Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 41

 

 

 

 

 

 

 

                                   

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж,  тус  шүүхийн  “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар 

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэцэцэг

Улсын  яллагч Ж.Очирбат

Шүүгдэгчийн  өмгөөлөгч Д.Долгорсүрэн

Шүүгдэгч Ч.Энхмандал нарыг оролцуулан  Дундговь  аймгийн  прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар  яллах  дүгнэлт  үйлдэж  ирүүлсэн Ч.Энхмандалд холбогдох эрүүгийн 201612000120  тоот  хэргийг  2016 оны  10 сарын 12-ны  өдөр  хүлээн  авч  хэлэлцэв. 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дундговь аймгийн Луус сумын 2-р баг “Бага хатуу Ухаа хошууны” бууц гэх газар нутаглах, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Хулд овгийн Чимэдлхамын Энхмандал /РД:ЗЗ78121211/

            Шүүгдэгч Ч.Энхмандал нь 2016 оны 6 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан  сумын 6 дугаар баг Боржигоны 19-20 дугаар гудамжны баруун үзүүрт Л.Болд-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн  хэлэлцүүлгээр  дараах  нотлох баримтуудыг  шинжлэн   судлав.  Үүнд:

1.Шүүгдэгч Ч.Энхмандал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хөдөөнөөс ирээд найзындаа нэг шил архи уусан. Харих гээд хашааны булан тойроод алхаж явтал нэг өндөр залуу ирээд намайг 2 цохиод авсан. Намайг хаанахын архичин бэ гэж хал амаар доромжилж заамдаад тавихгүй болохоор нь тонгорч унагаад нүүр лүү нь нэг цохьсон. Өөр  зодож цохиогүй, Хийсэн хэрэгтээ  гэмшиж  байна ” гэв.

2.Хохирогч Л.Болд-Очирын “2016.06.24-ний орой би найз болох Доёд гэх айлд 1 шил архи  хоёулаа хувааж уугаад тэгээд тэднийхээс гараад гэрлүүгээ ганцаараа явж байгаад Боржигоны 19-20 дугаар гудамжны баруун үзүүрт буюу Аривжихийн 7-8 дугаар гудамжны зүүн үзүүрт нэг залуутай таарсан юм. Тухайн үед гадаа харанхуй болж байсан гэхдээ хүний царай харагдахаар байсан юм. Тэр залууг Энхмандал гэдэг барилддаг залуу байсан. Тухайн  үед  хэн  хэн нь согтуу байсан. Юу гэж маргалдсанаа санахгүй байна. Би Энхмандалыг эхлээд нэг удаа  цохьсоноо санаж байна.  Тэгээд бид хоёр өөд, өөдөөсөө  цохилцож аваад  байж  байтал намайг газар тонгорч унагаагаад газар ойчсон хойно миний нүүр болон цээжрүү хөлөөрөө өшиглөөд зодсон юм.  Миний цээжрүү 5-6 удаа өшиглөсөн байхаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл  байхгүй”  гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 97-рт/  

3. Гэрч Б.Лхагвацэрэнгийн “2016.06.24-ний шөнө гадаа харанхуй болчихсон байсан  юм.  Би Аривжихийн 8-20 тоот гудамжнаас дэлгүүр орох гээд ганцаараа явж байтал Аривжихийн гудамжны зүүн хойд өнцөг чигтээ нэг өндөр биетэй хүн зүүн тийшээ харчихсан газар хэвтэж байсан юм. Тэр хүн согтуу байсан. Намайг очиход тэр хүн намайг хүн зодчихоод яваад өглөө гээд газар хэвтэж байсан. Би татаж чангаахад надад тэгж хэлсэн, би тэр хүнийг хэн зодсоныг нь хараагүй, ганцаараа байсан, хажууд нь ямар нэгэн хүн байгаагүй. Би тэгээд л цагдаад дуудлага өгсөн. Би тэр хүнийг танихгүй, их согтуу хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/  

4. Гэрч Ж.Энхжаргалын “ 2016.06.24-ний өдөр 23 цагт манай Нэгдсэн эмнэлгийн 103 дугаар утсаар дуудлагаар яаралтай тусламжийн хэсэгт Л.Болд-Очир гэх хүн хүргэгдэж ирсэн юм. Би жижүүртэй байсан  учир тухайн хүнийг ирэхээр нь биед нь үзлэг хийж үзсэн юм. Тэр эрэгтэй өөрийгөө Лхамын Болд-Очир гэж хэлсэн. Мөн  Аривжихийн 12 дугаар гудамжинд 23 цагийн үед хүнд зодуулсан. Намайг газар унагаж байгаад тэр хүн дэвсэж зодсон гэж хэлсэн. Тэр хүнээс архи их үнэртэж байсан согтуу байсан  юм. Асуусан асуултанд дунд зэргийн  хариулж байсан, өөдөөс олон юм яриад согтуураад л байсан. Тэр хүний цээжээр өвдөнө гэдийж чадахгүй байсан мөн зүүн нүдний дээд зовхи нь хавдаж хөхөрсөн нүдээ нээж харж чадахгүй хамраас нь цус гараад хатсан байдалтай байсан. Тэр хүний чихнээс нь цус гараагүй байсан шүднүүд нь хэвийн, ригидность хасах цээжинд хөхрөлт зулгаралт харагдахгүй тэмтрэхэд эмзэглэлтэй байсан. Тэр хүнийг рентгэн дуудаж үзүүлтэл хавирганы хугарал харагдахгүй уушигны зураглал олширсон гэсэн онош гарсан юм. Тэр Л.Болд-Очир манай ажиглах өрөөнд хоноод өглөө нь мэс заслын гэмтлийн тасагт хэвтсэн юм. Надад Энхмандал гэх хүнд зодуулсан гэж байсан. Мөн яаж зодуулсан бэ гэхэд намайг унагаж байгаад дээрээс дэссэн цаашаа юу болсныг мэдэхгүй гэж ярьж байсан. Өөрөө нилээн согтуу байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 15/

5. Дундговь аймгийн шүүхийн  шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.07.01-ний өдрийн 296 дугаартай дүгнэлтэд: “ Л.Болд-Очирын биед 5,6-р хавирганы хугарал, зүүн нүдний дотор хананы хугарал, хамар ясны хугарал, зовхинд цус хурсан зөөлөн эдийн  гэмтэл, эрүү тохойнд зулгарсан  гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Урьд өмнө нь ямар нэгэн архаг хууч өвчтэй байсныг тогтоох боломжгүй, бусдад зодуулсан гэх цаг хугацаанд гэмтэл үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” /хх-ийн 19/

 

6. Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016.07.08-ны өдрийн 301 дугаартай дүгнэлтэд:  “ Ч.Энхмандалын биед зүүн хэнгэрэгийн цууралт гэмтэл тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Архаг хууч өвчин тогтоох боломжгүй болно. Бусдад зодуулсан гэх цаг  хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”  /хх-ийн 23/

7. Хэрэгт  цугларсан  бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч Ч.Энхмандал нь 2016 оны 6 сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан  сумын 6 дугаар баг Боржигоны 19-20 дугаар гудамжны баруун үзүүрт Л.Болд-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодолдож, хохирогч Л.Болд-Очирын  бие махбодид нь хүндэвтэр гэмтэл, шүүгдэгч Ч.Энхмандалын  биед хөнгөн  гэмтэл  учирсан болох нь тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд   хохирогч  Л.Болд-Очир  нь бусдын  бие махбодид  хөнгөн   гэмтэл  санаатай  учруулсан  гэх  гэмт  хэргийг   хохирогч, шүүгдэгч  нар  эвлэрсэн  үндэслэлээр  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Иймд шүүгдэгч Ч.Энхмандалыг бусдын биемахбодид  хүндэвтэр гэмтэл  санаатай  учруулах гэмт  хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцож, түүнд  Эрүүгийн  хуулийн  98 дугаар  зүйлийн  98.1 дэх хэсэгт заасан хорих  ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ч.Энхмандал нь  анх  удаа  тохиолдлын  шинжтэй  нөхцөл  байдлын  улмаас  хүндэвтэр гэмт хэрэг  үйлдсэн,  гэмт хэрэг  үйлдэж  учруулсан  хохирлоо  сайн  дураараа  нөхөн  төлсөн  нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн  55 дугаар  зүйлийн  55.1.1, 55.1.2  дахь  хэсэгт  заасан  ял  хөнгөрүүлэх  нөхцөл,  энэ  гэмт  хэргийг  согтуугаар  /хх-ийн 43/үйлдсэн  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  56 дугаар  зүйлийн  56.1.10 дахь  хэсэгт заасан  ял  хүндрүүлэх  нөхцөл  болж  байна. 

Шүүгдэгч  Ч.Энхмандал нь   хүндэвтэр гэмт  хэрэг  үйлдэж   хорих ял  шийтгүүлж  байх  тул  түүний  хорих  ял  эдлэх  дэглэмийг  нь  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  52 дугаар  зүйлийн  52.5 дахь  хэсэгт  зааснаар  жирийн  дэглэмтэй  хорих  ангид  эдлүүлэх нь  зүйтэй  байна.

Шүүгдэгч  нь   энэ   хэргийн  улмаас  цагдан  хоригдоогүй, хэрэгт  эд  мөрийн  баримтаар  хураагдсан болон  битүүмжлэгдсэн  эд  хөрөнгөгүй болохыг  дурдлаа.

Мөн  хохирогч Л.Болд-Очир  нь “шүүх  хуралдаанд оролцохгүй, Ч.Энхмандалаас 600.000 төгрөгийг  бэлнээр  хүлээн  авсан. Цаашид Ч.Энхмандалаас  нэхэмжлэх  зүйлгүй  ба гомдол саналгүй ” гэсэн    хүсэлтийг шүүх  хуралдаанд  ирүүлжээ. Үүнийг  үндэслэн  шүүгдэгч  Ч.Энхмандалыг   хохирогч Л.Болд-Очирт 600.000 төгрөг  төлсөн  болохыг  дурдаж  шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  нь “ хохирогч намайг эхэлж  цохихоор нь  нэг  удаа  цохиод тонгорч унагасан, өөрөөр  зодоогүй” гэсэн мэдүүлэг  өгдөг  ба  шүүгдэгчийн  өмгөөлөгч шүүх  хуралдаанд “ хохирогч Л.Болд-Очир  шүүгдэгч  Ч.Энхмандал нар  нь заамдалцаад, хохирогч  эхэлж  цохьсон.  Шүүгдэгч  Ч.Энхмандалын  тухайд аргагүй  хамгаалалт  хийж түүнийг  нэг  удаа  цохиод  тонгорч  унагасан тул хэргийг  хэрэгсэхгүй  болгож   өгнө  үү ” гэсэн  тайлбарыг  гарган  мэтгэлцэж  байна.

Тухайн  хэрэг  учрал  болох  үед  шүүгдэгч, хохирогч  нар  нь  маргалдан, улмаар  заамдалцаж, хохирогч  нь  эхэлж  шүүгдэгч  Ч.Энхмандалыг  нэг  удаа  цохиж  авсан  болох  нь  шүүгдэгч, хохирогч  нарын   мэдүүлгээр  нотлогдож  байна.

Үүний  дараа  шүүгдэгч  нь хохирогчийг 1 удаа  цохиж улмаар  тонгорч  газар унагасны  дараа  нүүр  болон  цээж  рүү  өшиглөж зодсон  болох  нь мөрдөн  байцаалтын  шатанд  хохирогч Л.Болд-Очироос  Эрүүгийн  байцаан  шийтгэх  хуульд  заасан  журмын  дагуу  2 удаа   авсан “нэг  удаа  цохилцож аваад Энхмандал  намайг тонгорч унагаагаад намайг  газар унасан  хойно миний  нүүр  болон  цээж  рүү  өшиглөж зодсон” гэх  мэдүүлгээр  нотлогдож  байна.

            Өөрөөр  хэлбэл  шүүгдэгч Ч.Энхмандалын  “нэг  удаа  цохиод тонгорч унагасан, өөрөөр  зодоогүй” гэсэн  мэдүүлэг  нь  хэрэгт  авагдсан  бусад  баримтаар  нотлогдохгүй  байх ба хохирогч Л.Болд-Очир  нь  шүүгдэгчийн эрх  чөлөөнд нэг  удаагийн  цохилтоор  халдсан, уг халдлага  дууссаны  дараа шүүгдэгч  нь  хохирогч Л.Болд-Очирын  эрх  чөлөөнд  халдсаныг аргагүй  хамгаалалт  хийсэн  гэж  үзэх  боломжгүй  юм.

            Шүүгдэгч  нь  анх  удаа  хүндэвтэр  гэмт  хэрэг  үйлдсэн, учруулсан  хохирлоо сайн  дураараа  нөхөн  төлсөн, гэм  хорыг арилгасан  байх  тул  түүнд  оногдуулсан  хорих  ялыг  биечлэн  эдлүүлэх  шаардлагагүй  гэж   үзэж  тэнсэж  хянан  харгалзав.

   Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн  283, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 297, 298, 299, 301, 304 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага  болгон  ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Хулд овогт Чимэдлхамын Энхмандалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Чимэдлхамын Энхмандалд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Энхмандалд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч нь энэ хэргийн  улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн  баримтаар хураагдан  битүүмжлэгдсэн зүйлгүй ба шүүгдэгч  нь хохирогч Л.Болд-Очирт 600.000  төгрөг төлсөн  болохыг  тус  тус  дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Энхмандалд оногдуулсан 1 жил 6 сарын  хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн  хугацаагаар хянан харгалзаж, хяналт тавихыг Дундговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол хүчин  төгөлдөр болтол шүүгдэгч  Ч.Энхмандалд урьд авсан  бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7.Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Г.МӨНХБАТ