Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0178

 

 

 

 

 

 тх                           

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “Хт” ХХК /РД:/

 

Хариуцагч: Зам тээврийн хөгжлийн яам,

Гуравдагч этгээд: Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Зам тээврийн хөгжлийн яамны сайдаас манай компанийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг “Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-т олгосон 17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах”

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Хт” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Хт” ТӨХК нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт төмөр замын Толгойт өртөөний хойно байрлалтай, хүн амыг хүнсний бараагаар, үйлдвэрийн түүхий эдээр хангах, экспорт, импортын үйл ажиллагааг явуулдаг байсан бөгөөд компани өөрийн эзэмшлийн талбай бүхий 12 га газартай, 14,000 ам метр талбай бүхий халаалттай болон ердийн агуулах, 4000 ам метр талбай бүхий бараа хадгалах саравч, 600 тн бүтээгдэхүүн хадгалах амиакан хөргүүртэй зоорь, 5.4 км олон салаа төмөр зам, сэлгээ хийх зүтгүүр, зүтгүүрийн байртай, мөн туслах аж ахуйтай, нийт 52 ажиллагсадтай байсан.

 Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 228 дугаар “Хт” төрийн өмчит хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг нийтийн дуудлага худалдаагаар худалдах тухай” тогтоол гарч “Хт” ТӨХК-ийг дуудлага худалдаагаар худалдах ажил эхэлсэн. “Хт” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 100 хувь буюу 12,437,771 ширхэг хувьцааг нэг багц болгон нийтийн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, нэгж хувьцааны үнийг 73 төгрөгөөр тооцон хувьцааны доод үнийг тогтоон шийдвэрлэж дуудлага худалдааг зохион байгуулсан. Анхны дуудлага худалдаанд нэг ч этгээд ирээгүй тул дуудлага худалдааг дахин явуулах тухай Төрийн өмчийн хороо 2003 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 552 дугаар тогтоол гаргаж, дуудлага худалдааг дахин зохион байгуулсан.

Үүний дагуу Монгол улсын Төрийн өмчийн хорооны 2003 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 621 дугаар “Өмчлөгчийн эрх олгох тухай” тогтоолоор одоогийн “Хт” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Л.Ч нь нийтийн дуудлага худалдааны ялагч болж, “Хт” ТӨХК-ийн 100 хувийн хувьцааны өмчлөх эрхийг дээр дурдсан өмч хөрөнгийн хамтаар шилжүүлэн авсан байдаг.

Ингэж шилжүүлж авахад “Хт” ТӨХК-ийн төрийн эзэмшлийн 100 хувь буюу 12,437,771 ширхэг хувьцаа, түүнтэй хамт дагалдаж ирсэн хөрөнгүүд, түүний нэг хэсэг хөрөнгө болох 5.4 км олон салаа төмөр замын өмчлөх эрх мөн адил дагалдан ирж, “Хт” ХХК нь өмчлөлд шилжиж ирсэн. “Хт” ХХК-ийг дуудлага худалдаагаар худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл 5.4 км толгойт өртөөнөөс салбарласан дагнасан хэрэглээний төмөр замыг эзэмшиж ирсэн.

 Төмөр замыг гэрчилгээжүүлэх ажлын хүрээнд “Д” ХХК-иар 2009 он, 2015 онуудад Толгойт өртөөн дэх тус компанийн эзэмшлийн салбар замыг зургийг хийлгэх зохих журмын дагуу бусад холбогдох материалуудыг бүрдүүлж, Толгойт өртөөнөөс салбарласан дагнасан хэрэглээний төмөр замуудаа 18/22/01, 18/22/02, 18/22/03, 18/22/04 тоот “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээ”-г тус тус 2018 оны 02 дугаар сард авсан. Хувьчилж авсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл холбогдох журмын дагуу зам арчилгааг манай компани хийн ажиллаж байна.

Дээр дурдсаны дагуу манай компани өмч хувьчлалаар авсан 18/22/01 тоот “төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээ” бүхий төмөр замын бүрэн урт нь 2124 метр, 18/22/02 тоот “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээ” бүхий төмөр замын бүрэн урт нь 794 метр, 18/22/03 тоот “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээ” бүхий төмөр замын бүрэн урт нь 742 метр, 18/22/04 тоот “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээ” бүхий төмөр замын бүрэн урт нь 594 метр, нийт 4,254 метр замын гэрчилгээг авсан.

Манай компани дээрх Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээг авах тухай хүсэлтийг 2010 онд Зам тээврийн хөгжлийн яаманд хандсан бөгөөд хүсэлтийг 2018 онд шийдвэрлэж гэрчилгээ олгосон. Ингэхдээ зарим сумын шилжүүлэг, вагон зогсох зэрэг төмөр замд гэрчилгээ олгож өгөлгүйгээр дээрх байдлаар гэрчилгээг олгосон.

 Өмч, хувьчлалаар 5,4 км замыг манай компанид өгсөн байдаг бөгөөд бодит нөхцөл байдал дээр хэмжилт хийхэд 5301 км зам байгаа нь “Б” ХХК-ийн хэмжилтээр тогтоогдсон.

Гэтэл Манай компанийн өмчлөлийн 5.4 км-ын төмөр замаас бодит нөхцөл байдал дээр дутсан байхад түүнээс дахин хасалтыг хийж, улмаар манай төмөр замын зарим хэсгийг “Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-д давхардуулан 17/265/44 тоот гэрчилгээгээр 708 метр төмөр замыг, 17/265/43 тоот гэрчилгээгээр 794 метр, нийт 1502 метр төмөр замын “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын гэрчилгээ”-г хууль бусаар олгосон байна.

Үндсэндээ бол Манай компанийн өмчлөлийн 5.4 км төмөр замын 6 дугаар зам болон 7 дугаар замын хэсгийг  Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮ-т гэрчилгээжүүлэн Зам тээврийн хөгжлийн яамны сайдаас олгож шийдвэрлэсэн нь компанийн өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан шийдвэрийг гаргасан байна.

Үүнээс болж манай компани өмч хувьчлалаар мөнгийг нь төлж шилжүүлэн авсан төмөр замаа эзэмших, ашиглах эрхгүй болж, үйл ажиллагаа явуулах үндсэндээ боломжгүй нөхцөл байдалд хүрээд байна. Үүнтэй холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу Зам тээврийн хөгжлийн яаманд 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гомдол гаргахад 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 08/2555 тоот албан бичгээр “...“Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-ын Толгойт өртөөнөөс салбарласан төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний салбар замын гэрчилгээ нь танай байгууллагын салбар замтай давхацсан байсан ба “Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-ын салбар замын гэрчилгээ сунгуулах хүсэлтэд объектын өмчлөлтэй холбоотой баримт хангалтгүй байсан тул Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн гэрчилгээ сунгах боломжгүй болохыг мэдэгдсэн...” гэх хариуг 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гардуулсан.

Хэдийгээр Зам тээврийн хөгжлийн яамнаас “Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-т олгосон 17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болж байгаа, түүнийг бичиг баримтын бүрдэл дутуу гэдэг үндэслэлээр сунгахаас татгалзсан байгаа ч “Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-аас бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тохиолдолд энэ мэтчилэн бусдын өмчилж байгаа төмөр замыг гэрчилгээжүүлэх шийдвэрийг дахин гаргаад явах нөхцөл байдал үүссээр байна.

Иймээс Зам тээврийн хөгжлийн яамны сайдаас манай компанийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг “Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-г олгосон 17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Зам тээврийн хөгжлийн яамны сайд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр огноолон "Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар" ТБАГ УТҮГ-т 17/265/44 тоот 17/265/43 тоот “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектийн гэрчилгээ”-үүдийг олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн. Үүний дагуу хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс хариу тайлбар, хүсэлт ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ “ ...манай компани өмчлөлийн 5.4 км төмөр 6 дугаар болон 7 дугаар замын хэсгийг Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” УТҮГ–т давхардуулан Зам, дамын тээврийн хөгжлийн сайдаас олгож шийдвэрлэсэн нь компани өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан шийдвэрийг гаргасан байна” гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Зам ,тээврийн хөгжлийн яамнаас Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д “төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэж заасны дагуу тухайн дагнасан хэрэглээний зам аюулгүй байдлыг хангасан байгааг нотолж Зам, тээврийн хөгжлийн яамнаас аюулгүй байдлын гэрчилгээ олгосон нь компани өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчөөгүйг харуулж байна. Мөн Төмөр замын аюулгүй байдлын гэрчилгээ нь тухайн дагнасан хэрэглээний зам аюулгүй байдлыг хангасан байгааг гэрчилдэг баримт бичиг тул хэн нэгний өмчлөх эрхийг нотолдоггүй болно.

2. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Зам, тээврийн хөгжлийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 1.4.1-т "Төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах” гэж хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчин, иргэн, хуулийн этгээдийн эд хөрөнгөнд хохирол учруулах, осол сүйрлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төмөр замын хөдөлгөөнийг зохион байгуулж буй үйл ажиллагааны цогц" гэж тодорхойлсон нь нэхэмжлэлд дурдсан өмчлөх, эзэмших эрхийг хязгаарлах үндэслэл байхгүйг нотолж байна.

3. Нэхэмжлэгч “Хт” ХХК болон Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” УТҮГ-т төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангасан гэрчилгээ олгосон нь Төмөр замын тээврийн тухай хууль болон Зам, тээврийн хөгжлийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам"-ын 1.5-д “Төмөр замын тээврийн салбар дахь гэрчилгээжүүлэлтийн зорилго: 1.5.1.Төмөр замын тээврийн салбарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, сүйрэл, осол гологдол гаргахгүй байх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх, 1.5.2.өмөр замын тээврийн салбарт дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, 5.3. Хэрэглэгчдийг аюулгүй, чанартай ажил үйлчилгээг сонгон хэрэглэх боломж, нөхцөлийг хангах, хохирохоос урьдчилан сэргийлэх” гэж заасныг тус тус үндэслэн аюулгүй байдлыг хангасан дагнасан хэрэглээний зам болохыг нотолсон байна.

4. “Хт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад Зам, тээврийн хөгжлийн сайд ямар эрхийг нь хэрхэн зөрчсөн талаар дурдаж нотолж чадаагүй байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-т "захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн” талаар дурдах гэсэн шаардлагыг хуулийн шаардлагыг хангаагүй байна

5. “Хт” ХХК болон Онцгой байдлын ерөнхий газрын “Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” УТҮГ-аас ирүүлсэн материалуудыг хянан үзэхэд дээрхи хуулийн этгээдүүдэд Төрийн өмчийн хорооноос газар олгосон асуудал нь маргаантай байгаа нь Захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарахгүй байна

6. Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Хт" ХХК-д хүргүүлсэн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 08/2555 албан бичигт “...Онцгой байдлын ерөнхий газрын “Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” УТҮГ-ын салбар замын гэрчилгээ сунгуулах хүсэлтэд объектын өмчлөлтэй холбоотой баримт хангалтгүй байсан тул Гэрчилгээжүүлэх ажлын хэсгийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хурлаар хэлэлцүүлэн гэрчилгээ сунгахгүй болохыг мэдэгдсэн." гэсэн байхад нэхэмжлэлд “...бичиг баримтаа бүрдүүлж өгсөн тохиолдолд энэ мэтчилэн бусдын  байгаа төмөр замыг гэрчилгээжүүлэх шийдвэрийг дахин гаргаад явах нөхцөл үүсээд байна” гэсэн нь Зам, тээврийн хөгжлийн яамнаас “Хт” ХХК ийн эрхийг зөрчсөн ямар нэг шийдвэр гараагүй байхад нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалттай нийцэхгүй байна.

 Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан “Хт” ХХК-ийн нэхэмжлэл нь Төмөр замын тээврийн тухай хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 - т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний нөөцийн салбар нь Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2000 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 328 дугаар тогтоолоор Хт Улсын үйлдвэрийн газраас Улсын нөөцийн газарт /хуучин нэрээр/ балансаас балансад шилжүүлэн, тогтоолын хавсралтад дурдсан 1971-1981 онд ашиглалтад орсон 145,039,901.93 /нэг зуун дөчин таван сая гучин есөн мянга есөн зуун нэг төгрөг ерэн гурав/ мөнгөний үндсэн хөрөнгө буюу барилга байгууламжийг хүлээн авч байсан байна.

Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2000 оны 328 дугаар тогтоолын хавсралт болон танилцуулгад дурдсан 1974 онд ашиглалтад орсон, нийт 2020957,57 /Хоёр сая хорин мянга есөн зуун тавин долоон төгрөг тавин долоо/ мөнгөний үнэ бүхий 2185 м.кв талбайг эзлэх хоёр салаа төмөр замыг /1 дүгээр салаа төмөр зам 756,06 метр, 2 дугаар салаа төмөр зам 794,75 метр, нийт 1550 метр/ Монгол Улсын Төрийн өмчийн хорооны даргын 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 179 дүгээр тушаалаар томилогдсон барилга байгууламж, нөөцийн барааг Улсын нөөцийн газарт хүлээлцүүлэх комисс “Хт” Улсын үйлдвэрийн газраас Улсын нөөцийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байжээ.

 Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 228 дугаар тогтоолоор Хт Улсын үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдаж, Хт Хязгаарлагдмал хариуцлагатай компани болсон байх бөгөөд Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний нөөцийн салбарын хоёр салаа төмөр зам нь “Хт” ХХК-ийн талбайгаар дайран өнгөрч байгааг өөрийн төмөр зам хэмээн төмөр зам ашиглалтын төлбөр нэхэх, цаашлаад төмөр замаар дамжин орж ирэх улсын нөөцийн бараа, материалын тээвэрлэлтэд удаа дараалан саад учруулах болсон.

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Хүнсний нөөцийн салбар нь 2000 оноос одоог хүртэл Улаанбаатар төмөр замын Замын 2 дугаар ангитай төмөр зам арчлалтын гэрээ байгуулан хоёр салаа төмөр замыг /1 дүгээр салаа төмөр зам Сум 208-ын өмнөх уулзвараас 756,06 метр, 2 дугаар салаа төмөр зам Сум 208-ын өмнөх уулзвараас 794,75 метр/ төмөр замын завсар үйлчилгээ, арчлалтыг хийлгүүлж ирсэн.

 Дээрх манай салаа төмөр замд Зам тээврийн хөгжлийн яамнаас олгосон 2017 оны №17/265/44, 17/265/43 дугаар Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ нь төмөр замын ашиглалтын аюулгүй байдалд олгосон гэрчилгээ бөгөөд “ Хт” ХХК-ийн маргаж байгаа өмчийн харилцааг зохицуулахгүй юм. Иймд “Хт” ХХК-ийн нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Хт” ХХК-иас анх тус шүүхэд хандан “...“Зам тээврийн хөгжлийн яамны сайдаас манай компанийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг “Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-т олгосон 17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Зам тээврийн хөгжлийн яамны сайд 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр огноолон "Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар" ТБАГ УТҮГ-т 17/265/44 тоот 17/265/43 тоот “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ”-үүдийг олгосон нь хууль бус байсан болохыг тогтоолгох” хэмээн өөрчилсөн боловч 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцох тухайгаа бичгээр илэрхийлсэн.

 Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эцэслэн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 2000 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Улсын нөөцийн агуулахын байрны тухай” 328 дугаар тогтоолоор “Хт” улсын үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ... 145.039.901.93 төгрөгийн барилга байгууламжийг Улсын нөөцийн газарт /хуучин нэрээр/ балансаас балансад шилжүүлэх”-ээр шийдвэрлэн, уг тогтоолын хавсралтын 4-т “Хоёр салаа төмөр зам. Үүнээс: Нэг дэх салаа төмөр зам, Хоёр дахь салаа төмөр зам 1974 /ашиглалтад орсон он/, 2010957,57 /нэг бүрийн үнэ/, 2020957.57 /бүгд үнэ/” хэмээн заасан.

Улмаар Төрийн өмчийн хорооны даргын 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 179 дүгээр тушаал байгуулагдсан комисс дээрх тогтоолд заагдсан барилга байгууламж, нөөцийн барааг “Хт” Улсын үйлдвэрийн газраас Улсын нөөцийн газарт шилжүүлэх ажлыг зохион байгуулан ажиллажээ.

 2. Төрийн өмчийн хорооны 2003 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 552 дугаар тогтоолоор “Хт” Улсын үйлдвэрийн газрыг дуудлага худалдаагаар худалдан, 2003 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Өмчлөгчийн эрх олгох тухай” 627 дугаар тогтоолоор “...Хт” төрийн өмчит хувьцаат компанийн 100 хувь буюу төрийн эзэмшлийн 12437771 ширхэг хувьцааны үнэ ... төгрөгийг гэрээнд заасан хугацаанд бүрэн төлсөн тул Л.Ч-д “Хт” төрийн өмчит хувьцаат компанийн 100 хувь ... хувьцааг өмчлөх эрхийг шилжүүлэн олгохоор” шийдвэрлэжээ.

3. Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хүнсний нөөцийн салбар 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 12/154 дүгээр албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яаманд хандан “тус салбарын Төмөр замын аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ /кодО-1-2,  14/35/-ний хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул гэрчилгээг сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг холбогдох материалын хамтаар гаргасныг хариуцагчаас хүлээн авч, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “О-1-2, 17/265/43” болон “О-1-2, 17/265/44”  дугаар бүхий дагнасан хэрэглээний салбар замын “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ”-г Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хүнсний нөөцийн салбарт олгожээ.

Нэхэмжлэгч “Хт” ХХК-иас дээрх гэрчилгээнүүдийг эс зөвшөөрч “...Төрийн өмчийн хорооны 2003 оны 228 дугаар тогтоолоор 5.4 км салаа төмөр замыг шилжүүлэн авсан. Зам тээврийн хөгжлийн сайдаас манай компанийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь Хүнсний нөөцийн салбар ТБАГ УТҮГ-т олгосон  17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү” хэмээн маргаж байна.

4. Төмөр замын тээврийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “төмөр замын объект” гэж төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зурвас газар, суурь бүтэц, дагнасан хэрэглээний зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн болон бусад тоног төхөөрөмж, эд хөрөнгийг”, 3.1.8-д “дагнасан хэрэглээний зам” гэж эзэмшигчийн өөрийн хэрэгцээг хангах буюу гэрээний үндсэн дээр тодорхой хэрэглэгчид үйлчилгээ үзүүлэхэд зориулагдсан салбар замыг”, 3.1.20-д “дагнасан хэрэглээний зам эзэмшигч” гэж эзэмшилдээ дагнасан хэрэглээний замтай хуулийн этгээдийг” тус тус ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь “төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр,

Зам тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй  байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам[1]-ын 1-д ...”Гэрчилгээ” гэж объект, үйл ажиллагаа нь төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангасныг нотолж олгосон баримт бичгийг”, “Гэрчилгээ эзэмшигч” гэж энэ журмын дагуу гэрчилгээжүүлэх нөхцөл, шаардлагыг хангаж, объект, үйл ажиллагааны  гэрчилгээ авсан иргэн, хуулийн этгээдийг”,  “Гэрчилгээжүүлэлт” гэж төмөр замын объект, үйл ажиллагаа нь тээврийн аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг тогтоож, гэрчилгээ олгох үйл ажиллагааг” ойлгохоор тус тус заасан байх бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.11.1-т “Объект, үйл ажиллагааны гэрчилгээний хугацаа 3 жил байна”, 4.11.2-т “Гэрчилгээ нь олгосон өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж хугацаа нь дууссанаар хүчингүйд тооцно” хэмээн тус тус заасан байх бөгөөд журмын зорилгыг:

- “Төмөр замын тээврийн салбарт хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, сүйрэл, осол, гологдол гарахгүй байх урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэх;

- Төмөр замын тээврийн салбарт дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;

- Хэрэглэгчдийг аюулгүй, чанартай ажил үйлчилгээг сонгон хэрэглэх боломж, нөхцөлийг хангах, хохирохоос урьдчилан сэргийлэх” хэмээн тодорхойлсон нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны А/154 дүгээр тушаалаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим обьект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-н 1.2-т “Энэхүү журмын зорилго нь төмөр замын тээврийн салбарын тасралтгүй, найдвартай, хүртээмжтэй үйлчилгээг үзүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, үйлчлүүлэгчдийн эд хөрөнгөд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэх зэрэг нөхцөлийг бүрдүүлэх, салбарт дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, тээх, нэвтрүүлэх чадвар болон өрсөлдөөний нөхцөл байдлыг тодорхойлоход оршино”[2] хэмээн мөн агуулгаар тусгагдсан байна.

5. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд,

Гуравдагч этгээд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хүнсний нөөцийн салбар нь 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Зам тээврийн хөгжлийн яаманд хандан Төрийн өмчийн хорооны 2000 оны 328 дугаар тогтоолоор балансаас баланст шилжүүлсэн салбар төмөр замын аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээг сунгуулах хүсэлтийг гаргахдаа Зам тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй  байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-н 5.2-т заасан хүсэлт /12/154 дүгээр албан бичиг/, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн Замын 2 дугаар ангитай байгуулсан “Салбар зам арчлалтын гэрээ”, 2014 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн огноо бүхий О-1-2 14/35 дугаар бүхий “Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээ” холбогдох бусад баримтыг гаргаж өгсөн.

Журмын 1-д заасанчлан энэхүү гэрчилгээ нь объект, үйл ажиллагаа нь төмөр замын тээврийн аюулгүй байдлын нөхцөл, шаардлагыг хангасныг нотолж олгосон баримт бичиг болохын хувьд мөн журмын 4.11-т заасанчлан 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байж, хугацаа дууссанаар 2020 оны 12 дугаар сарын 27-ны өдөр  хүчингүй болсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Хэдийгээр нэхэмжлэгч “Хт” ХХК-иас тус шүүхэд хандан Зам тээврийн хөгжлийн яамнаас гуравдагч этгээд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Хүнсний нөөцийн салбарт олгосон 2017 оны №17/265/44, 17/265/43 дугаар Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объектын гэрчилгээнүүд нь тус компанийн өмчлөх эрхийг зөрчсөн хэмээн үзэж хүчингүй болгуулахаар маргаж байх боловч Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д заасан төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас “төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох” үйл ажиллагаа нь өмчийн харилцааг зохицуулаагүй, хэн өмчлөгч байхаас үл хамааран тухайн төмөр зам галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан эсэх нөхцөл байдлыг тодорхойлох үндсэн зорилготой үйл ажиллагаа байх бөгөөд Зам тээврийн сайдын 2012 оны 120 дугаар тушаалаар батлагдсан “Төмөр замын тээврийн аюулгүй  байдалтай холбоотой зарим объект, үйл ажиллагаанд гэрчилгээ олгох журам”-ын 4.11.2-т заасанчлан хугацаа нь дууссанаар хүчингүй болсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хүчингүй болсон гэрчилгээг шүүх хүчингүй болгох боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6 заасныг үндэслэн нэхэмжлэгч “Хт” ХХК-иас Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдуулан гаргасан “...“Зам тээврийн хөгжлийн яамны сайдаас манай компанийн өмчлөлд байх 1502 метр төмөр замыг “Онцгой байдлын ерөнхий газрын Улаанбаатар хот дахь хүнсний нөөцийн салбар” ТБАГ УТҮГ-т олгосон 17/265/44 тоот гэрчилгээ, 17/265/43 тоот гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М

 

 

 

 

 

 

 

 

 

[1] https://www.legalinfo.mn/annex/details/5755?lawid=9024

[2] https://www.legalinfo.mn/annex/details/11232?lawid=15592