Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 1768

 

щ

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 183/ШШ2018/01768

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: АЧБААы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ЭЭИС” ХХК-д холбогдох,

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У, хариуцагчийн төлөөлөгч Н.Ч, нарийн бичгийн дарга Б.Баясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: АХЧБ нь 2008 оны 3 дугаар сард “ЭЭСЭ” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт газар эзэмших эрх олгож, улмаар 2008 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 39 дугаартай эрх олгох тухай, 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмшүүлэх эрхийг баталгаажуулах тухай 40 дугаартай захирамжаар 1 га газрыг “Банк санхүү, даатгалын барилга байгууламж”-ийн зориулалтаар баталгаажуулсан захирамжийг тус тус гаргасан. Энэхүү захирамжийг үндэслэн 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 08/21 дугаартай газар эзэмшүүлэх гэрээ, 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 49 дугаартай захирамжаар хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан. Гэвч 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр А/101 дугаартай захирамжаар “Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын гэрээнд заасан үйл ажиллагааг эхлээгүй, хөрөнгө оруулалт хийгээгүй, зохих байрын дагуу газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албанаас тавьж буй албан бичгийн дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр хөрөнгө оруулалтын гэрээ болон газар эзэмшүүлэх гэрээг цуцалсан. АЧБ нь аж ахуй нэгжүүдийн газрын төлбөрөөр улсын төсвийн тодорхой хэмжээг бүрдүүлдэг. Аж ахуй нэгжүүдээс газрын төлбөрт нийт 756.089.400 төгрөгийг улсын төсөвт бүрдүүлэхээр тооцсон байгаа. Иймд гэрээний үүргийг хангуулахын тулд “ЭЭСЭ ХХК-иас төлбөрийн хуваарийн дагуу 2009 онд төлөх ёстой 2.240.000, 2010 онд 500.000, 2012 онд 1.180.000 төгрөг, нийт 3.920.000 төгрөгийн газрын төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Н.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 1.АЧБийн зүгээс гаргасан нэхэмжлэлд 2015.01.05-ны өдрийн А/101 дугаартай захирамжаар “Хөрөнгө оруулалт болон газар эзэмшүүлэх гэрээ”-г хүчингүй болгосон мэдэгдэл өнөөдрийг хүртэл огт ирээгүй. Иймд манай компани тус газар дээр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг хэрэгжүүлэх талаар өнөөдрийг хүртэл зардал гаргаж ажилласаар ирсэн. 2. АХЧБ нь үнэн хэрэгтээ хоосон хашаа бөгөөд чөлөөт бүсийн захиргааны зүгээс амалсан дэд бүтцийн байгууламжаа өнөөдрийг хүртэл огт хэрэгжүүлээгүйгээс компаниудын зүгээс хөрөнгө оруулалт хийх боломж нөхцөл байхгүй.  2009 онд 2.240.000, 2010 онд 500.000, 2012 онд 1.180.000 төгрөг нийт 3.920.000 төгрөгийн газрын төлбөрийг манай компаниас төлөөгүй гэж буруутгасан. Гэтэл энэ нэхээд байгаа төлбөрүүдийг манай компани төлж байсан нь нэхэмжлэлийн гаргаж өгсөн мэдээлэл дансны хуулгаар тогтоогдсон. 2010 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хуулгаар 1.740.000 төгрөг, 2012 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хуулгаар 2.340.000 төгрөг тус тус 2009, 2010 оны газрын төлбөрт төлсөн байна. 2 дахь үндэслэл нь гэрээний үүрэг зөрчиж төлбөр төлөөгүй гэж үзэж нэхэмжлэл бичиж Иргэний хуульд зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байхаар заасан байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

АЧБЗААын нэхэмжлэлтэй, “ЭЭСЭ” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            АЧБ Захирагчийн 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр захирамжаар Алтанбулаг худалдааны чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт банк, санхүү, даатгалын барилга байгууламж барихад зориулан ЭЭСЭ”” ХХК-д 1 га газар эзэмших эрхийг баталгаажуулж, уг захирамжийн дагуу ЭЭСЭ”” ХХК болон АЧБ Захирагчийн ажлын алба 2008 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 08/21 дүгээр “Газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр газар эзэмших гэрээний хугацаа 15 жил, хөнгөлөлт хассан газрын төлбөр 15 жилд 33.600.000 төгрөг, газрын төлбөр нэг жилд 2.240.000 төгрөг байхаар тохиролцсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

 

АЧБийн Захирагчийн 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дүгээр захирамжаар “...Газар эзэмшүүлэх гэрээний 4.3-т зааснаар газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул “ЭЭСЭ”ХХК-ийн газар эзэмшүүлэх гэрээг хүчингүй болсонд тооцсон” байх бөгөөд нэхэмжлэгч нь “...2009 оны газрын төлбөрт 2.240.000 төгрөг, 2010 оны газрын төлбөрт 500.000, 2012 оны газрын төлбөрт 1.180.000 төгрөг, нийт 3.920.000 төгрөг”-ийг гаргуулахаар шүүхэд 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. 

           

            Дээрх үйл баримтаас дүгнэхэд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг газар эзэмшүүлэгч АЧБийн Захирагчийн ажлын алба нь гэрээ цуцлагдсан 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд газар эзэмшигч ““ЭЭСЭ” ХХК-иас шаардах эрхтэй байжээ.

 

            Иймд хариуцагч талын “...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу тайлбарыг үндэслэн Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “хөөн хэлэлцэх өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй, “ЭЭСЭ”ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Мөн Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 82 дугаар зүйлийн 82.1-д заасныг баримтлан АЧБийн Захирагчийн ажлын албаны нэхэмжлэлтэй, ““ЭЭСЭ”” ХХК-д холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 3.920.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч АЧБийн Захирагчийн ажлын алба нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                     Ж.СЭМЖИД