Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0238

 

 

                                                                         

 

 

 

 

2021 оны 3 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2021/0238

Улаанбаатар хот

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.М даргалж,

Нэхэмжлэгч: “Мэ” ХХК /РД:/,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/605 дугаар захирамжийн “Мэ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”.

                Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“Мэ” ХХК нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр захирамжаар нэгж талбарын 155/0043 дугаар бүхий 162 м.кв газрыг эзэмшдэг. “Мэ” ХХК нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 020160904 дүгээр “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-аар 2011-2018 он хүртэлх хугацааны бүхий л газрын төлбөрийн тооцоогоо нийлсэн байдаг.

Мөн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 020160904 дүгээр “Газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-ыг дахин үйлдэж, тооцоо нийлсэн.

Ийнхүү тус газраа холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшиж, ашиглаж байх хугацаанд газар эзэмших эрхийн хугацаа дууссан тул “Мэ” ХХК-аас Чингэлтэй дүүргийн газрын албанд “газар эзэмших эрхийн хугацааг сунгуулах тухай” хүсэлтээ гаргасан боловч “хүсэлтэд материалын бүрдэл дутуу, хурал хуралдах болоогүй” гэх мэтээр газар эзэмших эрх сунгах асуудлыг удаа дараа хойшлуулж байсан. Бүрдэл дутуу гэдэг үндэслэлээ “газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээг эх хувиар, аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг материалыг тус албанд ирүүлнэ үү” гэдэг боловч анх “Мэ” ХХК, түүний захирал Д.М******* би газар эзэмших эрх сунгуулах хүсэлтээ гаргахдаа бүх баримтуудаа эх хувиар нь газрын албанд хүсэлттэйгээ хамт сунгуулахаар өгсөн ба хүсэлтийг минь шийдвэрлэж байх хугацаанд тухайн баримтууд нь газрын албанд байсан болно. Мөн энэхүү баримтууд нь газрын албанд өөрсдөд нь байгаа болохыг бидэнд мэдэгдсэн.

Ийнхүү хүсэлтийг шийдвэрлэхгүй удаашруулж байсан боловч газар эзэмших эрхийн хугацааг Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/1394 дүгээр захирамжаар сунгаж, гэрээ байгуулж, гэрчилгээг олгосон. Гэтэл 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр шуудангаас утасдаж, бичиг баримт ирсэн гэсний дагуу шууданг гардан авч, үзсэний дагуу манай компанийн эзэмшил бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/605 дугаар захирамжаар “газраа зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан байна. Гэрчилгээг сунгаад удаагүй, 5 сарын дараа ийнхүү зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэх үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй, бөгөөд хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад ийнхүү цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байх тул Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/605 дугаар захирамжийн “Мэ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“... Аливаа хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу хариуцагч байгууллагад олгосон байдаг. Маргаан бүхий захиргааны акт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэж гарсан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7 дахь заалт хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан 7 үндэслэл байна. Уг 7 үндэслэлийн алийг нь үндэслэж нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь тодорхойгүй байна. Үүнээс харахад маргаан бүхий захиргааны акт нь хуульд үндэслэж гараагүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Маргаан бүхий захиргааны актын 1 дэх хэсэгт “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 06/3351 тоот албан бичгийг үндэслэн” гэж иш татаж хэрэглэсэн байдаг. Мөн хариуцагчийн хариу тайлбарт “нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 06/3351 тоот албан бичгийг үндэслэж цуцалсан” гэж дурдсан.

 Газар эзэмших эрхийн гэрчилгээг Газрын тухай хуульд заасан 7 үндэслэлээр цуцлахаас биш аливаа нэг байгууллагын албан тоотыг захирамжлах хэсэгтээ үндэслэж цуцалж байгаа нь хууль бус байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 06/3351 тоот албан бичгийг маргаан бүхий акт гэж үзэхгүй байгаа хэдий ч уг албан бичгийг үндэслэж маргаан бүхий акт гарсан учир ярихаас өөр аргагүй байна. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 06/3351 тоот албан бичиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн үйлддэг баримт бичгийн нэг төрөл байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд мөрдөгч, мөрдөн байцаагч байгууллага нь ямар эрх хэмжээтэй болохыг хуульчилж өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийт 15 эрх хэмжээг зааж өгсөн. Уг 15 эрх хэмжээнд газар эзэмших эрх цуцлах талаарх албан бичгийг гаргах нэг ч эрх хэмжээ байхгүй. Иймд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн албан бичиг нь хууль тогтоомжийн хүрээнд гараагүй байна. Харин мөрдөн байцаагч нь прокуророор дамжуулж санал хүргүүлэх л эрхтэй байдаг.

Иймд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн гаргасан албан бичиг нь үндэслэлгүй байх бөгөөд түүнийг үндэслэж гарсан маргаан бүхий захиргааны акт нь хууль бус байгааг анхаарч үзнэ үү. Нэхэмжлэгч компанийн ашиглаж байсан газрын хугацаа сунгах асуудлын хүрээнд маргаан бүхий үйл баримт үүссэн. Газрыг шинээр эзэмших харилцаа биш газар эзэмших эрхийг сунгуулахтай холбоотой харилцаа байсан. Газар эзэмших эрхийг сунгахтай холбоотой асуудлаар авлигатай холбоотой асуудал үүссэн. Авлига авсан этгээдийг Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, авлига өгсөн этгээдийг 22.5 дахь хэсэгт заасны дагуу ял оногдуулсан шийтгэх тогтоол гарсан. Энэ нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариу буюу хийх ёстой байсан үйлдлээ хэрэгжүүлснээр хүнээс шан харамж авсан. Нэхэмжлэгч компани газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ өгчихсөн байсан. Хавтаст хэргийн 13 дугаар хуудсанд 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, 15 дугаар хуудсанд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн акт тус тус авагдсан байгаа. Нэхэмжлэгч компанийн зүгээс газартай холбоотой бүхий л шаардлагыг хангасан байхад газар эзэмших эрх сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулах замаар албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд бидэнд санал тавьсны дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий болсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулчихсан. Гэтэл энэ үйлдэл дээр нь дахин давхардуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь цуцалж байгаа нь үндэслэлгүй байх тул шүүхээс үүнийг анхаарч үзнэ үү. Мөн хариуцагч байгууллага газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан болохыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч компанид мэдэгдээгүй. Харин газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсныхаа дараа буюу 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн албан тоотоор нэхэмжлэгч компанид мэдэгдсэн ба мэдэгдэх, сонсох ажиллагааг огт хийгээгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан бүхий захирамжийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэсэн. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасан. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/605 дугаар захирамж нь “газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан захирамжийг гаргасан байна” гэх үндэслэлээр маргаан бүхий актыг гарсан. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 06/3351 тоот албан бичгээр газрын тухай хууль тогтоомж зөрчсөн гэдэг нь тогтоогдож байгаа. Уг албан бичгийг үндэслэж маргаан бүхий захиргааны актыг гаргаагүй. Нэхэмжлэгч компани нь 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн газрын албанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2019 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан нөхцөл бий болсон байх тул “Эс зөвшөөрөв” гэсэн дүгнэлт гарсан болно” гэх хариуг нэхэмжлэгч компанид хүргүүлсэн. Үүний дараа албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэж шүүхээр шийдвэрлэгдсэн байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Мэ” ХХК-иас тус шүүхэд хандан “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/605 дугаар захирамжийн “Мэ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “ Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/605 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Мэ” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч, “Хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах үндэслэл бүрдээгүй байхад цуцалсан, маргаан бүхий захиргааны акт гарснаас хойш мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгдээгүй”, “Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06/3351 дүгээр албан бичгийг үндэслэж захирамжаа гаргасан нь хууль бус” хэмээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “нэхэмжлэгч компани Газрын тухай хууль тогтоомжийг зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан захирамж гаргуулсан болох нь шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоогдсон” хэмээн тус тус тайлбарлан маргаж байна.

2. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-т “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.4-т “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн” тохиолдолд эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгоно хэмээн, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” хэмээн, Газрын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Газрын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжоос бүрдэнэ”, 3 дугаар зүйлийн 3.1.3-т “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” тохиолдолд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” хэмээн тус тус хуульчилсан.

3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

нэхэмжлэгч “Мэ” ХХК анх Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр захирамжаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, нэгж талбарын 155/0043 дугаар бүхий 162 м.кв газрыг конторын зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмших эрхийг “Ф” БГБХН-өөс шилжүүлэн авч, 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн газрын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулан, 2011 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 0232344 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан.

Улмаар, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болсонтой холбогдуулан “Мэ” ХХК-иас 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Газрын албанд хандан “Д.М миний бие нь АНУ-д удаан хугацаагаар суралцаж байгаад эх орондоо ирсэн... Өөрийн компанийн нэр дээрх ...162 м.кв талбайтай эзэмших эрхийн газрын гэрчилгээний хугацаа дууссан тул сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасныг Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан “Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөл”-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  А/1394 дүгээр захирамжаар “Мэ” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацааг 15 жилээр сунгаж, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албатай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулан, 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 000014070 дугаар дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679, 2019 оны А/1394, 2020 оны А/605 дугаар захирамж, 2011 болон 2020 оны “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”, 02322344 болон 000014070 дугаар Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар болон холбогдох бусад баримтаар,

нэхэмжлэгч “Мэ” ХХК нь өөрийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн  А/1394 дүгээр захирамжийг гаргуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын байдалтай нь холбогдуулан бусдаар дамжуулан хахууль өгсөн” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/579 дугаар шийтгэх тогтоолоор,

хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/605 дугаар захирамжийг гаргахдаа нэхэмжлэгч талын тайлбарлан маргаж байгаа шиг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх болон “Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06/3351 албан бичиг”-ийг бус харин Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйл, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийн зүйл заалтыг тус тус үндэслэсэн, хууль хяналтын байгууллагаас ирүүлсэн асуудлыг хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэн, энэ талаарх мэдэгдлийг нэхэмжлэгчид  Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/2171 дугаар албан бичгээр мэдэгдсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/605 дугаар захирамж, Авлигтай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 06/3351 албан бичиг болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Хэдийгээр нэхэмжлэгч “Мэ” ХХК-ийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “газартай холбоотой бүхий л шаардлагыг хангасан байхад газар эзэмших эрх сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй хясан боогдуулах замаар албаны чиг үүргээ хэрэгжүүлэх хүрээнд бидэнд санал тавьсны дагуу гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий болсон. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулиар хариуцлага ногдуулчихсан. Гэтэл энэ үйлдэл дээр нь дахин давхардуулж газар эзэмших эрхийн гэрчилгээг нь цуцалж байгаа нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-т заасан “захиргааны актыг гаргуулахдаа ... авлига өгөх буюу бусад хууль бус арга хэрэглэсэн”-ийг зөвтгөх үндэслэл болохгүй, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч “Мэ” ХХК-ийн газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/605 тоот захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухайн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Мэ” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “...Нийслэлийн Засаг даргын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/605 дугаар захирамжийн “Мэ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.М