Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2021/00867

 

            

                                                Ж.Б-ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2020/00472 дугаар шийдвэр,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 852 дугаар магадлалтай,

Ж.Б-ийн нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

2019.08.20-ны өдрийн 9/5 дугаар тогтоол, 2019.09.17-ны өдрийн 10/4 дүгээр тогтоолын дагуу явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2019.10.18-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 10/1 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор 

Шүүгч С.Соёмбо-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б нь Ү-2201000912 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоот 40 м.кв орон сууцыг Р.Оюунболд, О.Майдар, Р.Оюунтунгалаг нарын хамт хамтран өмчилдөг. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.15-ны өдрийн 639 дүгээр шийдвэрээр Р.Оюунболдоос Капитал Континент Инвестмент ББСБ ХХК-д 90,055,543 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 2019.09.06-ны өдөр анхны дуудлага худалдаа зарлагдаж, орон сууц худалдан борлогдоогүй тул 2019.10.04-ний өдөр хоёр дахь дуудлага худалдаа зарлагдан 55,000,000 төгрөгөөр зарагдсан. Ж.Б шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгааг мэдэж байсан, бусад өмчлөгч нартай холбоогүй байдаг талаар хариуцагч байгууллагад удаа дараа тайлбарласан. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар бусад өмчлөгч нарт хариуцагчаас огт мэдэгдээгүй, тэдний өмчлөх эрх болон хууль зөрчиж ажиллагаа явуулсан. Энэ талаар дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан ч 2019.10.18-ны өдрийн 10/1 дүгээр тогтоолоор дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлсэн тул орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардсан. Өмчлөгч Р.Оюунболд эрэн сурвалжлагдаж байгаа, О.Майдар, Р.Оюунтунгалаг нар нь гадаад улсад амьдардаг. Иймээс тэдэнд дээрх ажиллагааны талаар мэдэгдэл хүргүүлсэн, улмаар 2 удаа албадан дуудлага худалдаа болохыг мэдсэн гэж үзэх боломжгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй. Иймд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.15-ны өдрийн 639 дүгээр шийдвэрээр Р.Оюунболдоос Капитал Континент Инвестмент ББСБ ХХК-д 90,055,543 төгрөг гаргуулах шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Үүний дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоот 40м.кв 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураасан байдаг. Талуудад үнийн санал ирүүлэх талаар мэдэгдсэн боловч хариу ирүүлээгүй учир хуульд заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээг гаргуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар анхны албадан дуудлага худалдаанд үнийг 30 хувь бууруулсан боловч худалдан борлогдоогүй, мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хоёр дахь дуудлага худалдаанд үнийг 50 хувь бууруулан оруулахад дуудлага худалдааны ялагч тодорч 55,000,000 төгрөгөөр худалдан авсан байдаг. Өмчлөгч нар дээрх хаягт оршин суудаг гэх бүртгэлтэй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасныг баримтлан мэдэгдэх хуудас явуулсан, үл хөдлөх хөрөнгө дээр биечлэн очсон, оршин суугчидтай уулзсан. Ж.Б нь уг ажиллагаанд биечлэн оролцсон ба Р.Оюунтунгалагийн хуурамч фэйсбүүк хаягийг өгч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмчлөгч нарын фэйсбүүк хаягийг олж үнэлгээг явуулсан. Нэхэмжлэгчийн гомдлын гол үндэслэл нь өмчлөгч нарт мэдэгдээгүй, өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэх бөгөөд Ж.Б нь бусад өмчлөгч нарыг төлөөлж тэдний зөрчигдсөн гэх эрх ашгийг хамгаалах эрх олгогдсон баримтгүй, нөгөө талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт хуульд заасны дагуу мэдэгдэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2020/00472 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.1-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох 2019.08.20-ны өдрийн 9/5 дугаартай анхны албадан дуудлага худалдаа, 2019.09.17-ны өдрийн 10/4 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2019.10.18-ны өдрийн 10/1 дугаартай өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгож, Ж.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 852 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2020/00472 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар Ж.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Ж.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2019.08.20-ны өдрийн 9/5 тоот тогтоол, 2019.09.17-ны өдрийн 10/4 тоот тогтоолын дагуу явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2019.10.18-ны өдрийн 10/1 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх ...Р.Оюунтунгалаг, О.Майдар нар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед Монгол Улсад байгаагүй талаар маргадаггүй гэсэн  ...төлбөр төлөгч болон өмчлөгч нарын хаягаар хүргүүлсэн, биеэр уулзаж цааш мэдэгдэхийг үүрэг болгосон байх тул албадан дуудлага худалдаанд оруулах тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг мэдэгдсэн гэх тайлбар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтад нийцнэ... гээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасан байдаг. Гэтэл өмчлөгч Р.Оюунтунгалаг болон О.Майдар нар нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үед Монгол Улсад байгаагүй талаар талууд маргадаггүй талаар шүүх дүгнэсэн ба хавтаст хэрэгт авагдсан Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаа зэргээр нотлогдож байхад Ж.Б-г цааш нь дамжуулж мэдэгдэхийг үүрэг болгосон, мэдэгдэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь заалтад нийцэж байна гэж шийдвэрлэсэн ба Ж.Б нь тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан гардуулан өгвөл зохих этгээд, эсвэл хамт амьдардаг, дамжуулж өгөх үүрэгтэй этгээд биш атал Ж.Б-г цааш нь дамжуулж мэдэгдэхийг үүрэг болгосон гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Ж.Б Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан          2019.08.20-ны өдрийн 9/5 дугаар тогтоол, 2019.09.17-ны өдрийн 10/4 дүгээр тогтоолын дагуу явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2019.10.18-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 10/1 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Ж.Б-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.03.15-ны өдрийн 184/ШШ2018/00639 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатын шүүхийн 2018.05.18-ны өдрийн 1176 дугаар магадлалаар хариуцагч Р.Оюунболдоос 90,055,543 төгрөг гаргуулж Капитал Континент Инвестмент ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцаар хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, Р.Оюунболд, Ж.Б, О.Майдар, Р.Оюунтунгалаг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2201000912 дугаартай Сонгинохайрхан дүүрэг, 15 дугаар хороо, 19 дүгээр байр, 40 тоот хаягт байрлах 40 м.кв 3 өрөө орон сууцыг битүүмжлэн, хураах, төлбөр төлөх хугацаа тогтоох зэрэг ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан журмын дагуу явуулсан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1., 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болдог ба төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр гаргуулдаг.

Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т зааснаар шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиудад заасан журмыг баримтлах ёстой ба шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шинжээчид Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу эрх, үүргийг нь тайлбарлах ажиллагааг явуулна.

Р.Оюунболд, Ж.Б, О.Майдар, Р.Оюунтунгалаг нарт 2019.07.02-ны өдрийн 4/15451 дүгээртэй албан бичгээр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн саналаа ирүүлэх хугацааг тогтоосон ч тэд уг хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч “Жэй траст кредит” /Капитал Континент Инвестмент хуучин нэртэй/ ББСБ зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр хийлгэх хүсэлтийг гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2019.07.08-ны өдрийн 216 дугаар тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилжээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас томилогдсон шинжээч 2019.07.09ий өдрийн үнэлгээний тайлангаар албадан дуудлага худалдаагаар худалдах орон сууцыг 92,400,000 төгрөгөөр тогтоосон талаарх шүүхийн дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйл, 54 дүгээр зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсгийг зөрчөөгүй, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч байгууллага шинжээчид шинжилгээ хийж, дүгнэлт гаргахад нь эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн гэж үзнэ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж зохицуулан заажээ.

Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан орон сууцыг хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ, цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн орон сууцны хийц, төвийн шугам сүлжээний холболт, ашиглалтад орсон огноо, гадна тохижилт, байршилтай ойролцоо, одоогоор үнэгүй.мн зарын сайтад худалдахаар зарлагдаж байгаа орон сууцтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна.

Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй юм.

Шүүх нотлох баримтын хэмжээнд хэргийн талаар дүгнэлт хийнэ. Нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах ажиллагааг явуулахдаа хөрөнгийн өмчлөгч О.Майдар, Р.Оюунтунгалаг нарт мэдэгдээгүй, мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.08.26-ны өдрийн 4/8526 дугаар, 2019.09.25-ны өдрийн 4/20547 дугаар мэдэгдэл, Монгол шуудан ХК-ийн иргэнд очих баримт, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг харьцуулан үнэлвэл хариуцагч орон сууцыг анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай өмчлөгч Ж.Б-д мэдэгдсэн, мөн Р.Оюунтунгалаг, О.Майдар нарт оршин суух бүртгэлтэй хаягаар баталгаат шуудангаар мэдэгдэл хүргүүлжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дах хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна” гэж заажээ.

Хэргийн баримтаар нэр бүхий өмчлөгч нар тухайн хаягт амьдардаггүй, хаягийн бүртгэл өөр байдаг гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч хамтран өмчлөгч нартай холбоотой нэхэмжлэгчийн үндэслэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцэхгүй байна.

Хариуцагч анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, 14.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэлгүй бөгөөд энэ талаар хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах баримтгүй байна.

 Нэхэмжлэгч 2019.08.20-ны өдрийн 9/5 дугаар тогтоол, 2019.09.17-ны өдрийн 10/4 дүгээр тогтоолын дагуу явагдсан анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа, 2019.10.18-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай 10/1 дүгээр тогтоол хууль зөрчсөн болохыг баримтаар нотлож чадаагүй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 184/ШШ2020/00472 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 852 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА   

                              ШҮҮГЧИД                              С.СОЁМБО-ЭРДЭНЭ               

                                                                             Б.УНДРАХ 

                                                                             Д.ЦОЛМОН 

                                                                             Х.ЭРДЭНЭСУВД