Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/987

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, улсын яллагч Ж.Отгончимэг, шүүгдэгч Д.П нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *******  дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З овгийн Дын П, *** оны * дугаар сарын **-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ХАБ-ын инженер мэргэжилтэй, ’’Таван толгой” Гашуун сухайтад хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер ажилтай, ам бүл тав, эх, эгч, дүү, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Хабитат **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд:

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, ял биелэгдсэн.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.П нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын ам “Амьд байгаль” амралтын газар 2022 оны 05 дугаар сарын 07-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Л.Д тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүр хэсэгт 2-3 удаа гараа цохиж, хөл рүү нь өшиглөж биед баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дух, эрүү, уруул, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун шилбэнд зулгаралт 1 шүдний сулрал, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, З овгийн Дын П нь 2022 оны 05 дугаар сарын 07-ны орой, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын ам “Амьд байгаль” амралтын газар найз Л.Д тай хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Л.Д ыг “түрүүлээд унтлаа” гэж хэлэхэд уурлан түүний нүүр хэсэгт 2-3 удаа цохиж, хөл рүү нь өшиглөж, бие махбодод нь “...баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дух, эрүү, уруул, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун шилбэнд зулгаралт, 1 шүдний сулрал, 1 шүдний паалангийн эмтрэл...бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Л.Д-ын ”... 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Бумбатын амны “Амьд байгаль” амралтын газар байж байгаад найз П-ыг дуудсан. 19 цагийн үед П манай амралтын газар ирсэн ба бид хоёр 0.75 литрийн Эдэн нэртэй архи 2 шилийг хувааж уугаад би түрүүлээд унтах гэж байтал П “түрүүлээд унтах гэлээ” гээд уурлаад миний нүүр бие хэсэг рүү гараараа 3,4 удаа цохиж, өшиглөөд байсан. Одоо надад гомдол санал байхгүй. Би эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ үйлчилгээ аваагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9 дэх тал), шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6914 дугаартай: “Л.Д-ын биед баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дух, эрүү, уруул, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун шилбэнд зулгаралт, 1 шүдний сулрал, 1 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Д.П нь яллагдагчаар “....Би Д-ын амралтын газар болох “Амьд байгаль” нэртэй амралтын газар 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд очсон. Очиход Д нэг танихгүй залуутай архи уугаад байж байсан ба тэр залуу удалгүй яваад өгсөн. Тэгээд Д бид 2 үлдээд би Д дээр ирэхдээ авчирсан 1 литрийн Эдэн нэртэй хувааж ууж байтал Д “унтлаа” гээд байхаар нь би уурлаад “чи хүн дуудчихаад, хүн ирээд удаагүй байхад унтлаа гээд байх юм” гээд нүүр болон бие хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон...” гэж (хавтаст хэргийн 57-58 дахь тал) мэдүүлсэн бөгөөд шүүх хуралдаанд “..яллах дүгнэлтэд бүгд үнэн зөв бичигдсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон...” гэв.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байсан болно.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Прокурорын хяналтын шатанд яллагдагч Д.П нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх бөгөөд прокурор түүний хүсэлтийг хүлээн авч, түүнтэй эрүүгийн хариуцлагын талаар урьдчилан тохирч, яллагдагч прокурорын саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2, 17.3 дугаар зүйлд заасан үндэслэл, журамд нийцсэн байна.

Шүүгдэгч Д.П нь дээд боловсролтой монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6914 дугаар дүгнэлтээр хохирогч Л.Д-ын биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Д.П-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Л.Д-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Шүүгдэгч Д.П-ын хохирогчийг цохиж, өшиглөсөн үйлдэл болон хохирогч Л.Д-ын биед учирсан “баруун нүдний алим, зовхи, зүүн нүдний зовхи, зүүн хацар, дух, эрүү, уруул, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, баруун шилбэнд зулгаралт, 1 шүдний сулрал, 1 шүдний паалангийн эмтрэл” бүхий гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байх бөгөөд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.П-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч хохирогч Л.Д нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны тов мэдэгдэх үед мэдүүлсэн байх тул шүүгдэгч Д.П-ыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1.     Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Д.П-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.П-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 31 дэх тал), эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай албан тоот (хавтаст хэргийн 29 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 32 дахь тал), байнга оршин суугаа газрын лавлагаа (хавтаст хэргийн 33 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35-36 дахь тал), шүүгдэгчийн орлогыг тодорхойлсон Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 37 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 46-49 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Прокуророос гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулах, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” талаарх саналыг шүүгдэгч Д.П хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх ба уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

            2.2.       Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.З овгийн Д-ын П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Д.П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.П-д оногдуулсан зургаан зуун тавин мянган төгрөгөөр торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.П-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.П нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.П-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА