| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0127/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/140 |
| Огноо | 2021-07-22 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/140
2021/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.Пүрэвсүрэн
Шүүгдэгч: С.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Сгийн Ад холбогдох 2112000000050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 66 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Булган сумын Тамир багийн нутаг Гурвын даваа гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Архангай аймгийн Шүүхийн 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн Шүүхийн 1984 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2/13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн Б-д заасныг баримтлан 2 жил хорьж, 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 51-р таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 6 сарын хорих ялыг нэмж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн Шүүхийн 1984 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлийн А-д заасныг зааснаар 1 жил, мөн хуулийн 153 дугаар зүйлийн Б-д заасныг баримтлан 4 жил тус тус хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 31-р зүйлийн Б-д заасныг журамлан тус шүүхийн 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 51 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дугаар зүйлийн Б-д зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймгийн Хэсгийн ардын 2-р шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 07 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жил, Эрүүгийн хуулийн 126-р зүйлийн 2-д зааснаар 6 сар, мөн хуулийн 153-р зүйлийн 2-д зааснаар 2 жил, мөн хуулийн 241-р зүйлд зааснаар 1 жил хорьж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ялын заримыг нэмж 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын 1993 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 54 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял дээр түрүүчийн тогтоолоор эдлээгүй үлдсэн ялаас 5 сарын хорих ялыг нэмж, 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн Б овогт Сгийн А /РД: ../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.А нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Хөндий хад гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 47 ширхэг буюу 3.2653 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн 64-05 АРХ улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 358.399 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000050 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Х.Мын мэдүүлсэн: ...Манай сумын иргэн С.А нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Хөндийн хад гэх газраас эрхийн бичиггүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх асуудалд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын эхээр би өдрийг нь санахгүй байна, С.А ах над руу залгаад өмнө нь авсан гоожингоо сунгуулж болох уу гэхээр нь би таны өмнө нь авсан гоожин 14, 15 хоног болчихсон байна, та шинээр гоожин авсан нь дээр байх гэсэн. Би тухайн өдөр гоожингоо дуусч байсан болохоор нэмж гоожин авах гээд төв рүү явчихсан байсан. С.А нь надад өмнө нь надаас авсан гоожингоороо мод бэлтгэчихсэн байсан, тэр модоо оруулж ирж чадаагүй байж байгаад одоо оруулж ирж байна гэж хэлсэн. Ойгоос босоо мод бэлтгэж болохгүй. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой надад ямар нэг санал, хүсэлт байхгүй. Уг хэргийн улмаас ойн санд учирсан хохирлыг сумын төрийн сангийн 011700952 дугаарын дансанд 3 нугалж төлүүлж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 105 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дгийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Халзангийн давааны замд хяналт шалгалт хийж байхад Архангай аймгийн Булган сумаас мод ачсан 64-05 АРА улсын дугаартай Бонго мазда маркийн тээврийн хэрэгсэл Эрдэнэбулган сумын төв рүү нэвтрэхээр ирэхээр нь шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй, одоо байгаль хамгаалагчаар мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлэх гэж байна гэж надад ярьж байсан. Дээрх модыг би өөрийн нүдээр харахад шинээр унагасан, хэрчимлэж тайраагүй, босоо мод огтолж бэлтгэсэн мэт харагдаж байсан болохоор хаанаас, хэзээ, ямар төрлийн модыг хэн, хэн нь, яаж бэлтгэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор тээврийн хэрэгслийг Эрдэнэбулган сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу дэд ахлагч Шатарт өгч явуулан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулсан. С.А нь уг модыг хэзээ бэлтгэсэн, хэзээ мод бэлтгэх эрхийн бичиг авсан талаар би асуугаагүй. Надад тэр талаараа хэлээгүй. 1.50 метр урттай, Мазда маркийн тээврийн хэрэгслийн тэвшин дээр хөндлөн ачиж дээш дүүргэсэн байсан. Цахилгаан хөрөө болон сүх гэхээр зүйл харагдаагүй. С.А нь ямар мод унагасан талаар надад яриагүй. Надад тэр талаар яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Аийн мэдүүлсэн: ...Сонсгосон ял миний үйлдэлтэй тохирч байна. 2021 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна, /би одоо он, сараа яг тодорхой санахгүй байна/ би Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Хөндий хад гэх газраас ганцаараа өөрийн 64-05 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн авто машинаар мод бэлтгээд маргааш нь аймаг руу орж ирээд цагдаад саатуулагдсан. Манай аймагт байдаг 2 охин түлээгүй болчихоод галын түлээ дөхүүлж өгөх санаатай байсан юм. Би 2 өмхтэй мод унагаасан. Бусад нь дандаа унаанга мод байсан. Би ганцаараа явсан. Миний өөрийн машин байгаа юм. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Би мод бэлтгэх үедээ цахилгаан хөрөө, модон иштэй сүх ашигласан. Би өмнө нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мод бэлтгэх гээд эрхийн бичиг авсан байсан. Тэр бичгээрээ мод бэлтгээгүй байсан. Тухайн үедээ миний машин эвдэрчихсэн байсан болохоор чадаагүй. Тэгээд тэр бичгээ байгаль орчны байцаагчаар сунгуулах гэж байсан боловч сунгуулж чадаагүй. Би Мэндээтэй ярьсан чинь гоожин дуусчихсан гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Халзангийн постон дээр зогсож байсан. Тэгтэл цагдаа хүрээд ирсэн. Би 1955 онд Архангай аймгийн Булган суманд төрсөн. Би эхнэр, хүүхэдтэйгээ Архангай аймгийн Булган сумын Тамир багийн Гурвын даваа гэх газарт мал маллаж амьдардаг. Манайх 300 орчим толгой малтай. Мөн сарын 300.000 төгрөгийн тэтгэвэр авдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 08 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-19, 26 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21, 25, 27, 41 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 23-24 хуу/
2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А21-3 тоот автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 40 хуу/
“Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А21-17 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 42-49 хуу/
2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 93-94 хуу/
2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 96-97 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 11, 12-13 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 16 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 68 хуу/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 59 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Хөндий хад гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 47 ширхэг буюу 3.2653 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, тээвэрлэж, ойн санд 358.399 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч С.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч С.А нь 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Хөндий хад гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 1.5 метрийн урттай, 47 ширхэг буюу 3.2653 метр куб хэмжээтэй, шинэс төрлийн хуурай модыг хууль бусаар бэлтгэж, өөрийн эзэмшлийн 64-05 АРХ улсын дугаартай “Мазда Бонго” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 358.399 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Х.Мын мэдүүлсэн “Манай сумын иргэн С.А нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Хөндийн хад гэх газраас эрхийн бичиггүй мод бэлтгэж, тээвэрлэсэн гэх асуудалд иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа юм. 2021 оны 02 дугаар сарын эхээр би өдрийг нь санахгүй байна, С.А ах над руу залгаад өмнө нь авсан гоожингоо сунгуулж болох уу гэхээр нь би таны өмнө нь авсан гоожин 14, 15 хоног болчихсон байна, та шинээр гоожин авсан дээр байх гэсэн. Би тухайн өдөр гоожингоо дуусч байсан болохоор нэмж гоожин авах гээд төв рүү явчихсан байсан. С.А нь надад өмнө нь надаас авсан гоожингоороо мод бэлтгэчихсэн байсан, тэр модоо оруулж ирж чадаагүй байж байгаад одоо оруулж ирж байна гэж хэлсэн. Уг хэргийн улмаас ойн санд учирсан хохирлыг сумын төрийн сангийн 011700952 дугаарын дансанд 3 нугалж төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 105/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Дгийн мэдүүлсэн “Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 12 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Халзангийн давааны замд хяналт шалгалт хийж байхад Архангай аймгийн Булган сумаас мод ачсан 64-05 АРА улсын дугаартай Бонго мазда маркийн тээврийн хэрэгсэл Эрдэнэбулган сумын төв рүү нэвтрэхээр ирэхээр нь шалгахад мод бэлтгэх эрхийн бичиггүй, одоо байгаль хамгаалагчаар мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлэх гэж байна гэж надад ярьж байсан. Дээрх модыг би өөрийн нүдээр харахад шинээр унагасан, хэрчимлэж тайраагүй, босоо мод огтолж бэлтгэсэн мэт харагдаж байсан болохоор хаанаас, хэзээ, ямар төрлийн модыг хэн, хэн нь, яаж бэлтгэсэн эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоолгохоор тээврийн хэрэгслийг Эрдэнэбулган сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу дэд ахлагч Шатарт өгч явуулан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг Цагдаагийн байгууллагын бүртгэлд оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
мөрдөн байцаалтын шатанд С.Аийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Сонсгосон ял миний үйлдэлтэй тохирч байна. 2021 оны 02 дугаар сарын эхээр санагдаж байна, /би одоо он сараа яг тодорхой санахгүй байна /би Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн нутаг Хөндий хад гэх газраас ганцаараа өөрийн 64-05 АРХ улсын дугаартай Мазда бонго маркийн авто машинаар мод бэлтгээд маргааш нь аймаг руу орж ирээд цагдаад саатуулагдсан. Манай аймагт байдаг 2 охин түлээгүй болчихоод галын түлээ дөхүүлж өгөх санаатай байсан юм. Би 2 өмхтэй мод унагаасан. Бусад дандаа унаанга мод байсан. Би ганцаараа явсан. Би мод бэлтгэх үедээ цахилгаан хөрөө, модон иштэй сүх ашигласан. Би өмнө нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр мод бэлтгэх гээд эрхийн бичиг авсан байсан. Тэр бичгээрээ мод бэлтгээгүй байсан. Тухайн үедээ миний машин эвдэрчихсэн байсан болохоор чадаагүй. Тэгээд тэр бичгээ байгаль орчны байцаагчаар сунгуулах гэж байсан боловч сунгуулж чадаагүй. Би Мэндээтэй ярьсан чинь гоожин дуусчихсан гэж хэлсэн. Тэгээд хүлээгээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Халзангийн постон дээр зогсож байсан. Тэгтэл цагдаа хүрээд ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64/,
гэмт хэргийн улмаас байгаль орчинд 358.399 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 08 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан ба шүүгдэгч С.Аийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Аийн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б овогт Сгийн Аийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 358.399 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан бөгөөд уг хохирол болох 1.075.197 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /358.399*3=1.075.197 /нэг сая далан таван мянга нэг зуун ерэн долоо/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1.075.197 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч С.Аийг хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С.Аээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 64-05 АРХ улсын дугаартай 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мазда Бонго маркийн автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.075.197 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 274.803 төгрөг, 195.918 төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 метр урттай 47 ширхэг буюу 3.2653 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өнгийн 67.200 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг, 9.000 төгрөгийн үнэлгээ бүхий сүх нэг ширхэг зэргийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.А нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сгийн Аийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс явахыг 1 /нэг/ сарын хугацаагаар хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч С.Ад мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ад оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч С.Аээс 1.075.197 /нэг сая далан таван мянга нэг зуун ерэн долоо/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай, 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 14 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч С.Аээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 64-05 АРХ улсын дугаартай 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий Мазда Бонго маркийн автомашиныг хураан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 1.075.197 төгрөгийг төлүүлэн, үлдсэн 274.803 төгрөг, 195.918 төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 метр урттай 47 ширхэг буюу 3.2653 метр куб хэмжээтэй хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар хөх өнгийн 67.200 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг, 9.000 төгрөгийн үнэлгээ бүхий сүх нэг ширхэг зэргийг тус тус улсын орлого болгосугай.
8. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч С.Аийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ