Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1042

 

                             

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, улсын яллагч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Р.Г нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Д овгийн Р-ын Г, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл хоёр, эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын өвөр **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, урьд:

-2006 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар 12 жилийн хорих ялаар,

-2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, урьд эдлээгүй үлдсэн 4 жил 11 сарын хорих ялын зарим болох 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хорих ялаар шийтгүүлж 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 7 cap 11 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Р.Г нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хилчин 36-14 тоотод хохирогч Д.Быг “ээж, хойд аав нарт архи уулгалаа, үг хэлсэнгүй” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зовхи, хөмсөг, хацар, хүзүү, хэвлий, тохой, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч, Д овгийн Р-ын Г нь 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин ** тоотод Д.Быг “ээж, хойд аав нарт архи уулгалаа, үг хэлсэнгүй” гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газарт нь цохиж бие махбодод нь “зовхи, хөмсөг, хацар, хүзүү, хэвлий, тохой, шуу, сарвуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Тухайлбал, хохирогч Д.Бын “... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 17 цагийн үед цэцэрлэгээс хүүхдээ аваад гэрээ ирээд байж байтал хашаанд Г хашхираад намайг дуудаад байхаар нь гарсан чинь “манай ээж танай ахтай нийлээд архи дарс уугаад байна, яагаад архи уулгаад байгаа юм бэ” гэхээр нь “чи өөрөө хэлэхгүй яасан юм бэ, надад ямар хамаатай юм” гэх үед Г над руу чулуу аваад цохих гээд дайраад байсан. Тэр үед манай хүүхэд гэртээ уйлаад байхаар нь би Г-г түлхэхэд Г намайг барьж байгаад баруун гараараа нүүр рүү 4-5 удаа цохиод Борхүүг “хутга аваад ир ална” гэж орилж байгаад намайг тавьсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал), гэрч Б.Бийн “... Тус өдөр би ажлаасаа тараад автобусанд явж байтал манай нөхөр Б над руу залгаад “Г намайг хашаан дотор зодчихлоо” гэхээр нь би 102 дугаар утсанд “хажуу айлын залуу согтуу орж ирээд нөхрийг зодоод байна гэнэ, гэрт зүрх муутай хүн, жаахан хүүхэд л байгаа” гэх утгатай дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 6640 дугаартай “... Д.Б-ын биед зовхи, хөмсөг, хацар, хүзүү, хэвлий, тохой, шуу, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дахь тал) зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор болж өнгөрсөн хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Түүнчлэн, шүүгдэгч Р.Г нь яллагдагчаар: “...миний уур хүрээд ээжийн хашаанд цуг амьдардаг хойд аавын дүү Д.Б-ыг гэрээс нь дуудаж гаргаж ирээд “та ах эгч нартаа хэлэхэд яадаг юм бэ, намайг ирэх болгонд архи уучихсан байдалтай байна. Та нар манай ээж, хойд аав хоёрыг архи уулгахгүй гээд хажуудаа авсан биз дээ, архинаас болоод үхчихвэл хэн хариуцлага хүлээх вэ гэтэл Б ах “надад хамаа байхгүй” гэхээр нь би “хамаагүй юм бол яах гэж наашаа авчирсан юм бэ” гэж хэлээд ... гараараа нүүр хэсэг рүү нь 1 удаа цохиж аваад ... ноцолдож бие биеэ түлхсэн...” гэж (хавтаст хэргийн 48-49 дэх тал) мэдүүлсэн бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Би тухайн үед уурын мунхгаас болоод ийм зүйл болчихсон, гэртээ яваад орсон чинь ээж согтуу байхаар нь хойд аавын дүүд “нэгнийгээ архи уулгалаа, хэлж ярьсангүй” гээд уурласан...гэсэн болно.

 Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөн хэргийн бодит байдлыг тогтоож, эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байв.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Г нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн 6640 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч Р.Г-н үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Б-ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Р.Г-н хохирогчийг цохисон үйлдэл болон хохирогч Д.Б-ын зовхи, хөмсөг, хацар, хүзүү, хэвлий, тохой, шуу, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Р.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Р.Гг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

    1. Талуудын санал, дүгнэлт 

Улсын яллагч: “...шүүгдэгч Р.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх саналтай байна....” гэв.

Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

    1. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Р.Г-д эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 15-19 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дахь тал), шийтгэх тогтоол, захирамж, ялын тооцооны хуулбар (хавтаст хэргийн 49-54, 57 дахь тал), оршин суугаа газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 44 дэх тал), үл хөдлөх эд хөрөнгөгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг хангана гэж үзэв.

 Шүүгдэгч Р.Г-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг түүний орлогын хэмжээг харгалзан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан 90 хоногийн үндсэн хугацааг нэмэгдүүлж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо.

    1. Бусад асуудлын талаар

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Д овгийн Р-ын Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-д оногдуулсан зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялыг  дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай. 

4.Торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Г-д сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Г нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Р.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Б.БАТАА