Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/ШШ2023/0001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар, нээлттэй хийсэн шүүх хуралдааны шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

                                               Шүүгч Г.Мөнхтулга,

Нэхэмжлэгч: Ж.Ж

Хариуцагч: МУЗГ

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 болон 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С, З.Э, иргэдийн төлөөлөгч Н.Э нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн,

Хэргийн индекс: 221/2023/0044/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          1. Нэхэмжлэгч Ж.Ж шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага, 60.1.1-д “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

          1.1. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын 1.2 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийг тус тус зөрчиж байна. Учир нь Монгол Улсын иргэн, төрийн албан хаагч тэтгэвэр тогтоох насанд хүрээд өөрийн хүсэлтээр бусад иргэний нэгэн адил тэтгэвэр тогтоолгох эрхэд нь хаалт хориг болж насаар нь ялгаварлан гадуурхсан зохиомол үр дагаврыг үүсгэж байна. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт заасан өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах үедээ эд мөнгөний тусламж авах тухай Төрийн албаны тухай хуулийн төрийн албан хаагчдад зориулсан цор ганц нааштай заалттай зөрчилдөж байна. Эдгээр байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх заалтыг зөрчсөн байдлыг үүсгэж байна.

          Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно. гэж заасан нь нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрд олон жил ажил хөдөлмөрөө зориулсных нь төлөө цаашдын амьдралын баталгаанд нь нэмэр дэм болгож өгөх үндсэн агуулга, гол зорилготойгоор төрөөс баталсан хуулийн заалт гэж ойлгох ёстой юм. Төрийн албан хаагч үндсэн ажлынхаа зэрэгцээ аж ахуй, бизнес эрхлэх, аж ахуйн нэгжид зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэргээр орлого олох эрхээ хязгаарлуулж ажилладаг. Дээрх буцалтгүй тусламж нь төрийн албан хаагчийн энэхүү эрх зүйн байдалтай ч холбогдож байгаа билээ.

          Энэ заалтаар өндөр насны тэтгэвэрт гарах үндэслэлээр чөлөөлөгдсөн албан хаагчид үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож, 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй байдаг билээ.

          Гэтэл төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын 1.2 заалт нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 заалтаа хэрэгжүүлэх үндсэн зорилгод чиглээгүй, хуулийнхаа үйлчлэл, хүчин чадлаас давсан эрх зүйн актын хэм хэмжээг дангаар тогтоосон, нас өндөр болж хөдөлмөрлөх чадвараа алдаж буй төрийн албан хаагчдыг хохироосон заалт болсон гэж үзэх бүрэн үндэстэй байна. Энэ заалтаас болж тэтгэмжээ авч чадаагүй хохирсон олон зуун хүн байна.

          1.2. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага 60.1.1-д “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

          Төрийн албаны тухай хуулийн 1 дүгээр зүйл. 1.1-д Энэ хуулийн зорилт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино. Өөрөөр хэлбэл, Төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлж нийгмийн баталгаагаар хангахад чиглэхэд төрийн албаны тухай хуулийн зорилго оршиж байна. Гэтэл төрийн албанд ердөө таван жил ажилласан хүмүүст буцалтгүй тусламж олгохоор журамласан атлаа гуч, дөчин жил ажиллаад түр завсардсан хүмүүст тэтгэмжийг нь олгохгүй заавал гурван жил ажиллахыг хатуу шаардаж байгаа нь наад захын шударга ёсны шалгуурыг хангахгүйн дээр тэгш бус байдлыг үүсгэж ахмад төрийн албан хаагчдыг илтээр хохироож байна. Би энэхүү нэхэмжлэлийг зөвхөн өөрийнхөө төлөө зориулж гаргаагүй. Над мэтийн хохирч буй өмнө нь хохирсон цаашдаа хохирох хүмүүст хэрэгтэй гэж үзэж гаргасан болно. Аливаа журам хуулиа хэрэгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Хуулийнхаа зүйл заалтыг биелүүлэхэд агуулга нь чиглэх ёстой болохоос бус хуулийнхаа хэм хэмжээг дордуулсан нөхцөл байдлыг үүсгэж, үндсэн агуулга чиг шугамыг нь зөрчсөн байж болохгүй юм. Зүй нь тухайн буцалтгүй тэтгэмжийг төрийн албан хаагчид хэрхэн төвөг чирэгдэл багатай шат дамжлагагүй хурдан шуурхай өгөх тухай гэх мэтийн асуудлыг ч тухайн журамд авч үзэх ёстой. Энэхүү журмын дээрх заалтаас болж хохирсон хүмүүст буцаан үйлчлүүлэх нь ч зүйд нийцүүштэй.

          Засгийн газраас энэ буруу заалтаа хамгаалахдаа төрд удаан ажиллаагүй хүмүүс тэтгэмж аваад буйг хаахад энэ заалт чиглэсэн гэж тайлбарлах байх. Ер нь иймэрхүү л маягийн тайлбар хэлдэг юм билээ. Тэгвэл яагаад буцалтгүй тусламж олгох эрх үүсгэхдээ төрд ажилласан жилийг нь ердөө тавхан жилээр тогтоосон юм бэ гэсэн зүй ёсны асуулт гарна. Төрд ажиллаад буцалтгүй тусламж авах эрх үүсэх ажилласан жилийг нь “нийгмийн даатгалын шимтгэл 15-20 жилээр төлж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх” тухай Нийгмийн даатгалын тухай хуулийн заалттай уялдуулах гэхчлэн наад захын боломж зөндөө л байна.

          Бодит амьдрал дээр тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн буюу тэтгэвэр тогтоолгох нас дөхсөн төрийн албан хаагчид эрүүл мэндийн шалтгаанаас болж урт, богино хугацаагаар чөлөө авах, бүтцийн өөрчлөлтөд хамгийн түрүүнд өртөх, байгууллага хооронд буюу нэг ажлаас нөгөө ажилд шилжихдээ албан хаагчаас өөрөөс хамааралгүй шалтгаанаар хугацааны завсардал гарах, бие нь өвдөөд эргэж төрийн албанд бүр ажиллаж чадахгүй болох зарим тохиолдолд нас барах, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдах, бие эрхтний чадвар доройтсоноос тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалттай хэрэгжүүлж чадахгүй болж гоочлон шоовдорлогдох зэрэг байдлууд түгээмэл гарч байна. Төрийн албан хаагчийг тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхэд нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь заалтаар захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлөх эрхтэйгээр хуульчилсан байдаг тул буцалтгүй тусламжаа авч чадахгүй ямар нэг шалтаг, шалтгаанаар халагдах чөлөөлөгдөх тохиолдол ч гарч байна.

          Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1 дэх заалтаар 3 сараас дээш хугацаагаар биеэ эмчлүүлэх түр чөлөө авахад ажлын байр нь хадгалагдахгүй бөгөөд тухайн ажилтан дахин сонгон шалгаруулалтад орох хэрэгтэй болдог. Гэтэл албан байгууллага, удирдах албан хаагчид нас ахисан тэтгэвэр тогтоолгох насанд дөхсөн хүнийг авах сонирхолгүйгээс болж тэр хүн өрсөлдөж чадахгүй байх, өрсөлдсөн ч элдэв шалтгаанаар бага оноо авч тэнцэхгүй байх тохиолдол маш элбэг байна. Ийнхүү бүх насаараа төрд ажилласан хүмүүс өөрсдөд нь зориулсан цор ганц Нааштай нийгмийн баталгаа болох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн буцалтгүй тусламж авах баталгаа нь хэрэгжихгүй байлгахад Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан дээрх журмын 1.2 заалт бүхэлдээ чиглэсэн бөгөөд аливаа журам тухайн хуулийнхаа агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх тухай шаардлагыг зөрчиж байна.

          1.3. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага 60.1.6-д хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх" заалтыг мөн зөрчиж байна гэж үзэж байна.

          Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг Засгийн газар батлахдаа тэтгэвэр тогтоолгох насанд хүрээд чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн албан хаагчид хуульд заасан буцалтгүй тусламжийг нь нэг мөр өгөх үндсэн чиг баримтлал бодлогыг гаргаж буй журамдаа суулгаж түүнийгээ хатуу баримтлах ёстой. Журам бол хуулиар зохицуулагдах үйл ажиллагааны процессыг журамлах үүрэгтэй эрх зүйн акт.

          Засгийн газар буцалтгүй тусламж олгох тухай Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг явцууруулж хуульд байхгүй хэм хэмжээ тогтоож нас өндөр болсон төрийн албан хаагчийн эрх ашгийг илтээр хохироож байна. Энэ байдал нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх тухай заалтыг мөн зөрчиж байна.

          1.4. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлага 60.1.7-д “тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх” заалтыг зөрчиж байна гэж үзэж байна.

          Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон гэж тогтоолд дурдсан байх ба энэ талаар тухайлсан заалт ороогүй. Тогтоолын аль хэсгүүдэд ямар өөрчлөлт орсон тодорхойгүй байгаа нь дээрх хуулийн заалттай зөрчилдөж байна.

          1.5. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох” журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульд заасан. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Сангийн сайд Ч. Хүрэлбаатарт 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1102 албан тоотоор хэд хэдэн журмын төсөлтэй холбоотой саналыг хүргүүлсний дотор уг журамтай холбоотой 5 санал хүргүүлсний дотор мөнөөх 1.2 заалттай холбоотой ямар нэг санал байхгүй байна. Иймд энэ заалтыг батлахдаа төрийн төв байгууллагаас тухайлсан санал аваагүй бөгөөд маргаж буй заалттай холбоотой нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн эсэх нь эргэлзээтэй байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 66.5-д “Бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний актад нэмэлт, өөрчлөлт оруулсан бол уг актыг хянуулж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ энэ хуулийн 66.1-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан байна” гэсэн байдаг.

          Нэхэмжлэл гаргаж буй Ж.Ж миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдөж байгаа талаар үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Миний бие орон нутагт 1983-2016 он хүртэл дунд сургуулийн тоо физикийн багш, сургуулийн захирал, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг дарга зэрэг ажлыг гуч гаруй жил хийж байгаад ахуй амьдралын эрхээр 2016 оны намар нийслэл Улаанбаатар хотод ирж Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ төрийн өмчит кампанийн нийгмийн асуудал, нийтлэг үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажилласан. Тэгээд 2019 онд Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Д гэгч намайг элдвээр шахаж хавчаад ажлаа өгөхөөс аргагүй болсон. Энэ хугацаанд ажил хайгаад таарч тохирох ажил олдсонгүй. Гэхдээ зүгээр суулгүй хоёр ном бичиж нийтийн хүртээл болгосон.

          Би 2021 оны эхний улиралд Төрийн албаны зөвлөл дээр зарлагдсан гүйцэтгэх албан тушаалын ажлын байранд өрсөлдөхөөр материалаа өгөөд болзол шаардлагыг хангаж Төрийн албаны зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын “Стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага” хариуцсан ахлах референтийн гүйцэтгэх албан тушаалд 2021 оны 04 дүгээр сарын 13-нд томилогдсон. Үүнээс хойш өнөөг хүртэл уг албан тушаал дээрээ 22 сар орчим ажиллаж байна. Төр, улсад шударгаар 40 шахам жил хөдөлмөрлөсөн надад өдөр бүр ажлын найман цаг хатуу барьж бичиг цаасны ажил хийх нь үнэндээ амаргүй болж болж байна. Нүдний хараа, сонсгол муудаж, хоолой шохойжсоноос удаан ярьж чаддаггүй олон цагаар суухад суудлын мэдрэлийн улмаас яс өвддөг болсон.

          Миний эрүүл мэндийн байдал сайнгүй бөгөөд зүрхний хэм алдагддаг (хоёр жилийн өмнө зүрхэндээ хагалгаа хийлгэсэн) учраас ажлын ачаалал дааж ажиллаж чадахгүйгээс цаашид төрийн ажлыг хохироож болзошгүй байна. Иймд төрийн алба хаах насны дээд хязгаар буюу 65 нас хүртэл ажиллах боломжгүй болоод байгаа юм. Удаан хугацаагаар биеэ эмчлүүллээ гэхэд эргээд төрийн албаны ажиллаж чадах итгэл найдвар үнэндээ хомс байна. Бие өвддөг байнга эм уудаг, шүд зуун тэвчиж өдий хүрлээ. Гол нь нэг удаагийн буцалтгүй тусламжаа авахаар л гүрийж буй хэрэг шүүдээ. Түр чөлөө аваад эмчлүүлээд эргэж оръё гэхэд жар гарсан надад дахин зарлагдах ажлын байр олдоо ч билүү? ажлын байр олдсон ч байгууллагын удирдлага аваа ч билүү? гэдэг асуудал маш бүрхэг ерөнхийдөө боломжгүй шахам асуудал юм.

          Нөгөө талаас 62 нас нэгэнт хүрсэн тул шинэ цагийн эрдэм боловсролтой залууст ажлын байраа тавьж өгөх цаг болсон гэсэн хувийн шийдвэрээ гаргаад байгаа юм. Төр засгаас ч тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн хүмүүсийг гавьяаны амралтад нь гаргах чиглэл өгөгдөж буйг хувь хүнийхээ хувьд зүй ёсны зарчмын хэмээн үздэг билээ. Өнөө цагт ихээхэн ач холбогдол өгч тунхаглах шахуу болсон хэмнэлтийн горим талаас нь авч үзсэн ч төрд олон жил ажилласан цалин хөлсний нэмэгдэл хувь хэмжээ ихтэй, доктор зэрэгтэй, эрхэлсэн түшмэлийн зэрэг дэвтэй миний авч буй одоогийн цалингаар бараг хоёр залуу ажилтан шинээр ажиллуулах бололцоотой юм.

          Миний бие төрийн болон улсын байгууллагад 39 жил 5 сар орчим ажиллаж байна. Үүнээс төрийн үйлчилгээний, төрийн захиргааны болон төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацаа маань 31 жил орчим бөгөөд үлдсэнийг нь төрийн өмчит компани, улс төрийн нам олон нийт, иргэний нийгмийн байгууллагад ажилласан хугацаа эзэлж байна. Би төрд шударгаар хөдөлмөрлөснийхөө төлөө илүү дутуугүй 31 сарын тэтгэмжээ аваад чөлөөлөгдье гэсэн өргөдлөө байгууллагын удирдлагад өгсөн боловч Засгийн газрын дээрх журмын 1.2 дахь заалтаар дахин жил гаруй хугацаанд ажиллах шаардлага гарч байна. Надад одоо цаашдаа ажиллах эрүүл мэндийн боломж ч байхгүй тул тэтгэмжээ авахгүйгээр хохирч үлдэх сонголт л үлдэж байна.

          Нийслэл хотод ирэхдээ ипотекийн зээлээр орон сууц авсан бөгөөд одоо 20 сая төгрөгийн төлөлт дутуу байна. Тэтгэмжээ авч зээлээ төлөөд өр ширгүй тэтгэвэртээ гарья гэсэн хүсэл минь ч талаар болж байна.

          Ингээд аргагүй эрхэнд эрх зүйт төрийн тулгуур зарчмаар иргэнийхээ эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Миний бие ажилласан бүхий л хугацаандаа даалгасан ажлыг хариу цацлагатай сайн хийхийг хичээн эрмэлзэж ирсэн бөгөөд нэг ч удаа ямар нэг төрлийн гэмт хэрэгт холбогдож, сахилгын ямарваа нэг арга хэмжээ авагдаж байсангүй албан үүргээ чин шударгаар гүйцэтгэж ирсэн болно. Төр засгаас, ажиллаж байсан хамт олон удирдлагаас намайг үнэлж Монгол Улсын 10 салбар (Ардын боловсролын, Төрийн албаны, Нутгийн удирдлагын, Хүнс хөдөө аж ахуйн, Байгаль орчны, Банк санхүүгийн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын, Онцгой байдлын, Түлш эрчим хүчний Биеийн тамир спортын зэрэг)-ын Тэргүүний ажилтан цол тэмдэг, төрийн 4 медаль 2 одон бусад шагналаар шагнасан нь үүнийг тодорхой хэмжээгээр нотлогдоно.

          Иймд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 болон 2.1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

          2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...2.1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасан.

          2.2. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албаны төв байгууллагаас Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын хуралдааны журмын дагуу Засгийн газрын гишүүдээс Засгийн газрын тогтоолын төсөлд санал авч тусгасан төслийг хэлэлцүүлж батлагдсан.

          2.3. Уг журмын төслийн танилцуулгад “Нэг удаагийн тэтгэмж олгоход төрийн албанд ажилласан байвал зохих доод хугацааг журмын төсөлд нэмж тусгах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд тэтгэмж авах зорилгоор тэтгэврийн насанд хүрэхээс 1-2 жилийн өмнө төрийн захиргааны албан тушаалд томилогдох, эсхүл мөн хугацаанд төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжих тохиолдлууд гарч байна. Иймд эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил үүнээс 3 жилд нь төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэхээр тусгав” гэж тодорхойлсон.

          2.4. Засгийн газрын 2014 оны 405 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 3 дахь заалтад “Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, тэтгэвэр тогтоолгосон төрийн жинхэнэ албан хаагчид хамгийн сүүлд хашиж байсан албан тушаалын нэг сарын үндсэн цалинг нь төрийн албанд ажилласан нийт жилийн тоогоор үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор заасан.

          2.5. Журмын дээрх заалтаар өмнө нь төрд ажиллаж байсан боловч дунд нь хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгохынхоо өмнө төрийн албанд буцан орж, богино хугацаанд ажиллаж байгаад уг тусламжийг /өмнө нь төрд ажилласан жилийнхээ нийлбэрээр/ тооцуулж авах боломжтой байсан.

          2.6. Гэвч энэ зохицуулалт нь төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байх зарчимд нийцэхгүй байв. Тодорхой хугацаанд төрд ажиллаагүй завсардсан хүмүүс хамгийн сүүлд шинэчлэн тогтоож нэмэгдсэн цалинг өмнө ажиллаж байсан хугацаагаар үржүүлэн өндөр тэтгэмж авах боломжтой байсан. Жишээлбэл, төрд 1995-2010 он хүртэл ажиллаад түүнээс хойш хувийн хэвшилд 8 жил ажилласан хүн 2018 онд тэтгэвэрт гарах нас дөхмөгц төрийн байгууллагад ажилд томилогдон ганцхан сар ажиллаад авсан цалингаа 15 дахин үржүүлж авах боломжтой гэсэн үг юм. Энэ нь төрд тасралтгүй ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн авах тэтгэмжээс зарим тохиолдолд өндөр байх боломжтой бөгөөд энэ нь төрийн мэргэшсэн, тогтвортой байх зарчмын дагуу ажиллаж байгаа төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг үнэ цэнэгүй болгож байгаа явдал юм. Үүний зэрэгцээ журмын энэ зохицуулалт үргэлжлэх тохиолдолд хүн бүр төрийн байгууллагад богино хугацаагаар ч болов ажилд орж хожим өндөр цалингаар тооцуулж уг цалингаа нэгээс дээш жилээр үржүүлэн авах байдал газар авч улмаар төсвийн зарлагыг нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай юм.

          2.7. 2019 онд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор захиргааны актуудыг шинэчлэх үед дээрх байдлыг залруулж үүсэж болох үр дагавраас урьдчилан сэргийлэх талаар нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас албан бичгээр ирүүлсэн саналыг үндэслэлтэй гэж үзэж нэг удаагийн буцалтгүй тусламжийг төрд тогтвор суурьшилтай ажиллаж байгаад тэтгэврээ тогтоолгосон төрийн албан хаагчдад олгодог байх шалгуурыг Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан журмын зохицуулалтад тусгаж өгсөн билээ.

          2.8. Журмын энэхүү хязгаарлалт нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчмыг хамгаалахад чиглэгдсэн бөгөөд Үндсэн хуульд заасан хүний нийгмийн хамгааллаар хангагдах эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Түүнчлэн журмын шинэчилсэн зохицуулалт нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасан Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан шалгуур нөхцөлийн хүрээнд боловсруулж батлагдсан болно.

          2.9. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйл. Захиргааны хэм хэмжээний актад тавих шаардлагын 60.1.7-д “тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх” заалтыг зөрчиж байна гэж үзэж байна гэх асуудлын хувьд Засгийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 151 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар дараахь өөрчлөлт орсон. Үүнд:

          2.10. Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 7 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай: 1/ журмын 2.1 дэх заалтад "тухайн албан тушаалын” гэсний дараа “үндсэн цалингийн” гэж, ...” гэж тус тус нэмсүгэй”.

          2.11. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.7 дахь заалтад “тухайн шийдвэрээр урьд нь гарсан шийдвэрийг хүчингүй болсонд тооцож байгаа, эсхүл түүнд өөрчлөлт оруулж байгаа бол энэ тухай заалтыг тусгасан байх;” гэж заасны дагyy Засгийн газрын 2020 оны 151 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон заалтыг 2019 оны 7 дугаар тогтоолд оруулсан байна. Оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын хуралдааны журмын дагуу хэлэлцүүлж Засгийн газрын тогтоол албажсан.

          2.12. “Журмын төсөлд төрийн албаны төв байгууллагаас тухайлсан санал аваагүй бөгөөд маргаж буй заалттай холбоотой нэмэлт, өөрчлөлтийг бүртгэсэн эсэх нь эргэлзээтэй байна” гэх асуудлын хувьд Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 дугаар тогтоолоор баталсан Засгийн газрын хуралдааны журмын (хуучнаар) 5.1-д зааснаар Төрийн албаны зөвлөлийг оролцуулан холбогдох байгууллагуудын саналыг авсан. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1102 дугаар албан бичгээр Сангийн яаманд хүргүүлсэн хариу бичгийн “3. Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын төсөлд 6 санал өгсөн боловч журмын төслийн 1.2, 2.1 дүгээр заалтад тусгайлсан санал өгөөгүй бөгөөд үүнийг дээрх заалтуудын хувьд саналгүй эсвэл дэмжиж байна гэж үзнэ. Уг журмыг батлахдаа Төрийн албаны зөвлөлөөс санал авсан.

          2.13. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно: 5.1.1.төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага; гэж, 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн. үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж, 64.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална” гэж, 64.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэж тус тус заасны дагуу яамдын шийдвэр буюу Засгийн газрын гишүүний баталсан захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж бүртгэдэг.

          2.14. Монгол улсын Үндсэн хуулийн гучин наймдугаар зүйлд зааснаар “Засгийн газар нь Монгол улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн” бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, түүнчлэн Улсын Их Хурлаас даалгасан, Ерөнхийлөгчөөс санал болгосон асуудлыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ. Түүний дотор дор дурдсан асуудлыг хуралдаанаараа заавал хэлэлцэнэ: 4/ Засгийн газрын бодлогод өөрчлөлт оруулахаар өөрийн гишүүнээс ирүүлсэн санал /төсөл/; 6 /хэлэлцэх асуудлаар гарах шийдвэрийн төсөл, түүний үндэслэлийг Засгийн газрын хариуцах гишүүн, хэрэв хэд хэдэн гишүүн хариуцах бол тэдгээр нь хянан үзээд бэлтгэл хангагдсан гэж үзвэл хуралдаанд оруулахыг зөвшөөрнө” гэж заасан. Төсөл нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлигт нийцсэн, гүйцэд боловсрогдсон, зохих тооцоо, холбогдох яамны виз /санал/-ээр нотлогдсон байвал зохино;” гэж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж, 2 дахь хэсэгт “Захиргааны ерөнхий хуулийн “64.2. Ерөнхийлөгч, Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн газрын тогтоол/-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж тус тус заасан. Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага бөгөөд Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол гаргадаг. Харин төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв захиргааны хэм хэмжээний актыг Хууль зүй, дотоод хэргийн яам хянаж бүртгэдэг болно.

          Иймд Засгийн газрын тогтоолын төслийг Монгол Улсын Засгийн газрын тухай хууль, Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 3 тогтоолоор (тухайн үеийн) батлагдсан Засгийн газрын хуралдааны журмын дагуу холбогдох шаардлагыг ханган хэлэлцэгдэж, албажуулсан” гэжээ. 

          Иргэдийн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд “... Төрийн албанд эргэж орохдоо 2019 онд батлагдсан хууль дүрэм журмаа сайн судалж үзэх байсан тул нэхэмжлэгчийн буруу” гэж, бичгээр “...хууль дүрмээ дагасан нь зөв гэж үзэж байна. Ж.Жд алдаа байна гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолын заалт зөв гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   1. Нэхэмжлэгч Ж.Ж-с Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 болон 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Журам батлах тухай” 7 дугаар тогтоолын хавсралтаар “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан бөгөөд нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй тус журмын 1.2-т “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ”, 2.1-д “Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох үндсэн цалингийн хэмжээг тогтоохдоо тухайн албан тушаалын үндсэн цалингийн сүүлийн 3 жилийн дунджаар тооцно” гэж заажээ.

            3. Нэхэмжлэгчээс нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлээ “... төрийн албанд ердөө таван жил ажилласан хүмүүст буцалтгүй тусламж олгохоор журамласан атлаа гуч, дөчин жил ажиллаад түр завсардсан хүмүүст тэтгэмжийг нь олгохгүй заавал гурван жил ажиллахыг хатуу шаардаж байгаа нь наад захын шударга ёсны шалгуурыг хангахгүйн дээр тэгш бус байдлыг үүсгэж ахмад төрийн албан хаагчдыг илтээр хохироож байна, ... миний бие орон нутагт 1983-2016 он хүртэл дунд сургуулийн тоо физикийн багш, сургуулийн захирал, сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг дарга зэрэг ажлыг гуч гаруй жил хийж байгаад ахуй амьдралын эрхээр 2016 оны намар нийслэл Улаанбаатар хотод ирж “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн нийгмийн асуудал, нийтлэг үйлчилгээ эрхэлсэн дэд захирлаар ажилласан. Тэгээд 2019 онд Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Д намайг элдвээр шахаж хавчаад ажлаа өгсөн, ... 2021 оны эхний улиралд Төрийн албаны зөвлөл дээр зарлагдсан гүйцэтгэх албан тушаалын ажлын байранд өрсөлдөхөөр материалаа өгөөд болзол шаардлагыг хангаж, Төрийн албаны зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын “Стратеги төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлага” хариуцсан ахлах референтийн гүйцэтгэх албан тушаалд 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр томилогдсон. Үүнээс хойш өнөөдөр хүртэл уг албан тушаал дээрээ 22 сар орчим ажиллаж байна, ... төрд шударгаар хөдөлмөрлөснийхөө төлөө илүү дутуугүй 31 сарын тэтгэмжээ аваад чөлөөлөгдье гэсэн өргөдлөө байгууллагын удирдлагад өгсөн боловч Засгийн газрын дээрх журмын 1.2 дахь заалтаар дахин жил гаруй хугацаанд ажиллах шаардлага гарч байна. Надад цаашдаа ажиллах эрүүл мэндийн боломж байхгүй тул тэтгэмжээ авахгүйгээр хохирч үлдэх сонголт л үлдэж байна” гэж тайлбарлан маргажээ.

            4. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж хуульчилсан.

            5. Уг бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолоор “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ыг баталсан байх ба ингэхдээ Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагуудыг хангаж, холбогдох ажиллагааг хийсэн болох нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

            6. Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан Засгийн газрын тогтоолын төсөлд яамдаас ирүүлсэн саналаас үзэхэд журмын 1.2 болон 2.1 дэх заалттай холбоотой аливаа санал ирээгүй байх ба “Төрийн албан хаагч тэтгэвэрт гарахад нь олгох нэг удаагийн буцалтгүй тусламжийн журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийн танилцуулгын[1][1] в/-д “Нэг удаагийн тэтгэмж олгоход төрийн албанд ажилласан байвал зохих доод хугацааг журмын төсөлд нэмж тусгах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд тэтгэмж авах зорилгоор тэтгэврийн насанд хүрэхээс 1-2 жилийн өмнө төрийн захиргааны албан тушаалд томилогдох, эсхүл мөн хугацаанд төрийн үйлчилгээний албан тушаалаас төрийн захиргааны албан тушаалд шилжих тохиолдлууд гарч байна. Иймд эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил үүнээс сүүлийн 3 жилд нь төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүсэхээр” тусгасан нь хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудад нийцэж байгаа энэ тохиолдолд журмын 1.2-т “...төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ” гэж заасныг буруутгах үндэслэлгүй.

            7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй журмын 2.1 дэх заалт нь журмын 1.2 дахь заалттай харилцан хамааралтай бөгөөд нэгэнт журмын 1.2 дахь заалтыг хуульд нийцсэн гэж дүгнэж буй энэ тохиолдолд журмын 2.1 дэх заалтыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй юм.

            8. Учир нь журмын 2.1 дэх заалт нь зөвхөн журмын 1.2-д зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүссэн төрийн албан хаагчийн хувьд нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээг хэрхэн тооцох талаар зохицуулжээ.

            9. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэр гарахад нэг удаагийн тусламж олгох журам” нь гагцхүү нэг удаагийн буцалтгүй тусламж олгохтой холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг аливаа байдлаар хязгаарлахгүй юм.

            10. Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1-д “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална”, 64.2-т “Ерөнхийлөгч, Засгийн газраас баталсан захиргааны хэм хэмжээний акт /Засгийн газрын тогтоол/-ыг Улсын Их Хуралд хүргүүлнэ”, 64.3-д “Энэ хуулийн 64.2-т зааснаас бусад захиргааны хэм хэмжээний актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж, бүртгэнэ” гэжээ.

            11. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас батлан гаргасан хэм хэмжээний актын хувьд хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлээгүйг буруутгах үндэслэлгүй бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй нь уг хэм хэмжээний акт хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэлгүй юм. 

            12. Иргэдийн төлөөлөгчийн “хууль дүрмээ дагасан нь зөв. Ж.Ж-д алдаа байх тул Монгол Улсын Засгийн газрын тогтоолын заалт зөв гэж үзэж байна” гэх дүгнэлтийг хүлээн авсан болохыг дурдах нь зүйтэй.

            Иймд Монгол Улсын Засгийн газар дээрх хэм хэмжээний актыг Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд баталсан байх бөгөөд “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 болон 2.1 дэх заалтууд нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “60.1.1.Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх” шаардлагыг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 112 дугаар зүйлийн 112.1.1-д тус тус заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасныг тус тус баримтлан Ж.Ж-с Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-ын 1.2 болон 2.1 дэх заалтыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

           

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Г.БИЛГҮҮН

                ШҮҮГЧ                                                                  Д.БААТАРХҮҮ

                ШҮҮГЧ                                                                  Г.МӨНХТУЛГА