Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 637

 

 

 

 

 

 

 

2019         6              27                                             2019/ДШМ/637

 

И.Т, Э.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор О.Гэрэл,

шүүгдэгч И.Т, түүний өмгөөлөгч А.Ганбат,

нарийн бичгийн дарга Г.Жамбалдорж нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Т, түүний өмгөөлөгч А.Ганбат нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, И.Т, Э.Э нарт холбогдох 1808056900026 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Авгас овгийн Иын Т, 1998 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, өвөө, эмээ, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Өнөр” хороолол ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

2. Тооно овгийн Эын Э, 2001 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баянгол дүүргийн 28 дугаар бүрэн дунд сургуулийн 12 дугаар ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../;

И.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг Э.Этэй бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,

улмаар 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сонинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Э.Зулбаатар гэгчид гялгар уутны хамт 60 грамм “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг өгсөн,

2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, “Өнөр” хороолол 32 дугаар байрны 301 тоотод орших өөрийн гэртээ 261.58 грамм мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Э.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний Байгууллагын эм, сэтгэцэд нөлөөт бодисыг И.Ттэй бүлэглэн худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Нийслэлийн Прокурорын газраас: И.Т, Э.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Авгас овогт Иын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “ургамал”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, бусдад өгсөн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Тооно овогт Эын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох “Дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “ургамал”-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг баримтлан, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар И.Тг 1 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Э.Эийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ээд оногдуулсан 1 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж биечлэн эдлэх ялыг 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар И.Тд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Ээд оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар И.Тгийн урьдчилан цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Ээд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаа Э.Ээд Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон 1 жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож хорих ялыг биечлэн эдлүүлэхийг Э.Ээд мэдэгдэж, Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цаасны хамт 60 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй бодис, 0,4 грамм “өвс” гэх нэршилтэй бодис, 256 грамм “өвс” гэх нэршилтэй бодисууд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, И.Т, Э.Э нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, Э.Э цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч И.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Миний бие амьдралд хөл тавьж буй дөнгөж 21 насандаа хорих ялаар шийтгүүлж, хүний эрх чөлөө гэж ямар үнэтэй зүйл байдгийг ойлгож маш их гэмшиж байна. Хэргийн бодит байдлыг нуун дарагдуулахгүй хэргийг үнэн зөвөөр хүлээж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн билээ. Цаашид алдаа дутагдал гаргахгүй. Гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй чин шударга байж, гэмт хэргийн хор уршиг түүний үр дагаврын хор хөнөөлийн талаар өөрийн хүрээлэн буй орчны хүмүүст байнга тайлбарлан үлгэрлэж амьдрах болно. Иймд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Т нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Үйлдсэн гэмт хэрэгтээ дүгнэлт хийж, чин санаанаасаа гэмшиж байгаа. Цаашид амьдралдаа бодит зорилго тавин амьдарч байгаа. Найз нөхдөдөө мансууруулах төрлийн гэмт хэргийн хор аюулын талаар байнга тайлбарлан сануулж байгаа зэргээс харахад ялыг хөнгөрүүлэн заавал хорилгүйгээр тэнсэн харгалзах ялаар хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. И.Т нь уг гэмт хэрэгт холбогдохдоо 18-20 насны хүүхэд ахуй наснаасаа амьдралд хөл тавьж буй гэнэн томоогүй байдлаар хандаж, мансууруулах төрлийн өвс түүж чухам ямархуу нөлөө үзүүлэх талаар сонирхолдоо хөтлөгдсөн гэнэн томоогүй үйлдэл юм. И.Тгийн холбогдсон хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэг юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү...” гэв.

 

Прокурор О.Гэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ. “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг үнэн зөв шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Шүүгдэгч И.Тгийн хэлсэн зүйлийн тухайд өөр гэмт хэрэгт хамтран туслалцаа үзүүлэгчээр тогтоолгож байж болох асуудал юм. Шүүгдэгч И.Т нь одоо энэ хэргийн тухайд өөрөө гэмт хэргийг үйлдэж, гэм буруутай нь тогтоогдож ял шийтгэгдсэн. ...”

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Т, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан хэдий ч шүүх хуулийн энэ заалтыг хэрэглэх болсон үндэслэл, яагаад тухайн насанд хүрсэн этгээдийг нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогоор насанд хүрээгүй хүүхэдтэй адилтган үзэх болсон талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн үндэслэл бүхий дүгнэлтээ шүүхийн шийдвэрт тодорхой тусгаж хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйд нийцнэ. 

Өөрөөр хэлбэл энгийн ухамсрын түвшинд тухайн хүний нас хэдий 21 хүрсэн боловч бусад нөхцөл байдал, бие сэтгэхүйн түвшин, хүмүүжлийн ухамсар зэргээс шалтгаалан арван найман нас хүрээгүй хүүхдийн түвшинд байгааг нотолсон шинжээчийн дүгнэлт, эсхүл ийн дүгнэж болохуйц бусад баримтыг үнэлсний үндсэн дээр хэрэглэх хууль зүйн ойлголт юм.

 

Гэтэл анхан шатны шүүх “Э.Эийг хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх үед 18 насанд хүрсэн хэдий ч гэмт хэрэг үйлдэх үедээ арван найман насанд хүрээгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд зааснаар түүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзнэ” гэсэн ойлгомжгүй, дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулж шийдвэрлэсэн хэргийн ялыг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлэх эрх хэмжээ давж заалдах шатны шүүхэд олгогдоогүй тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар шийдвэрлэлээ.

 

Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч И.Тгийн “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх...” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэлэлцээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч И.Т, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл И.Т, Э.Э нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                        ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ