| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 181/2017/02004/и |
| Дугаар | 2511 |
| Огноо | 2017-12-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2511
Д.О-ийн нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02576 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ю.М-т холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 19 740 060 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, хариуцагч Ю.М, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.О 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Ю.М-тэй зээлийн гэрээ байгуулж 9 963 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцож нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. Ийнхүү зээлийн гэрээ байгуулагдсаны дараа хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр нэмж 3 600 000 төгрөг зээлсэн боловч зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлийн төлбөрөө төлж барагдуулаагүй. Иймд зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13 563 000 төгрөг, зээлийн хүү 1 195 560 төгрөг, алданги 4 981 500 төгрөг нийт 19 740 060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 10 дугаар сард Д.О-ийн ажил дээр байхад Солонгос улс явах талаар ярихад нь би найз н.Д-ийн таньдаг эмнэлгийн визээр гаргадаг хүн байгаа, бид 2 явах гэж хөөцөлдөж байгаа гэхэд Д.О хамт явахаар болсон. Ингээд Д.О н.Д-тэй уулзаад гурвуулаа явахаар болж, Солонгос явахад нийт 7 000 000 төгрөгийн зардал гардаг талаар ярилцаад бид хоёрт мөнгө байгаагүй учраас Д.О 9 000 000 төгрөг гаргаж, мөнгийг Солонгос улсад ажиллаад төлөхөөр тохиролцоод эмнэлгийн виз гаргуулахын тулд Солонгос улс руу 11 000 000 төгрөгийг эмнэлгийн дансанд шилжүүлсэн юм. Виз 20 гаран хоногийн дараа гарна гэсэн боловч виз гарахгүй удсанд бөгөөд н.Д-ийн виз түрүүлж гарахад Д.О, н.Д-ийн гадаад паспортыг авчихаад өгөхгүй хэрүүл маргаан болсон. Д.О-аас гаргасан 9 000 000 төгрөгийг Солонгос явах, ирэх зардал, эмнэлгийн визний бичиг баримтад зарцуулахаар болсон юм. Нэхэмжлэгч Д.О-аас н.Д-ийн визтэй гадаад пастортыг, Д.О н.Д-ээс мөнгөө авахын тулд зээлийн гэрээнд гарын үсэг зурахаас аргагүй байдалд хүрч, мөнгө авснаас хойш зээлийн гэрээнд гарын үсэг зуруулсан. Солонгос улсаас электрон виз ирж Д.О бид 2 Солонгос явсан. Д.О 13 563 000 төгрөг нэхэмжилснээс Д.О-ийн эмнэлгийн визний 2 000 000 төгрөг, ажил зуучлалын хөлс 1 000 000 төгрөг, байрны хөлс 600 000 төгрөг, электрон визний нэмэгдэл 1 000 000 төгрөг, бэлэн 600 000 вон /1 200 000 төгрөг/, нийт 6 500 000 төгрөгийг өөрт нь зарцуулсан.
Бид мөнгө зээлэх талаар тохиролцоогүй, харин виз удаад байхаар маргалдаж би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. н.Д 9 000 000 төгрөгийг аваад 8 000 000 төгрөгийг Солонгосын эмнэлгийн визний зардалд шилжүүлсэн. Бид хүү, торгууль төлнө гэж тохиролцоогүй. Иймд 7 063 000 төгрөгийг төлнө гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 283 дугаар зүйлийн 283.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Ю.М-ээс 19 740 060 төгрөгийг гаргуулж Д.О-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 256 660 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуралдаанд миний бие оролцох боломжгүй талаар баримтаа хүргүүлсэн боловч бичгээр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хангахгүй нэг талын баримтаж мөн өмгөөлөгч шүүгчээс татгалзсан байхад хэргийг шийдвэрлэсэн байна.
Мөн шүүх 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 9 963 000 төгрөгийн зээлийн хүү, алданги нийт 16 140 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч Д.О бид хоёр 9 000 000 төгрөг зээлэх талаар тохиролцоогүй. Харин н.Д-ийн ах, эгч Солонгост олон жил болсон. н.Д бид хоёр явах гэж байгаа гэхэд Д.О нь бид хоёртой Солонгос явж ажиллаж, эмнэлгийн электрон визээр 3 удаа яваад ногоон паспорттай болно гэж нэг хүнээс 7 000 000 төгрөг гарна гэж тохиролцоод 9 000 000 төгрөгийг урьдчилгаа болгож Д.О гаргаж, 11 000 000 төгрөгийг Д.О бид хоёрын эмнэлгийн дансанд шилжүүлэн бид гурав визэнд орсон. н.Д-ийн виз түрүүлж гараад бид хоёрын виз 20 хоногийн дараа гарна гэсэн боловч виз гарахгүй удаад Д.О маргалдаад байхаар нь 9 000 000 төгрөг авсан гэж гарын үсэг зурсан.
Уг 9 000 000 төгрөгийг би аваагүй н.Д авсан. н.Д-ийг Солонгос явсны дараа Д.О бид хоёрын виз гарч Солонгос улсад очоод н.Д-ийн ах, эгчийн тусламжайгаар Д.О бид хоёр ажилд орж 6 500 000 төгрөг зарцуулсанаа тохиролцож, нэхэмжлэгч Д.О-г Солонгост байхад түүний байр, хоолны мөнгийг н.Д бид хоёр гаргасан. Би 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдрийн 3 600 000 төгрөгийг төлнө. Гэхдээ нэхэмжлэгч Д.О өөрийгөө Солонгос улс руу явахгүй бол мөнгөө авна, явсан нөхцөлд зардлаа хасна гэж н.Д-ийн паспортыг өгсөн хэрнээ тэр бичгээр ашиглаж хүү, торгууль, алданги гаргуулахаар гэрээ байгуулж намайг хуурч мэхэлснийг шүүх анхаарч үзсэнгүй. Би болсон үйл явдлын талаар шүүх хуралдаанд хэлэх байсан боловч шүүх хуралдаанд очиж чадаагүй, эмчийн бичгээ хүнээр явуулсан мөн шүүгчээс татгалзсан байхад хэргийг шийдвэрлэснийг харгалзаж үзнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.О нь хариуцагч Ю.М-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 19 740 060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчээс 2014 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр хариуцагчид 3 600 000 төгрөг зээлсэн үйл баримт тогтоогдсон ба дээрхи үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин хариуцагч 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс 9 963 000 төгрөг хүлээж аваагүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан 9 963 000 төгрөгийн зээлийн гэрээ болон нэхэмжлэгч Д.О-ийн Хас банкны хадгаламжийн дэвтрийн хуулбар, хариуцагчийн тайлбар зэрэг баримтуудыг тухайн маргаанд ач холбогдолтой, хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь: шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Д.О-ийн “Хас банк” ХХК дахь хадгаламжийн дэвтэр дэх 15 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээ /хх-7/ хийгдсэн баримт нь зөвхөн нэхэмжлэгчийн зарлагын гүйлгээ хийснийг нотолсон баримт болохоос хариуцагч Ю.М-т 9 963 000 төгрөгийг шилжүүлж өгснийг шууд нотлохгүй. Мөн хэргийн 21 дүгээр тал дах “хариуцагч Ю.М нь С.Д-тэй Капитал банкин дээр очиж, Д.О-аас өөрийн нэрээр зээлж авсан 11 000 000 төгрөгөөс 6 200 000 төгрөгийг С.Д-т өгсөн” гэх агуулга бүхий бичгийн баримт нь хуульд заасан шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч нь 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагчид 9 963 000 төгрөгийг бодитойгоор шилжүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Харин талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн тухай шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Хариуцагч нь нэхэмжлэгч Д.О-д 6 500 000 төгрөгийг буцаан төлсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хариуцагчийн тайлбартай харьцуулан дүгнэж, хариуцагч Ю.М-ээс 7 063 000 төгрөг төлнө гэх тайлбарын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.
Хариуцагч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан хүсэлтээ баримтын хамт шүүхэд хүргүүлсэн байхад хүсэлтийг хүлээн авч, мэтгэлцэх эрх олгоогүй, шүүгчийг татгалзсан байхад хэргийг шийдвэрлэсэн, гуравдагч этгээдээр С.Д-ийг оролцуулах хүсэлтийг хангаагүй гэж давж заалдах гомдол гаргасан бөгөөд шүүх уг хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Түүнчлэн хариуцагч нь Багануур дүүрэгт амьдарч байхад харьяалал зөрчин Сүхбаатар дүүргийн шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн гэх агуулгаар гомдол гаргасан бөгөөд энэ талаар хүсэлт гаргаж байгаагүй, нэхэмжлэлд дурдсан хаягаа өөрчилсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШШ2017/02576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “19 740 060” гэснийг “7 063 000” гэж, “олгосугай” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12 677 060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтад “256 660” гэснийг “127 958” гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 256 660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.БАЙГАЛМАА