч руу залгаад түргэний дугаар асуугаад би утсаа тасалсан. Угаасаа ах маань газар дээрээ нас барсан болохоор би түргэн дуудаад хэрэггүй, ямар ч тусламж үзүүлж чадахгүй болсон гэж ойлгоод дуудаагүй. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөгүй. Би юу хийхээ, яахаа мэдэхгүй байсан. Тэгээд гэрт нь аваачсан юм. Би оройхон Б цагдаад өөрийн биеэр хэлсэн. Б архи уугаагүй, эрүүл байсан. Харин Д нь архи уусан байсан. Нилээн согтсон байсан. Тэр хоёрын дунд өр, авлага, өс хонзон байхгүй. Дд архаг хууч өвчин гэхээр өвчин байсан үгүйг би сайн мэдэхгүй байна. Д машинаар дайрагдсаны улмаас нас барсан. Өөр ямар нэгэн нас барахаар шалтгаан байхгүй. Б нь 1985 онд төрсөн санагдаж байна. Н гэх хүний ууган хүү бөгөөд миний авга дүү байгаа юм. Б нь ам бүл тавуулаа бөгөөд эхнэр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Мэргэжлийг нь мэдэхгүй байна. 10 гаруй жил тээвэрт явж байгаа. Тэрээр дөлгөөн, тайван зантай, архи дарс хэрэглэдэггүй, тусч, даруу, төлөв хүн байгаа юм. Баатарсүх улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл байхгүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 18-21 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Нын мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед би Бийн машинаас өөрийнхөө “Маяти” машин руу өвч ачиж гарах гэж байсан юм. Тухайн үед гаднаас Л нь Дтэй хамт ирсэн. Өвсөө ачих гэтэл хашаан дотор миний машин багтахгүй болохоор нь би Лээс машинаа холдуулчих, би машинаа эргүүлж урагшлуулах хэрэгтэй байна гэж хэлээд би машиндаа байж байтал Б машинаа урагшлуултал хашааны гаднаас гараа гозойлгоод гүйгээд ороод ирсэн. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод буугаад иртэл Д ах Бийн машины хойд дугуйн доогуур ороод нас барсан байсан. Д бол бид нарын машины ойролцоо байсан. Би машиндаа суугаад Бийг машинаа урагшлуулахаар өөрийнхөө машиныг асаагаад ойртуулахаар хараад сууж байтал Д ах Бийн машины доогуур орсон байна. Энэ хэргийг харсан гэрчүүд гэвэл Л, Б, Д, бид нар мэднэ. Хэрэг гарах үед Д Лийн байшинд байсан. Тухайн хэрэг Лийн хашаан дотор болсон. Д эгч хурдхан гэрт нь аваачиж байрлуул, газарт төрсөн ахынхаа цогцсыг битгий байрлуулаад бай гэж хэлээд бид нар гэрт нь байрлуулсан. Д нилээн согтуу байсан. Архи их уудаг. Өмнө нь архи уулгахгүй байх гээд аргалдаг. Д нь Бийн машин доогуур ороод нас барсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дийн мэдүүлсэн: ...2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Л 15 цагийн үед манай гэрт ирээд намайг аваад гэртээ  хүргэж өгсөн. Би гэрт нь байж байхад гаднаас Л /миний төрсөн дүү/ гүйж орж ирээд Д ах сүйд боллоо гэж хэлэхээр нь би түрүүлээд гараад гүйгээд машины араар ортол Д ах газарт унасан байсан. Тэгээд Д ахыг хартал доош харсан байдалтай, нүүр нь чинэрсэн, хүрэнтэж харагдсан. Л хүнээс дуудлаганд хэн байгаа вэ, ойрын дуудлагын хүний утсыг нь өг гэхээр нь би Лд хүн нэгэнт өнгөрсөн байхад эмнэлэг дуудаж өгч яах гээд байгаа юм бэ гэж хэлээд загнасан. Тэгээд л дуудлагыг болиулсан. Би Дн ахын эхнэр Эд хэлье гээд сургуулийн гал тогоо ороод дуудаж гаргаж ирээд машиндаа суулгаад Д ах Бийн машиныг хөдлөхөд нь дугуйн доогуур нь орж нас барсан байна гэтэл Э эгч айн гээд гайхаад байсан. Би Э эгчид одоо Д ахыг газарт шороотой хутгалдуулаад байлгүй гэрт нь аваачъя гэж хэлтэл тэгье гэж хариулаад хүнд цохилтод орсон болохоор айж самгардаж гэрт нь аваачиж байрлуулсан юм. Лийн хашаанд Б машинтайгаа, Н машинтайгаа, Д ах зогсож байсан. Өөр хүн байгаагүй. Д хэнтэй ч маргалдаж, зодолдоогүй. Д ах уусан байсан. Д ах согтохоороо хөл нь гуйваад дээр, доор гишгээд байдаг. Яг тийм болчихсон явж байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээ өгөхөө мэдсэнгүй. Маш их сандарч, уйлалдсан байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Бийн мэдүүлсэн: ...Би Улаанбаатар хотод байхдаа өвс, ногоон тэжээл авах хүн сураглаж байсан чинь манай хамаатны ах болох Архангай аймгийн Хашаат суманд байдаг Н гэдэг ах над руу утсаар яриад ногоон тэжээл авах хэрэг байна гэхээр нь би та наанаа дахиад авах хүн байна уу, сураг тавьж байгаарай гээд ганцаараа 2020 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн орой Улаанбаатар хотын баруун талаас Төв аймгийн Нөхөрлөл сангийн аж ахуй Уушгийн хөтөл гэдэг газраас ногоон тэжээл ачаад замдаа 3 хоноод 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 14 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын төвд ороод эмнэлгийн ар талд зогсож байгаад ногоон тэжээл авах хүмүүстэй уулзаад үнэ хөлсөө ярьж байгаад оройхон 17 цаг өнгөрч бараг бүрэнхий тасарч байхад Хашаат сумын төвд манай аавтай эгч, дүүсийн хүүхдүүд болох Л гэдэг айлын хашаанд машинаа толгойгоор нь оруулж хоноод тэндээ оруулж гаргаад ногоон тэжээлээ зараад 3 хоносон. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг өнгөрч байсан санагдаж байна, өөрийнхөө ачааны машиныг гаргаж ирээд эмнэлгийн ар талд зогсоод ногоон тэжээлээ зарж байгаад 1 танихгүй хүн 100 боодол ногоон тэжээл худалдаж авна гэхээр нь би хөдөө байдаг Н ах руу утсаар яриад та “Маяти” маркийн машинаа унаад хүрээд ир, энд 1 хүн 100 боодол ногоон тэжээл авна гэж байна, хүргэж өгөх гэсэн юм гэж хэлсэн чинь Н ах “Маяти” машинтайгаа ирэхээр нь би өөрийнхөө ногоон тэжээл ачсан байсан “Daewoo” маркийн машинтай Л ахын хашаанд орж зогсохоос өмнө Н ахын “Маяти” машин, араас нь Л ахын “Приус” маркийн машин орж ирээд хашааны зүүн тал руу шахаад зогссон байсан. Би машинтайгаа шууд чигээрээ орсон. Л ахын хашааны хаалга урагшаа харсан бөгөөд би машинтайгаа ороход миний машины толгой ертөнцийн зүгээр хойшоо харж зогсоод би машинаасаа буухдаа гар карданаа татаж буусан бөгөөд машинаасаа буугаад араар нь тойроод буруу талын хойд буланд нь очиж Л ахын хашааны хаалганы ойролцоо Л ах, Н ах хоёртой уулзаж байхад талийгаач Д ах тэр хоёр хүнтэй хамт зогсож байсан. Н ах машинтайгаа миний машины хойгуур гараад миний машины зөв талд гарч зогсоод ногоон тэжээл ачна гэхээр нь би наад хойд зайгаар чинь машин багтахгүй юм байна, би жаахан урагшаа явъя, та жаахан холдоорой гэж талийгаач Д ахад хэлээд би машин руугаа явсан. Л ах машинаа холдуулахаар миний машины араар тойроод хашаанаас гадагшаа гарсан бөгөөд би толиндоо хараад байж байхад Н ахын машин миний машины араар багтаагүй. Тэгэхээр нь би гар карданаа тавиад араандаа хийгээд дөнгөж хөдлөөд зогссон чинь Л ах хашааны гаднаас хөөе гээд орилохоор нь зогсоод машинаасаа буусан чинь миний машины зөв талын чиргүүлийн хамгийн ар талын дугуйны хойд талд Д ах доошоо хараад толгой нь зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би хараад түргэн дуудаач гэж орилсноо санаж байна. Тэрнээс хойш нэг хэсэг юу болсныг би санахгүй байна. Би ногоон тэжээл зарах гэж очсон юм. Би тэр үед архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Тэр асуудал болсны дараа сумын цагдаа намайг согтуурал шалгах багаж үлээлгэсэн. Ямар нэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл илрээгүй гэж цагдаа надад хэлсэн. Би өөрийн эзэмшлийн “Daewoo” маркийн чирэгч толгойтой, чиргүүл чирч явсан. Манай монголчууд шалаанз гэдэг нэрээр нь сайн мэднэ. Миний жолоодож явсан “Daewoo” маркийн чирэгч толгойтой, чиргүүлтэй машин миний нэр дээр байдаг юм. Ямар нэг тийм асуудал байхгүй. Би Д болон түүний гэр бүлийн гишүүд, ах, дүү хамаатан садангуудтай нь өр авлага, өс хонзонгийн ямар нэг асуудал байхгүй. Л ах, Н ах хоёртой хамт зогсож байсан. Би наанаас нь жаахан зайтай очиж уулзсан болохоор архи уусан, согтуу байсан үгүйг нь мэдэхгүй. Д ахтай өмнө нь зөндөө уулзаж байсан. Манай аавтай эгч, дүүсийн хүүхдүүд бөгөөд надтай хамаатан, садан гэдгээр уулзаж байсан. Ер нь жаахан архи уух дуртай хүн шиг харагдаад байдаг юм. Д ах архи уух дуртай юм шиг байсан. Архи уучихаараа хүнтэй яриа хөөрөөтэй, найз нөхөд болох их дуртай хүн шиг санагдсан. Би “В,С,Е” ангиллын жолооны үнэмлэхтэй. Би талийгаачийн ар гэрийн хүмүүстэй нь уулзаад ажил төрөлд нь оролцсон. Хамаатан садан хүмүүс болохоор надад гомдол, санал байхгүй гэж надад болон манай аавд хэлж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 62-67 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Талийгаач Д.Дийн биед өвчүүний зүүн талын хавиргатай бэхлэгдэх хэсгийн салсан хугарал, цээжний зүүн талын 1-12-р хавиргануудын нугалмын хажуугийн шугамаарх, 2-8-р хавиргануудын суганы дунд шугамаарх, 4,5,6-р хавиргануудын далны шугамаарх гуравласан шууд хугарал, баруун талын 2-11-р хавиргануудын нугалмын хажуугийн шугамаарх, 4,5,6-р хавиргануудын суганы дунд шугамаарх хоёрлосон шууд хугарал, хоёр уушигний дэлбэнгийн урагдал, няцрал, сээрний 7,8-р нугалам хоорондын их бие салсан хугарал, голт, үнхэлцэг хальс, өрцний урагдал, зүрхний орой хэсгийн урагдаж няцарсан шарх, цээжний хөндийн эрхтнүүд, зүрх хэвлийн хөндий рүү шилжилт, их сэмж, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн урагдал, агуулагдахуун хэвлийн хөндийд гарсан, элэгний баруун, зүүн дэлбэнгийн урагдал няцрал, нойр булчирхайн эдийн няцрал, баруун бөөрний хальсан дор цус хуралт, хярзан, хуухнагийн арьсыг хамарч төмсөг, түрүү булчирхай, зөөлөн эд ил гарсан урагдсан шарх, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбээний сэтэрч урагдсан шарх, хамар, зүүн хацрыг хамарсан нидрэгдсэн мэт зулгаралт, өвчүү, зүүн эгэм, мөр, бугалга, тохой, шууг хамарсан цус хуралт, аймхай мөгөөрсний зүүн хэсгийн цус хуралт, зулгаралт, зүүн ташаа, зүүн өвдөгний дотор хажуу, шилбийг хамарсан арьсны өнгөц давхраа хууларсан зулгаралт, баруун цавинд зулгаралт, баруун шагайн дотор хажууд цус хуралт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хөдөлж буй автомашины эд ангиудын мохоо болон ирмэгтэй зүйлд дайрагдах, шахагдах, цохигдох, шүргэх нидрэгдэх үйлчлэлээр үүсэх боломжтой. Эдгээр гэмтлүүд нь осол болох үеийн нэг цаг хугацаанд үүснэ. 3. Цээж, хэвлийн хөндий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн ил гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.6, 3.1.10, 3.1.12 3.1.13, 3.1.14-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт, доод эрүү ясны их биеийн хугарал, зүүн түнхний үений мултрал, баруун шилбэний урд хэсгийн арьс хууларч яс, зөөлөн эд нь ил гарсан шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн чихний дэлбээний сэтэрч урагдсан шарх, хамар, зүүн хацрыг хамарсан нидрэгдсэн мэт зулгаралт, өвчүү, зүүн эгэм, мөр, бугалга, тохой, шууг хамарсан цус хуралт, аймхай мөгөөрсний зүүн хэсгийн цус хуралт, зулгаралт, зүүн ташаа, зүүн өвдөгний дотор хажуу, шилбийг хамарсан арьсны өнгөц давхраа хууларсан зулгаралт, баруун цавинд зулгаралт, баруун шагайн дотор хажууд цус хуралт, зулгаралт гэмтлүүд нь нийтдээ “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Талийгаач Д.Д нь цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүдийн амьдрах боломжгүй гэмтлүүдийн улмаас нас баржээ. 5. Талийгаач нь осол болох үеийн цаг хугацаанд нас баржээ. 6. Шинжилгээгээр зүрхний булчингийн эмгэгшил: зүүн ховдлын ханын зузаарал /1,8см/ хөндийн нарийсал, нойр булчирхайн хальсан доор цус харвалт, ходоодны нугалуур, дээд гэдэсний салстын улайлт архаг өвчтэй байна. Үхэлд нөлөөлөхгүй. 7. Талийгаач Д.Д нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ. /2,9 промиль/. 1-р бүлгийн цустай байна...гэх дүгнэлт /1хх-ийн 48-50 хуу/

 

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 22 дугаартай химийн шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Талийгаач Д.Дийн цусанд 2.9 промиль спиртийн зүйл илрэв. 2. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. 3. Талийгаач Д.Дийн цус нь О I-р бүлгийн харъяалалтай байна...гэх дүгнэлт /1хх-ийн 53 хуу/

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Өмнө нь гарсан Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Бийн гаргасан 11 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3.1 Явган зорчигч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зүйл заалт зөрчөөгүй байх үндэслэлтэй байна. 3.2 Жолооч Н.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх байр эзлэх , зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. 5. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх, 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 6. Уг зам тээврийн осол нь жолооч Н.Бийн үйлдлийн улмаас осол гаргах боломжтой...гэх дүгнэлт /1хх-ийн 218-219 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 04-07 хуу/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 08 хуу/

Ослын газрын схем зураг /1хх-ийн 09 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-12, 13, 54-56 хуу/

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 51-52 хуу/

Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 79 хуу/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-ийн 72 хуу

            Шүүх хуралдаанд шинээр өгсөн Н.Баатарсүхийн хүсэлт, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 78 тоот Прокурорын санал, 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 75 тоот Прокурорын тогтоол зэрэг болно.

 

            Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг Жаргалант хороолол 46 тоот хашаанд зам тээврийн осол гарч улмаар Д.Д нь дайруулж, амь нас нь хохирсон нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

           

Шүүгдэгч Н.Б нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Н.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Баян багийн нутаг Жаргалант хороолол 46 тоот хашаанд 07-17 УНС улсын дугаартай “Дэвүү DV15Т” маркийн автомашинаар хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан “жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөгдөх байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчиж, улмаар Д.Д автомашины чиргүүлээр дайрч амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эийн мэдүүлсэн “2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр намайг ажлаа хийж байхад манай нөхрийн дүү Д очоод Д ах өнгөрчихлөө гэхээр нь би дагаад машинд суутал Лийн хашаанд газарт унасан байдалтай, царай нь хөхөрсөн, дээш харсан байдалтай байсан. Надад Д хэлэхдээ Бийн машины дугуйн доогуур нь ороод дайрагдаж нас барлаа гэсэн. Тэгээд бид нар ярилцаад нас барсан хүнийг газарт байлгаад яах вэ гээд би өөрийнхөө гэрт гэр бариад байрлуулсан юм. Машинд дайруулсны улмаас нас барсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 15-17/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Лийн мэдүүлсэн “Би гэртээ Д эгчийг оруулчихаад гэрээсээ гараад иртэл Н намайг машинаа хөдөлгө, би шалаанз руу машин ойртуулах гээд байна гэхээр нь би хөдөө явсан гэж хэлээд машинаа хөдөлгөөд урагш зогсоод хашааныхаа гадаа бие засаад зогсож байтал Б өөрийн өвч ачсан машинаараа урагш хөдөлтөл зүүн хойд талын дугуйны доогуур хүний хөл гозойгоод орчих шиг болохоор нь би хашгираад Д ахыг дайрчихлаа гээд орилоод л орсон. Намайг гүйгээд очтол Бийн машины дугуй нь миний төрсөн ах Дийн цээж болон хөл дээгүүр нь гарсан байсан. Бид нарыг очтол газар дээрээ нас барсан. Жолооч Б түргэн дуудаач гэхээр нь би эмнэлгийн сувилагч руу залгаад түргэний дугаар асуугаад би утсаа тасалсан. Угаасаа ах маань газар дээрээ нас барсан болохоор би түргэн дуудаад хэрэггүй, ямар ч тусламж үзүүлж чадахгүй болсон гэж ойлгоод дуудаагүй. Д машинаар дайрагдсаны улмаас нас барсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 18-21/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.ын мэдүүлсэн “2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 16 цагийн үед би Бийн машинаас өөрийнхөө “Маяти” маркийн машин руу өвс ачиж гарах гэж байсан юм. Тухайн үед гаднаас Л нь Дтэй хамт ирсэн. Өвсөө ачих гэтэл хашаан дотор миний машин багтахгүй болохоор нь би Лээс машинаа холдуулчих, би машинаа эргүүлж урагшлуулах хэрэгтэй байна гэж хэлээд би машиндаа байж байтал Б машинаа урагшлуултал хашааны гаднаас гараа гозойлгоод гүйгээд ороод ирсэн. Тэгээд би юу болсон юм бол гэж бодоод буугаад иртэл Д ах Бийн машины хойд дугуйн доогуур ороод нас барсан байсан. Д бол бид нарын машины ойролцоо байсан. Би машиндаа суугаад Бийг машинаа урагшлуулахаар өөрийнхөө машиныг асаагаад ойртуулахаар хараад сууж байтал Даваасүрэн ах Баатарсүхийн машины доогуур орсон байна. Д нь Бийн машин доогуур ороод нас барсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дийн мэдүүлсэн “2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Л 15 цагийн үед манай гэрт ирээд намайг аваад гэртээ  хүргэж өгсөн. Би гэрт нь байж байхад гаднаас Л /миний төрсөн дүү/ гүйж орж ирээд Д ах сүйд боллоо гээд хэлэхээр нь би түрүүлээд гараад гүйгээд машины араар ортол Д ах газарт унасан байсан. Тэгээд Д ахыг хартал доош харсан байдалтай, нүүр нь чинэрсэн, хүрэнтэж харагдсан. Л хүнээс дуудлаганд хэн байгаа вэ, ойрын дуудлагын хүний утсыг нь өг гэхээр нь би Лд хүн нэгэнт өнгөрсөн байхад эмнэлэг дуудаж өгч яах гээд байгаа юм бэ гэж хэлээд загнасан. Тэгээд л дуудлагыг болиулсан. Би Д ахын эхнэр Эд хэлье гээд сургуулийн гал тогоо ороод дуудаж гаргаж ирээд машиндаа суулгаад Д ах Бийн машиныг хөдлөхөд нь дугуйн доогуур нь орж нас барсан байна гэтэл Э эгч айн гээд гайхаад байсан. Би Э эгчид одоо Д ахыг газарт шороотой хутгалдуулаад байлгүй гэрт нь аваачъя гэж хэлтэл тэгье гэж хариулаад хүнд цохилтод орсон болохоор айж самгардаж гэрт нь аваачиж байрлуулсан юм. Лийн хашаанд Б машинтайгаа, Н машинтайгаа, Д ах зогсож байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 29-30/,

мөрдөн байцаалтын шатанд Н.Бийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цаг өнгөрч байсан санагдаж байна, өөрийнхөө ачааны машиныг гаргаж ирээд эмнэлгийн ар талд зогсоод ногоон тэжээлээ зарж байгаад 1 танихгүй хүн 100 боодол ногоон тэжээл худалдаж авна гэхээр нь би хөдөө байдаг Н ах руу утсаар яриад та “Маяти” маркийн машинаа унаад хүрээд ир, энд 1 хүн 100 боодол ногоон тэжээл авна гэж байна, хүргэж өгөх гэсэн юм гэж хэлсэн чинь Н ах “Маяти” маркийн машинтайгаа ирэхээр нь би өөрийнхөө ногоон тэжээл ачсан байсан “Daewoo” маркийн машинтай Л ахын хашаанд орж зогсохоос өмнө Н ахын “Маяти” маркийн машин, араас нь Л ахын “Приус” маркийн машин орж ирээд хашааны зүүн тал руу шахаад зогссон байсан. Би машинтайгаа шууд чигээрээ орсон. Л ахын хашааны хаалга урагшаа харсан бөгөөд би машинтайгаа ороход миний машины толгой ертөнцийн зүгээр хойшоо харж зогсоод би машинаасаа буухдаа гар карданаа татаж буусан бөгөөд машинаасаа буугаад араар нь тойроод буруу талын хойд буланд очиж Л ахын хашааны хаалганы ойролцоо Л ах, Нармандал ах хоёртой уулзаж байхад талийгаач Д ах тэр хоёр хүнтэй хамт зогсож байсан. Н ах машинтайгаа миний машины хойгуур гараад миний машины зөв талд гарч зогсоод ногоон тэжээл ачна гэхээр нь би наад хойд зайгаар чинь машин багтахгүй юм байна, би жаахан урагшаа явъя, та жаахан холдоорой гэж талийгаач Д ахад хэлээд би машин руугаа явсан. Л ах машинаа холдуулахаар миний машины араар тойроод хашаанаас гадагшаа гарсан бөгөөд би толиндоо хараад байж байхад Н ахын машин миний машины араар багтаагүй. Тэгэхээр нь би гар карданаа тавиад араандаа хийгээд дөнгөж хөдлөөд зогссон чинь Л ах хашааны гаднаас хөөе гээд орилохоор нь зогсоод машинаасаа буусан чинь миний машины зөв талын чиргүүлийн хамгийн ар талын дугуйны хойд талд Д ах доошоо хараад толгой нь зүүн тийшээ харсан байдалтай хэвтэж байсан. Би хараад түргэн дуудаач гэж орилсноо санаж байна. Тэрнээс хойш нэг хэсэг юу болсныг би санахгүй байна” гэх мэдүүлэг /1хх-ийн 62-67/,

Д.Дийн үхлийн шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 16 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 48-50/,

 

Зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөлийг тогтоосон Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 218-219/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 04-07/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /1хх-ийн 08/, ослын газрын схем зураг /1хх-ийн 09/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 10-12/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Б овогт Нын Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба шүүгдэгч Н.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 75 тоот тогтоолоор прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг шүүгдэгч Н.Б зөвшөөрсөн байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар Прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Бд холбогдох хэргийг Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн байх бөгөөд энэ гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул 2021 оны Өршөө үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг өршөөж, түүнд оногдуулсан хорих ялыг өршөөсөн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч Н.Б нь цаашид хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний хүүхдүүдэд эд материалын тусламж, дэмжлэг үзүүлж байхаа шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Бс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж болно.

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Нын Бийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг өршөөсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бд оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Р.АЛТАНЦЭЦЭГ