| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 108/2019/0060/Э |
| Дугаар | 636 |
| Огноо | 2019-06-27 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 636
2019 6 27
Ц.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Ариунболд,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэрэндорж,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,
нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Б.Батболор, З.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ц.Бд холбогдох 1907000000018 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Тайж овгийн Цийн Б, 1978 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../;
Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлснийг Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 505 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугцааагаар тэнсэн хянан харгалзсан.
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баялагийн 7-5 тоотод хойд эцэг болох Ж.Батнасантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний баруун гуяны дээд хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх дүүргийн прокурорын газраас: Ц.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тайж овогт Цийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 9 /ес/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 9 /ес/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бийн 2019 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл баривчлагдсан 48 цаг, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 85 хоног, нийт цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Ц.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн битүүмжпэгдсэн эд хөрөнгө үгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,4-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн иштэй хутга, бор шаргал өнгийн бүтээлэг, шороогоор бохирлогдсон цус мэт улаан хүрэн өнгийн зүйл, хөх эрээн өнгийн фудволк, хар өнгийн босоо судалтай даавуун өмд, хар өнгийн ноосон өмд, хар өнгийн босоо судалтай дотоож, саарал өнгийн хос оймс, хар өнгийн хос хоромон гутал, богино түрүүтэй цахилгаантай бор өнгийн хос гутал, хар саарал өнгийн өмд, биеийн тамирын саарал өнгийн өмд зэргийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэргийн газрын үзлэгийг камерын бичлэгээр бэхжүүлсэн СД 1 ширхэг, Ц.Бийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг камерын бичлэгээр бэхжүүлсэн СД 1 ширхэгийг хавтас хэрэгт хавсаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Б нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хойд эцгийнхээ амь насыг хохироосондоо маш их харамсаж байна. Согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн ухаангүй болчимгүй үйлдэл хийж, юугаар ч нөхөж баршгүй хүний алтан амийг хохироосондоо маш их гэмшиж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Ц.Бийн давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхэд хэргийг шийдэхэд шүүгдэгч Ц.Б нь хохирол төлбөргүй, шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэм буруугаа хүлээсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Цэрэндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний дүү Ж.Батнасанг цагаан сарын баяр хөөр дүүрэн үеэр амь насанд нь халдсан үйл явдалд бид бүхэн их гомдолтой байна. 15 жил ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээж тэтгэвэрт гарах насанд нь ийм үйл явдал болсонд гомдолтой байдаг. Шүүгдэгч Ц.Бд оногдуулсан ял тохирсон гэж бодож байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Э.Ариунболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан зүйлчлэлийг хэрэглэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Хүнийг алах гэмт хэргийн тухайд учирсан хохирлыг нөхөн төлсөн гэдэг нь учир дутагдалтай. Учир нь эрдэнэт хүний амь насыг нөхөн төлөгдөх боломжгүй гэж үзэж байна. Иймээс Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийг бүрэн хянаж шийдсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 2 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Налайх дүүргийн 3 дугаар хороо, Баялагийн 7-5 тоотод хойд эцэг болох Ж.Батнасантай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний баруун гуяны дээд хэсэгт нэг удаа хутгалж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
түүний “...хоорондоо хэрэлдэж байхдаа бид хоёрын урд талын ширээний баруун талд байх ууцан дээр байсан хар иштэй хутгыг миний бие баруун гартаа аваад зүүн гар талд сууж байсан Батнасангийн баруун гуянд нэг удаа хутгалсан. ...” гэх /1хх-141/,
гэрч Ц.Бямбацогтын “...ээж өөрийнхөө гэр рүү орчихоод буцаж гарч ирээд Ц.Б Ж.Батнасанг цохисон юм шиг байна, ухаан алдсан байна гэж хэлэхээр нь би тэгвэл түргэн дууд гээд эмнэлэг рүү залгасан. ...” гэх /1хх-40-41/,
гэрч М.Пүрэвхишигийн “...Ц.Бямбацогт над руу 23 цаг өнгөрөөд 00 цаг дөхөж байхад утсаар залгаад хойд аав Ж.Батнасан, төрсөн ах Ц.Б хоёр хоорондоо хэрэлдээд Ц.Б ах аавыг хутгалчихлаа, та хүрээд ирээч гэж хэлэхээр нь иртэл Ж.Батнасан ах гэрийн баруун талын орны дээшээ харсан байдалтай хэвтэж байсан бөгөөд хажуу орон дээр нь Ц.Б сууж байсан. ...” гэх /1хх-44-45/,
гэрч Ч.Бүрэнцэцэгийн “...Ж.Батнасан хоёр гэрийн хооронд дээшээ харсан байдалтай дээшээ хараад амнаас нь цагаан хөөс гарсан байдалтай хэвтсэн байхаар нь миний хөгшөөн юу болсон бэ, яасан бэ гээд тэвэрч авахад нэг урт амьсгаа авсан. ...өөрийнхөө гэр рүү орж Ц.Бийг дуудах гээд ороход зүүн талын сандал дээр цус болсон байдалтай, Ц.Б өөрөө зүүн талын орон дээр нэлээн согтуу байдалтай сууж байсан. ...” гэх /1хх-46-49/,
насанд хүрээгүй гэрч Б.Мөнхзулын “...эмээ манайд орж ирээд лаа авахаар гараад буцаад удалгүй орж ирээд өвөөг чинь Бямбаа ах нь цохиод унагасан юм шиг байна өвөө нь гадаа хэвтэж байна гэж хэлээд гарсан удалгүй дахиад орж ирээд цус болчихсон байна хутгалсан юм шиг байна гэж хэлсэн. ...” гэх /1хх-53-54/,
насанд хүрээгүй гэрч Т.Эрдэнэзулын “...Бямбаа ах чинь өвөөг чинь цохиод унагаачихаж гэж хэлээд баруун талд байрлах орон дээр очоод сууснаа буцаад босоод гараад явснаа удалгүй дахиад орж ирээд цус гоожсон байна хутгалсан юм шиг гэж хэлэхэд ээж шууд утсаа шүүрч аваад эмнэлэг, цагдаа руу залгаж дуудлага өгөөд Бямбасүрэн эгч, Пүрэвхишиг ах нар руу залгаад Бямбаа ах аавыг хутгалчихсан гэнээ хурдан ирээрэй гэж хэлсэн. ...” гэх /1хх-55-56/,
гэрч Д.Оюунцэцэгийн “...орой 23 цагийн үед Бүрэнцэцэг эгчийн төрсөн дүү Энхцэцэг манайд хүрч ирээд Б нь Батнасан ахыг хутгалж амь насыг нь хохироосон юм шиг байна гэж хэлсэн. ...” гэх /1хх-62/,
гэрч Д.Жавхлантын “...дуудлага өгсөн хаягт 23 цаг 10 минутын үед очсон. ...тухайн хүнд үзлэг хийхэд баруун цавины орчимд хатгагдсан шархтай шархнаас цус урссан, шархны орчмоос бага хэмжээний уур савсаж байсан... Амин үзүүлэлтийг нь үзэхэд амьсгал зүрх зогссон, гар хөл нь хөрсөн байдалтай байсан тул тухайн хүнд нас барсан гэсэн онош тавиад цагдаагийн албан хаагч нарт нас барсан талаарх бичиг хийж өгсөн. ...” гэх /1хх-64/,
гэрч А.Жанболдын “...зүүн талын гэрт байсан талийгаачтай хамт байсан согтуу эрэгтэй хүн би энэ хүнийг хутгалчихсан юм аа хутга гадаа байгаа гэж дуудлагаар ирсэн эмч бид хоёр зааж өгсөн. Тэр хутганы ажлын хэсэг цусаар бохирлогдсон байхаар нь би хамгаалж дээр нь хувин тавьсан. Хэргийн газрын бүрэлдэхүүн ирэхэд хутга хаана байгааг зааж өгсөн. ...” гэх /1хх-65/ мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “1. Ж.Батнасангийн цогцост баруун гуяны урд дээд хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун ташааны артерийн бүрэн бус тасралт, гуяны 2 толгойт булчингийн цус хуралт, цусан бүлэн, хурц цус алдалт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь амьд байх үедээ хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Талийгаач нь баруун ташааны дотор тараагуур судасны бүрэн бус тасралтын улмаас хурц цус алдаж, нас баржээ. 3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй. 4. Талийгаачид цаг хугацаа алдахгүй эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол амь нас аврагдах боломжтой. 5. Талийгаачид цогцосны анхны үзлэгээр 2019 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 02 минутад гадна үзлэг хийхэд нас бараад 24 цаг орчим болжээ. 6. Талийгаач АВ IY бүлгийн цустай байна. 7. Талийгаачийн цусанд 3.1% спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно.” гэх 25 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-71-73/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн “1. Ц.Б гэж хаягласан хуруу шилтэй цусанд 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. 3. Цусан дахь 2,6 промилли нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх 1163 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-80-81/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-5-12/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-20-21/, эд мөрийн баримтаар хурааж авсан тэмдэглэл /1хх-30/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Бийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх тул шүүгдэгч Ц.Бийн “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ц.ОЧ