Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 673

 

 

 

 

 

 

 

 

                                               Ж.Нт холбогдох эрүүгийн

                                                       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Эрдэнэбаатар,

хохирогч И.Наранболд,  

яллагдагч Ж.Н, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1499 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаартай прокурорын эсэргүүцлээр Ж.Нт холбогдох эрүүгийн 1806 04575 0565 дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

, Увс аймгийн Наранбулаг суманд 1988 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 8 дугаар гудамжны 375 тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:/;   

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн;

 

Ж.Н нь 2017 оны 6 дугаар сард М.Оргилбаярын өмчлөлийн "Хан Агьт" ХХК-ний нэр дээр бүртгэлтэй 92-61 УНГ улсын дугаартай Ланд Круйзер-80 маркийн автомашиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж иргэн Б.Болдбаатартай 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 төгрөгийг өгч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 төгрөгийн хохирол учруулан залилсан,

мөн уг автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр иргэн И.Наранболдод зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж, 9.000.000 төгрөгийн хохирол учруулан залилан мэхэлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Ж.Нын өмгөөлөгч Д.Энхтунгалаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13, 6.14, 6.15-д зааснаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлтийг гаргаж байна.

Шүүх яллагдагч Ж.Нын өмгөөлөгч Д.Энхтунгалагийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус хуульчилжээ.

Яллагдагч Ж.Н нь холбогдсон үйлдлээ эрүүгийн хэрэг биш гэж маргаж байна. Иймд мөрдөн шалгах ажиллагаа явуулж яллах болон цагаатгах нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж гэрчээр асуулгахаар хүсч буй хүмүүсийг асуух шаардлагатай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “мөрдөгч хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж, шалгаж бэхжүүлнэ.”, 16.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж хуульчилжээ

Дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийн прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Эрдэнэбаатар бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Нт холбогдох Эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Ж.Н нь 2017 оны 6 дугаар сард иргэн Б.Болдбаатарын өмчлөлийн 92-61 УНГ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн автомашиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж, иргэн Б.Болдбаатартай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг өгч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн уг автомашиныг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Да Хүрээ зах дээр иргэн И.Наранболдод зохиомол байдлыг зориудаар бий болгон худалдаж 9.000.000 /есөн сая/ төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Болдбаатар, Б.Галмандах, М.Оргилбаяр, Э.Баярбаатар нарын мэдүүлэг болон бусад мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, прокуророос яллагдагч Ж.Ныг Б.Болдбаатарын өмчлөлийн 92-61 УНГ улсын дугаартай Ланд крузер-80 маркийн автомашиныг фэйсбүүкээр худалдана гэсэн зарын дагуу Сүхбаатар аймагт очиж, иргэн Б.Болдбаатартай 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, бэлнээр 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг өгч, автомашины нэр шилжүүлэхдээ үлдэгдэл 3.000.000 /гурван сая/ төгрөгийг өгөхөөр тохиролцсон боловч үлдэгдэл мөнгийг өгөхгүй 3.000.000 төгрөгийн хохирол учруулан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдсэн.

2. Яллагдагч Ж.Н нь хэрэг бүртгэлтийн болон мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурорын дуудсан цагт ирдэггүй. Мөрдөгч утсаар ярихад завгүй байна, хөдөө байна, би хэрэг хийгээгүй гэх мэтээр байнга тайлбар тавьж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хийвэл зохих ажиллагаанд байнга хүндрэл учруулж, саад болж байсан. Мөрдөгч 2019 оны 02 дугаар сард Ж.Ныг дуудахаар гэрт нь очиход мөрдөгчийн тавьсан шаардлагыг үл биелүүлж, биед нь халдаж дүрэмт хувцасыг урсан, хэл амаар доромжилсон зэрэг үйлдлийг гаргадаг. Хойшлуулшгүйгээр баривчилсан боловч 48 цагийн дотор суллаж, мөрдөгчийн дуудсан цагт ирж байхыг сануулсан боловч мөрдөгчийн дуудсан хугацаанд ирээгүй тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан.

З. Яллагдагч Ж.Нын өмгөөлөгч Д.Энхтунгалаг нь гэрч асуулгах тухай хүсэлтийг Ж.Нт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэний дараа буюу хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд амаар ярьж байсан ба хэрэг бүртгэлт болон мөрдөн байцаалтын шатанд шаардлагатай ажиллагааг хийж гүйцэтгүүлэх боломжтой буюу гэрээг өгөх, гэрч нарыг асуулгах бүрэн бололцоотой байсан.

            4. Шүүгчийн захирамжид дурдагдсан мөрдөн шалгах ажиллагаа нь одоо хийгдэх шаардлагагүй, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх хуралдаанаар тогтоох боломжтой ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1499 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 

Хохирогч И.Наранболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...6.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдсэн 3.000.000 төгрөгөнд нь морь өгсөн. Нийт 9.000.000 төгрөгөөр машиныг худалдаж авсан. Худалдах, худалдан авах гэрээг нотариатаар батлуулна гэхэд яллагдагч Ж.Н би дээд боловсролтой гээд миний үнэмлэхний хуулгыг аваад 6.000.000 төгрөг авна гэх утгатай зүйлийг гараар бичээд гарын үсэг зуруулаад байсан. Би нэхэмжлэхдээ 9.000.000 төгрөг болон засвар үйлчилгээ хийсэн 3.300.000 төгрөг авна гэсэн. Эсхүл машиныг миний нэр дээр шилжүүлж өг гэсэн. Худалдах, худалдан авах гэрээг 12.500.000 төгрөгөөр хийгээгүй, яагаад ийм юм яриад байгааг ойлгохгүй байна. ...” гэв.

 

Яллагдагч Ж.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч И.Наранболдод машиныг 12.500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон нь үнэн, нотлох гэрчтэй. Хохирогч Болдбаатараас уг машиныг 5.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Болдбаатарт 4.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Наранболдод 12.500.000 төгрөгөөр машиныг зарахдаа би зээлээр өгсөн. Одоо 8.800.000 төгрөг өгөх дутуу байгаа. 12.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн. Жамбалжав гэх хүнээс Наранболд гэх хүн худалдаж авах гэрээ хийгдсэн байдаг. Болдбаатар надад уг машиныг зарахдаа миний мөнгөөр барьцаалан зээлдүүлэх газраас чөлөөлүүлсэн. 5.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсоныг Энхбат, Батбаяр гэх хүмүүс гэрчилнэ. Тухайн үед миний нэр дээр шилжүүлж өгөөгүй.  Прокурор намайг шүүгч байхгүй байхад утсаар ярьж байгаад цагдан хориулсан. ...” гэв.

 

Яллагдагч Ж.Нын өмгөөлөгч Д.Энхтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч И.Наранболдтой 12.500.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ хийсэн гэдэг. Уг гэрээг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байдаг. Үүнийг шалгуулахаар мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Шүүх үүнийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Уг гэрээг байгуулж байх үед нь Жамбалдорж, Отгонболд, Мөнхбат гэх хүмүүс байсан. Эдгээр гэрч нараас үнэхээр уг хэлцэл хийгдсэн эсэхийг асууж тодруулж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан. Яллагдагч Ж.Н нь цагдан хоригдсоныхоо дараа өмгөөлөгч авсан. Яллагдагчаар татаж мэдүүлэг авахад Наранбаяр эдгээр гэрч нарыг шалгуулах хүсэлтэй байна гэдгээ мэдүүлсэн байдаг. Мөн бичгээр уг хүсэлтийг гаргаж өгөхөд яллах дүгнэлт үйлдсэн хойно хүсэлт гаргасан тул хэрэгсэхгүй болгосон гэх хариуг өгсөн. Хэргийг сайтар шалгах нь зүйтэй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Ж.Нт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1499 дугаартай яллагдагч Ж.Нт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Учир нь, Ж.Нын бусдыг залилан мэхлэж, хохирол учруулсан гэх үйлдлийг тогтооход чухал ач холбогдолтой байж болох гэрч нараас мэдүүлэг аваагүй байгаа нь хэргийн бодит үнэнийг тогтооход эргэлзээ бүхий байдлыг бий болгож байна. Иймд өмгөөлөгч Д.Энхтунгалагийн хүсэлтэд дурдсан “...Мөнхбат, Отгонболд, Жамбалжав...” нарыг гэрчээр асуух нь зүйтэй.

 

Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Н нь хохирогч И.Наранболдтой 12.500.000  төгрөгөөр автомашин худалдах, худалдан авах гэрээний хуулбарыг өгсөн байх бөгөөд энэ гэрээ тэдний хооронд хийгдсэн эсэхийг шалгах шаардлагатай байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь шалгасны үндсэн  дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэж тус тус заажээ.

 

 Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын Б.Эрдэнэбаатарын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 1499 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Эрдэнэбаатарын бичсэн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 86 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ,

                          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

 

                           ШҮҮГЧ                                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                           ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ