Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 146/ШШ2018/00272

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, ам бүл 6, Өвөрхангай аймаг, ..........тоотод оршин суух, ........ регистрийн дугаартай, Х овогт Г-ийн Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1996 оны 08 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, Өвөрхангай аймаг, .......... тоотод оршин суух, .......... регистрийн дугаартай, И овогт Г-ийн Ц-д холбогдох,  хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Болд, нарийн бичгийн дарга Л.Мөнхнасан нар оролцов.  

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Г.Ц-той 10 жилд нэг анги байсан. Бид илүү дотносож 2016 оны 12 дугаар сараас эхлэн Улаанбаатар хотод хамт амьдарч байсан.  2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.Д-г төрүүлсэн. Г.Ц нь охин Б.Д-г төрсөн цагаас эхлэн одоог хүртэл миний хүүхэд биш гээд уулздаггүй.

 Иймд Г.Ц-ийг охин Б.Д-ийн эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Гандөш би хариуцагч Г.Ц-ийн хүсэлтээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хариуцагч Г.Ц нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй тул бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулан эцэг тогтоох шинжилгээ хийлгэсэн. Хариуцагч Г.Ц нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх үүргийг эдлэхийг надад шилжүүлсэний дагуу бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр Г.Ц нь охин Б.Д-ийн эцэг мөн гэж тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад         

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Б нь Г.Ц-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Г.Б, Г.Ц нар нь 2016 онд танилцаж, хамтран амьдрах хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Б.Д-г төрүүлсэн, охин Б.Д-гийн эцэг нь Г.Ц мөн болох нь хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2784 дугаартай шинжээчийн, 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 4854 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасан.

            Иймд Б.Д-ийн эцэг Г.Ц мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.  

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэг жилд төлөх тэтгэлэгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 30,844 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагчийн хүсэлтээр бүрэлдэхүүнтэй шинжээч томилж, шинжээчийн зардалд 100,000 төгрөгийг шүүхийн тамгын газраас шилжүүлсэн.  

Иймд шүүхийн зардал 100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Х овогт Б-ийн Д-гийн эцэг И овогт Г-ийн Ц мөн болохыг  тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Б.Д-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ц-оос сар бүр  тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, 56 дугаар зүлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-оос 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-оос 30,844 төгрөг, шүүхийн зардал 100,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Э.ДУЛМАА