Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00866

 

          

                                                Б.Х-ын нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ,Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00303 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 617 дугаар магадлалтай,

Б.Х-ын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын гаргасан гомдлоор

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.18-ны өдрийн 181/ШШ2019/00424 дүгээр захирамжаар Б.Х–аас 83,908,425 төгрөг гаргуулж Эко капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж Б.Х-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65Б байрны 51 тоотод байрлах 44.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцанд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж улмаар албадан дуудлага худалдаанд оруулахаар өмчлөгчөөс үнийн санал авахад тэрээр өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцаа зах зээлийн үнийн саналаа 180,000,000 төгрөгийн үнэлж, санал өгсөн. Тэгээд өмчлөгч Б.Хшийдвэр гүйцэтгэгчийг төлбөр авагч Эко капитал ББСБ-тай уулзуулж үнийн саналаа харилцан тохиролцуулах ажиллагаа явуулна гэж хүлээж байсан. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч 2019.11.20-ны өдөр өрөөндөө дуудаад таны 2 өрөө орон сууцыг шинжээчээр үнэлүүлэхэд 62,600,000 төгрөгөөр үнэлсэн гэж хэлсэн ба тус газрын тасгийн дарга Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.11.20-ны өдрийн 4/26304 дугаартай мэдэгдлийг гардуулсан.

Мөн төлбөр төлөгч Б.Х нь оршин суугаа хаягаа өөрчлөөгүй, түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэгч явуулж байгаа, гэтэл Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж байгаа нь Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал зөрчсөн гэж үзэхээр байна. Шийдвэр гүйцэтгэгч ямар байгууллагагаар үнэлгээ тогтоолгох гэж байгаа, хэнийг шинжээчээр томилсон гэдгийг танилцуулаагүй нь хууль зөрчсөн. Хөрөнгө үнэлгээний Мөнх-Оргил трейд” ХХК Б.Х-ын өмчлөлийн 2 өрөө орон сууцанд үнэлгээ хийхдээ жишиг хөрөнгө гэх 3 үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлд худалдан борлогдож байгаа үнээр тогтоосон байгаа нь Хөрөнгө үнэлгээний тухай хуульд заасан үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог зориулалтын харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан тодорхойлно гэснийг зөрчсөннь өмчлөгчийн эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, зах зээлийн бодит үнэ ханшнаас доогуур үнэлсэн. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.18-ны өдрийн 181/ШШ2019/00424 дүгээр захирамжаар Б.Х-аас 52,288,746 төгрөгийг гаргуулж Эко капитал ББСБ-д олгохоор шийдвэрлэсний дагуу 2019.07.26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Х-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж 656 дугаар байрны 51 тоот 44.69 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу битүүмжилж, хурааэ, үл хөдлөх эд хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдэхэд Б.Х 180,000,000 төгрөгөөр үнийн санал гаргасан ба төлбөр авагчаас шинжээч томилох талаар хүсэлт гаргасан тул хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилоход 62,600,000 төгрөгөөр үнэлсэн. Хөрөнгийн үнэлгээг 2019.11.20-ны өдрийн 4/26304 тоот албан бичгийг мөн өдрөө төлбөр төлөгчид гардуулан өгч, 2019.12.27-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар нийтэд зарлаж албадан дуудлага худалдаанд оруулах тухай 4/28967 дугаар мэдэгдэл, 13/30 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Б.Х-т гардуулан өгч гарын үсэг зуруулсан. Хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00303 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5 дахь заалтыг баримтлан Б.Х-ын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.12.12-ны өдрийн 181/ШЗ2019/14072 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019.11.22-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 617 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00303 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, өмчлөгч Б.Х-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айл гудамж, 65Б байрны 51 тоотод байрлах 44.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар талуудаас зах зээлийн үнийн саналыг авах ажиллагаа явуулахдаа зөвхөн төлбөр төлөгчөөс үнийн санал авч, төлбөр авагчаас үнийн санал аваагүй атал харилцан тохиролцоогүй гэж үзэж, дураар шинжээч томилсон гэж маргадаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “төлбөр төлөгч Б.Х 2019.11.08-ны өдөр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийг 180,000,000 төгрөгөөр тогтоолгохоор санал гаргасан ба төлбөр авагч 2019.11.11-ний өдөр Б.Х орон сууцыг 180,000,000 төгрөгөөр үнэлсэнд санал нийлэхгүй байх тул шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэгч 2019.11.12-ны өдрийн тогтоолоор шинжээч томилжээ. Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авсан, талбөр төлөгчийн үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй байдлыг талууд үнийн саналын талаар тохиролцоогүй гэж шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсныг хууль зөрчсөн гэж дүгнэхгүй юм” гэжээ. Гэтэл /хавтаст хэргийн 49 дүгээр хуудсанд авагдсан/ төлбөр авагч “Эко капитал” ББСБ-ын 2019.11.11-ний өдрийн 19-03/229 дугаар албан бичгээр шинжээч томилж өгөөч гэсэн хүсэлт байдаг бөгөөд төлбөр авагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнийн санал өгөөгүй, харилцан тохиролцсон тухай баримт байхгүй, төлбөр авагч Б.Х-ын өгсөн үнийн саналыг зөвшөөрөөгүй нь төлбөр авагч үнийн санал өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд шийдвэр гүйцэтгэгч талууд тохиролцоогүй гэж шинжээч томилсон байгаа нь хууль зөрчсөн ажиллагаа болсон гэж маргадаг юм.

Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ямар хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэх вэ гэвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заахдаа “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг” шинжээчээр үнэлүүлнэ гэж хуульчилснаас харахад шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Б.Х-ыг төлбөр авагч “Эко капитал” ББСБ-тай уулзуулж, харилцан тохиролцуулах ажиллагааг явуулаад, талууд харилцан тохиролцоогүй нөхцөлд шинжээч томилох хуулийн заалттай байна. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчаас үнийн санал огт аваагүй, тохиролцуулах ажиллагааг явуулаагүй, тохиролцох боломж олгоогүй нь байхад шүүх “шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон нь хууль зөрчсөн гэж үзэхгүй”  гэж дүгнэсэн нь шүүх нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, хууль буруу тайлбарласан гэж үзэж байна. Мөн шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч Б.Х-аас 2019.11.08-ны өдөр үнийн санал авах ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-177.4 дэх хэсэгт заасны дагуу “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоох” зүйл, заалтын хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй, мөн үнийн санал авах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэж баримтжуулаагүй тул хуулийн дагуу үнийн санал авсан гэж үзэхгүй юм. Дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн ажиллагааны дараа явуулсан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.11.12-ны өдрийн 370 тоот “Шинжээч томилох тогтоол”-оор орон сууцыг үнэлсэн Хөрөнгө үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн шинжээчийн 62,600,000 төгрөгийн үнэлгээг хүчинтэй гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иймд хуулийг буруу тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.28-ны өдрийн 181/ШШ2020/00303 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.18-ны өдрийн 617 дугаар магадлалыг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.Х Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанд хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.02.18-ны өдрийн 181/ШШ2019/00424 дүгээр захирамжаар Б.Х-аас 52,000,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 288,746 төгрөгийн хамт гаргуулж Эко капитал ББСБ-д олгож, Б.Х-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гудамж, 65Б байрны 51 тоот хаягт байрших 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Б.Х-ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203031460 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 100 айлын гудамж, 65Б байрны 51 тоот хаягт байрших 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн  55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

 Орон сууцыг Б.Х 2019.11.08-ны өдөр 180,000,000 төгрөгөөр үнэлсэн байх бөгөөд төлбөр авагч Эко капитал ББСБ хөндлөнгийн шинжээч томилуулах тухай санал гаргасныг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.11.12-ны өдрийн 370 дугаар тогтоолоор “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг шинжээчээр томилжээ.

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2019.11.15-ны өдрийн 96/Ш тоот үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийг 62,600,000 төгрөгөөр тогтоосон талаар дүгнэлт хийхдээ шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага 2019.11.20-ны өдөр шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон сонгон авч тухайн орон сууцны бүтээц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтанд орсон он, гадна тохижилт, байршилтай ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч шинжээчийн дүгнэлт бодит бус, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хэт доогуур тогтоосон болохыг баримтаар нотлож чадаагүй байна.

Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчид шинжээчийн үнэлгээ 62,600,000 төгрөгөөр тогтоосныг 2019.11.20-ны өдрийн 4/26304 тоот албан бичгээр мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.13, 22.7, 24.1, 25.1, 25.3-т заасныг зөрчөөгүй гэж шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00303 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 617 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Халиунжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА   

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                             Б.УНДРАХ 

                                                                             Д.ЦОЛМОН 

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД