| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0150/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/141 |
| Огноо | 2021-07-22 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | С.Батсүх |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2021/ШЦТ/141
2021/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: С.Батсүх
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Батцэрэн
Шүүгдэгч: Ц.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цын Од холбогдох 2112000000159 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Их тамир сумын Тайхар багийн нутаг Тээг хороолол гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй Б овогт Цын О /РД:../
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.О нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Тээг хорооллын 3-5 тоотод согтуурсан үедээ “400.000 төгрөгийн өр тавилаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Б.Мгийн хүзүү тус газарт нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд нь хүзүүний 6 дугаар нугалмын босоо сэртэнгийн хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.О мэдүүлэхдээ: Миний бие үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би цохиж авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000159 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мгийн мэдүүлсэн: ...2021 оны 05 дугаар сарын 19-ний орой би ажлаа тараад гэртээ ирсэн юм. Намайг гэртээ ирэхэд миний нөхөр Ц.О гэртээ байгаагүй. Нөхрийнхөө утас руу залгаж хаана байгааг нь асуухад айлд байна гэж хэлсэн. Архи уусан бололтой байсан. Би нөхрийгөө гэртээ байгаа юм бол хоол хийгээд байж байхгүй, архи уугаад яваад байх юм гэж уурласан юм. Удаагүй Ц.О гэртээ согтуу орж ирээд миний ууж идэх, хаагуур явах, чамд ямар хамаатай юм гэж уурлаад байсан. Тэгснээ над руу пивор сандал авч шидсэн бөгөөд тэр нь намайг оноогүй юм. Над дээр ирээд миний гуя, бөгс рүү хөлөөрөө олон удаа өшиглөж, гараараа миний гарын булчин хэсэг рүү олон удаа цохиж, намайг зодсон. Би айсандаа гэрээс гарч гүйгээд жорлонд орж байгаад утсаар ярих гэтэл араас гарч ирээд жорлон дотор орж ирээд миний нуруу руу гараараа 3-4 удаа цохиж аваад чамайг энэ жорлонд алчихаад булна гэж айлгаж дарамтлаад байсан. Би нөхрийгөө аргадаж байгаад арай гэж гэрт оруулаад гаднаас нь хаалгыг нь хаагаад түгжих гэтэл дийлээгүй. Ц.О хаалга түлхэж гарч ирээд миний хүзүү рүү цохисон. Тэр үед би хэсэг ухаан алдсан юм. Сэрээд ухаан ортол Ц.О миний дээр суучихсан, өмсөж байсан куртикний захаар хоолой боогоод байж байсан. Би арын гудамжинд байдаг, надтай хамт ажилладаг Э эгчийн нэрийг дуудаж орилоход гараараа ам дараад хоолой боогоод байсан. Арай гэж аргадаад босоод нүүрээ машины толинд хартал баруун талын нүд хөхөрч хавдаад хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Намайг ухаан алдаад унахад миний нүүр рүү цохисон байсан. Намайг гэр рүү авч орж ална гээд чирээд байхаар нь би орохгүй гэж ноцолдоод байж байтал хашааны гадна машинтай хүн ирсэн юм. Би хүн ирчихсэн байна гээд очтол Алтай ах байсан бөгөөд Ц.Ог асуухаар нь дуудаж өгчихөөд би хойгуур хашаа давж гараад Э эгчийнд орсон. Э эгч цагдаа дуудъя гээд байсан. Би утсаар ээж рүү ярьсан юм. Ээж хөдөөнөөс ирж цагдаа дуудсан юм. Тэр үед Ц.О намайг хайж Э эгчийнд орж ирсэн. Тэрнээс хойш гэртээ орж ирээгүй байна. Баруун талын нүд хөхөрч хавдсан, баруун нүдний зовхи шалбарсан, хүзүүний 6 дугаар сэртэн яс зөрж хугарсан, гар, хөлийн цохисон хэсэгт хөхөрч хавдаагүй ч хөндүүрлэж, өвчтэй байна. Нөхөр бид хоёр байсан. Өөр ямар нэгэн хүн байгаагүй. Зодуулсны дараа Э эгчийнд орсон. Тэнд байсан хүмүүс намайг зодуулсны дараах байдлыг харсан. Би Ц.Отай хамт амьдраад 3 жил болж байна. 2019 оны өвөл архи ууж ирчихээд цохиж зодохоор нь цагдаад дуудлага өгч тэр үед 14 хоног баривчилгаанд яваад ирсэн юм. Тэрнээс хойш байнга дарамталж, цохиж зоддог болсон. 2021 оны 01 дүгээр сард согтуу орж ирээд маргалдаад сандлаар толгой руу цохиж, толгой хагалсан. Энэ талаар Э эгч мэдэж байгаа. Тухайн үед цагдаа дуудах гэж байгаад нөхрийгөө унтаад өгөхөөр нь больчихсон юм. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эгийн мэдүүлсэн: ...2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой 20 цагийн орчим намайг гэртээ байхад Б.М манай гэрт гүйсээр орж ирсэн. Нөхөр зодоод байхаар нь зугтаад гараад ирлээ гэж хэлсэн. Б.Мгийн баруун талын нүд нь хөхөрч хавдаад цус гарчихсан байсан. Манайд байж байгаад хөдөөнөөс ээж, дүү нар нь ирээд гэр рүүгээ орсон. Миний ээжийн бие тааруу байгаа болохоор би Б.Мтай сайн ярилцаж чадаагүй. 2021 оны 01 дүгээр сард байх, би өдрийг нь сайн санахгүй байна, цаг орой болчихсон би гэртээ унтаж байхад эмнэлгийн дарга Номин-Эрдэнэ утсаар залгаад Б.Мг нөхөр нь зодоод байна, та гэрт нь ороод юу болоод байгааг үзээдэх гэж хэлсэн. Манай урд талын хашаа болохоор би гэрт нь яваад ороход Б.Мгийн толгойноос нь цус гарчихсан сууж байсан. Толгойг нь үзэхэд язарсан шарх гэмтэлтэй байсан. Нөхөр нь согтуу байсан. Би нөхрийг нь загнаж байгаад гэртээ орсон. Надад юугаар цохисон, яасан талаар юм яриагүй. Намайг зодоод ийм болгочихлоо гэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Лийн мэдүүлсэн: ...2021 оны 04 дүгээр сарын дундуур байх, Б.М нь надтай уулзаад 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг зээлчих, би ямаагаа самнаад ноолуураа танд өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч данс руу нь шилжүүлж өгсөн. Одоо надад ноолуур болон мөнгөө өгсөн зүйл байхгүй байна. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Мгийн нөхөр Ц.О манай “Аянчин” мини маркет дэлгүүрт орж ирэхээр нь танай эхнэр ноолуур өгнө гэж хэлээд 400.000 төгрөг авсан, ноолуурын үнэ унаад байна, ноолуураа өгөхгүй юм уу гэж хэлсэн. Ц.О тийм үү гэж хэлээд өөр юм яриагүй гараад явсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ц.Огийн мэдүүлсэн: ...Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг үнэн, зөвөөр мэдүүлсэн. Мөн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болохоор өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 170 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1. Б.Мгийн биед хүзүүний 6 дугаар нугалмын босоо сэртэнгийн хөндлөн хугарал /доош сэлтэрсэн/, баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Хүзүүний 6 дугаар нугалмын босоо сэртэнгийн хөндлөн хугарал /доош сэлтэрсэн/, хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний дээд доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 07-08 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 58 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59 хуу/
Улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг /хх-ийн 63 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 хуу/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 67 хуу/
Хохирогчийн хүсэлт /хх-ийн 72 хуу/
Шүүгдэгчийн хүсэлт /хх-ийн 73 хуу/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Тээг хорооллын 3-5 тоотод Б.М нь гэр бүлийн харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ц.Од зодуулж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.О нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ц.О нь 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Ихтамир сумын Тайхар багийн нутаг Тээг хорооллын 3-5 тоотод согтуурсан үедээ “400.000 төгрөгийн өр тавилаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Б.Мгийн хүзүү тус газарт нь цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд нь хүзүүний 6 дугаар нугалмын босоо сэртэнгийн хөндлөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Мгийн мэдүүлсэн “Удаагүй Ц.О гэртээ согтуу орж ирээд миний ууж идэх, хаагуур явах, чамд ямар хамаатай юм гэж уурлаад байсан. Тэгснээ над руу пивор сандал авч шидсэн бөгөөд тэр нь намайг оноогүй юм. Над дээр ирээд миний гуя, бөгс рүү хөлөөрөө олон удаа өшиглөж, гараараа миний гарын булчин хэсэг рүү олон удаа цохиж, намайг зодсон. Би айсандаа гэрээс гарч гүйгээд жорлонд орж байгаад утсаар ярих гэтэл араас гарч ирээд жорлон дотор орж ирээд миний нуруу руу гараараа 3-4 удаа цохиж аваад чамайг энэ жорлонд алчихаад булна гэж айлгаж дарамтлаад байсан. Би нөхрийгөө аргадаж байгаад арай гэж гэрт оруулаад гаднаас нь хаалгыг нь хаагаад түгжих гэтэл дийлээгүй. Ц.О хаалга түлхэж гарч ирээд миний хүзүү рүү цохисон. Тэр үед би хэсэг ухаан алдсан юм. Сэрээд ухаан ортол Ц.О миний дээр суучихсан, өмсөж байсан куртикний захаар хоолой боогоод байж байсан. Би арын гудамжинд байдаг, надтай хамт ажилладаг Э эгчийн нэрийг дуудаж орилоход гараараа ам дараад хоолой боогоод байсан. Арай гэж аргадаад босоод нүүрээ машины толинд хартал баруун талын нүд хөхөрч хавдаад хөмсөгнөөс цус гарчихсан байсан. Намайг ухаан алдаад унахад миний нүүр рүү цохисон байсан. Намайг гэр рүү авч орж ална гээд чирээд байхаар нь би орохгүй гэж ноцолдоод байж байтал хашааны гадна машинтай хүн ирсэн юм. Би хүн ирчихсэн байна гээд очтол Алтай ах байсан бөгөөд Ц.Ог асуухаар нь дуудаж өгчихөөд би хойгуур хашаа давж гараад Э эгчийнд орсон. Э эгч цагдаа дуудъя гээд байсан. Баруун талын нүд хөхөрч хавдсан, баруун нүдний зовхи шалбарсан, хүзүүний 6 дугаар сэртэн яс зөрж хугарсан, гар, хөлийн цохисон хэсэгт хөхөрч хавдаагүй ч хөндүүрлэж, өвчтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Эгийн мэдүүлсэн “2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн орой 20 цагийн орчим намайг гэртээ байхад Б.М манай гэрт гүйсээр орж ирсэн. Нөхөр зодоод байхаар нь зугтаад гараад ирлээ гэж хэлсэн. Б.Мгийн баруун талын нүд нь хөхөрч хавдаад цус гарчихсан байсан. Манайд байж байгаад хөдөөнөөс ээж, дүү нар нь ирээд гэр рүүгээ орсон. 2021 оны 01 дүгээр сард байх, би өдрийг нь сайн санахгүй байна, цаг орой болчихсон би гэртээ унтаж байхад эмнэлгийн дарга Номин-Эрдэнэ утсаар залгаад Б.Мг нөхөр нь зодоод байна, та гэрт нь ороод юу болоод байгааг үзээдэх гэж хэлсэн. Манай урд талын хашаа болохоор би гэрт нь яваад ороход Б.Мгийн толгойноос нь цус гарчихсан сууж байсан. Толгойг нь үзэхэд язарсан шарх гэмтэлтэй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Лийн мэдүүлсэн “2021 оны 04 дүгээр сарын дундуур байх, Б.М нь надтай уулзаад 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөг зээлчих, би ямаагаа самнаад ноолуураа танд өгье гэж хэлэхээр нь би зөвшөөрч данс руу нь шилжүүлж өгсөн. Одоо надад ноолуур болон мөнгөө өгсөн зүйл байхгүй байна. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б.Мгийн нөхөр Ц.О манай “Аянчин” мини маркет дэлгүүрт орж ирэхээр нь танай эхнэр ноолуур өгнө гэж хэлээд 400.000 төгрөг авсан, ноолуурын үнэ унаад байна, ноолуураа өгөхгүй юм уу гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,
мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр Ц.Огийн мэдүүлсэн “Би өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийг үнэн, зөвөөр мэдүүлсэн. Мөн гэм буруугаа болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болохоор өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна”, “миний бие үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би цохиж авснаа хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
хохирогч Б.Мгийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 170 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 07-08/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Цын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Огийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.
Шүүгдэгч Ц.Огийн үйлдсэн гэмт хэрэг нь дээрх Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтад хамаарч байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Од холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосон байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Цын Ог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12.8 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Од холбогдох 2112000000159 тоот эрүүгийн хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.Огийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ