Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2024/0259

 

 

 

 

 

 

 

 

                        “Х*******” ХХК-ийн

                     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Ш.Б*******

Нэхэмжлэгч: “Х*******” ХХК

Хариуцагч: Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ш.Б*******

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа 

Хэргийн индекс: 128/2022/1005/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нэхэмжлэгч “Х*******” ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ш.Б*******од холбогдуулан “2202000265 дугаартай зөрчлийн хэргийн дагуу авагдсан Гаалийн улсын байцаагч Ш.Б*******ын 0012519 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаар шийдвэрээр Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25, 15 дугаар зүйлийн 15.1, 15.9.2, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 2.4 дүгээр зүйлийн 1, 2, 25 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ш.Б*******ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012519 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Гурав. Хариуцагч Ш.Б******* шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

3.1. “...Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 12.1 дэх хэсэгт "Гомдол гаргагч “Х*******” гадаадын хөрөнгө оруулалттай ХХК-ийн Япон Улсаас импортолж оруулж ирдэг тус улсын itoh Kampо үйлдвэрлэгчийн нэр бүхий 29 бүтээгдэхүүнээс нэр бүхий долоон бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн-ээр бүртгэх эсэх асуудал эрх бүхий байгууллага дээр яригдаж, хэлэлцэгдэж байх цаг хугацаанд,." хэмээн дүгнэсэн нь хууль, журмын заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг хангалттай үнэлээгүй, алдаатай, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

3.2. "Х*******" ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны Өдөр 02-2161001-22-103075 дугаартай гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дархлаа дэмжих цай гэх 42 нэр төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлт хийж импортлогдсон. Тухайн бүрдүүлэлтээр Эрүүл мэндийн яамны Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар хуралдаанаар "биологийн идэвхт бүтээгдэхүүн" гэж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр хэвээр байсаар байтал жагсаалтад заасан 7 нэрийн бүтээгдэхүүнийг импортолсон.

3.3. Хэдийгээр "Х*******" ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Эм эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газарт хандсан боловч Эрүүл мэндийн яамны Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл "Х*******" ХХК-ийн дээрх бүтээгдэхүүний талаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр, 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдрүүдэд дахин хуралдаж шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэр бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж шийдвэрлэсэн байна.

3.4. Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцсон аливаа нэгэн шийдвэр гараагүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжээд явж байсан байтал анхан шатны шүүхээс үүнд дүгнэлт өгөөгүй.

3.5. "Х*******" ХХК нь 2022 оны 05 дугаар сарын 10- ны өдөр 02-2161001-22-103075 дугаартай гаалийн мэдүүлгээр гаалийн байгууллагад хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, дархлаа дэмжих цай гэх 42 нэр төрлийн бараанд Улаанбаатар хот дахь гаалийн газрын Туушин дэх гаалийн хяналтын бүсэд гаалийн бүрдүүлэлт хийж импортлогдсон байна.

3.6. Тус бүрдүүлэлтээр Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаар "биологийн идэвхт бүтээгдэхүүн" гэж шийдвэрлэсэн 7 бүтээгдэхүүн байсан.

3.7. Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх заалтад Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх үүргийг "Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх" гэж заасан бөгөөд гаалийн улсын байцаагч Ш.Б******* миний бие Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан шийдвэрийг үндэслэн тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль, журмын заалтыг удирдлага болгон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэж ажилласан байтал анхан шатны шүүхээс "7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг бүртгүүлж, улмаар импортоор оруулж ирэх тусгай зөвшөөрлийг хэзээ авах байсан, ийнхүү бүртгүүлж тусгай зөвшөөрөл авахгүйгээр хэзээ импортолсон байна вэ гэдгийг хариуцагч нь бодитой, бүрэн дүүрэн тогтоож чадаагүй байна” дүгнэсэн нь үндэслэлгүй байна. 

3.8. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн 14 дэх хэсэгт дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас "Х*******" ХХК-д 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 02/01/628 дугаартай албан бичгээр "Байцаагчийн өгсөн даалгавар хэвээр байгаа талаар мэдэгдээд байхад 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр импортолсон бөгөөд хуулийг хэрэгжүүлэгч гаалийн улсын байцаагч нь гомдлын мөрөөр зөрчлийг шалгаж, хүчин төгөлдөр хууль, журмын заалтыг баримтлан зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэдэг болохоос ирээдүйд болох нөхцөлд урьдчилан таамаглал өгч зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхан шатны шүүхээс үндэслэлгүй тайлбарласан.

3.9. Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцсон аливаа нэгэн шийдвэр гараагүй бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 10 дугаар хуралдааны шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжээд явж байсаар байтал анхан шатны шүүхээс “... гомдол гаргагчид үүсээгүй буюу эрх бүхий байгууллагаас бүртгээгүй /бүртгэхийн тулд шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байсан/ байгааг анхаарч нотлоогүй байна..” хэмээн дүгнэсэн ирээдүйд болох нөхцөлд урьдчилсан таамаглал дэвшүүлж, түүндээ үнэлэлт, дүгнэлт өгүүлэх эсхүл Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрийг гаалийн улсын байцаагч миний биеэр хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэтрүүлэн, дур мэдэн хүчингүйд, тооцуулан шийтгэлийн хуудас ногдуулахгүй байхаар дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

3.10.Эм эмнэлгийн хяналт зохицуулалтын газраас 2021 оны 09 дүгээр сарын 1-ний өдөр №02/01/1053 дугаартай албан бичгээр Гаалийн ерөнхий газрын гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газарт "Эрүүл мэндийн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 13 дугаар тушаалаар батлагдсан журмын хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр импортлох зөвшөөрөл өгдөг байсныг Эрүүл мэндийн сайдын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн А/295 тушаалаар хүчингүй болсон тул эдгээр бүтээгдэхүүнд өгсөн шинжээчийн дүгнэлт хүчинтэйд тооцох боломжгүй бөгөөд А/295 тушаалын дагуу бүтээгдэхүүнийг бүртгүүлэх шаардлагатай болно" гэж ирүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэж заасан боловч нэхэмжлэгч хууль, журмын дагуу хүлээсэн үүргээ үл биелүүлж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй нь хууль, журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэлийн хуудас ногдуулсан төрийн байгууллагыг буруутган зөрчил гаргасан иргэнийг хаацайлсан нь хачирхалтай.

3.11. Дээрхээс үзэхэд анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуульд заасан "шударга ёс, тэгш байдлыг хангах" төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хэрэгжүүлээгүй, хэт нэг талыг барьж, нотлох баримтыг хангалттай үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан гэж дүгнэж хүрч байна.

Иймд Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 128/ШШ2024/0103 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

            2.1.Нэхэмжлэг Х*******” ХХК нь Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ш.Б*******од холбогдуулан “2202000265 дугаартай зөрчлийн хэргийн дагуу авагдсан Гаалийн улсын байцаагч Ш.Б*******ын 0012519 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

            2.2. Маргаан бүхий Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ш.Б*******ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012519 дүгээр шийтгэлийн хуудсаар “... тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолсон зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

            2.3. Анхан шатны шүүхээс “...импортоор оруулж ирэх тусгай зөвшөөрлийг хэзээ авах байсан, ийнхүү бүртгүүлж тусгай зөвшөөрөл авахгүйгээр хэзээ импортолсон байна вэ гэдгийг хариуцагч нь бодитой бүрэн, дүүрэн тогтоож чадаагүй”, гэж тус тус дүгнэн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны гаалийн улсын байцаагч Ш.Б*******ын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0012519 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасантай нийцээгүй байна.

   2.4. Учир нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25-д “биологийн идэвхт бүтээгдэхүүн” гэж хүний бие махбодийн үйл ажиллагааг дэмжих, зайлшгүй шаардлагатай эрдэс бодисоор нөхөх, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий бүтээгдэхүүнийг” гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хүний эм, эмнэлгийн хэрэгсэл болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, тэдгээрийн угтвар бодис, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно”, 15 дугаар зүйлийн 15.9.3-д “тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглоно”, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн импортлох, эсхүл экспортлоход тавигдах шаардлага, эсхүл хориглох зүйлийг зөрчсөн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заажээ.

2.5. Мөн Эрүүл мэндийн сайдын 2019 оны “Эм эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам батлах тухай” А/295 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эм эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх журам”-ын 1.13-т “Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэдэгт хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, шаардлагатай шимт бодис, илчлэгийг нөхөх үйлчлэл бүхий бүтээгдэхүүн хамаарах бөгөөд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хүний өвчнийг эмчлэх оношлох зорилгоор хэрэглэхгүй”, 1.14-д Биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэл, өөрчлөлт, сунгалт, бүртгэлээс хасах асуудлыг ХЭЗ-ийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөл (цаашид “БИБСЗ” гэх) шийдвэрлэнэ” 3 дугаар зүйлийн 3.10.2-д “Гарал үүслийн улсдаа БИБ гэсэн ангилалд орсон байх”, 4 дүгээр зүйлийн 4.1.6.-д “Маргаантай тохиолдолд ХЭЗ-өөс шинжээчдийн баг, ажлын хэсгийг томилуулан дүгнэлт гаргуулах” гэж тус тус заасан байна.

2.6. Дээрхээс үзэхэд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ба уг тусгай зөвшөөрлийн дагуу биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох бөгөөд харин тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглосон байна.

            2.7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Хүний эмийн зөвлөлийн Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тэмдэглэлээр гомдол гаргагч “Х*******” ХХК-ийн 25 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг Биологийн идэвхт бүтээгдэхүүн гэж үзэж, Биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан бөгөөд үүний дараа 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаар хурлын тэмдэглэлээр дээрх 7 нэр төрлийн бүтээгдэхүүн нь “үйлдвэрлэгч орондоо хүнсээр бүртгэгдсэн” гэж үзэж гаргасан “Х*******” ХХК-ийн хүсэлтийн дагуу дахин хэлэлцээд “Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/295 дугаар тушаалаар батлагдсан “Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-ын 3.10.2 дахь заалттай зөрчилдөж байгаа тул 4.1.6 дахь заалтын дагуу...” шинжээчийн дүгнэлт гаргуулан дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

            2.8. Гэтэл нэхэмжлэгч “Х*******” ХХК нь нэр бүхий 7 бүтээгдэхүүнийг биологийн идэвхт бүтээгдэхүүнээр бүртгэх эсэх асуудал шийдвэрлэгдээгүй буюу шинжээчийн дүгнэлт гаргуулах тухай шийдвэрийн дагуу шинжээчийн дүгнэлт гараагүй, дээрх асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй байх хугацаанд импортолсон нь дээрх хуулийг зөрчсөн гэж үзэхээр байна.

            2.9. Тодруулбал, Биологийн идэвхт бүтээгдэхүүний салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар хуралдааны шийдвэрийг хүчингүйд тооцсон аливаа шийдвэр гараагүй, хэдийгээр нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2 дугаар хуралдаанаар дахин хэлэлцэж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч шинжээчийн дүгнэлт гараагүй байхад нэр бүхий 7 бүтээгдэхүүнийг импортолсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг үйлдсэн гэж үзсэн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.25, 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.9.3, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х*******” ХХК-иас, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч Ш.Б*******од холбогдуулан гаргасан “2202000265 дугаартай зөрчлийн хэргийн дагуу авагдсан Гаалийн улсын байцаагч Ш.Б*******ын 0012519 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                           Н.ДОЛГОРСҮРЭН  

 

                      ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА        

                      

           ШҮҮГЧ                                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН