Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2017/ШЦТ/164

 


                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дөөр хөтлүүлж
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: С.******* нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овгийн Сгийн *******од холбогдох эрүүгийн 20000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт Архангай аймгийн ******* сумын ******* багт амьдардаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Д овгийн Сийн ******* /РД:А0000000/,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.******* нь 2017 оны 01 дүгээр сард Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Орхон 4 дүгээр хорооллын 3-4 тоотод оршин суух иргэн Т.******* хувийн байшинд түүний бага насны хүүхдүүдийг унтаж байхад нь сэм нэвтэрч гэрээс Самсунг эс-2 маркийн гар утас, мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж, гинж, мөнгөн гинж, кулон, бөгж, эрэгтэй хүний монетон сүүн бөгж, Хаан банкны виза картнаас бэлэн 45.550 төгрөг зэргийг нууцаар хууль бусаар хулгайлан авч 2.995.550 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогч Т.******* гэх хүнд учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулсан байгаа. Өөр хэлэх зүйл байхгүй гэжээ.
    
Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Т.******* өгсөн: ... 2017 оны 01 дүгээр сарын эхээр байх би өдрийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн ******* сумын ******* багийн төвд байх өөрийн байшингаасаа эд зүйл алдсан. Хэрэг гарах үед манай гэрт манай хоёр жоохон хүүхэд гэртээ унтаж байсан юм. Би сумын төвөөр ажилтай явж байгаад хэсэг хугацааны дараа гэртээ харьсан юм. Үүнээс хойш хэд хоногийн дараа авдраа уудалж үзэж байсан чинь манай 3 ширхэг мөнгөн аяга алга болчихсон байсан. Тэгээд юмнуудаа үзсэн чинь эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эрэгтэй хүний монетон сүйн бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний мөнгөн бөгж 1 ширхэг, гинж 1 ширхэг кулон 1 ширхэг, эмэгтэй хүний монетон гинж 1 ширхэг, самсунг галакси ЭС 2 маркийн гар утас 1 ширхэг тус тус алга болсон байсан. Гурван ширхэг мөнгөн аяганы нэг нь хуучны 5 үе дамжсан дээр үеийн аяга байсан юм. Нөгөө 2 ширхэг аяга нь орчин үеийн мөнгөн аяга байсан. Эмэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг байсан. Тэр нь дээд талдаа шигтгээтэй зузаан бөгж байсан. Эрэгтэй хүний монетон сүйн бөгж нь нимгэн хаан сүйх шигтгээтэй байсан. Эмэгтэй хүний мөнгөн бөгж, гинж кулон нь том сувдан шигтгээтэй байсан. Эмэгтэй хүний монетон гинж нь цулгуй нарийхан шүлжмэлдүү, харин самсунг галакси ЭС 2 маркийн гар утас нь хуучин хэрэглэж байсан гар утас юм. Би хулгайд алдсан эд зүйлсээ өмнө нь тайлбар өгөөд сумын үнэлгээний комиссоор үнэлүүлж үнэлгээ гаргуулчихсан. Би 3 ширхэг мөнгөн аяга, монетон гинж, монетон ээмэг зэргийг нь олж авсан. Одоо 2 ширхэг монетон бөгж олдоогүй байгаа. Би хохирлоо авчих юм бол гомдолгүй. Миний картанд тухайн үед 50.000 төгрөг байсан байх. ******* надад 100.000 төгрөг өгсөн. Хулгайд алдсан бөгжөө *******оор төлүүлэх хэрэгтэй байна. Хэрэг гарсаны дараа ******* манай гэрт сумын хэсгийн төлөөлөгчтэй хамт ирж уулзахдаа хөдөө хээр явж байгаад хоёр бөгж хаячихсан талаар ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 31-33, 109-110 хуу/

Гэрч Х.******* өгсөн: ... 2017 оны 01 дүгээр сард гэртээ үлдэж байсныг сайн мэдэхгүй байна. Намайг ажилдаа явсан хойгуур манай нөхөр Т.******* гэртээ хараад үлддэг. Манай 2 хүүхэд том нь 4 настай бага нь 3 настай хоёулаа цэцэрлэгт явдаг. Би тухайн хэрэг болсон өдөр сумаас ойрхон байх газарт мал дээрээ очдог юм Тэгээд 2017 оны 01 дугаар сард өдрийг нь сайн санахгүй байна 5 дахь өдрийн орой ажлаа тараад нөхөр хуүхдүүдтэйгээ хамт ******* сумын Тоглох багт байрлах өөрийн нөхрийн төрсөн ах Машбатын гэрт очихоор явсан юм. Тэгээд бүтэн сайн өдөр бид нар гэртээ ирээд манай нөхөр 1 дэх өдөр нь Улаанбаатар хот руу явах гээд хаан банкны картаа хайсан чинь олдохгүй байсан. Тэр өдрөөс хойш 4-5 хоногийн дараа гэртээ байх авдраа нээгээд үзсэн чинь манай авдарт байсан 3 ширхэг мөнгөн аяга байхгүй болчихсон байсан. Хүүхдийн хувцас хийдэг шүүгээнд байсан миний мөнгөн гинж, мөнгөн бөгж 1 ширхэг, гар утас галакси эс-2, виза карт, монетон гинж, монетон бөгж 1 ширхэг, монетон хуримын бөгж 1 ширхэг, тус тус алга болчихсон байсан. Мөнгөн аяга нь хуучны мөнгөн аяга байсан нэг нь ёроолдоо хээтэй, нэг нь цулгуй, утас нь гадна талаараа хар гэртэй, монетон бөгж нь хуримын хаан бугуйвч нэртэй, нөгөө монетон бөгж нь орц ихтэй дээрээ цэнхэр өнгийн шигтгээтэй байсан. Манай сумын ******* гэх хүн авсан байсан. Намайг гэртээ ирэхэд манай хаалга цоожтой байсан тэр хулгайч түлхүүр тааруулж орсон байх цонх хаалга эвдсэн юм байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 34, 36-37 хуу/

Гэрч Г.******* өгсөн: ... Манай хүү С.******* манай 2 дахь хүүхэд ямар нэгэн зөрүүд зан ааш үгүй, дуулгавартай хүний үгээр хүнд тусар хуу хүүхэд байгаа юм. 9 дүгээр ангиа төгсөөд гагнуурын коллежид яваад өнгөрсөн өвөл төгсөж ирсэн. Ирснээсээ хойш энд *******т гэртээ байгаа урьд өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, томоотой хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 35 хуу/

Гэрч Ц.******* өгсөн: ... Би 2017 оны 02 дугаар сарын эхээр өдрийг нь яг сайн санахгүй байна. Өөрийнхөө 17-70 УНМ улсын дугаартай ногоон өнгийн Истана маркийн машинаар Улаанбаатар хот руу явсан юм. Тэр үед манай сумаас сумын их эмч, нэг хүүхэн залуу хоёр нэг туранхай шар хүүхэд суугаад хот руу явсан юм. Тэгээд би хот ороод хүмүүсээ буулгаж өгчхөөд хамаатныхаа ахынд очиж хоносон. Анх миний машинд суухдаа ******* сумын төвөөс зүүн хойшоо байдаг цагаан өнгийн марк-2 машинтай айлын гаднаас суусан. Гартаа ямар нэг зүйл бариагүй жижигхэн үүрдэг цүнхтэй байсан. Хүн тосож аваагүй. Өөрөө Сонгино хайрхан дүүрэгт байдаг 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр буусан. Би урд жолоо бариад явж байсан болохоор хүнтэй утсаар ярьсан эсэхийг анзаараагүй.. ...гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 хуу/

Гэрч Б. өгсөн: Би сар, өдрийг нь санахгүй байна. Одоогоос бараг 2-3 сарын өмнө танихгүй 2 залуу манайхаар орж ирээд намайг дэлгүүрт ажиллаж байхад ******* гэх хүний карт танай дэлгүүрт уншигдсан байгаа гээд камер шүүгээд явсан. Гэтэл түүнээс хойш удаагүй 1 танихгүй залуу ******* гэх картаар юм авах гээд уншуулахаар нь наад карт чинь хулгайн карт гэж хэлээд автал “ямар сонин юм бэ, энэ карт миний ахын карт, ахыгаа дагуулаад ирье” гэж хэлээд гараад явсан.  Дахиж орж ирээгүй. Камерын бичлэг шүүхэд манайхаас юм авсан залуу мөн байсан. Тэрнээс хойш манай дэлгүүрээр дахиж орж ирээгүй. Яг хэдэн төгрөгийн гүйлгээ хийснийг нь санахгүй байна. Манай камер 7 хоногийн хугацаатай хадгалдаг учир одоо бичлэг байхгүй. Тэр залуугийн царай зүсийг нь танихгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 хуу/

Гэрч С. өгсөн: ... 2017 оны 01 дүгээр сарын дундуур манай хадам талын хамаатан ******* гэх хүн сумын цагдаад гэрт нь хулгай орж эд зүйл алдсан талаараа хэлээд сумын цагдаа манай гэрт ирж надад хэлсэн. Надад хэлэхдээ танай хүү ******* ******* гэх айлд орж мөнгөн аяга, гар утас, зүүлт, виза карт зэрэг эд зүйлс хулгайлсан байна гэж надад хэлсэн. Манай хүү ******* нь элдэв янзын зангүй, хүнд тусархуу хүний үгнээс гараад байдаггүй ажилсаг хүүхэд байгаа юм. Манайх ам бүл 7 ******* бол манай 2 дахь хүүхэд бөгөөд доороо 3- н дүүтэй дээрээ 1 эгчтэй хүүхэд байгаа. Гэр орон эгч дүү нартаа халамж сайтай тэдний дунд нэр хүндтэй сайн хүүхэд байгаа юм. Яагаад ийм хэрэг хийсэн талаар  мэдэхгүй байна. Өмнө нь янз бүрийн хулгайн хэрэгт холбогдож байгаагүй юм. Тухайн гэмт хэрэгт хамтран оролцсон, гэмт хэрэг хийхийг тулгаж шаардсан дарамталсан хүн байгаа талаар би мэдэхгүй байна. Манай хүү ангийнхаа хүүхдүүдтэй л найзалдаг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

Гэрч Б. өгсөн: ...Манай ломбард 3 сар болоод өмнөх саруудын бичиг баримтууд болон эд зүйл тавьсан баримт бичгийг архивт хийдэг учраас би одоо яг хэн гэдэг хүн хэдэн сард манай ломбарданд юу тавьсан талаар мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 хуу/

Гэрч Т. өгсөн:.. Би тухайн бөгжийг мэднэ. Хуримын хос бөгж байсан юм. Манай хоёр дүүг хуримаа хийх үед нь манай аав ээж хоёр бэлгэдэж байсан. Хатан сүйх, хаан сүйх хээтэй бөгж байсан. Би хамгийн сүүлд 2016 оны 12 дугаар сарын шинэ жилээр гэрт нь байхдаа харсан. Тэр үед манай хоёр дүү хосоор нь зүүчихсэн байсан....гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 хуу/

С.*******ын яллагдагчаар мэдүүлсэн: ... 2017 оны 01 дүгээр сарын 25, 26 үед байх өдрийг нь сайн санахгүй байна. Манай хамаатны ах ******* ах намайг өвс ачаад өгөөч гэж хэлэхээр нь би тэдний хашаанд байсан өвсийг машин дээр нь ачиж өгсөн юм. Тэгээд би дуусгаад гэртээ харьсан юм. Маргааш өглөө нь 11:00 цагийн үед би ******* ахын гэрт нь дахиж ирээд гэрт нь орсон чинь тэдний хоёр хүүхэд нь байшиндаа хойд талын орон дээрээ унтаж байхаар нь би явж ороод авдрыг нь ухаад гурван ширхэг мөнгөн аяга авсан. Тэгээд гэрт нь байдаг хувцасны шүүгээг нь онгойлгоод мөнгөн ээмэг, бөгж , монетон гинж, нэг ширхэг самсунг С2 маркийн утас, нэг ширхэг Хаан банкны виза карт авсан. Тэгээд би ******* багт байх гэртээ харихаар явсан. Тэгээд орой 20:00 цаг өнгөрч байхад манай ээжийн ах согтуу машин бариад өг гээд байхаар нь машиныг нь бариад хөдөө байдаг гэрт нь очихоор явсан юм тэндээ хоночхоод маргааш нь гэртээ ирсэн. Тэгээд бараг сарын дараа хот руу сумандаа байсан нэг машинаар явсан. Хот руу явахдаа би хулгайлсан 3 ширхэг мөнгөн аяга, виза картыг нь аваад явсан. Тэгээд би хотод очоод очсон оройноо Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд байдаг автобусны буудлын хажууд байдаг ломбарданд 110.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд тэр мөнгөөрөө хүнд өгөх ёстой байсан мөнгөө өгсөн. Тэр өдрийхөө орой нь Их байдаг Энхийн булаг гэх дэлгүүрт виза картыг нь уншуулж 1 ширхэг цэнэглэгч, +С нэртэй ундаа 1 ширхэг, 10.000 төгрөг бэлэг гаргуулж авсан. 15.000 төгрөгөөр утсаа сунгуулсан өөр юу авсанаа сайн санахгүй байна. Тэгээд хотод 7 хоночхоод буцаад сумандаа ирсэн. Намайг гэрт нь ороход хоёр хүүхэд нь унтаж байсан. Өөр хүн байгаагүй. Намайг хулгай хийж байхыг харсан хүн байхгүй. Надад ямар нэгэн шалтгаан байгаагүй. Гэрт нь ороод хулгай хиймээр санагдсан юм. Надад хулгай хийхийг хүн зааж өгөөгүй. Би хулгай хийж авсан эд зүйлсээ гэрийнхээ амбаар дотор нуучихсан байсан юм. Би хөдөө явж байгаад бөгж хаячихсан байсан чинь манай дүү олоод надад өгөхөөр нь би хохирогчид буцаагаад өгсөн. Тэгэхэд тэнд хаан сүйх хээтэй энгийн бөгж хоёр байгаагүй. Би тухайн үед Их наранд байдаг дэлгүүрээс ундаа, утсандаа нэгж, утсаа сунгуулаад бэлнээр 10.000 төгрөг авсан. Өөр юу авснаа тодорхой сайн санахгүй байна. Нийт 45.550 төгрөг авсан байх. Би *******ад 100.000 төгрөг буцааж өгсөн....гэх мэдүүлэг /хх-ийн 58-59, 61-62, 113-114 хуу/


Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 хуу/
Эд зүйлд хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23 хуу/
ХААН банкны 0000000 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 25 хуу/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17, 28-29 хуу/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24 хуу/
Архангайн аймгийн ******* сумын Тоглох багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 хуу/
Архангай аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт /хх-ийн 64 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 67-68 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69 хуу/
Хохирогч Т.*******  гаргасан С.*******оор хохирлоо бүрэн төлүүлж авсан, ямар нэгэн гомдол, саналгүй тухай хүсэлт / хх-ийн 134 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгчийг яллагдагчаар болон  хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, нөхцөл байдлыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шалгах ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.*******од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.


Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.******* нь 2017 оны 01 дүгээр сард Архангай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Орхон 4 дүгээр хорооллын 3-4 тоотод оршин суух иргэн Т.******* гэрээс 2.995.550 төгрөгийн үнэ бүхий Самсунг эс-2 маркийн гар утас, мөнгөн аяга 3 ширхэг, эмэгтэй хүний монетон бөгж, гинж, мөнгөн гинж, кулон, бөгж, эрэгтэй хүний монетон сүйн бөгж, Хаан банкны виза картнаас 45.550 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нөхцөл байдал тогтоогдлоо.


Шүүгдэгч С.******* нь бусдын эд зүйлийг хулгайлж авсан өөрийн үйлдлийн хувьд маргаагүй бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Т.*******, гэрч Х.Цэрэндулам, Ц.Амарзаяа, Б.Алтаннавч нарын мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар батлагдаж байна.


Шүүгдэгч С.******* нь иргэн Т.******* байшинд нэвтэрч 2.995.550 /хоёр сая есөн зуун ерин таван мянга таван зуун тавь/ төгрөгийн эд зүйл хулгайлсан үйлдэл нь 2002 оны Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан  гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ. 


Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “...орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн...бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ..” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад … хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол хоёр  жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. гэж тус тус заажээ. 2002 он, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн тохиолдолд  оногдуулах ялын байдлаас дүгнэхэд шүүгдэгч С.*******од холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэхэд түүний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул энэ хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.


Иймд шүүгдэгч С.*******ыг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Т.******* нь шүүгдэгч С.*******оос хохирлоо бүрэн төлүүлж авсан, ямар нэгэн гомдолгүй талаар хүсэлт гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.


Шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ХААН банкны 00000000000000 дугаартай картыг хохирогч Т.*******ад буцааж олгох зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон   
                                            
                                                       ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овгийн Сгийн *******ыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгө хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.  Монгол Улсын 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу С.*******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4. Шүүгдэгч С.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хаан банкны 9496188198864600 дугаартай картыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогч Т.*******ад буцаан олгосугай.

6. Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч С.*******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 


8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ